| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2023/00450/И |
| Дугаар | 156/ШШ2023/00462 |
| Огноо | 2023-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2023/00462
2023 09 05 156/ШШ2023/00462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/00450/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК,
Хариуцагч: Мягмарын Н,
Нэхэмжлэлийн шаардлага: 1 525 951 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: А.Балжинням,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түвшинзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын айл, өрх ААН, төсөвт байгууллагуудыг цэвэр, бохир ус болон халаалтаар хангаж ажилладаг. М.Нийг 2018 оны 01 дүгээр сараас 2023 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд манай байгууллага дулаан хангах тухай аж ахуйн гэрээ байгуулж, халаалтаар хангаж ажилласан. Гэвч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш одоог хүртэл халаалтын төлбөрөө төлөхгүй манай байгууллагыг хохироож байна. Иймд хариуцагч М.Нээс халаалтын үлдэгдэл төлбөр болох 1 024 051 төгрөг, алданги 501 900 төгрөг, нийт 1 525 951 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч М.Н нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Н миний бие Х ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг байр нь Жгийн өмчлөлд шилжсэн. Тиймээс өр төлбөрийг өмчлөгч нь хариуцах нь зүйтэй юм гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас дараах бичгийн нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3-р тал/, Х ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-р тал/, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 8 тал/, Эрчим хүчний зохицуулах хорооны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 9-10 тал/, ус ашиглалтын байнгийн гэрээ /хх-ийн 12-р тал/, Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 13-14 тал/, төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан /хх-ийн 15-р тал/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
4. Хариуцагчаас хариу тайлбарыг бичгээр /хх-ийн 28-р тал/-г ирүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч М.Нт холбогдуулан 2018 оны 1 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сар хүртлэх хугацааны халаалтын төлбөр 1 525 951 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч М.Н нь тус байр нь шүүхийн шийдвэрээр Н.Жгийн өмчлөлийнх гэж тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Шүүхээс нийт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 984 999 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 540 952 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч М.Н нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ус ашиглалтын байнгийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүд тус тус хийгдсэн нь дулаан болон ус худалдах, худалдан авах гэрээ хийгджээ. Нэхэмжлэгч байгууллага буюу дулаан, усаар хангах үүргийг Х ХХК, дулаан болон усны төлбөрийг хариуцагч М.Н нь төлж байхаар харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ус ашиглалтын байнгийн гэрээний 4 дэх хэсгийн 5 дахь заалт, 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Дулааны эрчим хүч, худалдах, худалдан авах гэрээний 4 дэх хэсгийн 5 дахь заалтад хэрэглэгч байгууллага нь төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заасан байх тул хариуцагч нь төлөгдөөгүй үнийн дүнд алданги төлөхөөр харилцан тохиролцсон ба нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.
Хариуцагчаас 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 24 дугаартай Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ба уг магадлалд дулаан усаар хангаж буй орон сууцны өмчлөгч нь Н.Ж болохыг тогтоосон байна. Гэсэн хэдий боловч уг орон сууцыг энэхүү магадлал гарах хүртэл хариуцагч М.Н эзэмшиж, ашиглаж байсан нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул 2022 оны 07 сар хүртлэх ашиглалтын зардлыг хариуцагч төлөх нь зүйтэй юм.
Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргийг худалдан авагч буюу хэрэглэгч төлж байхаар зохицуулсан байх тул хариуцагчаас хэрэглэсэн дулаан, усны төлбөр, мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд нөгөө талдаа төлөх ёстой мөнгийг анз гэнэ гэж, мөн хуулийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тус тус хуульчилсан байх тул хариуцагч нь хэрэглэсэн хугацааны төлбөр, алдангийг төлөх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл 2022 оны 7 сар хүртэл үндсэн төлбөр 656 666 төгрөг, төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги болох үүний 50 хувь буюу 328 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 549 952 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлнэ гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлнэ гэж тус тус хуульчилсан ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагчаас 984 999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 549 952 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянашийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ