| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 184/2019/00203/И |
| Дугаар | 210/МА2019/01399 |
| Огноо | 2019-07-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2019/01399
Ч.Э, Н.Р нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01136 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ч.Э, Н.Р нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Н” ХХК-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, орон сууцны үнийг 100 хувь төлсөн болохыг тогтоолгож, орон сууцыг шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Н.Рийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Р, түүний өмгөөлөгч Г.Мөнхзул, нэхэмжлэгч Ч.Эийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч 2013.09.11-ний өдөр “Н” ХХК-тай орон сууцыг захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд гүйцэтгэгч компани нь орон сууцыг 2014 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж заасан боловч 2016 оны 4 дүгээр сард улсын комисс хүлээж авсан. Ч.Э орон сууцны төлбөр болох 75 130 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан боловч, гэрээний дагуу захиалсан орон сууцыг давхар захиалгаар гэрээ хийж иргэн Ө.Туулд худалдсан байсан. Ингээд Н ХХК гэрээг захиалсан А блок, 149 тоот 68.3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг А.блок 109 тоот 68.3 талбайтай 3 өрөө орон сууцаар 2016 оны 5 дугаар сард сольж өгсөн ба өнөөдрийг хүртэл энэ байранд амьдарч байна. Иймд Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо, 21-р хороолол, ҮЭ гудамж, 90а байр 109 тоот 68.3 м.кв орон сууцны өмчлөгчөөр Ч.Э намайг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н ХХК-тай 2013.3.29-ний өдөр “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 240 айлын 16 давхар байрны А орцны 3 давхарын 109 тоот 68.3 м.кв талбай бүхий орон сууцыг захиалсан. Дээрх гэрээний дагуу 2013.4.13-ны өдөр нийт төлбөрийн 20 хувь болох 13 660 000 төгрөг, 2014.02.11-ний өдөр 15 хувь болох 10 245 000 төгрөг, 2014.9.10-ны өдөр төлбөрийн 55% болох 37 565 000 төгрөгийг тус тус төлж орон сууцны нийт 90 хувь болох 61 470 000 төгрөгийг төлсөн. Захиалагч үүргээ биелүүлсэн боловч Н ХХК буюу гүйцэтгэгч тал гэрээний 3.1-д заасныг зөрчсөн тул шүүхэд хандаж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.22-ны өдрийн 184/ШШ2018/00448 тоот шийдвэрээр “Н” ХХК-иас 20 653 920 төгрөгийн алдангийг төлүүлэхээр шийдвэрлэж, үнийг бүрэн төлөөгүй байна гэсэн үндэслэлээр тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон билээ.
Иймд 2013.3.29-ний өдөр Н ХХК-тай байгуулсан NA13-51/109 тоот орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээний 4.1-д заасныг үндэслэн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.22-ны өдрийн 184/ШШ2018/00448 тоот шийдвэрийн дагуу тогтоолгосон 20 653 920 төгрөгийн алдангийн 13 660 000 төгрөгийг тус гэрээний дагуу төлөх үлдэгдэл 10% буюу 6 830 000 төгрөг, НӨАТ-ын төлбөр 10% буюу 6 830 000 төгрөгт тооцуулж захиалсан орон сууцныхаа төлбөрийг 100% төлсөнд тооцуулах хүсэлтэй байна. Гэрээнд заасны дагуу Н ХХК нь орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч захиалагчийн хууль ёсны эрх ашгийг хохироосоор байна. Иймд орон сууцны төлбөрийг 100% төлсөн болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо, 21-р хороолол, ҮЭ гудамж, 90а байр 109 тоот 68.3 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөлд шилжүүлэхийг “Н” ХХК-нд даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Н” ХХК-аас шүүхэд гаргасан тайлбартаа: ... маргаан бүхий 90а байр 109 тоот орон сууцанд Ч.Э, Н.Р нар давхардуулж гэрээ хийсэн байгаа. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст давхардуулж гэрээ хийсэн асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Эийг Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 240 айлын орон сууцны А блок 109 тоот 68,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “Н” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Рийн гаргасан орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 240 айлын орон сууцны А блок 109 тоот 68,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг “Н” ХХК-нд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.Эийн төлсөн 533,600 төгрөг, нэхэмжлэгч Н.Рийн төлсөн 226,250 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Роос улсын тэмдэгтийн хураамж 273 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 533 600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Эд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Н.Р давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч нь нэхэмжлэгч нартай аль алинтай нь тухай орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч бодит байдал дээр нэхэмжлэгч Н.Р орон сууцны үнийг бүрэн төлөөгүй буюу хариуцагч Ч.Эийн хувьд тухай орон сууцыг 2016 оны 5 дугаар сараас өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан байх тул Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар орон сууцыг эзэмшилдээ авах давуу эрхтэй гэж үзнэ” гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. Ч.Э нь Н.Рийг гэрээ байгуулснаас хойш 6 сар орчмын дараа хариуцагчтай гэрээ байгуулан маргаан бүхий 109 тоот орон сууцыг бус 149 тоот орон сууцыг захиалсан байдаг ба орон сууцны төлбөр тооцоог 149 тоот орон сууцны төлбөрт төлсөн байдаг, энэ нь гүйлгээний утгаар тодорхой харагддаг. Мөн гэрээ байгуулахаас өмнө 13 110 000 төгрөг төлсөн нь эргэлзээтэй. Дээрх нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзээгүй. Ч.Э нь төлбөр төлсөн баримтууд, батламж байхгүй байгаа нь гэрээний хугацаанд үүргээ биелүүлж байгаагүй нь харагдаж байна. Нөгөө талаас Ч.Э нь уг орон сууцыг эзэмшилдээ авсанд түүнийг буруутгах аргагүй боловч хариуцагч “Н” ХХК нь эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг бичгээр хийсэн гэрээ, хэлцэлгүйгээр, хууль буюу гэрээг зөрчин шилжүүлсэн явдал нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан хууль дээдлэх, шударга ёс, гэрээний эрх, чөлөө иргэний эрх, үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн явдал гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч Ч.Э нь Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 240 айлын орон сууцны А блок 109 тоот 68,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсыг бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулахаар , нэхэмжлэгч Н.Р нь орон сууцны үнийг 100 хувь төлсөн болохыг тогтоолгож, Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 240 айлын орон сууцны А блок 109 тоот 68,3 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг шилжүүлж өгөхийг хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 35, 52, 80/
Нэхэмжлэгч Ч.Э, хариуцагч “Н” ХХК нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр №НА-149 тоот “Орон сууц захиалгаар барих, бариулах тухай” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд баригдаж байгаа 240 айлын орон сууцны А орцны 11 давхрын 149 тоот, 68,30 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ нийт 68 300 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-5-6/
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01881 дугаар шийдвэрээр гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд баригдаж байгаа 240 айлын орон сууцны А орцны 11 давхрын 149 тоот, 68,30 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Ө.Туулыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-123-125/
Ч.Э нь хариуцагч “Н” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 240 айлын орон сууцны А блок, 109 тоот 68,3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт талуудын тайлбар болон , хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Энэ талаар талууд маргаагүй. /хх-12-13, 17/
Ч.Э нь маргаан бүхий орон сууцны үнийг бүрэн төлсөн, орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон. /хх-12-13/
Мөн Нэхэмжлэгч Н.Р нь хариуцагч “Н” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 240 айлын орон сууцны А блок, 109 тоот 68,3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнэнд 68 300 000 төгрөг төлөхөөс 61 470 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ./хх-84-87/
Хариуцагч нь нэхэмжлэгч нартай Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 240 айлын орон сууцны А блок, 109 тоот 68,3 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан, энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.
Талууд дээрх орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд хэн болох талаар маргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг ба хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч Ч.Э нь орон сууцны үнийг бүрэн төлж дууссан, орон сууцыг хүлээж авсан, хариуцагч Н ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгсөн байх тул Ч.Эийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дахь хэсэгт зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй юм. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлох бөгөөд мөн зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. Иймд нэхэмжлэгч Ч.Эийг эд хөрөнгийг буюу орон сууцыг худалдан авсан гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч Н.Р нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг бүрэн төлөөгүйгээс гадна хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан урьд нь дээрх маргааны зүйл болох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00448 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-59-61/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлох шаардлагагүй юм. Нэхэмжлэгч Н.Роос Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 240 айлын орон сууцны А блокын 3 давхрын 109 тоот 68,3 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох буюу орон сууцыг шилжүүлж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч Н.Рийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Рийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Рийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД