| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2023/00273/И |
| Дугаар | 156/ШШ2023/00404 |
| Огноо | 2023-08-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 156/ШШ2023/00404
2023 08 11 156/ШШ2023/00404.
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/00273/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хиийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.М,
Хариуцагч: Зэвсэгт хүчний *** дугаар анги,
Нэхэмжлэлийн шаардлага: 61 645 500 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.М,
Хариуцагч Зэвсэгт хүчний *** дугаар ангийн захирагч: М.Б /онлайнаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Гантунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дүгээр заалт, Зэвсэгт хүчний жанчин штабын даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалын дагуу надад олгогдсон цэргийн алба хаасны нэг удаагын тэтгэмж болох 59 850 000 төгрөгийг Зэвсэгт хүчний жанчин штабын Санхүүгийн хэлтэсээс Х аймгийн Д суман дахь Зэвсэгт хүчний *** дугаар ангийн санхүүгийн харилцах дансанд 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлснийг одоог хүртэл олгохгүй иргэн намайг хохироож байна. Иймд Зэвсэгт хүчний *** дугаар ангиас миний нэг удаагийн тэтгэмж 59 850 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх тус мөнгийг банкинд хадгалуулсны хадгаламжын хүү 1 795 500 төгрөг, бүгд 61 645 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдрийн байдлаар хариуцагч байгууллагаас 59 850 108 төгрөгийг шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хадгаламжийн хүү 1 795 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч Зэвсэгт хүчний *** дугаар ангийн захирагч М.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хугацааг хэтрүүлж шилжүүлсэн нь үнэн. Нийт 59 850 108 төгрөгийн тэтгэмж тогтоогдсоныг 40 000 000 төгрөгийг 04 дүгээр сарын 17-нд, үлдэгдэл 19 850 000 төгрөгийг нийтэд нь шилжүүлсэн. М нь тухайн үед ангийн захирагчаар ажиллаж байхад 2, 3 малчин дээр мал дутагдсан гэдэг асуудал гарсан. Үүнийг Дорнод аймгийн шүүх болон Х аймгийн Цагдаагийн газарт шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн үед манай ангийн дансанд 59 850 108 төгрөгийн тэтгэмж орсон байсан. Энийг холбогдох газрын хэлтсийн даргаас шилжүүлж болох эсэх талаар асуухад түр хойшлуул гэсэн чиглэл өгсөн. Үүнийг юутай холбоотой талаар мэдэхгүй байна. Нэхэмжилж буй банкны хүү 1 795 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Зэвсэгт хүчний жанчин штабын даргын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаал /хх-ийн 7-р тал/, ажио хүлээлцсэн тооцооны хуудас /хх-ийн 8-р тал/, зэрэг болно.
4. Хариуцагчаас хариу тайлбар /хх-ийн 19-р тал/ ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч Зэвсэгт хүчний *** дугаар ангид холбогдуулан 61 645 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад хариуцагч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаас 59 850 108 төгрөгийг биелүүлснийг баталж, үлдэх 1 795 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нь 59 850 108 төгрөгийг шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул энэ шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг батлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага надад олгох тэтгэмжийг хугацаанд нь олгосон бол банкинд хадгалуулж, хүүнд нь 1 795 000 төгрөг авах байсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ өөрөөр нотлох үүрэгтэй байхаар хуульчилан зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь банкинд хадгалуулаад олох байсан орлогоо хэрхэн нотлож байгаа баримтыг ирүүлээгүй байх тул энэ шаардлагыг хангах боломжгүй байна. Иймд шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 59 850 108 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжинд нийт 457 202 төгрөгийг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянашийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18.1, 19.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 59 850 108 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, үлдэх шаардлага болох 1 795 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянашийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457 202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ