Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 158/ШШ2023/0007

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч ******* овогт ,

           Хариуцагч ,

            Гуравдагч этгээд *******, ******* нарын хоорондын “Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0413000418 дугаарт *******ийг, Ү-0413000410 дугаарт *******ийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч *******аас т холбогдуулан “Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0413000418 дугаарт *******ийг, Ү-0413000410 дугаарт *******ийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан.
  2. нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэн *******ийг Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Найрамдал 1 дүгээр гудамж 105 дугаар байрны 07 тоот хаягт байршилтай 36 мкв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-0413000410 дугаарт бүртгэж, 000544420 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн *******ийг дээрх байрны 08 тоот хаягт байршилтай 47 мкв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-0413000418 дугаарт бүртгэж, 000456572 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус олгосон байна.
  3. Нэхэмжлэгч талаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах, маргаан бүхий орон сууцнуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгуулахаар 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.  
  4. Нэхэмжлэлийн үндэслэл:
    1. Миний бие нь 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдаагаар Хялганат тосгоны 105 дугаар байрны 5-8 тоот 4 айлын орон сууцыг өмч хувьчлалын ягаан тасалбараар худалдан авсан. 2019 онд Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулан авахад 07, 08 тоотод байрлах 2 байран дээр иргэн *******, ******* нар нь хуурамч худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан,
    2. Худалдах, худалдан авах гэрээнүүд болон тэдгээрийг баталсан нотариатын үйлдлийг хуурамч болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан тул хууль бус худалдах, худалдан авах гэрээнд үндэслэж бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн” гэж тодорхойлсон.
  5. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд *******тэй эвлэрлийн гэрээ байгуулж, түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байсан боловч шүүхээр шийдүүлэх нь зөв гэж бодож байна. ******* уг нь тохиръё гэж байсан ч түүний байр “ЭБЦТС” ТӨҮГазрын мэдэлд очсон гэсэн. Дээрх 2 орон сууцны улсын бүртгэлийг хүчингүй болгож, миний нэр дээр дээрх хоёр орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг хийж, надад гэрчилгээ олгохыг даалгана уу гэсэн анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна“ гэв.
  6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа авахад *******, ******* нар 105 дугаар байрны 07, 08 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулж авсныг мэдсэн. Тэгээд шүүхэд хандсан. Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 308 дугаартай шийдвэрээр *******, ******* нартай байгуулсан *******ын худалдах, худалдан авах гэрээнүүд нь хууль бус болохыг тогтоосон. *******тэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч өөрөө татгалзаж эвлэрсэн боловч гуравдагч этгээдэд эвлэрэх эрх байхгүй тул 07 тоотын өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага хэвээрээ гэж үзэж байгаа. Тус байрны 7,8 тооттой холбоотой буюу нэхэмжлэгчтэй гуравдагч этгээд нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний асуудал хууль бус болох нь  тогтоогдсон тул бүртгэлийг зайлшгүй хүчингүй болгуулах шаардлагатай. Хэдийгээр шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГазарт 08 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил очсон боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх *******ийн нэр дээр хэвээрээ байгаа. Иймээс улсын бүртгэлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Улсын бүртгэл хийхэд үндэслэсэн нотлох баримт нь шүүхийн шийдвэрээр хууль бус гэж тогтоогдсон тул улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нь зүйтэй гэж үзсэн. Бид энэ асуудлыг шүүхийн бус журмаар шийдвэрлүүлэх гэсэн боловч Улсын бүртгэлийн хэлтсээс ******* “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ хоёрын хоорондох асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг авсан. Тэгээд шүүхэд хандсан. Тиймээс Улсын бүртгэлийн хэлтсээс *******т олгосон Ү-0413000418 дугаар бүртгэл, *******д олгосон Ү-0413000410 дугаар бүртгэл бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгуулж, нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэл хийлгэх нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна“ гэв.
  7. Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан дараах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд: “
    1. Иргэн *******, ******* нарын нэр дээр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийг хийхдээ нотариатчийн гэрчилсэн *******, ******* болон *******, ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон бусад нотлох баримтыг үндэслэн бүртгэл хийсэн,
    2. Иргэн ******* нь тухайн орон сууцыг бусдад худалдсан, гэрчилгээ өгөх боломжгүй тухай хариу өгсөн тул хяналтын улсын байцаагчийн шийдвэр гаргах боломжгүй,
    3. Иргэн *******ийн байр “ЭБЦТС” ТӨҮГазар руу шилжсэн шүүхийн шийдвэр манайд ирсэн тул бүртгэл хийх боломжгүй байна” гэжээ.

8. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******тэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хувьд “ЭБЦТС” ТӨҮГазартай холбоотой шүүхийн шийдвэр манай байгууллагад ирсэн. Уг асуудал нь маргаантай байгаа тул улсын бүртгэл хийх боломжгүй байна. *******ийн хувьд өөрөө хүлээн зөвшөөрөөд нэхэмжлэгчтэй тохирсон бол манайх татгалзах зүйл байхгүй. Шүүхэд өмнө нь гаргасан тайлбар дээр нэмж хэлэх зүйл байхгүй“ гэв.

9. Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна, шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ. 

10. Гуравдэгч этгээд ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон, цаашид гомдол саналгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *******аас т холбогдуулан “Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0413000418 дугаарт *******ийг, Ү-0413000410 дугаарт *******ийг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

2. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэн *******, ******* нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 158/ШЗ2023/0045 дугаартай захирамжаар тэднийг гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ”иргэн *******, ******* нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, бүртгэхдээ хууль бус хуурамч худалдах, худалдан авах гэрээг үндэслэж бүртгэл хийсэн нь хууль бус” гэж;

4. Хариуцагч талаас “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийхдээ мэдүүлэг гаргагчийн өгсөн баримт материалд үндэслэж хуульд заасан нотлох баримтуудыг гаргуулан бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй” гэж марган;

5. Гуравдагч этгээд *******ээс “нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон” гэж, гуравдагч этгээд *******ээс “нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрнө, гомдол саналгүй” гэж тус тус тайлбарлажээ.

6. Иргэн ******* нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр, ******* нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр т Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг тус тус гаргаж, хариуцагчаас улсын бүртгэлийн Ү-0413000410 дугаарт бүртгэж, 000544420 дугаарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 44 дүгээр талын ар/-г *******д, Ү-0413000418 дугаарт бүртгэж, 000456572 дугаарын гэрчилгээ /хх-ийн 54 дүгээр тал/-г *******т тус тус олгожээ.

7. Нэхэмжлэгч талаас дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 980, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дугаартай албан бичгүүдээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй гэх хариуг өгсөн тул нэхэмжлэгч Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ.

8. Маргаан бүхий улсын бүртгэлүүд нь  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-д заасан захиргааны актын шинжийг агуулсан захиргааны байгууллагын шийдвэр байна.

8.1. Гуравдагч этгээд *******, ******* нар нь улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг болон хавсаргасан материалдаа 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан  “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 39 дүгээр тал/, *******, ******* нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 49 дүгээр тал/, Хялганат хорооны 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дуудлага худалдааны протокол, орон сууцнуудын фото зураг болон план зургуудыг тус тус нотлох баримтаар хавсарган мэдүүлэг гаргасан нь хариуцагч байгууллагад хадгалагдаж буй “Эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг”-т  хийгдсэн үзлэг, түүнд авагдсан баримт /хх-ийн  34-54 дүгээр тал/ -аар тогтоогдлоо.

8.2. Гуравдагч этгээд нарын Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан мэдүүлэгт хавсарган хүргүүлсэн дээрх худалдах худалдан авах гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 132/ШШ2022/00308 дугаартай шийдвэр /хх-ийн 5-8 дугаар тал/ -ээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгч дээрх шүүхийн шийдвэрийн дагуу гуравдагч этгээд *******, ******* нарын өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар хариуцагчид хандсан байна.

8.3. Маргаан бүхий үйл явдал 2017 онд болсон байх бөгөөд тухайн үед 2009 оны Улсын бүртгэлийн Ерөнхий хууль болон 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тул тухайн үеийн хууль болон холбогдох дүрэм, журамд үндэслэж маргааныг шийдвэрлэсэн болно.

8.4. Улсын бүртгэлийн Ерөнхий хууль /2009 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.5-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хамаарна” гэж заасны дагуу эд хөрөнгийн эрхийг бүртгэх эрхийг Улсын бүртгэлийн байгууллагад олгожээ. Энэхүү эрхийнхээ дагуу хийх улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлахаар байна. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхэд гол нотлох баримт болох өмчлөгч өөрийн өмчлөлийн зүйл гэдгээ нотолсон “Худалдах, худалдан авах гэрээ”-үүдэд худалдагч тал болох ******* нь гарын үсэг зураагүй, гэрээг байгуулаагүй үйл баримт дээрх Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 132/ШШ2022/00308 дугаартай шийдвэрээр тогтоогдсон байна. Худалдах, худалдан авах гэрээг үнэн зөв болохыг баталсан нотариатын үйлдэл хууль бус болох нь тогтоогдсоноор гуравдагч этгээд нарын өмчлөх эрхтэйг нотолсон баримт болох “Худалдах, худалдан авах гэрээ”-үүд нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/ -ийн 3 дугаар зүйлийн 3.1.4 -т заасан бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан зарчмыг зөрчсөн гэж дүгнэлээ.

8.5. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжиж, уг эрхийг бүртгэсэн бүртгэл нь хуульд заасан зарчимд нийцээгүй ба Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.6-д Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна”-д заасан хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн эрх зүйн зөрчилтэй захиргааны байгууллагын шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 /Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно/-д заасан хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох үндэслэлтэй байна.

9. Хариуцагчийн өмчлөх эрхийн бүртгэл хийхээс татгалзсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 /Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно/-т заасан захирамжилсан үйл ажиллагаа буюу захиргааны акт байна.

9.1. Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэр /иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээ нь хуурамчаар хийгдэж, тухайн гэрээнүүдийг баталгаажуулсан нотариатын үйлдэл нь хууль бус болохыг тогтоосон/-ийн дагуу маргаан бүхий бүртгэлүүдийг хүчингүй болгож, өөрийн нэр дээр өмчлөх эрхийн бүртгэл хийлгэхээр хариуцагч Улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч хариуцагчаас захиргааны акт гаргахаас татгалзсан хариу өгчээ.

9.2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна:” гээд 8.1.1-д “эд хөрөнгө өмчлөх эрхийн” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д “Энэ хуулийн ...8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон нарийвчилсан харилцааг ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна” гэж тус тус заажээ. Дээрх хуулийн заалтаар иргэний эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой харилцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулахаар байна.

9.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж, шалгуулна” гэжээ.

9.4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий улсын бүртгэлийг хуурамч баримтад үндэслэн хийсэн талаар хариуцагчид гомдол гарган, бүртгэлийг зөвтгүүлэхээр хандсан боловч хариуцагчаас хуульд заасан арга хэмжээ авалгүй, шууд татгалзсан нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхээс татгалзаж байгаа нь хуульд нийцээгүй тул  нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хариуцагчид захиргааны акт /бүртгэл хийх/ гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

9.5. Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэсний дагуу нэхэмжлэгчээс өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн мэдүүлгийг холбогдох материал, нотлох баримтын хамт бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх үүрэг нэхэмжлэгчид үүсэхийг дурдах нь зүйтэй.

10. Гуравдагч этгээд *******ийн өмчлөх эрх Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШШ2019/00819 дугаарын шийдвэр /хх-ийн 56-59 дүгээр тал/-ээр “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХКомпанид шилжүүлсэн байх боловч шүүхийн шийдвэр гарснаас хойш “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХКомпани нь өмчлөх эрхийг шилжүүлэн авах талаар хариуцагч байгууллагад хандаагүй, маргаан бүхий Хангал сум 4 дүгээр баг, Хялганат Найрамдал гудамж, 105 дугаар байр, 2 дугаар орц, 08 тоот хаягт байршилтай 47 мкв талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь гуравдагч этгээд *******ийн өмчлөлд бүртгэлтэй байгаа нь хариуцагчид хадгалагдаж буй “эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг”-т авагдсан материалаар нотлогдож байна.

11. Хариуцагчаас Булган аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа тул бүртгэлийг өөрчлөх боломжгүй гэж тайлбарлах хэдий ч иргэн ******* нь уг өмчлөх эрхийг олж авахдаа улсын бүртгэлийн байгууллагад нотлох баримтаар хүргүүлсэн гэрээ нь хуурамч болох нь тогтоогдож, шүүхийн 00308 дугаартай шийдвэр /хх-ийн 5-8 дугаар тал/ гарсан бөгөөд уг шийдвэрт үндэслэн бүртгэл хүчингүй болох эрх зүйн үр дагавар үүссэн байна. Дээрх шүүхийн 00819 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр байгаа хэдий ч уг шийдвэр гарах үед хүчин төгөлдөрт тооцогдож байсан улсын бүртгэл нь хуурамч баримтад үндэслэн хийгдсэн нь тогтоогдож байх тул эрх бүхий байгууллагаас анхны өмчлөх эрх олгосон бүртгэлийг хэвээр үлдээх боломжгүй юм.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.6, Улсын бүртгэлийн Ерөнхий хууль /2009/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/ -ийн 7 дугаар зүйлийн 7.6, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/ -ийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн хэлтсийн эрхийн улсын бүртгэлийн “Ү-0413000410” дугаарт бүртгэгдсэн *******, “Ү-0413000418” дугаарт бүртгэгдсэн ******* нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат Найрамдал гудамж, 105 дугаар байр, 2 дугаар орц, 07 тоот хаягт байршилтай 36 мкв, мөн дээрх байрны 08 тоот хаягт байршилтай 47 мкв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ыг бүртгэж, гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ