Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/93

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч М.А

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч М.Т, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Т*-д холбогдох эрүүгийн 2524000520082 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ........ оны .... дугаар сарын .....-ны өдөр ....аймгийн ...............суманд төрсөн, .........настай, э.......эгтэй, ...........боловсролтой, ............мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ...........аймаг, ............сум, ..............баг, ...дугаар хороолол, ......дүгээр байр, .........тоотод суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ...................регистрийн дугаартай, Х овогт М.ийн Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь Х.С, Э.Э, А.Б нарын хамт Д.А-ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “..........” загварын тээврийн хэрэгслээр .........аймгаас \............аймгийн чиглэлд явж байхдаа 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед ...............аймгийн ..........сумын ..................багийн нутаг “.............гэх газарт хатуу хучилттай зам дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн зүйлийн 3.4.б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Б*ын эрүүл мэндэд баруун дунд чөмөгт ясны доод 1/3-ээр шүдэлсэн зөрөөтэй далд хугарал, баруун нүдний алимын салстад цус харвалт, зовхи, зүүн чихний дэлбээ, зүүн цавинд цус хуралт, дагз, чамархай хуйх, зүүн гуянд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, Х.С-гийн эрүүл мэндэд цээжний зүүн 3-р хавирганы зөрөөгүй хугарал, зүүн бугалагт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол, Э.Э-рын эрүүл мэндэд тархи доргилт, духанд зулгаралтын сорви бүхий хөнгөн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч М.Т-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

 

1.1. Шүүгдэгч М.Т нь Х.С, Э.Э, А.Б нарын хамт Д.А-ын эзэмшлийн ...............улсын дугаартай цагаан өнгийн “..........” загварын тээврийн хэрэгслээр .........аймгаас \............аймгийн чиглэлд явж байхдаа 2025 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн үед ...............аймгийн ..........сумын ..................багийн нутаг “.............гэх газарт хатуу хучилттай зам дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.а “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн зүйлийн 3.4.б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Б*ын эрүүл мэндэд баруун дунд чөмөгт ясны доод 1/3-ээр шүдэлсэн зөрөөтэй далд хугарал, баруун нүдний алимын салстад цус харвалт, зовхи, зүүн чихний дэлбээ, зүүн цавинд цус хуралт, дагз, чамархай хуйх, зүүн гуянд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, Х.С-гийн эрүүл мэндэд цээжний зүүн 3-р хавирганы зөрөөгүй хугарал, зүүн бугалагт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол, Э.Э-рын эрүүл мэндэд тархи доргилт, духанд зулгаралтын сорви бүхий хөнгөн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Насанд хүрээгүй хохирогч А.Б*ын хууль ёсны төлөөлөгч Г.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Ослын улмаас баруун хөлийн дунд чөмөг хугарсан, зүүн шанааны мах тасарсан, нуруу цавины орчмын арьс шалбарсан, зулгарсан, толгойн тус газарт хэд хэдэн газар зүсэгдсэн зэрэг гэмтлүүдтэй байгаа. Арын суудалд зорчиж явсан. Тэгэхээр хамгаалах бүсгүй байж таарсан. Тухайн осол болох үед хүү минь унтаж байсан байна лээ. ...Одоо ч бүрэн эдгээгүй байгаа. 12 сард дахин үзүүлэх шаардлагатай байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,      

Гэрч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Т бид хоёр хуурай эгч дүүгийн харилцаатай. 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Э-ээс У руу ажлаар хөдөлсөн. Бид хоёроос гадна манай нөхрийн хамаатны А.Б, Э.Э гэх 2 хүүхэд явж байсан. Замдаа хоноод 2025 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 04 цагийн үед цааш хөдөлсөн. Би жолоо барьж явж байгаад А аймгийн Ч*ын хавцлаас Т эгч машин барьсан. Би унтсан. Нэг сэрсэн чинь С*аа гэж дуудахтай зэрэгцээд машин замын хажуу руу уначихсан. Надад ослын улмаас гэмтэл учирсан. Эмчид үзүүлэхэд зүүн талын гуравдугаар хавирганы төгсгөл хэсэгт хугаралтай гэж хэлсэн. Хэдэн км цагийн хурдтай явж байсныг би мэдэхгүй. Т эгч хэлэхдээ нүдний урдуур хар юм гүйгээд өнгөрлөө гэсэн надад анзаарч мэдэгдсэн юм байхгүй. Би жолоочийн хажуугийн суудалд хамгаалах бүсээ зориулалтын дагуу зүүсэн байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Надад уг хэрэгтэй холбоотой гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 51, 56, 68/,

Насанд хүрээгүй гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед хөдөө хоол идчихээд хөдлөх гэж байхад Т эгч С эгчид хандаж “Би хэсэг барья, чи амраад ав” гээд жолоо барихаар болсон. Тэгээд би машины дотор талын хаалганы бариулаас бариад явж байтал машин замын хажуу руу унаад өгсөн. Хоёр гурван танихгүй ах ирээд бидэнд тусалж, машин унтрааж, С эгчийг сүлжээтэй газар луу авч явсан. Тэр осол болсноос хойш миний хүзүү хөндүүртэй, хөдөлгөхөд хэцүү гараа хойш нь болгож чадахгүй байгаа. Эмчид үзүүлэхэд эмч хэвтрийн дэглэм бариарай гэж хэлсэн. ..Одоогоор уг хэрэгтэй холбоотой гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 47-48, 70/,

Иргэний нэхэмжлэгч Д.А*ын мөрдан шалгах ажиллагаанд өгсөн: “...Би зам тээврийн талаар нарийн зүйлийг мэдэхгүй. .........улсын дугаартай цагаан өнгийн .................маркийн авто машин бол миний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байдаг. Уг авто машиныг би 2019 онд 12 сая төгрөгөөр худалдаж аваад эхнэрт өгч байсан. Манай эхнэр ерөнхийдөө ихэвчлэн унаж ашигладаг. Миний авто машин 2025 оны 04 дүгээр сард үзлэг оношилгоонд орсон байсан. Би авто машинаа одоо 10сая төгрөгөөр үнэлнэ. Ослын улмаас юу юу эвдэрснийг мэдэхгүй нүдээр хараагүй. Би "А” ХХК-ны гаргасан хохирлын үнэлгээтэй цахимаар танилцсан. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Т гэдэг хүн манай эхнэртэй хамт ажилдаг болохоор надад гомдол санал байхгүй. Бид нар хоорондоо ярилцаж тохиролцсон байгаа. Ослын талаар мэдэх зүйл гэвэл машиныг Т жолоодоод түүний хажууд манай эхнэр суугаад арын суудал дээр манай хамаатны 2 хүүхэд суугаад явж байсан гэсэн. Осол болох үед манай эхнэр унтаж байсан гэсэн. Харин арын суудал сууж явсан Э гэх 10 настай хүүхэд унтаагүй явсан гэсэн. Тэгтэл машины явж байснаа гэнэтхэн замын хажуу руу гараад шороогоор явж байснаа зам руу ороод буцаад замаас гараад онхолдсон гэж надад Э хэлж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ЕГ0725/8092 дугаартай “...А.Б*ын биед баруун дунд чөмөгт ясны доод 1/3-ээр шүдэлсэн зөрөөтэй далд хугарал, баруун нүдний алимын салстад цус харвалт, зовхи, зүүн чихний дэлбээ, зүүн цавинд цус хуралт, дагз, чамархай хуйх, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх 108-111/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0725/8078 дугаартай “...Э.Э-ын биед тархи доргилт, духанд зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлдлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт хх 153-154/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0725/8077 дугаартай “...Х.С-гийн биед цээжний зүүн 3-р хавирганы зөрөөгүй хугарал, зүүн бугалагт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх 166-167/,

Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, Цагдаагийн хошууч цолтой Ц.М-ын 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 6 дугаартай “................маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М-ийн Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 А /тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж, мөн дүрмийн 3.4 б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэснийг тус тус зөрсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осолд зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэл нөлөөлөөгүй гэж үзэж байна. ..............маркийн ..........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа /хх 129-131/,

 Насанд хүрээгүй хохирогч А.Б-ын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан баримтууд /хх 77-107/, “А” ХХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1098 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 141-144/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Зам тээврийн осол дээр тогтоосон актаар /хх 4-17/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

1.2. Шүүгдэгч М.Т-ын: “.... аймгаас хамтран ажилдаг С гэх эмэгтэй бид хоёр .... аймаг руу ажлаар явахаар болоод 2025 оны 06 дугаар сарын 06-ны орой 20 цаг 30 минутын үед гарсан. Тэгээд С замаараа хамаатныхаа айлын 2 хүүхэд авч явна гээд том нь 5 дугаар анги төгссөн, бага нь 1 дүгээр анги төгссөн гэх үл таних 2 хүүхэд аваад машиндаа суулгасан. О аймгаас гарах үед ..........улсын дугаартай .........маркийн авто машиныг С жолоодоод би хажууд суугаад машины арын суудал дээр 2 хүүхэд суугаад явж байсан. Бид нар О аймгаас гараад А аймгийн Х сум руу салдаг хэсэгт очоод машиндаа хоноцгоосон. Би өглөө 04 цаг 20 минутад сэрээд бид нар 05 цагийн үед хөдөлсөн. Машиныг С үргэлжлүүлэн жолоодоод явсан бөгөөд бид нар явсаар байгаад А аймгийн Ч*ын гүүр ороод хоолонд орцгоосон. Би хоолонд ороод гарч ирээд С ядраад байхаар нь би машиныг нь жолоодож явсан. Намайг машин жолоодоод явж байхад замд байхад нэг ч цагдаа тааралдаагүй. С даваа даваад уруудахад зам ангийн хүмүүс зам засаж байсан. Тэгээд даваа уруудаад явж байхад С хажууд унтаад байхаар нь хөөе унтахгүй шүү, та нарыг чимээгүй байгаад байх юм бол миний нойр хүрнэ шүү гээд ярьж байсан. Тэр хоёр хүүхэд суудлын бүс зүүгээгүй харин бид хоёр суудлын бүсээ зүүгээд явж байсан. Тэгтэл гэнэтхэн урдуур цагаан юм 2-3 удаа ороод ирэх шиг болохоор нь юу бэ гэж орилоод жолоогоо 2 тийшээ хөдөлгөсөн. Тэгтэл машин замаас гараад онхолдсон. Машин онхолдсоны дараа С түрүүлж буугаад дараа нь арын суудал дээр байсан том хүүхэд нь араас буусан. Би тэр хооронд суудлын бүсээ тайлаад буусан. С надаас түрүүлж буусан болохоор машинаас бага хүүхдийг нь гаргасан. Том хүүхэд болон С бид гуравын биед ил харагдах шарх сорви байхгүй. Би тэр 2-оос бие нь зүгээр үү өвдөж байгаа зүйл байна уу гэхэд зүгээр гэж хэлсэн. Жаахан хүүхдийг С машинаас гаргаж ирээд газарт тавихаар нь би тэр хүүхдийг миний дүү нааш ир битгий айгаарай гээд тэврээд авахад миний хөл өвдөөд байна гээд уйлаад байсан. Мөн тухай үед тэр хүүхдийн хамраас нь цус гарч байсан. Ийм л зүйл болсон. Замаар явж байгаа машинтай хүмүүст эмнэлэг, цагдаа дуудаад өгөөрэй гэж хэлээд явуулсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсантай бусад баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гээд нотлох баримтаар үнэлэв.

2. Шүүгдэгч М.Т*д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7.а “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн, мөн зүйлийн 3.4.б “...хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь мөрдөгчийн магадлагаа гаргасан дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Т*ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд прокуророос шүүгдэгч М.Т*ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Т-ын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Тиймээс шүүгдэгч М.Т*ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Х.С, Э.Э нар нь хохирогчоор тогтоогдсон бөгөөд тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учрах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид үл хамаарах тул шүүгдэгч М.Т-ыг гэм буруутайд тооцоход тусгаагүй болно.

Шүүгдэгч М.Т болон түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч М.Т-ын үйлдлийн улмаас хохирогч Х.С, Э.Э нарын эрүүл мэндэд хөнгөн, насанд хүрээгүй хохирогч А.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

4.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан байна.

Шүүгдэгч М.Т-ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Б*н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А нь хохирол төлбөрт 5,132,112 төгрөг нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,670,000 төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маргаагүй байх тул хасаж тооцох нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч А.Б*ын хууль ёсны төлөөлөгч нь үлдсэн 3,462,112 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүйгээр орхиж, цаашид гаргах эмчилгээний зардлын хамт баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.Т-д холбогдуулан нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

4.2. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заажээ.

............ аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ДАР0825/008 дугаартай “...Насанд хүрээгүй хохирогч А.Б*ын сэтгэцэд 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр /хх 192-193/ насанд хүрээгүй хохирогч А.Б учирсан сэтгэцийн хор уршгийг тогтоосон байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч А.Б-ын хууль ёсны төлөөлөгч нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийг төлүүлэх жишиг аргачлалыг баталсан байна.

 Нөхөн төлбөр тооцох аргачлалын хүснэгтэд хоёрдугаар зэрэглэлийн хувь хэмжээг 4-8% байхаар, нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор журамлажээ. 

Иймд насанд хүрээгүй хохирогч А.Б-ын хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрсөн хэмжээнд хоёрдугаар зэрэглэлээр сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хохирогчид учирсан хүндэвтэр гэмтлийн шинж байдалд дүгнэлт хийж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгөөр тооцож нийт 4,752,000 төгрөгийг шүүгдэгч М.Т-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-д олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны өмнө бүрэн төлж барагдуулсан байх тул сэтгэцэд учирсан хохирлыг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

4.3. Хохирогч Х.С, насанд хүрээгүй хохирогч Э.Э нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...одоогоор хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэсэн байх тул хохирол төлбөр болон цаашид гаргах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн шүүгдэгч М.Т-д холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

4.4  Шүүгдэгч М.Т-ын жолоодож явсан  “T” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7,240,000 төгрөгийн хохирол учирсан болох нь...........” ХХК-ний 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1098 дугаартай “...Үнэлгээний дүн 7,240,000 төгрөг...” гэсэн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар нь шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй бөгөөд иргэний нэхэмжлэгч Д.А-рын “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж /хх37-38/, шүүгдэгч “...бид хохирол төлбөр дээр эвлэрсэн...” гэж тус тус мэдүүлсэн байх тул иргэний нэхэмжлэгч Д.А*т төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч М.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч М.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Т нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Т*-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овогт М-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Т*ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т*д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч М.Т нь насанд хүрээгүй хохирогч А.Б*д хохирол төлбөрт 1,670,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 4,752,000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

8. Насанд хүрээгүй хохирогч А.Б*-ын хууль ёсны төлөөлөгч Г.А-ын хохирол төлбөрт 3,462,112 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа ирүүлээгүй тул хэлэлцэхгүйгээр орхиж, цаашид гарах эмчилгээний зардлын хамт нотлох баримтаа бүрдүүлж,

Хохирогч Х.С насанд хүрээгүй хохирогч Э.Э нар нь хохирол төлбөр, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч М.Т*д холбогдуулан нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

9.  Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч болон дээд шатны прокурор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ӨЛЗИЙХИШИГ