Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 152/ШШ2023/00338

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.С-ын,

 Хариуцагч: УАЗСЕБС- холбогдох,

 Тус сургуулийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.С, түүний өмгөөлөгч Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

Хариуцагч УАЗСЕБС-ийн захирал М.Эд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.  

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2010 онд анх сургуульд слесарын ажилд орсон. 2023 оны 02 дугаар сарыг хүртэл тус сургууль 2 слесартай байж байгаад орон тоо цөөрсөн гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 5 дугаар сарын 01-ний өдөр өгч, 5 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Надтай хамт ажилдаг хүн надаас сүүлд ажилд орсон мэргэжилгүй, дадлага туршлага байхгүй хүн бөгөөд хэрэв хооронд нь өрсөлдүүлсэн бол би илүү байх нь тодорхой тул миний бие сонгон шалгаруулалт явуулна гээд хүлээж байтал намайг шууд халсанд гомдолтой байна. Надтай хамт ажиллаж байсан Д.Ж нь захирал М.Э-ай нэг ангийн хүүхэд тул захирал санаатай давуу байдал олгосон гэж үзэж байна. Мөн сумын Засаг даргын тушаалаар бүтэц, орон тоо хийсэн гэж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Энэ бүтэц, орон тоог хамт олонд танилцуулаагүй болно. Иймд миний бие хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул хуучин ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д зааснаар орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажлаас халсан. Д.Сын ажлын байран дээр 2 слесарь ажилладаг гэтэл Д.Сыг ямар нэгэн шударга өрсөлдөөн болон сонгон шалгаруулалтгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. Д.Сыг ажлаас халж, нөгөө слесарийг үлдээж байгаа бол ажил олгогч тодорхой шалгуур тавьж тухайн шалгуурт тэнцсэн хүнийг ажлын байранд нь үлдээх ёстой. Гэтэл ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр Д.Сыг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1-д заасан ялгаварлан гадуурхаж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгож байна. Ажлын байрны тодорхойлолтод слесарийн мэргэжилтэй хүн байна гэж заасан учраас нэхэмжлэгчийн мэргэжлийн үнэмлэхийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Харин нөгөө хүнд нь слесарийн мэргэжлийн үнэмлэх байгаа эсэхийг шалгах ёстой байсан. Тус сургуулийн захирал нь 12 дугаар сард Д.Сын цалин дээр илүү мөнгө гаргаж аваад яг тэр өдрөө буюу 12 дугаар сарын 23-ны өдөр нөхрийнхөө данс руу шилжүүлж авсан. Энэ асуудал нь маргааны гол үндэс болсон. Ажил олгогч төрийн мөнгийг шамшигдуулж, үүнийг хийхдээ хэн нэгнийг ашигладаг, уг үйлдлийг эсэргүүцсэн хүнийг шахаж дарамталдаг байж болохгүй. Д.Жг өрх толгойлсон эцэг учраас авч үлдсэн гэж хариуцагч тайлбараа гаргасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар Жавхлангийн 2 хүүхэд нь 3 наснаас доош байсан бол ажил олгогчийн зөв. Гэтэл Жавхлангийн бага хүүхэд нь одоо 7 дугаар ангид орох учраас уг заалт нь Жавхланд үйлчлэхгүй. Ажил олгогч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2-д заасныг давхар баримтлах ёстой байсан. Хариуцагч нь тушаал гаргахдаа Д.Сыг ялгаварлан гадуурхсан гэж үзэж байгаа тул Завхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгож Д.Сыг ажилд нь эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч УАЗСЕБС-ийн захирал М.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие слесарь Д.Сыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 тушаалаар ажилд авсан. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сургуулийн багш, ажилтнуудтай болон слесарь Д.С, Д.Ж нартай хөдөлмөрийн гэрээг байгуулан 2 хувь үйлдсэн. Сургуулийн захирлын тушаалаар батлагдсан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн слесарийн албан тушаалын тодорхойлолтын дагуу 2 слесарь ажил үүргээ гүйцэтгэдэг. Сургуулийн бүтэц, орон тоог жил бүрийн оны эхэнд сумын Засаг дарга баталдаг. УАЗСЗД-ын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар Завхан сумын сургуулийн бүтэц, орон тоо батлагдсан ба дээрх захирамжаар слесарийн орон тоо цөөрч 1 болж хасагдсан. Бүтэц, орон тооны мэдээлэл цахим болон мэдээллийн самбарт тавигдсан ба сургуулийн нягтлан бодогч Д.У захирамжийг эх хувиар хүргүүлсэн. Иймд сургуулийн слесарийн орон тоо цөөрсөнтэй холбоотой сургуулийн слесарь Д.Ж, Д.С нарт 2023 оны 5 сарын 01-ний өдөр Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох үйл ажиллагааг явуулах мэдэгдэл, Хөдөлмөр эрхлэлтийг цуцлах тухай мэдэгдлийг гардуулж, сургуулийн захирлын өрөөнд сургуулийн захирал, нягтлан бодогч Б.О /түр ажиллаж байсан/, номын санч, бичиг хэргийн ажилтан Г.А нарын хамт мэдээллийг хүргэж, саналыг сонсон, хурлын тэмдэглэл үйлдсэн болно. Ингээд 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр слесарь Д.Сыг сургуулийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. ЗСЕБС нь 2018 оноос нэгдсэн халаалтад орсон ба тухайн үед слесарийн ажлын байр зарлахад мэргэжлийн хүн олдоогүй. Тухайн үед мэргэжилгүй байсан Д.Сыг 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, Д.Жг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажилд авсан болно. Слесарь Д.Ж Увс аймгийн Завхан сумын харьяат, эрэгтэй, 1975 онд төрсөн, 2 өнчин хүүхэдтэй /эрэгтэй 6 дугаар анги, эмэгтэй 8 дугаар анги/, эхнэр нь нас барсан, өрх толгойлсон хүн юм. Иймд энэ хүний амьдралыг харж слесарийн ажилд авч үлдсэн болно. Слесарь Д.Сын гэрийн хүн нь дэлгүүр ажиллуулдаг, 1 хүүхэдтэй, хүүхэд нь тусдаа гарсан амьдралын хувьд боломжийн байна гэж үзэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч талаас Д.Сын иргэний үнэмлэхийн хуулбар, УАЗСЗД-ын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар тодорхойлолт, УАЗСЕБС-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар тушаалын хуулбар, УАЗСЕБС-ийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаар тушаалын хуулбар, Д.Сын барилгын сантехникч мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Д.С, УАЗСЕБС-ийн захирал М.Э нар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, УАЗСЕБС-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 9 дүгээр сард Д.Ст Увс аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас олгосон баярын бичгийн хуулбар, Д.Сын Төрийн банк дахь 160400010580 дугаартай харилцах дансны хуулга, Увс аймгийн Завхан сумын дунд сургуулийн захирлын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 74 дүгээр тушаалын хуулбар зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагч М.Э шүүхэд нотлох баримтаар Д.С, УАЗСЕБС-ийн захирал М.Э нар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, УАЗСЕБС-ийн Слесарийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаар захирамжийн хуулбар, хавсралтын хамт, УАЗСЕБС-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийн хуулбар, хуралдааны тэмдэглэлийн хуулбар, УАЗСЕБС-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Увс аймгийн Завхан сумын Хармагт багийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тодорхойлолт, Д.Ж-гийн Төрийн банк дахь 160400100379 дугаартай харилцах дансны хуулга зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр УАЗСЕБС-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/36 дугаар тушаалыг эрх зүйн үндэслэлгүй гэж маргаж байна.

2.1. Сумын Засаг даргын захирамжаар сургуулийн бүтэц, орон тоог тогтоосон нь үндэслэлгүй. Дээрх захирамжийн талаар сургуулийн нийт ажилтнуудад мэдэгдээгүй,

2.2. Сургуулийн захирал М.Э орон тоо цөөрсөн үндэслэлээр цомхотгол хийхдээ мэргэжил, ур чадварын хувьд өрсөлдүүлж, сонгон шалгаруулалт явуулаагүй,

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хөдөлмөрийн харилцаанд хөрөнгө чинээ, гэр бүлийн байдлаар ялгаварлан гадуурхсан

2.4. Тус сургуульд слесарь ажилтай Д.Ж нь өрх толгойлсон эцэг мөн боловч түүний бага хүүхэд нь 7 дугаар ангид суралцдаг тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглох үндэслэлд хамаарахгүй гэв.

3. Хариуцагч УАЗСЕБС-ийн захирал М.Э нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

3.1. Сургуулийн бүтэц, орон тоог жил бүрийн оны эхэнд сумын Засаг дарга баталдаг. УАЗСЗД-ын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар Завхан сумын сургуулийн бүтэц, орон тоог баталсан ба дээрх захирамжаар слесарийн орон тоо цөөрч 1 болж хасагдсан. Сургуулийн бүтэц, орон тооны мэдээлэл цахим болон мэдээллийн самбарт тавигдсан ба сургуулийн нягтлан бодогч Д.Ундрахад захирамжийг эх хувиар хүргүүлсэн.

3.2. Слесарь Д.Ж нь өрх толгойлсон хүн тул түүний амьдралыг харгалзан үзэж слесарийн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн.

3.3. Слесарь Д.Сын эхнэр нь дэлгүүр ажиллуулдаг, 1 хүүхэдтэй, хүүхэд нь тусдаа гарсан, амьдралын хувьд боломжийн гэж үзсэн гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Д.С нь УАЗСЕБС-ийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар тус сургуулийн слесарийн ажлын байранд томилогджээ.

4.2. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэг талаас УАЗСЕБС-ийн захирал нөгөө талаас Д.С нар 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсан байна.

4.3. Д.С нь “Чадамж Боломж” техник сургалтын төвд Барилгын сантехникч мэргэжлээр суралцаж, 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Барилгын сантехникч мэргэжлийн IV дүгээр зэрэг авчээ.

4.4. УАЗСЗД-ын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаар захирамжаар УАЗСЕБС-ийн бүтэц, орон тоог баталж, тус захирамжийн дагуу слесарийн орон тоо 2 байсан бол 1 болж цөөрсөн байна.

4.5. УАЗСЕБС-ийн захирал М.Э 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ст “УАЗСЗД-ын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаар захирамжийн дагуу тус сургуулийн бүтэц, орон тоо батлагдсан ба батлагдсан бүтэц, орон тооны дагуу слесарийн 1 орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтад заасан орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох тухай” мэдэгдэл хүргүүлсэн байна.

4.6. Улмаар УАЗСЕБС-ийн захирал М.Э нь 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар тушаалыг гаргаж, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон Д.Сыг ажлаас чөлөөлжээ.

5. УАЗСЗД-ын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаартай албан бичгээр “Тус суманд Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хөдөлмөрийн маргаан таслах комиссыг шинэчлэн байгуулаагүй байгаа” гэжээ. Энэ тохиолдолд Увс аймгийн Завхан суманд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгчийг хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчөөгүй, нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаанаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.

6. Шүүх хуралдааны ирцтэй холбоотой нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийх тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан даруй хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт “...Шүүх хуралдаанд аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч ирээгүй явдал хэргийг хэлэлцэхэд саад болохгүй” гэж заасныг тус тус баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1222 дугаар шүүгчийн захирамжийг бичгээр гаргав.

7. УАЗСЕБС-ийн захирал М.Э нь Д.Сыг ажлаас чөлөөлөх тухай 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар тушаалыг тус сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаар захирамж, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн гаргажээ. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хэн аль нь УАЗСЗД-ын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаар захирамжаар тус сургуулийн бүтэц, орон тоог тогтоож, слесарийн орон тоог 1 болгож цөөрүүлсний улмаас ажил олгогчийн санаачилгаар Д.Сын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Завхан сумын Засаг дарга тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоог тогтоож, слесарийн орон тоо 2 байсныг 1 болгож цөөрүүлсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгч Д.Сын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болсон байна.

8. Хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар өгсөн УАЗСЗД-ын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаар тушаалын хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч Увс аймгийн Завхан сумын Засаг дарга тус сумын ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоог тогтоож, слесарийн орог тоог цөөрүүлсэн үйл баримт нь зохигчдын тайлбар, УАЗСЕБС-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5/36 дугаар тушаалаар тогтоогдож байна. Иймд шүүхээс сумын Засаг даргад холбогдох хууль тогтоомжоор сумын ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоог тогтоох эрх олгогдсон эсэх талаар дүгнэлт хийж, тус сумын ерөнхий боловсролын сургуулийн слесарийн орон тоог цөөрүүлсэн эрх зүйн акт нь өөрөө хуульд үндэслэсэн эсэх, хуульд нийцсэн эсэхийг тогтоох нь Д.Сын нэхэмжлэлтэй, хариуцагч УАЗСЕБСд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэв.

9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/021/11 дугаартай, Орон тооны жишиг норматив батлах тухай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативыг хавсралтаар баталсан бөгөөд тус тушаалын 4 дэх заалтад “Энэ тушаалаар батлагдсан орон тооны жишиг нормативыг баримтлан Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9-д заасан эрхийг хэрэгжүүлэх замаар байгууллагын төсвийг үр ашигтай зарцуулж ажиллахыг холбогдох төсвийн шууд захирагч нарт даалгасугай” гэж заажээ. Уг тушаалын зохицуулалтаас үзвэл, Төсвийн шууд захирагч нь сумын ерөнхий боловсролын сургуулийн орон тоог батлагдсан орон тооны жишиг норматив, төсвийн хүрээнд шинэчлэн тогтоох эрхтэй этгээд байна. Төсвийн шууд захирагч гэдэгт Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38 дахь заалтад заасны дагуу “төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” ойлгоно гэж заасан бол 2002 оны Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалтад  ерөнхий боловсролын сургуулийн захирал нь “сургуулийн төсөв, санхүүгийн үйл ажиллагааг сургуулийн зөвлөл, багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоотойгоор төлөвлөх, сургалтын орчныг бэхжүүлэх, төсөв, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах, мэдээлэх” үүрэгтэй гэж заажээ. Иймд Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38 дахь заалт, 2002 оны Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4 дэх заалтуудад тус тус үндэслэн тухайн сургуулийн төсвийг захиран зарцуулж, тайлагнах эрх бүхий этгээд болох УАЗСЕБС-ийн захирлыг тухайн ерөнхий боловсролын сургуулийн төсвийн хувьд төсвийн шууд захирагч гэж үзнэ.

10. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалтад төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох эрхтэй гэж заажээ. Иймд УАЗСЕБС-ийн захирал нь төсвийн шууд захирагч болохын хувьд, тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/021/11 дугаар тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативыг баримтлан тус сургуулийн орон тоог тогтоох эрх бүхий этгээд байна.

11. СЗД-ын тухайд, 2002 оны Боловсролын тухай (хүчингүй болсон) хуулийн дагуу тухайн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж, чөлөөлөх эрхтэй байсан боловч Боловсролын тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Төсвийн тухай хуулиар сумын Засаг даргад тухайн сумын ерөнхий боловсролын сургуулийн орон тоог тогтоох эрх олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Завхан сумын Засаг дарга нь хуулиар өөрт эрх олгогдоогүй асуудлаар, өөрийн бүрэн эрхийг хэтрүүлэн, үндэслэлгүй захирамж гаргасан байна. Дээрх үндэслэлээр УАЗД-ын тус сумын ерөнхий боловсролын сургуулийн орон тоог цөөрүүлж тогтоосон 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/07 дугаар шийдвэрийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчим, Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчим болох хуульд үндэслэх зарчмыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд УАЗСЕБС-ийн слесарийн орон тоог цөөрүүлсэн тус сумын Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаар захирамж нь хууль бус байх тул УАЗСЕБС-ийн слесарийн орон тоог цөөрсөн гэж үзэх үндэслэлгүй.

12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хөдөлмөрийн харилцаанд хөрөнгө чинээ, гэр бүлийн байдлаар ялгаварлан гадуурхсан” гэх тайлбар үндэслэлтэй. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа Д.С-ын эхнэр дэлгүүр ажиллуулдаг, хүүхэд нь тусдаа гарсан, амьдрал нь боломжийн. Слесарь Д.Ж-ийн тухайд өрх толгойлсон эцэг тул тус сургуулийн слесарийн ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэжээ. Байгууллагын орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд тухайн орон тоонд үргэлжлүүлэн ажиллах этгээдийг сонгох боломжийг Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогчид олгосон боловч ажил олгогчийн шийдвэр нь ямар ч нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн шинжтэй байж болохгүй. Энэ тохиолдолд, хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар нь  Д.Сыг хөрөнгө чинээ, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах эрхтэй  бөгөөд УАЗСЕБС нь төрийн байгууллага болохын хувьд иргэнийг төрийн үйлчилгээний албан тушаалд авч ажиллуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дээрх зарчмыг хэлбэрэлтгүй баримтлах үүрэгтэй. Гэвч хариуцагчийн зүгээс орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр Д.Сын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Монгол Улсын иргэний төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг зөрчсөн шинжтэй байна.

13. Дээрх үндэслэлүүдээр УАЗСЕБС-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, урьд эрхэлж байсан УАЗСЕБС-ийн слесарийн ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

14. Хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Д.С, УАЗСЕБС-ийн захирал М.Э нар 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар, УАЗСЕБС-ийн Слесарийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, УАЗСЗД-ын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаар захирамжийн хуулбар, хавсралтын хамт, УАЗСЕБС-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийн хуулбар, хуралдааны тэмдэглэлийн хуулбар, УАЗСЕБС-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, УАЗСХБЗД-ын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаар тодорхойлолт, Д.Ж-ийн Төрийн банк дахь 160400100379 дугаартай харилцах дансны хуулга зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

15. Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Д.Сын Төрийн банк дахь 160400010580 дугаартай харилцах дансны хуулга, УАЗСДС-ийн захирлын 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 74 дүгээр тушаалын хуулбар зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.6 дахь хэсэгт зааснаар хэргийг зохигч талын эзгүйд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт энэ хуулийн 120.2-т заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй бол түүнийг ердийн журмаар биелүүлэхийг дурдах нь зүйтэй.

17. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч УАЗСЕБС-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтыг баримтлан УАЗСЕБС-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Сыг урьд эрхэлж байсан УАЗСЕБС-ийн слесарийн ажлын байранд эгүүлэн тогтоосугай.  

2. Нэхэмжлэгч Д.С нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч УАЗСЕБС-иас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Я.УРНАА