| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2023/00461/И |
| Дугаар | 156/ШШ2023/00428 |
| Огноо | 2023-08-22 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 156/ШШ2023/00428
2023 08 22 156/ШШ2023/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2022/00461/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Нэхэмжлэгч: ХААДСгийн ажлын алба,
Хариуцагч: Ч.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 1 214 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХААДСгийн ажлын албаны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ХААДС нь газар тариалан, мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан юм. Сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тариалангийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд тариаланчдад түлш шатахуун, ургамал хамгаалахад ашиглах бодис, бордоо, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж зэргийг зээлээр олгож гэрээнд заасан графикийн дагуу эргэн төлөлтийг тооцож авдаг. Иргэн Ч.Б нь хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сантай 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 305 дугаартай "Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж FT-200 маркын хадлангийн иж бүрдэл 1 ширхэг 5 000 000 төгрөгийн үнэ бүхий техникийг хүлээн авсан. Гэрээний дагуу FT-200 маркын хадлангийн иж бүрдэлийн үнийн дүнгийн 50 хувь 2 500 000 төгрөгийн урьдчилгааг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.2-т заасан хуваарийн дагуу 2013 онд 500 000 төгрөг, 2014 онд 500 000 төгрөг, 2015 онд 500 000 төгрөг, 2016 онд 190 200 төгрөгийг тус тус төлж, 2016-2017 онуудад төлбөр төлөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй бөгөөд гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувийн алданги тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 809 800 төгрөгний тавин хувь болох 404 900 төгрөгийн алдангийг үндсэн төлбөрийн хамт 1 214 700 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б миний бие******* аж ахуйн корпорацийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан. Би 2013 онд 500 000 төгрөг, 2014 онд 500 000 төгрөг, 2015 онд 500 000 төгрөг, 2016 онд 190 200 төгрөгийг тус тус төлж, үлдэгдэл 809 800 төгрөгийг арьс шир ноосны урамшууллаас төлсөн. Иймд тус байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв уг хэргийг шүүх хурлаар шийдвэрлэх болвол би хөдөө ганцаараа мал маллан амьдардаг, олон дахин ирж очих боломжгүй. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн баримтыг хэрэг ирүүлсэн байна. Үүнд: Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 305 дугаартай гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Өглөг авлагын дэлгэрэнгүй журнал, ХААДСгийн ажлын албаны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ХААДСгийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ХААДСд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай А-134 дүгээр тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг баримтууд ирүүлсэн байна.
4. Хариуцагчаас хариу тайлбар болон төлбөр төлсөн талаарх баримтууд /нотлох баримтын шаардлага хангаагүй/-г ирүүлсэн байна.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААДСгийн ажлын алба нь хариуцагч Ч.Бд холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 1 214 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүхээс хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1. Хариуцагч нь тракторын үнэ 5 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, ямар нэгэн өр төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн ХААДСгийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ХААДСд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай А-134 дүгээр тушаал, 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 305 дугаар бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч Ч.Бтэй 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 305 дугаар бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд талууд гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5 000 000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, эд хөрөнгийг хүлээн авахдаа 2 500 000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013 онд 500 000 төгрөг, 2014 онд 500 000 төгрөг, 2015 онд 500 000 төгрөг, 2016 онд 500 000 төгрөг, 2017 онд 500 000 төгрөг төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар гэрээнд тохиролцжээ.
Гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д зааснаар гэрээ бичгээр байгуулагдсан, мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу талууд гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээ хүчин төгөлдөр байна.
Хариуцагч Ч.Б нь гэрээ байгуулахдаа 5 000 000 төгрөгийн 50 хувь болох 2 500 000 төгрөгийг төлсөн бөгөөд 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 305 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т төлбөр төлөх талаар 2013-2017 онд жил бүр 500 000 төгрөг нийт 2 500 000 төгрөгийг 2017 онд төлж дуусгахаар тохиролцсон байна. Хариуцагч нь 2013-2015 онд 500 000 төгрөг, 2016 онд 190 200 төгрөг тус тус төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Бгээс гэрээний үүргийг шаардаж шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
Талууд 2012 оны 8 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 305 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т төлбөр төлөх талаар 2013-2017 онд жил бүр 500 000 төгрөг нийт 2 500 000 төгрөгийг 2017 онд төлж дуусгахаар тохиролцсон байна.
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна, 73 дугаар зүйлийн 73.2-т хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна гэж заасны дагуу хариуцагч Ч.Б нь 2017 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба түрээслүүлэгчид 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.
Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор ХААДСгийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг ХААДСд шилжүүлжээ.
Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж заасан тул хариуцагч Х.Э-с гэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, ХААДСгийн ажлын албанд эрх шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно. Эрх шилжсэн, эрх залгамжлан авсан үйл баримт нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан биш, хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл биш юм.
Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгэхийг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхаар хуульд заасан.
Иймд хариуцагч Ч.Бгээс 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 305 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрх ХААДСгийн ажлын албанд 2017 оны 12 дугаар сарын 31-нд үүсэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 12 сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу Ч.Бгээс 1 214 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААДСгийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д зааснаар Ч.Бд холбогдох ХААДСгийн ажлын албаны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ