| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 152/2023/00278/и |
| Дугаар | 152/ШШ2023/00339 |
| Огноо | 2023-08-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 152/ШШ2023/00339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б-ийн,
Хариуцагч: Г.Я-аад холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Г.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ариунсан гэх хүнтэй хамтран Г.Ягаас 4,000,000 төгрөгөөр хашаа худалдаж авахаар тохиролцож, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөгийг, Ариунсан 2,000,000 төгрөгийг өгсөн. Ариунсан нь Г.Ягийн хашаанд нүүж очоод амьдарч байсан ба хашааны бичиг баримтыг шилжүүлж аваад үлдэгдэл 500,000 төгрөгийг өгье гэхээр Г.Я нь хашааныхаа үнийг нэмээд, хашааг өөр хүнд үнэтэй зарахаар болсон гэж хэлээд хашааны бичиг баримтыг шилжүүлж өгөхгүй байсан. Иймд Ариунсан нь тус хашаанаас нүүж, Г.Ягаас 2,000,000 төгрөгөө буцаан авсан. Гэтэл Г.Я одоог хүртэл миний 1,500,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул Г.Ягаас 1,500,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Г.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хашаа тухайн үеийн ханшаар 8,000,000 төгрөгөөр үнэлэгдэх ёстой байсан бөгөөд одоогийн ханшаар 15,000,000 төгрөгөөр худалдаалагдах ёстой юм. Ж.Б миний шүдийг цохиж хугалсан учир шүдний үнийг би Ж.Бөөс гаргуулж авч чадаагүй байгаа. Айлын 4 тал хашааг 4,000,000 төгрөгөөр худалдан авна гэж байдаг Ж.Бийн буруу юм. Ж.Б нь уг хашааг худалдан авна гэж хэлээгүй бөгөөд өөрийн хамтран амьдрагч эмэгтэйгээ уг хашаанд буулгасан. Миний хашааг 8,000,000 төгрөгөөр хүн худалдан авах гэж байхад Ж.Б өөрийн найз эмэгтэйгээ хашаанд буулгасан. Миний хажуу талын хашаанд Ц гэдэг хүн буусан бөгөөд худал хэлж явсаар миний хашааг залилж авсан байгаа. Одоогийн байдлаар Ж.Бтэй төрөл садны холбоотой Ц-оос би мөнгөө авч чадаагүй байгаа. Одоогийн ханшаар тооцож үзвэл миний 2 хашаа нийлээд 30,000,000 төгрөгөөр худалдаалагдах болно. Миний хашаанд 2 жил буусан айл нь түрээсийн мөнгө ч өгөхгүйгээр хашааны хаалгыг онгорхой хаяад явсан байсан. Ж.Бийн нэхэмжилж байгаа 1,500,000 төгрөгийн хувьд намайг зодсон гэж мөнгө өгсөн юм уу? Хашаанд айл буулгаж амьдруулсан гэж түрээсийн мөнгөө өгсөн юм уу? би ойлгохгүй байна. Ж.Б надаас нэхэмжилсэн 1,500,000 төгрөгтөө зах зээлийн ханшаар 20,000-25,000 төгрөгийн үнэлгээтэй, 60-70 ширхэг халуун сав авбал авч болно. Миний хань нас барсан учир 3 өнчин хүүхэдтэйгээ үлдсэн. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр намайг зодлоо гэж хэлээд гүжирдэж надад 800 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулсан” гэв.
Нэхэмжлэгч талаас Ж.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ж.Бийн Хаан банк дахь 5820137129 тоот харилцах дансны хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар бичгээр гаргаагүй, өөрийн татгалзлын үндэслэлийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.
2.1. Хариуцагч Г.Ятай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хашаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан
2.2. Хариуцагч Г.Я нь худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, хашаа худалдан авахад зориулж шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг гаргуулах
3. Хариуцагч Г.Я нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.
3.1. Ж.Бтэй хашаа худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцоогүй
3.2. Ж.Бийн шилжүүлсэн 1,500,000 төгрөг нь хашаа худалдан авахад зориулж шилжүүлсэн мөнгө эсхүл түүний шүдийг хугалсан тул шилжүүлсэн эмчилгээний зардлын аль нь болохыг мэдэхгүй гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ж.Б нь Ариунсан гэх хүнтэй хамтран хариуцагч Г.Ягийн эзэмшлийн хашааг 4,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Ариунсан 2,000,000 төгрөг, Ж.Б 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.
4.2. Талууд хашаа худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй бөгөөд амаар тохиролцсон тухай зохигчид тайлбарлав.
4.3. Нэхэмжлэгч Ж.Б нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 5819047535 тоот дансанд 1,500,000 төгрөг шилжүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр хариуцагч Г.Ягаас Хаан банкны 5819047535 тоот дансны талаар мэдэх эсэхийг тодруулахад, миний данс гэж хүлээн зөвшөөрсөн.
4.4. Улмаар Ариунсан нь хариуцагч Г.Ягийн эзэмшлийн хашаанд нүүж очиж, Г.Я хашааны бичиг баримтыг шилжүүлэн өгсний дараа үлдэгдэл 500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.
4.5. Гэвч Г.Я нь хашаагаа өөр хүнд илүү өндөр үнээр худалдан борлуулахаар болсон гэсэн шалтгаанаар хашааны бичиг баримтыг шилжүүлж өгөхгүй байсан тул Ж.Б, Ариунсан нар нь хашаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Ариунсан нь Г.Ягаас 2,000,000 төгрөгийг буцаан авсан бол нэхэмжлэгч Ж.Б 1,500,000 төгрөгийг хариуцагч Г.Ягаас буцаан авч чадаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
5. Хариуцагч Г.Я нь хашаагаа 4,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцоогүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нь Г.Ягаас хашаа худалдаж авахаар тохиролцож, Ариунсан 2,000,000 төгрөг, Ж.Б 1,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй.
6. Хариуцагч Г.Я нэхэмжлэгч Ж.Бийн шилжүүлсэн 1,500,000 төгрөг нь хашааны үнэ эсхүл түүний шүдийг хугалсны хариуд төлсөн эмчилгээний зардлын аль нь болохыг мэдэхгүй гэх тайлбар гаргасан боловч хариуцагч Г.Я нэхэмжлэгч Ж.Б түүний шүдийг хугалсан эсэх, хүний эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас эмчилгээний зардал төлөх үүрэгтэй байсан эсэх талаарх баримтыг шүүхэд өгөөгүй ба шүүх хуралдаан дээр “...500,000 төгрөгтөө зах зээлийн ханшаар 20,000-25,000 төгрөгийн үнэлгээтэй, 60-70 ширхэг халуун сав авбал авч болно” гэх тайлбар гаргасан тул зохигчид хашаа худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэж 1,500,000 төгрөг шилжүүлсэн гэж дүгнэв.
7. Иймд хариуцагч Г.Ятай харилцан тохиролцож байгуулсан хашаа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Ариунсан нь худалдаж авахаар тохиролцсон хашаандаа нүүж очиж амьдарсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэв. Энэ тохиолдолд талууд гэрээний зүйлийн үнэ буюу хашааг худалдах, худалдан авах үнийн дүнг тохиролцсон эсэх талаар харилцан зөрүүтэй тайлбар гаргаж байгаа боловч энэ нь талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцоогүй гэж үзэх үндэслэл болохгүй. Тодруулбал, талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар буюу хариу төлбөртэйгөөр үл хөдлөх эд хөрөнгө болох газрыг хашааны хамт худалдах, худалдан авахаар амаар тохиролцсон байх тул талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах үүргийн эрх зүйн хэлцэл байгуулагдсан гэж үзэв.
8. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах үүргийн эрх зүйн хэлцлийн үндсэн дээр хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэх, нэхэмжлэгч тал үнийг төлөх үүрэг хүлээсэн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсаны улмаас талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэх өмчийн хэлцэл байгуулагдаагүй байна.
9. Хариуцагч тал ийнхүү үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай үүргийн эрх зүйн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс удаа дараа татгалзсаны улмаас нэхэмжлэгч Ж.Б, түүнтэй хамтран хашаа худалдаж авахаар тохиролцсон Ариунсан нар хашаа худалдаж авах үүргийн эрх зүйн гэрээнээс татгалзаж, Ариунсан нь хашааны үнэд төлсөн 2,000,000 төгрөгийг буцаан авсан, нэхэмжлэгч Ж.Б хашааны үнэд төлсөн 1,500,000 төгрөгийг буцаан авч чадаагүй нөхцөл байдал үүсжээ.
10. Иймд нэхэмжлэгч Ж.Б нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.
11. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талаас гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй, анх хашаа худалдан авахад зориулж шилжүүлсэн 1,500,000 төгрөгөө нэхэмжилжээ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан тул хариуцагч нь нэхэмжлэгч талд хашаа худалдан авахад зориулж анх шилжүүлсэн 1,500,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй байна.
12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
13. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ягаас 38,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.Ягаас 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бөд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ягаас 38,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бөд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА