| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2023/00352/И |
| Дугаар | 152/ШШ2023/00358 |
| Огноо | 2023-09-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2023/00358
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш овогт Ц-ийн Н-ийн,
Хариуцагч: Х овогт Б-ийн О-д холбогдох,
Худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.С,
Хариуцагч: Б.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Б.О-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б овогтой О-с 2015 оны 2 дугаар сард Зил-130 машиныг 82 тооны бог малаар 3,500,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. 2018 онд манай гэрийг нүүлгэж Х гэх газар буулгаж өгөөд гэр нүүлгэсний хөлсөнд 1 хонь авч, надад зарсан машинаа буцаан авч зарж мөнгийг нь өгнө гээд аваад явсан. Түүнээс хойш удаа дараа очсон боловч машин зарагдаагүй байна гэж хариу өгч байсан. 2023 оны 3 дугаар сард уулзахад хот руу хүнд зарсан. 5 дугаар сард ямаагаа самнаж байгаад төлбөрийг нь барагдуулна гэсэн боловч өгөхгүй байгаа. Утсаар залгахад авахаа больсон. Иймд шүүхэд хандаж байна. Бидний асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед хийсэн малын тооцоо эр хонь 10, эх хонь 31, төлөг 10, хурга 31 нийт 82 тооны малын үнэ 3,500,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Б.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны хавар машинаа зарсан нь үнэн. Гэхдээ 82 тооны мал хүлээж аваад удалгүй 7 хоногийн дараа буцаагаад хүргэж өгсөн. 2018 онд машинаа буцааж авсан. Надаас 3,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 962 тоот захирамж, 2а ангийн сурагч Д.Ц гэх дэвтэр, /уг дэвтэрт 80 тооны мал хүлээлгэж өгсөн тухай бичигдсэн/, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н-ийн хариуцагч Б.О-т холбогдох худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
... Б овогтой О-с 2015 оны 2 дугаар сард Зил-130 машиныг 82 тооны бог малаар 3,500,000 төгрөгөөр тооцож худалдаж авсан. 2018 онд манай гэрийг нүүлгэж Х гэх газар буулгаж өгөөд гэр нүүлгэсний хөлсөнд 1 хонь авч, надад зарсан машинаа буцаан авч зарж мөнгийг нь өгнө гээд аваад явсан. Түүнээс хойш удаа дараа очсон боловч машин зарагдаагүй байна гэж хариу өгч байсан. 2023 оны 3 дугаар сард уулзахад хот руу хүнд зарсан. 5 дугаар сард ямаагаа самнаж байгаад төлбөрийг нь барагдуулна гэсэн боловч өгөхгүй байгаа. Утсаар залгахад авахаа больсон. Иймд шүүхэд хандаж байна. Бидний асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Тухайн үед хийсэн малын тооцоо эр хонь 10, эх хонь 31, төлөг 10, хурга 31нийт 82 тооны малын үнэ 3,500,000 төгрөг гаргуулж өгнө үү...гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
...2015 оны хавар машинаа зарсан нь үнэн. Гэхдээ 82 тооны мал хүлээж аваад удалгүй 7 хоногийн дараа буцаагаад хүргэж өгсөн. 2018 онд машинаа буцааж авсан. Надаас 3,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас үзэхэд Ц.Н, Б.О нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, мөн зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу Ц.Н, Б.О нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 2015 оны 02 дугаа сараас эхлэн тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 02 дугаа сард дууссан байна.
Нэхэмжлэгч Ц.Н 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг 5 жил, 4 сар, 7 хоногоор хэтрүүлжээ.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн хариуцагч Б.О-т холбогдох худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Н-ийн хариуцагч Б.О-т холбогдох худалдах худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР