Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Х.Отгонжаргал |
Хэргийн индекс | 156/2023/00147/И |
Дугаар | 156/ШШ2023/00432 |
Огноо | 2023-08-24 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 156/ШШ2023/00432
2023 08 24 156/ШШ2023/00432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/00147/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хиийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н.Б,
Хариуцагч: Д.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: 58 300 000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Н.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ж,
Хариуцагч Д.Б,
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 12 дугаар сард Хэнтий аймгийн Н сумын Шалзын жоншны уурхайд Нутгийн өгөөж нэртэй нөхөрлөлийн ахлах Д.Бтай танилцсан. Үүнээс хойш Д.Б нь намайг жонш худалдаж авдгийг мэдэж байсан учир надтай байнга холбоотой байдаг болсон. 2020 онд Д.Б нь манай уурхайгаас жонш сайн гарч байгаа, чи бид хоёр бие биенээ танихгүй биш, би чамд 7 хоногийн дараа жонш өгье гэж хэлээд 2 000 000 төгрөгийг авсан. Энэ мэтээр надаас нийт 34 210 000 төгрөгийг шилжүүлэн авсан. Энэ хугацаанд Д.Б нь надад эргүүлж жонш огт өгөөгүй харин миний мөнгийг аваад хувьдаа ашигласан. Д.Бд миний мөнгийг эргүүлж өгөөч гэж удаа дараа шаардсан боловч намайг хуурч, аргацааж, худал бичиг харуулсаар ирсэн бөгөөд болохгүй бол намайг хамтарч ажил гэхэд нь уурхай дээр нь очиход жоншны судал байгаагүй. Би өөрийн Хаан банкны 8418 тоот данснаас Д.Бгийн Хаан банкны 1418тоот данс руу
- 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 000 000 төгрөг,
- 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөг,
- 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 750 000 төгрөг,
- 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 7 000 000 төгрөг,
- 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 4 460.000 төгрөг нийт 34 210 000 төгрөгийг өгсөн. Үүнээс 4 210 000 төгрөгийг төлсөн, үүнийг хасаад Д.Бгаас 30 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 05 дугаар сар хүртэл Б нь өөрийн жоншны нөхөрлөлийн үйл ажилагаандаа зориулж надаас 34 210 000 төгрөгийг эээлдэж аваад өрөндөө жонш өгч байхаар тохиролцсон. Мөнгөө нэхэхээр мөнгийг удахгүй төлж барагдуулна гэсэн хугацаа тохиролцсон бичгүүд өөрийн гараар бичиж өгдөг байсан. Ингээд Д.Б нь тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөөгүй. Тэгээд Д.Б нь надад зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоороо намайг хамтарч ажиллаач гэсэн. Тэгэхээр нь би эхний ээлжинд зээлсэн мөнгөнийхөө жоншийг авчихаад дараа шийдье гэдэг байсан. Сүүлд нь мөнгөө хичнээн нэхээд ямар ч аргагүй болоод би өөрийн ахтайгаа уулзуулаад, энэ хоёр хамтарч ажиллах талаар ярилцаж, судлахад Д.Бгийн нөхөрлөл өөрийнх нь нэр дээр байдаг болохоор бусдад дамжуулах болон бусадтай хамтран үйл ажиллагаа явуулах эрхгүй, мөн уурхай нь жоншны ямар ч судалгүй байсан. Ингээд тэд хамтран ажиллах тохиролцоонд хүрээгүй. Надад бол Д.Бтай хамтарч ажиллах талаар тохиролцсон зүйл байхгүй. Миний бие 2023.02.23-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж Бгаас дээрх зээлүүлсэн мөнгөө нэхэмжилсэн боловч Б шүүхэд худал тайлбар гаргаж төлбөрөөс зайлсхийж 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд би урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэж байна.
2.1. 2020.07.07-ны өдөр би Бгийн 1418тоот данс руу "Жоншны мөнгө" гэж жонш худалдан авахаар шилжүүлсэн мөнгө болох 12 000 000 төгрөг,
Б 2023.04.06-ны өдрийн шийдвэртэй иргэний хэрэгт тайлбар өгөхдөө "2020 оны 11 дүгээр сараас хойш бүтэн 2 сарын хугацаанд хүмүүсийг ажиллуулж байж олборлосон өөрсдийн эд хөрөнгө болох 25 тонн жонш, 25 тонн жоншны шороогоо Бд өгсөн ...Н.Б тухайн үед жоншны мөнгө 20 000 000 төгрөг болсон шүү гээд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлсэн... гэж тайлбар гаргасан бөгөөд Д.Б нь надад өөр ямар нэгэн жонш өгөөгүй. Уул нь энэ жоншны мөнгөө надаас шилжүүлэн авчихаад шүүхэд болохоор дараа нь над руу жонш зарна гэж шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг энэ жоншны мөнгө гэж худал хэлсээр байсан. Тиймээс би Д.Бгийн данс руу жонш авна гэж шилжүүлсэн 12 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.
2.2. Мөн Д.Б нь 2020 оны намар надаас "Уурхайн тэсэлгээний компанид өртэй, эгчдээ энэ мөнгийг түр тэр хүн рүү шилжүүлж байгаач, би буцаагаад жоншоор төлнөө" гээд тухайн компаний У гэдэг хүний данс руу 4 000 000 төгрөгийг хийлгүүлсэн. Энэхүү мөнгөө бас Д.Бгаас нэхэмжилж байна.
2.3. Д.Б нь 2022.06.13-ны оны өдөр надад "Би сум орон нутгийнхаа татвар төлөөсийг төлөхгүй бол нэхэгдээд байна, сум орон нутгаас шалгалт ирчихлээ, чи төлөөд өгөөч би жоншоор тооцоогоо хийнэ" гээд надаар 12 300 000 төгрөгийг төлүүлсэн. Уг мөнгийг Д.Б нь сум орон нутгийнхаа татварын дансыг мэдэхгүй байна гээд Н сумын Байгаль орчны байцаагч Г.М гэдэг хүний 4404 гэсэн данс руу шилжүүлүүлсэн. Байгаль орчны байцаагч нь тус мөнгийг цааш нь "Н олон талт зөвлөл" гэсэн дансанд шилжүүлсэн байсан. Би тус мөнгийг дүү Н.Жасрайн дансаар шилжүүлсэн. Иймд би Д.Бгаас тус 12.300.000 төгрөг, нийт 28 300 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагч Д.Б нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 9 хүний бүрэлдэхүүнтэй нөхөрлөлийн ахлагч бөгөөд одоог хүртэл нөхөрлөлийнхөө талбайд үйл ажиллагаа явуулж, бичил уурхайн аргаар ашигт малтмал болох жонш олборлож байна. Нэхэмжлэгч Н.Б нь анх 2019 оны хавар нөхөрлөлийн маань эзэмшил талбайд ирсэн байсан. Н.Б нь түүнээс хойш байн байн ирээд манай нөхөр Боос ахаа та намайг жоншныхоо газартаа оруулчих, би олборлоод бэлэн болгосон жоншийг чинь Бор-Өндөр сум руу ачуулаад зарж өгч байя, 1 тонн жоншийг чинь өндөр үнээр зараад дундаас нь өөрөө ашиг олох гэсэн юм гэж гуйгаад, шалаад байдаг болсон. Би нөхөрлөлийнхөө эзэмшил талбайд 2020 оны 11 сараас хойш 25 тонн жонш олборлож, 25 тонн жоншны шороогоо Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Ариун бүлэр ХХК-д худалдан борлуулахаар тээвэрлүүлж, би нөхрийн хамтаар дагаж яваад маш хүчтэй цасан шуурга шуурч байсан тул цааш явах боломжгүй болоод Батноров сумын төвд ирж буудалд хоносон. Энэ үед Н.Б нь утсаар холбогдоод би та нарын авч яваа жоншийг чинь Бор-Өндөр суманд авч очоод зараад өгье, та нар гэртээ хариад байж бай гээд Бор-Өндөр сум руу авч явсан. Н.Б тухайн үед бидэнд 1 тонн жоншыг 650.000 төгрөгөөр, 1 тонн жоншны шороог 150.000 төгрөгөөр зараад нийтдээ 20.000.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Монбал Майнинг ХХК-ийн 8217 тоот данснаас миний 1418тоот данс руу шилжүүлсэн. Иймд нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжилж буй 20.000.000 төгрөг нь бидэнд зээлүүлсэн мөнгө биш бөгөөд бидний өөрсдийн эд хөрөнгө, жонш борлуулсны мөнгө орж ирсэн учир төлөх ёсгүй юм. Би 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Н.Бд 2.000.000 төгрөг шаардлагатай байна гэхэд өөрийнхөө 8418 тоот данснаас миний 1418тоот данс руу шилжүүлсэн. Би тэгэхээр нь энэ мөнгөний чинь оронд би жонш л өгнө шүү гэхэд та жонш өгчихөөрэй, жоншоо хэзээ л бол хэзээ олборлосон бэлэн болсон үедээ л өгөөрэй гээд өгсөн. Мөн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр бие муу эмнэлэгт хэвтэж байхад Н.Б нь 750.000 төгрөгийг 8418 тоот данснаасаа миний 1418тоот данс руу шилжүүлсэн. Тэгэхдээ 50.000 төгрөг нь таныг эргэж байгаа мөнгө юм шүү, харин 700.000 төгрөг нь жонш худалдаж авахаар шилжүүлж байгаа мөнгө юм шүү гээд утсаар ярьж байсан. Н.Б нь нөхөр бид хоёроос удаа дараа нөхөрлөлийнхөө газартаа намайг оруулаад ажиллуулчих, би өөрийнхөө хүмүүсийг оруулж ажиллуулаад нийт олсон ашгийнхаа 70 хувийг нь өөрөө авна, харин та хоёрт 30 хувийг өгнө гээд гуйгаад байсан тул зөвшөөрсөн. Н.Б нь миний хувийн эзэмшил талбайд өөрийн ажилчдыг бусад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, шатах тослох материал, хоол хүнс, ажилчдыг хувцас хунар, түлш шатахуун, бензинээ бүгдийг нь өөрөө хариуцаж гаргаад хүмүүсээ олж авчирч ажиллуулна, жоншийг Бор-Өндөр сум руу тээвэрлэж зарж ашиг олно гээд ямар нэгэн бичгийн гэрээ байхгүй, зөвхөн аман гэрээгээр нөхөрлөлийн талбайгаас жонш олборлохыг ярьж тохирсон. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Монбол Майнинг ХХК-ийн 8217 тоот данснаас 7.000.000 төгрөгийг миний 1418тоот данс руу Жоншны урьдчилгаа мөнгө гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн. Н.Б нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай Нутгийн Өгөөж нөхөрлөлийн талбайгаас Бор-Өндөр сум руу 70 тонн жонш, 40 тонн жоншны шороо ачих тухай гарал үүслийн бичгийг Засаг дарга А.Миас хийлгэж авсан байсан. Энэхүү гарал үүслийн бичигт бичсэн 70 тонн жонш, 40 тонн жоншны шороо нь нийтдээ 51.500.000 төгрөг болно. Үүний ашгийн 30 хувь нь буюу бидний хууль ёсоор аман гэрээний дагуу авах ёстой мөнгө нь 15.450.000 төгрөг байна. Уг 15.450.000 төгрөгөөс Н.Бгийн надад жоншны урьдчилгаа гэж шилжүүлсэн.
- 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2.000.000 төгрөг,
- 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 750.000 төгрөг,
- 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 7.000.000 төгрөгийг хасуулж тооцуулмаар байна. Хэрэв 9.750.000 төгрөгийг хасч тооцвол цаана нь Н.Бгаас би 5.700.000 төгрөг авах авлагатай үлдэж байна. Энэ мөнгөн дээрээ нэхэмжлэгч Н.Бгаас манай нөхөрлөлийн талбай дээр манай ажилчдын ажиллаж байх үедээ ашиглаж байгаад үлдээсэн маш олон тооны эд зүйлс, эд хөрөнгийг Н.Б нь аваад ачаад явсан тул эрх бүхий байгууллагаас гаргасан үнэлгээний дагуу нэхэмжлэгч Н.Бгаас үнийг суутгуулмаар байна. Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага 28 300 000 төгрөг төлөх ямар ч үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Н.Б нь "Н нутгийн өгөөж нөхөрлөл"-ийн эзэмшил талбай дээр бэлэн гаргасан байсан жоншийг миний нөхөрлөлөөс 12 000 000 төгрөгөөр худалдан авсан мөнгө юм. Дээрх 12.000.000 төгрөгийнх нь оронд нь манайх 18 тонн жоншоо өгч байсан тул энэ мөнгийг би нэхэмжлэгч Н.Бд төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн У гэдэг хүн бол өөрөө тэсэлгээний компанитай хүн юм. Б нь "Н Нутгийн өгөөж нөхөрлөл"-ийн эзэмшил талбай дээр хууль бусаар жоншны олборлолт явуулж байх хугацаандаа тэсэлгээний компанитай хийсэн гэрээнийхээ дагуу У гэдэг хүний данс руу 4 000 000 төгрөгийг төлбөр болгож шилжүүлсэн мөнгө байх. Энэ 4 000 000 төгрөг нь миний данс руу шилжиж орж ирээгүй, надад огт хамаагүй мөнгө байх тул би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Н.Б нь "Н нутгийн өгөөж нөхөрлөл"-ийн эзэмшил талбай дээр жоншны хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан болохоор Н сумын орон нутагт төлөх ёстой байсан "Олон талт зөвлөл"-ийн мөнгийг Н сумын Засаг дарга А.Мь төл гэсэн учраас өөрөө сайн дурын үндсэн дээр 12 300 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч Н.Бгийн надаас нэхэмжилж байгаа 12 300 000 төгрөгийг Н сумын байгаль орчны улсын байцаагч Г.Мын 4404 тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Н.Б нь өөрөө сайн дурын үндсэн дээр төлсөн байсан. Манай "Н Нутгийн өгөөж нөхөрлөл"-ийн эзэмшил талбай дээр нэхэмжлэгч Н.Б нь 2021 оны 05 дугаар сараас 2022 оны 05 дугаар сарыг дуустал хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсан. Миний нөхөр Г.Б 2022 оны 06 сард Н сумын төвд байдаг найз Д.Мийн гэрт нь ороход тухайн айлд Н сумын Засаг дарга А.Мь архи уучихсан сууж байсан байдаг. Тэгээд манай нөхөр Г.Бийн дэргэд Засаг дарга А.Мь гар утсаар шууд нэхэмжлэгч Норолхоогын Бтай холбогдоод "Олон талтын мөнгө" хий гэхэд Н.Б нь за гэсэн байгаа юм. Тэгээд Н.Б нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр "Н нутгийн өгөөж нөхөрлөл"-ийн эзэмшил талбай дээр жоншны хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан болохоор 12 300 000 төгрөгийг өөрөө сайн дурын үндсэн дээр төлсөн. Энэ мөнгийг төл гэж нэхэмжлэгч Н.Бг би болон миний нөхөр Г.Б нарын зүгээс гуйсан, албадсан, шахаж шаардсан, ятгасан ямар ч асуудал байхгүй тул 12 300 000 төгрөгийг би төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Б нь "Н нутгийн өгөөж нөхөрлөл"-ийн эзэмшил талбай дээр жоншны олборлолт хийж байгаад 2022 оны 05 дугаар сарын 27-ноос 31-ний хугацаанд 98,9 тонн жонш /97,02 сорцтой/, 40 тонн жоншны шороо /73,63 сорьцтой/-г ямар ч зөвшөөрөл, гарал үүслийн бичиггүй хууль бусаар хулгайгаар авч явсан байсан. Гэтэл Н сумын Засаг дарга А.Мь нь 2022 оны 05 дугаар сард хууль бусаар ямар ч зөвшөөрөлгүй, гарал үүслийн бичиггүй авч явсан 98,9 тонн жонш, 40 тонн жоншны шороонд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нөхөн олгов гэсэн хууль бус гарал үүслийн бичгийг бичиж өгсөн байсан. Би тухайн үед Н сумын Засаг дарга А.Мийн өрөөнд нь ороод Н.Б нь манай "Н нутгийн өгөөж нөхөрлөл"-ийн эзэмшил талбай явсан байна. Н.Б нь таниас манай "Н нутгийн өгөөж нөхөрлөл"-ийн нэр дээрээс зөвшөөрөлгүйгээр 2022 оны 05 сард жонш болон жоншны шороог ачаад аваад дээр жонш болон жоншны шорооны гарал үүслийн бичиг 2022 оны 05 дугаар сард бичүүлж авсан юм уу гэж асуухад Засаг дарга А.Мь нь танай "Н нутгийн өгөөж нөхөрлөл"-ийн талбай дээрээс Н.Б нь ямар ч гарал үүслийн бичиг аваагүй гээд байгаль орчны улсын байцаагч Г.Мыг дуудаад "Н нутгийн өгөөж нөхөрлөл"-д гарал үүслийн бичиг авсан уу гэж асуухад байгаль орчны улсын байцаагч Г.М нь таниас өөр гарал үүслийн бичиг олгох хүн энэ суманд байхгүй шүү дээ гэж хэлж байсан. Тэгэхэд Засаг дарга А.Мь нь байгаль орчны улсын байцаагч Г.Мд маргааш хэсгийн төлөөлөгчид хэлээд Норолхоогийн Б гэх хүн хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулаад байна, дуудаж авчируулах шаардлагатай байна гэж миний нөхөр Г.Б бид хоёрын дэргэд хэлж байсан. Тэгсэн хэрнээ Н сумын Засаг дарга А.Мь нь Норолхоо овогтой Бд Н сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр дэхь "Могойн-Шалз" гэх нэртэй газарт иргэн Н.Б нь 2019 оны 10 дугаар сараас 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бичил уурхайгаар ямар ч олборлолт хийгээгүй гэж огт худал тодорхойлолт хийж өгсөн байна. Н.Б нь Н.Нэргүй ахтайгаа хамт танай Н сумын Засаг дарга А.Мь чинь 10 000 000 төгрөгний хахууль авсан, чи биднийг дийлэхгүй гэдэг байсан, тэр нь үнэн болохоор Засаг дарга А.Мь миний эсрэг хуурамч тодорхойлолт бичиж өгөөд байгаа. Нэхэмжлэгч Н.Бгийн ах Н.Нэргүй нь танай Н сумын Засаг дарга А.Мь чинь миний төрсөн дүү Н.Бд жонш болон жоншны шорооны гарал үүслийн бичгээ 2 600 000 төгрөгөөр зарсан байна гэж загнадаг байсан. Энэ бүгд үнэн болохоор манай сумын Засаг дарга А.Мь миний эсрэг байдаг юм байна гэж би одоо бодож байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Засаг даргын 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 139 тоот албан бичиг /хх-ийн 5-р тал/, Н.Бгийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-р тал/, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Д.Бгийн бичиж нотариатаар гэрчлүүлсэн баталгаа /хх-ийн 7-р тал/, Н.Бгийн 8418 тоот дансны тодорхойлолт /хх-ийн 8-р тал/, Н.Бгийн нэр дээрх 8418 тоот дансны 2020.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-р тал/, 8418 тоот дансны 2021.01.01-ний өдрөөс 2021.12.01-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 10-р тал/, 2021.05.01-ний өдрөөс 2021.06.04-ний өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-р тал/, 2021.10.01-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 12-13-р тал/, 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 0016 дугаартай Н.Бгаас Б.Жд олгосон итгэмжлэл /хх-ийн 14-р тал/, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Н.Батмөнхийн гаргасан тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 19-р тал/, ХААН банк ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 7113425 тоот шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 20-р тал/, Б.Батмөнхийн нэр дээрх 8217 тоот дансны 2021.03.22 өдрийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 21-р тал/, Н.Батмөнхийн нэр дээрх 8217 тоот дансны 2021.01.07-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22-р тал/, ХААН банкны 2021.03.22-ны өдрийн 8154057 тоот шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 24-р тал/, Н.Бгийн нэр дээрх 8418 тоот дансны 2021.05.24-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25-р тал/, Н.Бгийн нэр дээрх 8418 тоот дансны 2021.03.05-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26-р тал/, Н.Бгийн нэр дээрх 8418 тоот дансны 2020.12.30-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 27-р тал/ зэрэг болно.
4. Хариуцагчаас дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: хариу тайлбар /хх-ийн 40-47-р тал/, Фейр валуэшн ХХК-ийн 2023.03.28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 51-58-р тал/, Д.Бгийн нэр дээрх 1418тоот дансны 2020.12.30-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59-р тал/, Д.Бгийн нэр дээрх 1418тоот дансны 2021.01.07-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 60-р тал/, Д.Бгийн нэр дээрх 1418тоот дансны 2021.03.05-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 61-р тал/, Д.Бгийн нэр дээрх 1418тоот дансны 2021.03.22-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 62-р тал/, ХААН банкны 2021.01.18-ны өдрийн 1571160 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 67-р тал/, ХААН банкны 2021.01.21-ний өдрийн 1454245 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 68-р тал/, ХААН банкны 2021.01.21-ний өдрийн 6195129 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 69-р тал/, ХААН банкны 2021.01.21-ний өдрийн 2397436 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 70 тал/, ХААН банкны 2021.01.21-ний өдрийн 6945284 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 71-р тал/, ХААН банкны 2021.01.21-ний өдрийн 19454267 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 72-р тал/, ХААН банкны 2021.01.09-ний өдрийн 11236781 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 73-р тал/, ХААН банкны 2021.01.08-ны өдрийн 2125236 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 74-р тал/, ХААН банкны 2021.01.15-ны өдрийн 11788513 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 75-р тал/, ХААН банкны 2021.01.08-ны өдрийн 2749076 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 76-р тал/, ХААН банкны 2021.01.08-ны өдрийн 2198665 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 77-р тал/, ХААН банкны 2021.01.08-ны өдрийн 2317784 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 78-р тал/, ХААН банкны 2021.01.09-ний өдрийн 10492988 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 79-р тал/, ХААН банкны 2021.01.08-ны өдрийн 12933565 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 80-р тал/, ХААН банкны 2021.01.09-ний өдрийн 10487100 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 82-р тал/, ХААН банкны 2021.01.21-ний өдрийн 9862901 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 83-р тал/, ХААН банкны 2021.01.16-ны өдрийн 10718403 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 84-р тал/, ХААН банкны 2021.01.21-ний өдрийн 4364752 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 85-р тал/, ХААН банкны 2021.01.09-ний өдрийн 10557591 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 86-р тал/, ХААН банкны 2021.01.09-ний өдрийн 10492988 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 87-р тал/, ХААН банкны 2021.01.10-ны өдрийн 1129646 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 88-р тал/, ХААН банкны 2021.01.10-ны өдрийн 2441578 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 89-р тал/, ХААН банкны 2021.01.11-ний өдрийн 16486132 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 90-р тал/, ХААН банкны 2021.01.13-ны өдрийн 6131593 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 91-р тал/, ХААН банкны 2021.01.24-ний өдрийн 1974814 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 92-р тал/, ХААН банкны 2021.01.24-ний өдрийн 8795137 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 93-р тал/, ХААН банкны 2021.01.25-ны өдрийн 4980293 тоот шилжүүлгийн баримт /хх-ийн 94-р тал/, Д.Бгийн нэр дээрх 2021.01.08-ны өдрийн 1418тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 95-96-р тал/, Д.Болормагийн нэр дээрх 2021.01.09-ний өдрөөс 2021.01.10-ны өдрийг хүртлэх өдрийн 1418тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 97-р тал/, Д.Бгийн нэр дээрх 2021.01.21-ний өдрөөс 2021.01.25-ны өдрийг хүртэлх 1418тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 98-р тал/ зэргийг ирүүлсэн байна.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр Д.Бгийн нэр дээрх Төрийн банк ХХК-ийн дансны хуулга /хх-ийн 37-38-р тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаартай эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 39-р тал/-уудыг шүүх бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.Бд холбогдуулан 30 000 000 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 28 300 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 58 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс хэрэгт цугларсан баримт болон зохигчийн тайлбарыг тал бүрээс нь шинэжлэн судалж, үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 14 510 000 төгрөгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Д.Бд дансаар
-2020 оны 12 сарын 30-нд 2 000 000 төгрөгийг өөрийн Бгийн данснаас 88404063 гэсэн утгатайгаар,
-2021 оны 01 сарын 07-нд 20 000 000 төгрөгийг Батмөнхийн данснаас Монгол Майнинг гэсэн утгатайгаар,
-2021 оны 03 сарын 05-нд 750 000 төгрөгийг Бгийн данснаас Б гэсэн утгатайгаар,
-2021 оны 03 сарын 22-нд 7 000 000 төгрөгийг Батмөнхийн данснаас Монгол Майнинг гэсэн утгатайгаар,
-2021 оны 5 сарын 24-нд Бгийн данснаас 4 460 000 төгрөгийг Бгийн данснаас bayraa 200000сая гэсэн утгатайгаар тус тус шилжүүлж нийт 34 210 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс 4 210 000 төгрөгийг хариуцагч Д.Б төлсөн учир хасч үлдэх 30 000 000 төгрөгийг гаргуулахаар анх шүүхэд нэхэмжилжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 28 300 000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч нь 2020 оны 07 сарын 07-нд 12 000 000 төгрөгийг Бгийн дансанд хийсэн, 2020 оны намар Уод төлөх 4 000 000 төгрөгийг Бгийн өмнөөс төлсөн гэж, 2022 оны 06 сарын 13-нд сумын Байгаль орчны байцаагч Мын дансанд татварт 12 300 000 төгрөгийг Бгийн ажиллуулдаг нөхөрлөлийн өмнөөс төлсөн тул нийт 28 300 000 төгрөгийг мөн гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Д.Б нь надад огт мөнгө эргүүлж өгөөгүй учир би өгсөн бүх мөнгөө нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тайлбарлан, тодорхойлж шүүх хуралдаанд оролцсон.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг бичгээр гаргадаг ба шүүх хуралдаан дээр 9 750 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, өөрөөр мөнгө төлөх үндэслэлгүй гэж маргадаг.
Нэхэмжлэгч Н.Б, хариуцагч Д.Б нарын хооронд худалдах, худалдан авах болон зээлийн харилцаа үүссэн байна.
Тухайлбал нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2020 оны 07 сарын 07-нд, 2021 оны 1 сард жонш, жоншны шороо худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч нь 2021 оны 01 сарын 07-нд 20 000 000 төгрөгийг 25 тонн жоншийг 650 000 төгрөгөөр, жоншны шороог 100 000 төгрөгөөр тонн тутмыг бодож тооцож авсан, 2020 оны 7 сарын 7-нд жонш 13 тонн жоншийг 1 тонныг нь 650 000 төгрөгөөр тооцож авсан худалдан авсан гэж тайлбарладаг.
Харин хариуцагч нь 2021 оны 01 сарын 07-нд 20 000 000 төгрөгийн жонш, шороо зарсан буюу 25 тонн жонш нэг тонныг нь 650 000 төгрөгөөр, 25 тонн жоншны шороо 1 тонныг нь 150 000 төгрөгөөр тооцож зарсан гэж, мөн 2020 оны 7 сарын 7-нд жонш 18 тонн жоншийг 1 тонныг нь 650 000 төгрөгөөр тооцож зарж 12 000 000 төгрөгийг авсан гэж талууд 2021 оны 1 сард худалдсан жоншны шорооны үнэн дээр, 2020 оны 7 сард зарсан жоншны хэмжээн дээр зөрүүтэй тайлбарлаж маргадаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал жоншны шороог 100 000 төгрөгөөр авсан гэж, хариуцагч нь 150 000 төгрөгөөр зарсан гэдэг. Мөн 2020 оны 7 сард нэхэмжлэгч нь 13 тн жонш авсан, харин хариуцагч нь 18 тн жонш зарсан гэж тус тус мэтгэлцэн маргадаг.
Шүүхээс хариуцагчийн тайлбарлаж байгаа тайлбарыг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Учир нь 2021 оны 01 сарын 07-нд хариуцагчийн Хаан банкин дахь харилцах дансанд 20 000 000 төгрөг Монгол майнинг гэсэн утгатайгаар шилжсэн ба 25 тонн жонш 650 000 төгрөгөөр тооцоход 16 250 000 төгрөг, 25 тонн жоншны шороог 150 000 төгрөгөөр тооцоход 3 750 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөг / 25х650 000= 16 250 000, 25х150 000= 3 750 000, 16 250 000+3 750 000= 20 000 000/ буюу шилжүүлсэн 20 000 000 төгрөгт тохирсон жонш, болон шороог худалдаж, худалдан авсан байна.
Мөн 2020 оны 7 сарын 7-нд 12 000 000 төгрөгт тохирсон жонш буюу 18 тонн жоншыг зарсан гэж хриуцагч тайлбарладаг, харин нэхэмжлэгч нь 13 тонн жонш байсан гэж тайлбарладаг ба тухайн үед жоншны үнэ 1 тонн 650 000 төгрөг байсан гэдэгтэй талууд маргадаггүй. Иймд 18х650 000 =11 700 000 төгрөгийн жонш худалдаж үүнд тохирсон 12 000 000 төгрөгийг шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульдчилсан ба нэхэмжлэгч нь 2020 оны 7 сарын 07-нд худалдан авсан жоншны хэмжээ нь түүний төлсөн 12 000 000 төгрөгөөс 300 000 төгрөгт тохирсон жоншыг хариуцагч нь нэхэмжлэгчид өгөөгүй байна. Харин 2021 оны 1 сард худалдаж, худалдан авсан жонш, шорооны үнэ тохирсон байна гэж үзлээ. Иймд худалдах, худалдан авах гэрээний зөрүү 300 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх нь зүйтэй буюу 12 000 000 төгрөг шилжүүлсэнээс 11 700 000 төгрөгийн жоншийг худалдан авагчид өгсөн байх тул зөрүү 300 000 төгрөгийг Д.Б төлөх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд жонш худалдаж, худалдан авсан дээрх 2 тохиолдлоос өөр жонш худалдах, худалдан авсан зүйл байхгүй гэж талууд тайлбарладаг ба үүн дээр маргаагүй болно.
Харин бусад харилцаа буюу Бгийн данснаас 2020 оны 12 сарын 30-нд 2 000 000 төгрөгийг, 2021 оны 03 сарын 05-нд 750 000 төгрөгийг , 2021 оны 03 сарын 22-нд 7 000 000 төгрөгийг Батмөнхийн данснаас, 2021 оны 5 сарын 24-нд Бгийн данснаас 4 460 000 төгрөг нийт 14 210 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлж авсан байна.
Хариуцагч тал нь 2021 оны 03 сарын 22-нд 7 000 000 төгрөгийг Батмөнхийн данснаас шилжсэн 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Бгийн мөнгө гэдэгтэй маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан байх тул дээрх 14 210 000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагч төлөх нь зүйтэй байна. Мөн худалдах худалдан авах гэрээний үлдсэн мөнгө болох 300 000 төгрөгийг нэмж нийт 14 510 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчаас Уын дансруу шилжүүлсэн 4 000 000 төгрөг, Байгаль орчны байцаагч Мын дансруу шилжүүлсэн Бгийн нөхөрлөлийн суманд төлөх байсан 12 300 000 төгрөгийг нэхэмжилсэн. Дээрх шаардлагуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь Уод хариуцагч Д.Б нь 4 000 000 төгрөгийг төлөх төлбөртэй байсан талаар болон энэ мөнгийг нэхэмжлэгч хариуцагчийн нэрийн өмнөөс гүйцэтгэж шилжүүлсэн гэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хангах боломжгүй байна.
Мөн Н нутгийн өгөөж нөхөрлөлийн орон нутагт буюу Н суманд төлөх татвар гэх 12 300 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б нь байцаагч Мын дансанд шилжүүлсэн гэж гэрч болох М нь тайлбарлаж мэдүүлсэн /Тус шүүхийн 2023 оны 7 сарын 7-ны өдрийн 1130 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргээс шинжлэн судалсан ба шүүгч Б.Марина хууль сануулан авсан 2023 оны 07 сарын 04-ний өдрийн гэрчийн мэдүүлэг/ байх боловч хэлэлцэж байгаа хэргийн хариуцагч нь иргэн Д.Б байх тул нөхөрлөлийн буюу хуулийн этгээдийн хүлээх хариуцлагыг иргэн Д.Б дангаараа хариуцах боломжгүй юм. Иймд энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь 2020 оны 07 сарын 07-нд шилжүүлсэн 12 000 000 төгрөг, 2021 оны 01 сард худалдан авсан жоншны үнэ 20 000 000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь нийт 31 700 000 төгрөгийн жонш, жоншны шороог нэхэмжлэгчид өгсөн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна. Иймд нийт нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй юм.
Тухайлбал нэхэмжлэгчийн нэхэмжилж буй дансаар шилжүүлсэн нийт мөнгө нь 46 210 000 төгрөг байна. Үүнийг задалбал :
№ | Огноо | Үнийн дүн | Хэнээс | Хэнд | ||||
1 | 2020.07.07 | 12 000 000 | Бгаас | Бд/жоншны үнэ/ | ||||
2 | 2020.12.30 | 2 000 000 | Бгаас | Бд |
| |||
3 | 2021.01.07 | 20 000 000 | Батмөнхөөс | Бд/ Жоншны үнэ/ |
| |||
4 | 2021.03.05 | 750 000 | Бгаас | Бд |
| |||
5 | 2021.03.22 | 7 000 000 | Батмөнхөөс | Бд |
| |||
6 | 2021.05.24 | 4 460 000 | Бгаас | Бд |
| |||
| Нийт | 46 210 000 төгрөг |
| |||||
Нэхэмжлэгчийн дансаар хариуцагчид шилжүүлсэн 46 210 000 төгрөгөөс жонш, жоншны шороо худалдан авсан нийт 31 700 000 төгрөгийг хасахад үлдэгдэл 14 510 000 төгрөг болж байна. Үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олголоо. /46 210 000- 20 000 000 -11 700 000=14 510 000 төгрөг/
Нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон жонш, шороо өгсөн 31 700 000 төгрөг, У гэх хүний өмнөөс шилжүүлсэн гэх 4 000 000 төгрөг, Мын дансанд татварыг төлсөн гэх 12 300 000 төгрөг нийт 48 000 000 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ хариуцагчийг 4 210 000 төгрөгийг төлсөн тул төлөх мөнгөнөөс хасах нь зүйтэй байна. / 48 000 000-4 210 000= 43 790 000 төгрөг/ Иймд нийт нэхэмжилсэн 58 300 000 төгрөгөөс тооцож 14 210 000 төгрөгийг хангаж, үлдэх 43 790 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 230 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас 14 510 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 790 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 607 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 230 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ