| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0383/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/409 |
| Огноо | 2025-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/409
2025 12 01 2025/ШЦТ/409
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Б.Даваахүү,
Хохирогч Ц.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дын Ад холбогдох эрүүгийн 2538004230481 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, С овогт Дын А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2025 оны 9 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Быг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн шууданд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.А нь 2025 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Б-ыг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн шууданд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтуудын талаар:
Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3-р хуудас),
2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 41-52-р хуудас),
Шүүгдэгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөнгөнөөс болж маргалдаад эхэлсэн. Би сайн санахгүй байгаа. Тэр үедээ эхнэрээ зодсон байна лээ...Тэр үед эхнэр бид хоёрыг маргалдаж, зодолдож байх үед Д орж ирээд салгаж байхыг бол санаж байгаа...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ******** сумын *** дүгээр багт байх гэртээ байж байтал манай нөхөр А над руу утсаар залгаад ******** сумын *** дугаар багт байх гэрт хүрээд ир гэсэн. Тэгээд би яваад очтол Л гэх нутгийн ахтай архи уусан байдалтай байж байсан. Манай нөхөр А намайг архинаас 3 татчих юм ярья гэсэн тэгээд би архинаас нь уусан тэгээд нөхөр бид хоёр хэсэг юм ярилцаж байгаад удалгүй мөнгө санхүүгийн асуудлаас болж муудалцаж эхэлсэн. Тэгээд А нь миний нүүр хэсэг рүү алгадаж, хоолойноос боож, газар унаган цээжин дээр дэвсэн. Мөн миний нүд хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд намайг зодож байтал урд талын айлын эмэгтэй Д гэх хүн орж ирээд "Хүн аллаа чи болиоч" гэтэл А тэр хүнд "Чамд ямар хамаатай гом зайл" гэж хэлээд тэр хүнийг цохих гээд гараа далайх үед нь би "Чи одоо болоич" гэхэд намайг үргэлжлүүлэн цохиж эхэлсэн. Тэгээд төд удалгүй Д-ын нөхөр Т гэх хүн “юу болоод байна” гээд ороод иртэл манай нөхөр А намайг зодохоо болчихсон. Хэл амаар байнга доромжилдог. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ихэвчлэн миний биед халдаж зоддог байсан...Би дотуур байранд 1 жил гаран ажилласан. Цалингаа буусан үед нөхрөө дуудаж ирээд гадуур явж, дэлгүүр хэсдэг байсан. Би цалингийн зээл 3.000.000 төгрөг авч нөхөртөө өгсөн. Зодуулсан шөнө миний бие өвдөөд цагдаа дуудсан. Хүүхэд хамгаалах газар байхгүй гэсэн учраас дотуур байранд оруулсан. Цагдаатай, нийгмийн ажилтантай нийлээд өргөдөл бичиж өгөөд хүүхдээ дотуур байранд оруулсан. Бид хэдэн жил айлын зуны сууцанд амьдарсан. Би 9 дүгээр ангиасаа хойш энэ хүнтэй танилцаад суусан. Ээж аав гэрийнхэн бидний амьдралд их оролцдог. Энэ хүний өгсөн мөнгийг эрүүл мэнддээ зарцуулсан. Одоо хүртэл толгой өвддөг. Хөл дээрээ удаан зогсож чадахгүй байна. Би одоо *** суманд ээжтэйгээ хамт байгаа. Ажилд ороод 1 сар ч болоогүй байгаа. Дүү нар маань надад тусалж байгаа. Надад амьдрахад хүнд байна. Уучилъя гэхээр нэг л ширүүн үг хэлбэл буцаад ал гээд дунд хуруу гаргана, цахим орчинд доромжилдог. Энэ хүнээс салахыг хүсэж байна. Би хар багаасаа итгэж байсан шүү...4 сая төгрөгийн зээл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр миний бие ******** сумын *** дугаар багт байх гэртээ эхнэрийн хамт байсан. Тухайн үед би гэртээ унтаж байтал манай эхнэр шөнийн 12 цагийг үед намайг сэрээгээд А, Б 2 муудалцаад байх шиг байна гэсэн. Тэгээд би энхэртэйгээ цуг ортол А Б хоёр муудалцсан байдалтай гэрийхээ хоёр талд сууж байсан тэгээд би "та хоёр чинь яагаад муудалцаад байгаа юм" гэтэл А "Одоо зүгээрэй хөгшөөн" гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-13-р хуудас),
Гэрч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 21 цагийн үед А ирсэн ба удалгүй А-ийн эхнэр Б араас нь ирсэн... Б "намайг аллаа" гэж орилох нь сонсогдсон тул гэр рүү нь ортол Б-ын хамраас цус гарсан байдалтай байсан ба А нь Б-ын хацар руу нь алгадаад мөн гараараа 2 удаа толгой хэсэг рүү цохиж байсан. Би тэгээд тэр хоёрыг “та хоёр одоо боль” гэтэл А нь айл гэрийн асуудал чамд хамаагүй гар” гэсэн. Тэгэхээр нь би А-д хандан “эмэгтэй хүн авраарай туслаарай гээд орилоод байхаар надад хэцүү байна шүү дээ би яаж зүгээр сонсоод байх юм бэ” гэж хэлээд гараад явсан. Тэгээд А нь дахиад эхнэрээ цохиж зодож магадгүй тул өөрийн нөхөр болох Тыг дуудаж буцаж орж ирсэн. Тэгтэл тэр хоёрын маргаан дууссан байсан ба манай нөхөр "та хоёр яагаад муудалцаад байгаа юм бэ” гэж асуутал “одоо бид хоёр муудалцахгүй, та 2 явж амар” гэж А хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 401 дугаартай:
1. Ц.Бын биед баруун нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн шуунд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирдын ззрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 29-30-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 478 дугаартай:
1. 2025 оны 9 дүгээр сарын 10-ны дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №401 дугаартай дүгнэлтэд уг нэмэлт бичиг баримтыг хавсаргаснаар шинжээчийн дүгнэлтийн хохирлын зэрэг өөрчлөгдөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 75-76-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Эрүүгийн 2538004230481 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэх тогтоох, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм бурууг маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид зохих хэмжээний буюу 1.100.000 төгрөгийг төлсөн. Мөн эрүүл мэндийн даатгалын санд 177.000 төгрөгийг тус тус төлсөн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Д.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 401 дугаартай дүгнэлтээр хохирогч Ц.Б-ын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.
Тодруулбал шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Ц.Б-тай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хохирогчийн гэдэс, хөл, нүд рүү цохиж зодон, түүний түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 401 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Ц.Бын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Д.А-ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд”-ийг тодорхойлсон бөгөөд 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж, мөн хуулийн 5.1.1 дэх хэсэгт "гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Ц.Б нь шүүгдэгч Д.А-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр болох нь хохирогч, шүүгдэгчийн нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.А-ийг 2025 оны 09 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн ******** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Б-ыг зодож эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн шууданд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Д.А нь хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч Ц.Б нь шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Аээс 4,000,000 төгрөгийн зээл болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх боловч холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байх хохирлын талаар тодорхой тооцоолол хийх боломжгүй байх хохирлыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Б нь 4,000,000 төгрөгийн зээл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.Аээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөөч гэсэн саналтай байна...” гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 34-37-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүгдэгч Д.А нь урьд ял шийтгэлгүй болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2538004230481 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь
зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Дын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Дын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.А нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2538004230481 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б нь 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийн зээл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Д.А-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР