| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/02826/И |
| Дугаар | 101/ШШ2023/03386 |
| Огноо | 2023-07-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/03386
2023 07 05 101/ШШ2023/03386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:ххххххххххххх тоот хаягт оршин суух, Б.Бийн /РД: ххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххх тоот хаяг, Х ХХК-д /РД: хххххххх/ холбогдох
Орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 8,032,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б,
Хариуцагч Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Х ХХК нь Багануур дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай 2015 оны 04 сарын 30-ны өдөр Ажилтан албан хаагчдын 40 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Багануур дахь орон сууцны Б хороолол дахь захиалагч талын эзэмшлийн 700 м.кв талбай бүхий газарт ажилтан, албан хаагч нарт зориулсан 40 айлын орон сууцны барилгын угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
Иймээс миний бие Х ХХК-тай 2015 оны 07 сарын 03-ны өдөр 03 тоот Захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулан Багануур дүүргийн 1-р хороо, Б хотхонд баригдах 40 айлын орон сууцны 20 тоотын 31,5 м.кв талбай бүхий орон сууцыг 26,775,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон.
Х ХХК орон сууцыг гэрээний дагуу 2015 оны 4-р улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх байсан ч 2015 оны 08 сарын 28-ны өдрийн байдлаар орон сууцны барилгын ажил 36 хувийн гүйцэтгэлтнй зогссон бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд барилгын ажил цааш үргэлжлэн явагдаагүй болно.
Иймд Х ХХК-иас 8,032,500 төгрөгийг маань гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Хүчирбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Бтэй манай компани 2015 оны 07 сарын 03-ны өдөр 03 тоот Захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулан гэрээний дагуу 2015 оны 06 сарын 19-ний өдөр 2,604,000 төгрөг, 2015 оны 08 сарын 26-ны өдөр 5,431,500 төгрөг, нийт 8,032,500 төгрөгийг шилжүүлсэн.
Гэтэл манай Х ХХК-ийн орон сууцны барилгын ажил 36 хувийн гүйцэтгэлтэй зогсон цааш үргэлжлээгүй тул түүний төлсөн 8,032,500 төгрөгийг төлнө гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Б.Б нь иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х ХХК-ийн Багануур дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан 2015 оны 04 сарын 30-ны өдрийн Ажилтан албан хаагчдын 40 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ,
Х ХХК-иас Багануур дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2015 оны 08 сарын 28-ны өдрийн 0/39 тоот, 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 145 тоот хүсэлтүүд,
Х ХХК-тай Б.Бийн 2015 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан Захиалгаар орон сууц бариулах гэрээ, 2015 оны 06 сарын 19-ний өдөр 2,601,000 төгрөг, 2015 оны 08 сарын 26-ны өдөр 5,431,500 төгрөг төлсөн баримтууд,
Б ТӨААГ-ын нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 30,152,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 28163 дугаар бүхий захирамж,
Б ТӨААГ-ын нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 21,537,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 4113 дугаар бүхий захирамж,
Б ТӨААГ-ын нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 21,537,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан мөн шүүхийн шүүгчийн 2018 оны 08 сарын 20-ны өдрийн 11252 дугаар бүхий захирамж,
Б ТӨААГ-ын нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 21,537,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхой бус үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 14122 дугаартай, мөн Баянзүрх дүүргйн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 2968 дугаар бүхий захирамжууд,
Хариуцагч Х ХХК-ийг эрэн сурвалжлан хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгасан Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 340 дугаар шийдвэр,
Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 28ч/3260 тоот Х ХХК-ийг хаягийг тогтоосон тухай албан бичиг зэргийг ирүүлсэн байна.
Хариуцагч Х ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хариу тайлбар зэрэг нотлох баримтыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 2015 оны 07 сарын 03-ны өдөр байгуулсан захиалгаар орон сууц бариулах гэрээний дагуу төлсөн 8,032,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гүйцэтгэгч Х ХХК нь захиалагч Багануур дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай 2015 оны 04 сарын 30-ны өдөр Ажилтан албан хаагчдын 40 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч Х ХХК нь Багануур дахь орон сууцны Б хороолол дахь захиалагч талын эзэмшлийн 700 м.кв талбай бүхий газарт ажилтан, албан хаагч нарт зориулсан 40 айлын орон сууцны барилгын угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй гэрээнд заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр,
Гэрээт ажлыг 2015 оны 05 сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 сарын 15-ны өдрийн дотор хуваарийн дагуу гүйцэтгэн барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөөр,
Гэрээт ажлын төлбөрт ШШГА-ы ажилтан албан хаагчдаас нийт сууцны 70 хүртэл хувийг борлуулах ажлыг зохион байгуулах, орон сууцны борлуулалтын үнэ 1 м.кв нь 1,200,000 төгрөг, захиалагч талын ажилтан, албан хаагч нарт 1 м.кв талбайн ажлын хөлсийг 850,000 төгрөгөөс илүүгүй үнээр худалдан борлуулахаар тус тус харилцан тохиролцсон байна.
Дээрхи гэрээг Х ХХК нь захиалагч Багануур дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсантай холбоотой гүйцэтгэгч Х ХХК нь захиалагч талын ажилтан Б.Бтэй 2015 оны 07 сарын 03-ны өдөр 03 тоот захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулан ба гүйцэтгэгч Х ХХК нь Б хотхонд баригдах 40 айлын орон сууцны 20 тоотын 31,5 м.кв талбайтай, орон сууцыг 1 м.кв талбайг 850,000 төгрөгөөр, нийт 26,775,000 төгрөгөөр барьж гүйцэтгэн 2015 оны 4-р улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөхөөр,
Захиалагч нь нийт төлбөрийн 10 хувь 2,677,500 төгрөгөөр гэрээ байгуулсан өдөр, 20 хувь буюу 5,355,000 төгрөгийг ажлын явцад, үлдэх 70 хувь 18,742,500 төгрөгийг барилга ашиглалтанд ороход арилжааны банктай гэрээ байгуулан 8 хувийн зээлээр төлөхөөр талууд тус тус харилцан тохирчээ.
/ХХ-ийн 4-10 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.
Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд дээрхи гэрээнүүдэд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Х ХХК нь Багануур дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2015 оны 08 сарын 28-ны өдөр 0/39 тоот албан бичгийг хүргүүлэн ... барилгын ажил гүйцэтгэх графикийн дагуу мөн оны 11 сард багтаан орон сууцны барилгыг ашиглалтанд бүрэн өгөх боломжтой тул орон сууц захиалсан албан хаагчдыг урьдчилгаа төлбөрөө бүрэн төлж барагдуулахыг сануулна уу гэжээ.
Мөн тус компанийн 2016 оны 11 сарын 09-ний өдрийн 145 тоот албан бичигт Манай компани 2015 онд танай байгууллагын алба хаагчдад зориулж 40 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн ч 2016 онд хөрөнгө төсөд олдоогүйн улмаас одоог хүртэл ажл зогсолттой байна..
Танай албанд төлөх ялтны цалинд 10,441,078 төгрөг, тоосгоны үнэд 14,358,500 төгрөг, бүгд 24,799,578 төгрөгийг 2016 оны 11 сарын 30-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.
/ХХ-ийн 7-8 дугаар тал/
Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан талаар талууд маргахгүй байгаа ба захиалагч Б.Б нь гүйцэтгэгч Х ХХК-д 2015 оны 06 сарын 19-ний өдөр 2,601,000 төгрөг, 2015 оны 08 сарын 26-ны өдөр 5,431,500 төгрөг, нийт 8,032,500 төгрөг төлсөн нь төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагч тал энэ талаар мөн маргаагүй болно.
/ХХ-ийн 11 дүгээр тал/
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Х ХХК гэрээгээр тохирсоны дагуу 2015 оны 04 дүгээр улиралд байрыг ашиглалтанд оруулах гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул захиалагч тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй,
343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар 205.1-т заасны дагуу хариуцагч Х ХХК-иас 8,032,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгох нь зүйтэй.
Х ХХК-ийн хаяг тодорхойгүйгээс тус компанитай байгуулсан гэрээний үүргээ шаардан нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдалтай байсан нь Б ТӨААГ-ын нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 21,537,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн хаяг тодорхой бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжууд болон Х ХХК-ийг эрэн сурвалжлан хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгасан Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 340 дугаар шийдвэр, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 28ч/3260 тоот Х ХХК-ийг хаягийг тогтоосон тухай албан бичиг зэрэг баримтуудад тусгагджээ.
/ХХ-ийн 13-20 дугаар тал/
Дээрхээс дүгнэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Бийн Х ХХК-тай байгуулсан 2015 оны 07 сарын 03-ны өдрийн захиалаар орон сууц бариулах гэрээний үүрэгтэй холбоотой зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар 205.1-т заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 8,032,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х ХХК-иас 143,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН