Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ө. даргалж,

Улсын яллагч Б.Ч,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Г,

Иргэний нэхэмжлэгч Г.В,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г

Шүүгдэгч В.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч В.Э холбогдох эрүүгийн 2424000790031 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 00. оны 00 дугаар сарын 00-ны өдөр ........ аймгийн ........ суманд төрсөн, .... настай, э...тэй, ....... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт ******* аймгийн ........ сумын Х......... багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ...... регистрийн дугаартай Ц овогт В.. Э....

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч В.Э.. нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “******* **************” гэх газарт ..-.. ... улсын дугаартай “******* ******* ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн зорчигч Ч.Б.. амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч В.Э.. холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар бүлэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хэргийн үйл баримтын тухайд

 

1.1. Шүүгдэгч В.Э.. нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр “******* **************” гэх газарт ..-.. ... улсын дугаартай “******* ******* ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасны зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслийн зорчигч Ч.Б.... амь насыг хохироосон гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б... мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн:  “...Би энэ хэрэг гарах үед Улаанбаатар хотод байсан. Хэрэг гарсны дараа ирээд эмээгээсээ сонссон. Хэрэг гардаг өдрийн өглөө манай аав Хясааны хонины лагер гэх газар байх гэрээсээ гараад сумын төв рүү утас цэнэглэх гээд явсан гэсэн. Тэгээд утсаа цэнэглэж чадаагүй тэр хүмүүстэй таараад модонд явсан юм шиг байсан. Ууланд очоод модоо ачаад уруудаж байгаад осол болсон юм шиг байсан. Тэр хүмүүс нь модонд явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг байна лээ. Манай аав уул нь архи дарс уугаад байдаг хүн биш байгаа юм. 4 хүн хамт модонд яваад 2 нь уулнаасаа алхаж буугаад манай аав жолоочтой хамт машинтай уруудаж байгаад осолдсон юм шиг байна лээ. ...Надад хэрэгтэй холбоотой ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй, оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилмээр байна. Оршуулгын зардал 10,000,000 төгрөг болсон. Би сэтгэл санааны хохирол нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 34-36/,

Гэрч Ч.Х.. мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Миний ах талийгаач Б... нь 1970 онд ******* аймгийн ******* суманд төрсөн, манай гэрийхний том нь байгаа юм. Бид нар эхээс 3 лаа миний доор нэг эрэгтэй дүү байгаа. Аав ээжийн хамт мал маллаж байгаад сүүлийн жилүүдэд ээжийн хамт амьдардаг байсан. Ах маань 2003 оны үед байхаа яг хэдэн он байсан талаар сайн санахгүй байхаа Э... гэдэг хүнтэй гэр бүл болоод нэг хүү төрсөн, тэр нь одоо том залуу болсон Б... байгаа юм. Б.. төрөх үед нь бичиг баримт дутуу байсан болохоор ээжээр нь овоглоод төрсөний гэрчилгээ авсан юм. Тэгээд тэрнээс хойш овог солиулаагүй одоо хүртэл ээжээрээ овоглоод явж байгаа юм. Б... ээж нь эрүүл мэндийн хувьд жоохон асуудалтай, сэтгэцийн өөрчлөлттэй хүн байсан. Талийгаач ах Б.. маань сүүлийн хэдэн жил Б.. ээжээс тусдаа амьдардаг болсон, Б... ээждээрээ хэсэг байгаад аав дээрээ хэсэг байгаад дунд нь явж байдаг байсан. Ах маань нас барсан хэрэгт Б.. хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, Б... өөр оролцох хүн байхгүй. Миний ахын ганц төрсөн хүү нь учраас оролцож болно. Манай ээж хараа муу, хөл муу, даралт ихсэх өвчтэй, хүний асаргаанд байдаг учир оролцож чадахгүй байхаа. Би цаашид Б... нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоод явсан нь дээр гэж бодож байна. Б.. нь миний ах талийгаач Б.. хүүхэд мөн гэсэн баримт бичиг байхгүй, Э.. нь манайд бэр болж ирээд дараа жил нь Б... төрсөн, миний ахын хүүхэд мөн гэдгийг манай гэрийнхэн мэднэ. Миний ах Б... нь яг Б.. шиг хүн байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б... өөр оролцох хүн байхгүй байхаа гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч С.Б.. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө найз Б.., Э.... нартай ******* сумын төв дээр эмнэлгийн зүүн талд таарсан. Э... гэдэг залуу хажуудаа бас нэг ахтай явж байсан. Тэгээд манай найз Б... “би өвөлжөөн дээрээ нэг мод татах гэсэн чинь миний машин гардаггүй ээ, мосттой машин хэрэгтэй байна” гэсэн чинь Э.. гэдэг залуу “миний машин мосттой, би чамд модыг чинь татаад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өө би та нартай хамт яваад гэртээ нэг мод бэлдээд ирье” гэхэд тэг тэг гэж хэлээд бид нар ярилцаж байгаад машины түлшээ хувааж хийгээд явахаар болсон. Тэгээд Б.. машинаа бариад сумын төв дээр байдаг гэр рүүгээ яваад би Э.. машинд Э.. болон нөгөө хамт явсан ахын хамт суугаад ШТС ороод түлж аваад, буцаад Б... гэрээс нь очиж аваад бид нар мод ачих газар руугаа явсан. ШТС орж түлш авахад манай эхнэр хамт явж байгаад ажил дээрээ буугаад үлдсэн. Бид нар машиндаа түлш хийгээд сумын төвөөс гараад Б.. өвөлжөөний тийш мод хийх газар руугаа явж байгаад нэг даваан дээр гараад Э.. машинд суугаад явж байтал хамт явж байсан ах өврөөсөө нэг ширхэг 2,5 литрийн ногоон савтай пиво гаргаж ирээд бид нар уусан. Бид нар бүгдээрээ хуваагаад уусан, бүгд уусан. Тэр пиво ууж дуусаад цааш яваад Б.. өвөлжөөний хажуугаар гараад нэг уулын мод руу ороод тэндээс хэдэн ширхэг мод бөөгнүүлээд ачсан. Тэндээс дандаа унасан, хугархай, нарийн бүдүүн моднуудыг цуглуулаад нэг тэвш мод болгоод ачаад даруулаад хөдөлсөн. Хөдлөх үед Э.. машинаа бариад, нөгөө хамт явж байсан ах хажууд нь суугаад явсан. Б.. зам заагаад хажууд нь явган явж байсан, би араас нь дагаад явж байгаад цааш эргээд бие засаад эргээд хартал нөгөө машин доошоо уруудаад их хурдтай явсан. Тэр машин уулын уруу их хурдтай яваад харагдахгүй болчихсон. Тэгэхээр нь Б... бид 2 араас нь гүйгээд иртэл нөгөө машин уулын бэлд очоод уначихсан, жолооч Э машинаас гараад ирчихсэн, машины баруун хэсэгт хэвтэж байсан. Харин нөгөө ах машины кабин дотор хавчигдчихсан байсан. Б.. бид 2 нөгөө ахыг машинаас гаргаж ирээд газар тавьчхаад сүлжээтэй газар руу гүйгээд эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлэг болон цагдаа нар ирээд эмнэлэг нөгөө 2 хүнийг үзэж байгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 40-42/,

Гэрч Б.Б... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 03-ны өглөө хөдөө явж жижиг гэрээ өвөлжөөндөө барих гээд машинтайгаа төв орох гээд явж байтал эмнэлгийн хажуу талд намайг хүмүүс дуудаад байхаар яваад очтол талийгаач Ч.Б.., жолооч Э., манай нутгийн залуу С.Б... нар хамт байж байсан. Намайг яваад очтол “хаашаа явах гэж байгаа юм” гэж асуухаар нь би өвөлжөө рүүгээ явж жижиг гэрээ барих гэж байна гэж хэлсэн. Тэгээд тэнд байсан Э.. гэдэг залуу мосттой машинтай явж байхаар нь би Э.. хандаад “чи мосттой машинтай явж байгаа юм уу хөдөө яваад уулнаас жоохон  гишүү, хожуул бөөгнүүлсэн байгаа оруулаад өгөх боломж, зав байна уу” гэж асуухад Э... “завтай байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би засвар ороод машиныхаа тормозыг үзүүлчхээд гэртээ хариад байж байя, араас ирээд намайг авчих гэж хэлсэн. Тэгтэл тэнд байсан манай сумын танил залуу С.Б “би та 2-той хамт яваад буцаад орж ирэхэд чинь мод ачаад ороод ирье гэж хэлсэн. Би “тэгвэл та 2 ярилцаад араас хүрээд ир” гэж хэлээд явсан. Би тэндээс хөдлөөд замаараа засвар орчхоод гэртээ очоод хоол идээд байж байтал араас Э..., С.Б.. нар хүрээд ирсэн. Тэр 2 ирээд намайг явъя гээд бид нар Э... машинаар явах гээд байж байтал өнгөрдөг Ч.Б.. манай гадаа хүрээд ирсэн. Өнгөрдөг Ч.Б. “ах нь та нартай хамт яваад мод хармаар байна” гэхээр нь С.Б.. бид 2 “та согтуу байна, эндээ үлд, машинд багтахгүй” гэж хэлсэн боловч Ч.Б.. “үгүй ээ би хамт явна гэсээр байгаад хамт явсан. Бид нар сумын төвөөс манай өвөлжөө рүү явж байтал Э... машин замаас гараад, руль нь булаагаад байхаар нь би “явахаа болъёо, наад машин чинь болохгүй байгаа юм биш үү” гэхэд Э.. “зүгээр ээ, би машинаараа Б... орчхоод ирсэн гэж хэлсэн. Замдаа явж байхдаа би С.Б.. “чамд мод ачих эрхийн бичиг байгаа юу” гэж асуухад С.Батсүх “надад эрхийн бичиг байгаа гээд надад нэг цаас харуулсан. Тэгээд бид нар цааш яваад манай өвөлжөөний урд байдаг Ихэрийн даваа гэдэг даваан дээр гарсан чинь өнгөрдөг Ч.Б өврөөсөө том савтай пиво гаргаж ирсэн. Тэр пивоны дээрээс нь жоохон уусан байсан. Бид нар даваан дээр зогсож байгаад нөгөө пиво уусан. Би жолоочид өгч болохгүй шүү гэж хэлсэн, жолооч бараг тэрнээс уугаагүй байхаа. Тэр пиво ууж дуусаад цааш яваад манай өвөлжөөн дээр очоод зогсож байгаад “хэдүүлээ мод хийхээ болъё оо, машин чинь болохгүй байна” гэж хэлсэн боловч зүгээрээ гээд явахаар болсон. Бид нар манай өвөлжөөний зүүн урд талд байдаг модны зах руу ороод дандаа унасан, хугархай, нарийн бүдүүн моднууд, гишүү цуглуулаад нэг тэвш мод болгоод ачаад даруулаад хөдөлсөн. Хөдлөх үед Энэбиш машинаа бариад хөдөлсөн, би болон Ч.Б, С.Б бид алхаад модны зах руу гарч ирсэн. Модны захад гарч ирээд Ч.Б.. машинд суугаад тэгээд доошоо уруудсан. Тэгээд машин доошоо уруудаад их хурдтай явсан. Хурдтай явж байгаад уулын хамар дагуу явж байгаад уулын бэл рүү орчихсон. С.Б.. бид 2 араас нь гүйсээр байгаад уулнаас буугаад иртэл нөгөө машин уулын бэлд очоод уначихсан, жолооч Э... машинаас гараад шидэгдчихсэн, машины баруун хэсэгт хэвтэж байсан. Харин нөгөө Ч.Б.. машины кабин дотор талд, толгой нь цонхоор гараад ирчихсэн амьсгалаад байхаар нь Б.. бид 2 татаж гаргаж ирээд дээш харуулж тавиад эмч болон цагдаа дуудсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эмнэлэг болон цагдаа нар ирээд нөгөө 2 хүнийг үзэж байгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 48-50/,

Гэрч Г.В... мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хурадаанд өгсөн “...Манай хүү Э.. хэрэг гарах үед унаж явсан гэх хөх өнгийн “******* ******* ” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ 2024 оны 08 дугаар сарын 20-ны орчим ******* сумын иргэн Г.. гэдэг хүнээс 8,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Машиныхаа мөнгөнд дандаа үхэр өгсөн. Ямар нэгэн тооцоо байхгүй, төлбөр тооцоо бүрэн дууссан. Би уг тээврийн хэрэгслийн нэрийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байгаа, Г... гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа. ..Надад энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, Би уг тээврийн хэрэгслийг хүү Э.. авч өгсөн юм. Хүү маань амьд гарч байгаа нь аз юм даа...” гэсэн мэдүүлэг /хх 58-60/,

 Гэрч Б.Б... мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байсан байхаа ажил дээрээ байж байтал манай нөхөр С.Б... нь хамт явж байсан найз Б.... утаснаас залгаад “бид нар модоо ачаад уулнаас уруудаж байгаад гэнэт дэгдээд өнхөрчихлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил дээрээсээ гараад цагдаа дээр очиж мэдэгдээд, эмнэлэг рүү хэлээд, найз О.А... хамт осол болсон гэх газар руу явсан. Тэгээд тэр газар очтол мод ачсан машин уул руу өнхрөөд осол гарсан байсан. Би яг машин унасан газар нь очоогүй холоос харсан. Хэрэг болсон гэх газар очих үед манай нөхөр С.Б..., Б... нар осол болсон машины хажуухан талд байсан. Тэнд бас цагдаа болон эмнэлгийн ажилчид ирсэн байсан. Уг осол болох үед машинд 2 хүн байсан гэж манай нөхөр надад хэлсэн. Манай нөхөр найз Б..., Э... нартай хамт явах юм байна гэж ойлгосон. Тэгтэл манай нөхөр найз Б..., Э..., бас талийгаач Б... гэдэг хүн дөрөвүүлээ явсан юм байна лээ. Хэрэг гардаг өдөр Б.. “өөрийн бэлдсэн модоо өвөлжөөндөө оруулах гэж байгаа, тэгээд хөдөөнөөс хоосон машин орж ирэх гэж байна чи яваад галын мод бэлдээд ирээч” гэж манай нөхөрт хэлсэн юм шиг байна лээ. Манай нөхөр тэр өглөө “Б өвөлжөөндөө галын түлээний мод оруулах гэж байна гэнэ, мод оруулсан машин нь буцаад хоосон ирэх юм байна, намайг хамт яваад уулнаас гэртээ жоохон түлээний мод оруулаад аваач гэнэ” гээд надаар В.Э... машинд 50,000 төгрөгөөр түлш хийлгээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх 63-65/,

 ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 000000063 дугаартай: “...Амь хохирогч Ч.Б... эрүүл мэндэд ЗТО орох үед үүсгэгдсэн байх боломжтой сээрний 6, 7-р нугалмын уулзах 6, 7-р нугалмын уулзах хэсгийн хөндлөн хугарал, нугас дарагдал, гавал ясны урд хонхорыг дайрсан шугаман хугарал, олон хавирганы хугарал, баруун эгэм, баруун зүүн дээд эрүү, зүүн бугалга, зүүн шаант болон тахилзуур ясны хугарал, хамрын нурууны хугарал, баруун зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун духны дээд хэсэг, баруун зүүн шанаа, зүүн хацар, зүүн чихний доор, баруун чихний ар хэсэг, баруун доод эрүүн, зүүн чихний ар хэсгийн хэгзлэгдсэн зулгаралт шарх хохирол тогтоогдлоо. Ч.Б.... эрүүл мэндэд учирсан хохирлууд нь ЗТО-д орох үед нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ хохирлууд байна. Сээрний 6, 7-р нугалмын уулзах хэсгийн хендлен хугарал, нугас дарагдал, гавал ясны урд хонхорыг дайрсан шугаман хугарал, олон хавирганы хугарал хохирлууд нь нас барах шалтгаан шууд болох тул хохирлын зэрэг тогтоохгүй, баруун эгэм, баруун зүүн дээд эрүү, зүүн бугалга, зүүн шаант болон тахилзуур ясны хугарал хохирлууд нь хохирлын хүндэвтэр зэрэгт бусад хохирлууд нь дан дангаар болон нийлээд хохирлын хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Ч.Б.. задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Ч.Б.. нь сээрний 6, 7-р нугалмын уулзах хэсгийн хөндлөн хугарал, нугас дарагдал, гавал ясны урд хонхорыг дайрсан шугаман хугарал, олон хавирганы хугарал хохирлын улмаас нас баржээ. Амь хохирогч нь эмнэлгийн анхан шатны тусламж авсан тохиолдолд амь аврагдах боломжгүй байжээ...” гэсэн дүгнэлт /хх 84-87/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5665 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн жолооч В.Э... н эр гэж хаягласан хуруу шилтэй цуснаас 1,7 промилли стиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,7 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 103-104/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5666 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ.  Шинжилгээнд ирүүлсэн  амь хохирогч Ч. 5н эр гэж хаягласан хуруу шилтэй цуснаас 1,7 промилли стиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 108-109/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 690 дугаартай: “...В.Э... биед хүзүүний 2-р нугалмын баруун, зүүн хажуугийн масс, арын сэртэнг хамарсан бага зэргийн зөрүүтэй хугарал, зүүн шуу ясны дистал булуунд зөрсөн хугарал, хэвлий, баруун мөрний шонтон, баруун бугалганд сорви гэмтэл, хүзүүний 2-р нугалмын тогтвогүй хугарлыг хүзүүний ардаас дагзны ялтас латералл масс шургаар бэхлэх мэс засал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн дүгнэлт /хх 116-118/,

 Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1438 дугаартай: “...Э... Б. сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн  дүгнэлт /хх126-128/,

Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай: “... маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч В..... Э... нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. дугаар зүйлийн А-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл  жолоодохыг хориглоно гэх заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна...” гэсэн магадалгаа /хх 134-139/,

Мөрдөгчийн 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 03 дугаартай: “... маркийн тээврийн хэрэгсэл 7,500,000 төгрөг үнэтэй...” гэсэн  үнэлгээ тогтоосон магадалгаа /хх 143-144/,

2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвчээр /хх 8-16/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

1.2. Шүүгдэгч В.Э...: “...Гэм буруугаа хүлээж байна. Маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

2. Шүүгдэгч В.Э.... холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч В.Э... нь  замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Э... нь согтууруулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн жолооч В.Э... 41н эр гэж хаягласан хуруу шилтэй цуснаас 1,7 промилли стиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,7 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч В.Э.... нь тээврийг хэрэгслийг жолоодож явсан болох нь гэрч С.Б..., Б.Б... нарын “...Хөдлөх үед Э... машинаа бариад хөдөлсөн, бид алхаад модны зах руу гарч ирсэн. Модны захад гарч ирээд Ч.Б.... машинд суугаад тэгээд доошоо уруудсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч В.Э... согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний амь насыг хохироосон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Иймд прокуророос шүүгдэгч В.Э.... үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч В.Э... замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.

Тиймээс шүүгдэгч В.Э.... согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч В.Э..., түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч В.Э.. согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас улмаас Ч.Б... амь нас хохирсон болох нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

4.1. Шүүгдэгч В.Э... үйлдлийн улмаас Ч.Б.... амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б..... нь оршуулгын зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч тэрээр оршуулгын зардалтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Амь хохирогч Ч.Б... хууль ёсны төлөөлөгч Э.Б.... бусад зардалд шүүх хуралдаанд ирж оролцсоны зардал баримтаар 205,273 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хүлээн авч шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч В.Э.... гаргуулахаар шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө төлсөн болох нь тэдгээрийн дансны хуулга болон тайлбараар тогтоодож байна.

Мөн шүүгдэгч В.Э... нь хохирол төлбөрт үхэр-1 1,700,000 төгрөг, адуу-1 1,300,000 төгрөгөөр тооцож өгсөн, бэлэн 500,000 төгрөг өгсөн байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маргаагүй байх тул хохирол төлбөрт 3,500,000 төгрөг төлсөн болохыг дурдав.

4.2  Шүүгдэгч В.Э.... жолоодож явсан ..... ... улсын дугаартай “******* ******* ” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Г.В... өмчлөлийнх, тэрээр нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “... “******* ******* ” маркийн ..-.. ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгсэл байгаа юм. Энэ 2024 оны 08 дугаар сарын 20-ны орчим ******* сумын иргэн Г... гэдэг хүнээс 8,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Машиныхаа мөнгөнд дандаа үхэр өгсөн. Ямар нэгэн тооцоо байхгүй, төлбөр тооцоо бүрэн дууссан. Би уг тээврийн хэрэгслийн нэрийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байгаа, Гомборагчаа гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй байгаа. ...Надад энэ хэрэгтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч В.Э... иргэний нэхэмжлэгч Г.В.. төлөх төлбөргүй болохыг дурдав.

4.3. Амь хохирогч Ч.Б.... хууль ёсны төлөөлөгч Э.Б..... болон түүний өмгөөлөгч нар нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж зааснаар сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг нэхэмжилжээ.

Шүүх уг нэхэмжлэлийг энэ шийтгэл тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хэлэлцэхгүйгээр орхиж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Учир нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохоор, мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор” тус тус заажээ.

Гэтэл амь хохирогч Ч.Б... хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Э.Б.... нь амь хохирогч Ч.Б.... гэр бүлийн гишүүн буюу хүүхэд мөн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй байна.

Хавтаст хэрэгт амь хохирогч Ч.Б... ээж А.Б...., гэрч Ч.Х.... нар нь “...талийгаач Б... нь 2003 оны үед байхаа Э... гэдэг хүнтэй гэр бүл болоод нэг хүү төрсөн, тэр нь одоо том залуу болсон Б.... байгаа юм. Б... төрөх үед нь бичиг баримт дутуу байсан болохоор ээжээр нь овоглоод төрсөний гэрчилгээ авсан юм. Б..... нь миний ах талийгаач Б.... хүүхэд мөн гэсэн баримт бичиг байхгүй, Энхтуяа нь манайд бэр болж ирээд дараа жил нь Б..... төрсөн хүүхэд мөн гэдгийг манай гэрийнхэн мэднэ...” гэж мэдүүлсэн байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, ...эцэг, эхийг тогтооно” гэж мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж тус тус зааснаар тогтоогдоогүй байна.

Иймд амь хохирогч Ч.Б..... хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа Э.Б.... нь амь хохирогч Ч.Б.... гэр бүлийн гишүүн буюу хүүхэд мөн болохыг тогтоолгосны дараа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

5. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан  гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч В.Э... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Шүүгдэгч В.Э.... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч тал оршуулгын зардалтай холбоотой баримтаа гаргаж өгөөгүй учраас хохирол төлбөрийг төлсөн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн өмгөөлөлийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь хохирогч талд хохирол төлбөрт бэлэнээр 500,000 төгрөг, 1,700,000 төгрөгийн үнэ бүхий үхэр-1, 1,300,000 төгрөгийн адуу-1 ширхэг нийт 3,500,000 төгрөгийн хохирол төлбөрийг түүний аав В.... нь төлсөн байх бөгөөд шүүгдэгч В.Э.... нь шүүх хуралдаанд “...Хохирогч талаас оршуулгын зардлыг баримтаар гаргаж. Шүүх тогтоосон тохиолдолд хохирол төлбөрийг төлнө...” гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгч В.Э... нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч В.Э.... гэм буруугаа хүлээж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

6. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ялын биелэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс тоолохыг ******* аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц овогт В .... Э.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  4 дэх хэсгийн 4.1-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч В.Э... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э... оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч В.Э.... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хорих ялын биелэлтийг тоолохыг ******* аймгийн ******* сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч В.Э... нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч В.Э... нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт бэлнээр 500,000 төгрөг, 1,700,000 төгрөгийн үнэ бүхий үхэр-1, 1,300,000 төгрөгийн адуу-1 ширхэг нийт 3,500,000 төгрөгийн хохирол төлбөр, бусад зардалд 205,273 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б.... нь оршуулгын зардалд 10,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлэн гэр бүлийн гишүүн мөн болохоо тогтоолгосны дараа шүүгдэгч В.Э... холбогдуулан иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

9.  Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч болон дээд шатны прокурор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ӨЛЗИЙХИШИГ