Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 156/ШШ2023/00415

 

 

 

 

 

 

2023 08 16 156/ШШ2023/00415.

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2023/00396/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Нэхэмжлэгч: В Банк бус санхүүгийн байгууллага ХХК,

Хариуцагч: Б.С,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2 897 220,99 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Хариуцагч: Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Заяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч В Банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.С нь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр В ББСБ-ын Хэнтий аймаг дахь салбараас 1035200070000257 тоот зээлийн гэрээ байгуулан 2 300 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 3,75%-н хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд Хэнтий аймаг, Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийт 52-20 тоотод байрлах Г-1817009463 улсын бүртгэлийн дугаартай, 700 м.кв газар, Toyota Passo маркын 1467 ХЭН шаргал өнгөтэй автомашин барьцаалан зээл авсан. Зээлж авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй байна. Зээлдэгч Б.С нь үндсэн зээлийн үлдэгдэл 2 300 000 төгрөг, зээлийн хүү 585 720,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нотариатын төлбөр 11 500 төгрөг, нийт 2 897 220,99 төгрөгийг төлөх төлбөртэй байна. Иймд дугаар 1035200070000257 тоот зээлийн гэрээ цуцлах заалт болох 5.1.3, 5.1.5-т заасны дагуу зээлийг гэрээг цуцалж, хариуцагч Б.Сгаас үндсэн зээлийн үлдэгдэл 2 300 000 төгрөг, зээлийн хүү 585 720,99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нотариатын төлбөр 11 500 төгрөг, нийт 2 897 220,99 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн барьцаанд Хэнтий аймаг, Хэрлэн сум 2 дугаар баг Өлзийт 52-20 тоотод байрлах Г-1817009463 улсын бүртгэлийн дугаартай, 700 м.кв газар, Toyota Passo маркын 1467 ХЭН шаргал өнгөтэй автомашин барьцаалсан тул зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр В ББСБ-аас 2 300 000 төгрөгийн зээл авсан. Дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй байсан тул В ББСБ-ын салбарын захиралтай 2023 оны 03 дугаар сард уулзаж, 2 сараар төлбөрийг маань түр хойшлуулж өгөөч гэж хүсэлт гаргаж, тухайн үед зээлийн хүүг зогсоолоо. Төлбөрөө төлж барагдуулаарай гэж сануулаад тохиролцсон байдаг. Хэлсний дагуу эдийн засагч Дтэй 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр холбогдож төлбөрөө барагдуулъя гэтэл 12 сарын хүүтэй төлбөр 2 878 991,73 төгрөг нэхэмжилсэн. Уг төлбөртэй санал нийлээгүй учир маргалдсан. Уг гэрээнд газар барьцаанд авсан байсан боловч өмнөх зээлийн хаагдсан түүхэн дэх 1467 ХЭН Passo автомашиныг давхар бичигдсэн байсныг анзаарахгүй гарын үсэг зурснаа мэдсэнээр маргаан үргэлжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагатай санал нийлэхгүй байна. Уг тайлбартаа 6 сарын зогссон төлбөр гэж хэлсэн боловч 12 сарын бүтэн төлбөрөө нэхэмжилж байна гэж миний зүгээс үзэж байна. Уг төлбөрийг сараар бодож тооцвол төлж барагдуулах хүсэлттэй байна. Уг төлбөрийн үнийн дүн өөрчлөгдөхгүй тохиолдолд барьцаанд байгаа Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийт 52-20 тоот газраар барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэг ирүүлсэн байна. Үүнд:  Санхүүгийн зохицууллах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь, В ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1035200070000257 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийт 52-20 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь, 1467 ХЭН машины гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь зэрэг баримтууд ирүүлсэн байна.

4. Хариуцагчаас хариу тайлбар, барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь зэргийг ирүүлсэн байна.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В ББСБ ХХК нь хариуцагч Б.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 897 220,99 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүхээс хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1. Хариуцагч нь үндсэн зээл 2 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх үндсэн хүү 585 720,99 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж хариуцагч нь нэхэмжлэгчээс 2 300 000 төгрөгийн зээлийг сарын 3.75 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1035200070000257 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээн /хэргийн материалын 10-15-р тал/ зэргээр тогтоогдож байна.

 

3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн хуулийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2 300 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж олгосон ба үндсэн зээл болон зээлийн гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Хариуцагч нь зээлийг авсан гэдэгтэй маргадаггүй, зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй байсан, тооцоолол буруу байна гэж үзэн төлөхөөс татгалзаж маргадаг.

Талуудын хооронд байгуулсан оны 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1035200070000257 дугаартай зээлийн гэрээний 2.8-д зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт№1-д заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол гэрээний 2.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэлх хугацаанд төлөхөөр талууд тохиролцов гэж харилцан тохиролцсон байна.

Зээлийн гэрээнд заасан хувиарын дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл үндсэн зээл 2 300 000 төгрөг, зээлийн хүү 585 720,99 төгрөг төлүүлэхээр шаардсан ба хариуцагч нь хүүнд 411 000 төгрөг төлнө, гэрээний хугацаа дуусаагүй байхад нийт хүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргаж байх боловч талуудын дунд байгуулсан зээлийн гэрээний 2.1-т 2 300 000 төгрөгийг сарын 3.75 хувийн хүүтэй байхаар тохирсон ба 2 300 000 төгрөгийн сарын 3.75 хувь нь 86 250 төгрөг байна. Хариуцагч нь 2022 оны 11 сарын 21-ний өдрөөс хойш үндсэн зээлд огт мөнгө төлөөгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 7 сарын хугацаанд мөнгийг ашигласан ба ашигласан хугацааны хүүнд 86 250х7=603 750 төгрөг төлөхөөр байна. Гэвч нэхэмжлэгч нь хүүнд 585 720 төгрөг нэхэмжилсэн ба энэ нь төлбөл зохих хүүнээс бага байх тул нэхэмжлэлийн шаардлага зөв байна.

 

Харин нотариатын зардал 11 500 төгрөг гаргуулахийг хүссэн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ. Энэ нь нэхэмжлэгч байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нотлох баримт бүрдүүлэх зардал юм. Мөн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн нотариатын зардалтай холбоотой нэхэмжлэх /хэргийн материалын 18-р тал/ нотлох баримтын шаардлага хангаагүй байгааг дурдаж байна.

4. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр буюу Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Булаг Өлзийт 52-20 тоот хаягт байршилтай 700 мкв бүхий газар, Б.Сгийн өмчлөлийн Toyota Passo суудлын авто машинаар хангуулах шаардлагыг гаргасан. Хариуцагч нь уг зээлийн гэрээний барьцаа хөрөнгөд авто машин барьцаалаагүй,
өмнөх зээлийн гэрээний материалд байсан машины бичиг баримтыг хавсаргасан тул


зөвшөөрөхгүй гэж маргадаг. Хэргийн материалын 13-р талд авагдсан зээлийн барьцааны гэрээ нь 2022 оны 11 сарын 21-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан байна. Энэ гэрээгээр барьцаанд
Toyota Passo суудлын авто машин болон Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Булаг Өлзийт 52-20 тоот хаягт байршилтай 700 мкв бүхий газрыг барьцаалсан болох нь тогтоогдож байна. Иймд хариуцагчийн авто машин барьцаалаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан. Үүнээс үзэхэд үл хөдлөх хөрөнгийн үнэ үүргийн гүйцэтгэлд хүрэлцэхгүй бол хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангана. Өөрөөр хэлбэл хэрэв хариуцагч нь төлбөрөө төлөхгүй бол эхлээд газрыг албадан худалдаж, газрын үнэ үүргийн гүйцэтгэлд хүрэлцэхгүй бол авто машиныг худалдан борлуулах нь зүйтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 131 321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ББСБ ХХК олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1-т зааснаар хариуцагч Б.Сгаас 2 885 720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 500 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2-р баг Булаг, Өлзийт 52-20 тоот хаягт байршилтай 700 мкв бүхий газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 131 321 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч В ББСБ ХХК олгосугай.

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

         

                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.ОТГОНЖАРГАЛ