Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/626

 

 

Ч.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Баясгалан,

яллагдагч Ч.Аийн өмгөөлөгч М.Гансүх,

            нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/181 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Баясгалангийн бичсэн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр Ч.Ат холбогдох эрүүгийн 1831002640246 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

......................, 19....... оны ............ дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 6 дугаар байрны 78 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:................../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1092 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан;

Яллагдагч Ч.А нь “зээл чөлөөлөх гэж байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ө.Амарзаяагаас 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 13.000.000 төгрөгийг, Л.Уранчимэгээс 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 26.000.000 төгрөгийг, Д.Батмөнхөөс 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 6.500.000 төгрөгийг, 3 дугаар сарын 22-ны өдөр 9.000.000 төгрөгийг, С.Эрдэнэбатаас 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 39.000.000 төгрөгийг, Б.Сэлэнгэмөрөнгөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 8.500.000 төгрөгийг, Э.Ганцэцэгээс 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 12.000.000 төгрөгийг, Д.Энхцогтоос 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 1.200.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, давтан үйлдлээр нийт 115.000.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт,

мөн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүгийн цагдаа Ж.Отгонболд, Н.Нурболот, эрүүлжүүлэх байрны эмч цагдаагийн дэслэгч М.Нандин-Эрдэнэ нарыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт,

мөн энэ өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны эмч цагдаагийн дэслэгч М.Нандин-Эрдэнэ /6 сартай жирэмсэн/-ний хэвлий орчим руу нь хөлөөрөө өшиглөснөөс биед нь умайн булчингийн чангарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн прокурорын газраас: Ч.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татсан атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж заасан хуулийн заалтыг зөрчиж, дахин мэдүүлэг аваагүй байна. Яллагдагч Ч.А нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1092 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял эдэлж байгаад 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар ялтныг шилжүүлэн цагдан хорьсон байна. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас Ч.Аийн ялын тооцоог гаргуулаагүй /биечлэн эдэлсэн хоног, шагналын хоног/ зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна. Яллагдагч Ч.Аийн холбогдсон эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн  дэслэгч М.Нандин-Эрдэнэ /6 сартай жирэмсэн/-ний хэвлий орчим руу хөлөөрөө өшиглөснөөс эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хохирогчид учирсан гэмтлийн зэргээр хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн үйл баримтанд тохироогүй байна. Мөн хохирогч М.Нандин-Эрдэнэд хохиролд 137.200 төгрөгийг төлсөн эсэх дээр маргаж байгааг шалгаж тогтоох шаардлагатай. “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч түүний өмгөөлөгч нараас санхүүгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн хэдий ч нэг байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэн нь учир дутагдалтай” гэх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлтэй байх тул өөр ижил чиг үүрэг бүхий байгууллагуудаас санхүүгийн шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой эсэхийг тогтоож, хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд Тайж нар овгийн Чулуунбаатарын Алтанцэцэгт холбогдох эрүүгийн 1831002640246 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Ч.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор А.Баясгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ч.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 1831002640246 дугаартай хэрэгт Ч.Ат холбогдох эрүүгийн 1831000000258, 1831000490096 дугаартай хэргүүдийг нэгтгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах гэмт хэргийг 8 удаагийн давтан үйлдлээр үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон тул эрүүгийн 1831002640246 дугаартай Ч.Ат холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нь эрүүгийн 1831000000258, 1831000490096 дугаартай хэргүүдийн нэгтгэн яллагдагчаар татсан зүйл ангид нь багтааж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн. Иймд дээрх 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор Ч.Ат холбогдох хэргийн зүйлчлэл хүндрээгүй, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаар дахин мэдүүлэг авна гэж заасныг зөрчиж мэдүүлэг аваагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/1092 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, ял эдэлж байх хугацаанд нь ялтныг шилжүүлэн авч, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллах дүгнэлт гардуулсны дараагаар хэргийг шүүхэд шилжүүлсэн. Улс орон даяар халдварт цар тахлын хорио цээр тогтоосон нөхцөл байдлын улмаас дээрх ажиллагааг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас гүйцэтгэх боломжгүй байсны улмаас хорих 407 дугаар ангиас ялтныг шилжүүлэн авах ажиллагааг гүйцэтгэсэн албан тушаалтан нь Ч.Аийн ялын тооцоог хэрэгт нь хавсаргаагүй байна. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих 0407 дугаар ангиас Ч.Аийн ялын тооцоог авах нь зайлшгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар гүйцэтгэх шаардлагагүй. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгөх бүрэн боломжтой юм. Яллагдагч Ч.Ат холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн дэслэгч М.Нандин-Эрдэнэ /6 сартай жирэмсэн/-ний хэвлий орчим руу нь хөлөөрөө өшиглөснөөс биед умайн булчингийн чангарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг хохирогчид учирсан гэмтлийн зэргээр хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн үйл баримтанд тохироогүй байна гэсэн ойлгомжгүй хүний эрүүл мэндийн эсрэг хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн ямар хүндрүүлэх шинжтэй байгаа гэж шүүхээс дүгнэсэн болох нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээтэй байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар яллагдагч Ч.Аийг хохирогч М.Нандин-Эрдэнэд 137.250 төгрөгийн төлөх төлбөртэй болохыг тогтоож, яллах дүгнэлтэд тусгасан атал төлсөн эсэх дээр маргаж байгааг шалгаж тогтоох шаардлагатай гэжээ. Шүүх хуралдаанд хохирогч М.Нандин-Эрдэнийг оролцуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг төлөгдсөн эсэхийг бүрэн шийдвэрлэх боломжтой тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч, түүний өмгөөлөгч нараас санхүүгийн шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, шинжээч томилсны дагуу дүгнэлт гаргах боломжгүй болохыг мэргэжлийн байгууллага тогтоож ирүүлсэн. Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн хариуг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, нэгэнт тогтоогдсон нөхцөл байдлыг дахин ижил чиг үүрэгтэй байгууллагуудаас санхүүгийн шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн 181 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Яллагдагч Ч.Аийн өмгөөлөгч М.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаахдаа Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 дэх үндэслэлийг иш үндэс болгосон. Хэрвээ хэргийг нэгтгэж эрх зүйн байдал нь дордож байгаа нөхцөл байдал байх юм бол наад асуудлаа дахин байцаалт авч тодруул гэх асуудлыг тавьсан. Прокуророос тогтоолыг өөрчилсөн гэх боловч огт байцаалт аваагүй. Налайх дүүрэгт болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нэгтгэсэн асуудлыг өмгөөлөгчийн зүгээс огт мэдээгүй. Ч.А гэх хүнийг шилжүүлэн цагдан хорихтой холбоотой асуудлыг мэдсэн. Хэргийн нөхцөл байдлыг танилцаагүй. Ямар хэргийн яагаад нэгтгэх болсон талаар мэдээгүй. Үүнтэй холбоотой анхан шатны шүүхээс гарсан шүүгчийн захирамж нь үндэслэлтэй. Миний зүгээс шүүх дээр ганц зүйлийн талаар удаа дараа маргалдсан. Санхүүгийн шинжээчийн асуудлыг нэг мөр тогтоож өгнө үү. Учир нь 8 удаагийн үйлдэлтэй хэрэгт нэг зүйлийг иш татахад 20.000.000 төгрөгийн зээл өгөөд ямар ч бичгээр гэрээ байгуулаагүй хэрнээ 7 хоногийн дараа 43.000.000 төгрөг болгож авсан. 23.000.000 төгрөгийн зээлийн гэрээний маргаан биш гэж байна. Үүнийг хохирол гэж үзсэн. Хэрэв гэмт хэрэг гэж үзэж байгаа бол хүүнд нь төлсөн мөнгийг хохирол төлмөөр байна. Аль нь гэмт хэрэг болохыг тогтоохын тулд санхүүгийн нарийн мэргэжлийн шинжээч тогтоох зайлшгүй шаардлагатай. Өмнө хяналт тавьж байсан прокурор уг хүсэлтийг хүлээн авч шийдсэн. Гэтэл хөдөө орон нутагт хязгаарлагдмал бололцоотой газарт нэг хүнээс асуухад тэр хүн нь “би чадахгүй” гэж хэлэхэд өөр шинжээч томилоогүй. Энэ нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн хохирогч нар “бид үндсэн хохирлыг авсан. Одоо хүүгээ авмаар байна” гэж хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл яллагдагч Ч.Ат холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Ч.Ат холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

            Шүүгчийн захирамжид заасан “...Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татсан атал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн бол яллагдагчаас дахин мэдүүлэг авна” гэж заасан хуулийн заалтыг зөрчиж, дахин мэдүүлэг аваагүй байна. Мөн яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана гэсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дүгээр тогтоол тухайн хавтаст хэрэгт авагдаагүй байгааг анхаарах нь зүйтэй.

Яллагдагч Ч.А нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1092 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 7 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял эдэлж байгаад 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчийн захирамжаар ялтныг шилжүүлэн цагдан хорьсон байна. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас Ч.Аийн ялын тооцоог гаргуулаагүй /биечлэн эдэлсэн хоног, шагналын хоног/ зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна.

Яллагдагч Ч.Аийн холбогдсон эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн  дэслэгч М.Нандин-Эрдэнэ /6 сартай жирэмсэн/-ний хэвлий орчим руу хөлөөрөө өшиглөснөөс эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хохирогчид учирсан гэмтлийн зэргээр хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн үйл баримтанд тохироогүй байна. Мөн хохирогч М.Нандин-Эрдэнэд хохиролд 137.200 төгрөгийг төлсөн эсэх дээр маргаж байгааг шалгаж тогтоох шаардлагатай. “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч түүний өмгөөлөгч нараас санхүүгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн хэдий ч нэг байгууллагаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэн нь учир дутагдалтай. ...” гэх үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

            Түүнчлэн, Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд “...Яллагдагч Чулуунбаатарын Алтанцэцэг нь ... тус тус шилжүүлэн авч давтан үйлдлээр нийт 115.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан. ...” гэж дурджээ.

            2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найрууллагад “давтан” гэх хүндрүүлэн үзэх нөхцөл байдлыг хуульчлаагүй бөгөөд яллах дүгнэлтэд давтан үйлдлээр гэж тодорхойлсон нь яллагдагч Ч.Аийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа үндэслэл болно.

            Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/181  дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж болон магадлалд заасан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэг мөр, бүрэн гүйцэд хийж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/181  дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр” бичсэн прокурор А.Баясгалангийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 ШҮҮГЧ                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ