Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А-д холбогдох 17160002800011 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд 1968 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 49 настай, халх, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт  оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,   Х овогт Л-ийн А гэв.
Шүүгдэгч Л.Ариунаа нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр .......... УНЭ улсын дугаартай Prius маркын тээврийн хэрэгсэл жолоодон ...........тоот хашаан дотор явж байсан 1 нас 8 сартай иргэн Д.Н-г дайрч амь насыг нь хохироосон үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт хамаарна. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:


1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: 
Шүүгдэгч Л.Ариунаа нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр .... УНЭ улсын дугаартай Prius маркын тээврийн хэрэгсэл жолоодон ........... тоот хашаан дотор явж байсан 1 нас 8 сартай Д.Н-г дайрсны улмаас эмнэлэгт хүргэгдэж, эмчлэгдэж байгаад нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Л.Ариунаагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2017 оны 08 дугаар сарын 02-нд манай дүүгийнх хүүхдийн сэвлэг үргээх ёслол хийсэн. Даахинд нь маш олон хүмүүс ирсэн байсан. 1-7 насны хүүхдүүд үдийн цайнаар ирчихээд уйлалдаад байхаар нь гэрт нь хүргэж өгөөч гэж хэлсэн тэгээд Х-ийн машин хамгийн ард байсан тул тэрний машинд хүүхдүүд ороод суусан байсан. Тэгээд Хуйшагай манайд хүмүүс ирсэн байна та энэ хүүхдүүдийг хүргээд өгөөч гэсэн. Тэгэхэд миний хүү тэр машин дотор байсан. Тэгээд  буцаад ирэхэд ганцаараа явж болохгүй байх гээд хүүгээ Х-д авч өгөөд үлдээчихээд явсан. Хүүхдүүдийг хүргэж өгчихөөд  хашааны хаалгаар орж ирсэн. Ороод ирэхэд хөдөөний бололтоо олон хүүхдүүд тоглож байсан. Тэгээд би хүүгээ ээж аав дээрээ байгаа юм байхдаа харагдахгүй байна гэж бодсон. Орж ирэхдээ зөөлхөн орж ирсэн надад юу ч харагдаагүй тэгээд жоохон урагшлаад зогссон. Тэгтэл хүмүүс орилолдсон тэгтэл би хүүгээ дайрсан байсан. Миний 30 жил хүлээсэн галын зээ хүү байсан. Би үнэхээр хайртай байсан. Үнэхээр хамрамсалтай байна. Цонхоор харахад надад юу ч харагдаагүй. Эмнэлэгт хүү маань эмчлэгдэж байгаад нас барсан бүх зүйл үнэн би бүгдийн хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, 
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч А.Д-ын “...би гэрийн үүдний хэсэгт доохон суугаад цай ууж байгаад нэг хүүхэд рүүгээ харсан чинь манай хадам ээж А гаднаас Х-ийн Приус-20 маркын машиныг унаж орж ирээд манай хүүхдийг машины зөв талын урд дугуйны хэсгээр яг дайраад зогсож байгаа нь харагдсан. Би харайж гараад машины доороос хүүгээ аваад тэврээд зогсож байтал хүмүүс бужигнаад надаас ирээд нэг нь манай хүүг аваад эмнэлэг рүү явсан... Тэгээд эмнэлгийн сэхээнд эмчлэгдэж байгаад орой нас барсан юм...” гэх мэдүүлэг / ХХ47-49/,
  Гэрч А.Х-ийн “...гэрийн баруун талд сууж байсан хүмүүс гэнэт босоод харайлдаад машин тэрэг гээд орилж чарлаад унасан.... Тэгээд хүмүүсийн араас гараад ирсэн чинь Н-г аав Д нь тэвэрчихсэн зогсож байсан... Н нь тухайн үед А-ийн унаж хашаанд орж ирсэн машин доогуур ороод дайруулсан байсан... Би гэрээс гарч ирээд Д-ыг хүүхдээ тэврээд зогсож байхаар нь очиж аваад шууд эмнэлэгт хүргэж өгсөн. Эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад орой нь нас барсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ50-52/
Гэрч Ц.Б-ийн “...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг 05 минутад яаралтай тусламжийн сувилагч тасагт хүнд хүүхэд ирлээ яаралтай ирж үзнэ үү гэж дуудсаны дагуу ирж үзэхэд хүүхдийн биеийн байдал маш хүнд, ухаангүй, царай их цонхигор, арьс, салст цайсан, хүүхдийн мөчид их хүйтэн даарсан байдалтай, амнаас нь цус гарсан, амьсгалын бэрхшээлтэй, амьсгалд цээж их татагдсан байсан... Яасан талаар асууж тодруулахад автомашинд дайруулсан гэж хэлсэн... биеийн байдал дээрдэж засрахгүй байсаар 5 цаг эмчилгээ хийгдээд нас барсан байгаа. Тухайн талийгаач хүүхдийн онош нь хавсарсан хүнд гэмтэл, цээжний дарагдал шахагдал 2 уушигны няцралт, хэвлийн битүү гэмтэл, дотор эрхтний цус алдалт гэмтлийн оврого 2-3-р зэрэг гэсэн оноштойгоор эмчлэгдэж байгаад нас барсан юм... хавсарсан хүнд гэмтэлтэй, амин чухал эрхтэн хүнд гэмтсэн Амьсгалын дутагдал гүнзгийрсэн учраас амьдрах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ53-54/
Гэрч О.Г-ийн “...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би хүргэн Х-ийн хүү Б-ны сэвлэг үргээх ёслолд очсон юм. Тэгээд найранд сууж байтал гэрт байсан хүмүүс шуугилдаад гэрээс гарсан тэгээд араас нь гараад ирэхэд нэг хүүхэд тэврээд зогосчихсон уйлалдаад эмнэлэг рүү авч явсан. Тэгээд юу болсон талаар асуухад тухайн хүүхдийг өөрийнх нь эмээ машинаар дайрчихсан гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг /ХХ57-58/
Гэрч Л.З-ийн “...айлд цайны цагаараа очоод удаагүй байсан чинь орилолдоод шуугиад байсан. Тэгээд гэрт байсан хүмүүс  гараад би хүмүүстэй цуг гараад иртэл миний талийгаач хүү Н Х-ийн эзэмшлийн саарал өнгийн Приус маркын автомашины зөв талын урд дугуй дээгүүр нь гараад миний хүү автомашины доогуур ороод унасан харагдсан. Тухайн үед айж сандарсан байсан учир хэн машин жолоодсон, эмнэлэгт яаж ирснээ санахгүй байна... Тэгээд би эмнэлэгт хүүхдээ эмчлүүлж хажууд нь байж байгаад миний хүү нас барсан...” гэх мэдүүлэг /ХХ59-60/ 
Гэрч Г.Ж-ын “...тухайн хүүхдийн аав нь хүүхэд гэж орилоод гараад харайсан. Тэгээд би гэрийн баруун талын орон дээр сууж байхад гэрийн хаалгаар тухайн хүүхдийн аав гараад харайхад араас нь харахад машины зөв талын урд дугуй тухайн хүүхдийн дээгүүр яг гарч байгаа харагдсан... тэр үед хүүхдийг аав нь машин доороос аваад тэврээд зогсож байгаа харагдсан... Х хүүхдийг аваад эмнэлэг рүү явсан... орой нь Х ирэхдээ хүүхдийг нас барчихлаа гэж ирсэн...” гэх мэдүүлэг /ХХ61-62//
Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт
 “...1. Талийгаач Н-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр 2 уушгийг нилэнхүйд нь хамарсан няцрал, цус хуралт, баруун бөөрний цус хуралт, буруун зүүн хавирганы гадна хэсэгт цус хуралд, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
3. Дээрх гэмтэл шарх нь нас барахад нөлөөлсөн байна. 
4. Талийгаач Н нь цээж, хэвлийн битүү гэмтэл, баруун бөөрний гадна хэсгийн цус хуралт, уушигны эдийн нилэнхүйд нь хамарсан няцрал гэмтлийн улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. 
5.
6.
7. Талийгаач Н-ийн эмчилгээ болон оношлогоо нь стандартын дагуу, зөв хийсэн байна...” гэх шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт /ХХ64-65/, 
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ2/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, аймгийн Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Л.А-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв. Уг гэмт хэрэг нь хэдийгээр автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний явцад гарсан боловч хувийн эзэмшил газар болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 3-4 тоот хашаан дотор үйлдэгдсэн байх тул "Зам тээврийн осол" гэж үзэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.4-т  "Зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал; гэж тодорхойлсон боловч зам гэх ойлголтонд хувийн эзэмшил газар хамаарахгүй байхаар зохицуулагджээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн болох нь хохирогч А.Д-ын шүүхэд гаргасан хүсэлт /ХХ143/-ээр тогтоогдож байгаа бөгөөд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ /ХХ122/ прокурорт гаргасныг прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай тогтоол /ХХ128/-оор хангаж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Л.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч А.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй, хоорондоо эвлэрсэн гэсэн хүсэлт гаргасан тул шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.А-д  Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь албадлагын арга хэмжээ авахдаа эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцон харгалзан үзсэн бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.А-ийн цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1. Шүүгдэгч Х овогт Л-ийн А-г  хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Л.А-д  Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг болгох албадлагын арга хэмжээ авсугай.  
3. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйл, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Л.А-д хүлээлгэсэн үүргийн биелэлтэнд  хяналт тавихыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хариуцуулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, ялтнаас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.А-ийн ........... регистрийн дугаартай цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.
6 Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Л.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
 
 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА