Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/320

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ш.Оюундарь,

Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Оюундариас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000206 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний шөнийн 22 цаг 50 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан ‘Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 05 дугаар сарын 20 цагийн орчим санагдаж байна, манай найз Дорждэрэм бид хоёр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 15-дугаар гудамжинд байдаг, манай найзынх Дорждэрэмийн хамт 2,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пивыг хувааж уусан, тэгээд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодсон нь үнэн, би буруутай үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хүлээн зөвшөөрч байна. Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн, миний буруутай үйлдэл байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 78-79 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байна гэв.

3. Насанд хүрээгүй гэрч Д.Цогзолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 025 оны 05 дугаар сарын 19-ний оройн 22 цагийн үед манай ахын найз *******аас хаана байгаа талаар надаас асуусан чат ирсэн бөгөөд тухайн үед би Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багт байрлах Эхлэл дэлгүүрийн ойролцоо байх (хаягаа сайн мэдэхгүй) эмээгийндээ байж байсан тул гэр рүүгээ явах талаар чатаар хэлэхэд ******* би хүргээд өгье гэсэн. Тэгээд удалгүй ******* өөрийн улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодож ирсэн. Тухайн үед би өөрийн төрсөн дүү болох 9 настай Отгонбаярын хамт эмээгийн гэрээс гараад машинд нь суусан бөгөөд би жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад, манай дүү арын суудал дээр суусан. Тэгээд эмээгийн гэр байсан гудамжнаас ******* машинаа жолоодоод хоёр гудамж өнгөрч засмал зам руу орох үед цагдаагийн алба хаагчид шалгаад зогсоосон. Тэгээд би өөрийн дүүтэй хамт машинаас буугаад шууд гэр рүүгээ такси дуудаж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед манай багийн найз болох ******* намайг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 15 дугаар гудамжны 01 тоотод байх гэртээ дуудсан. Тухайн үед гэрт нь ирэхэд манай найз ******* гэртээ ганцаараа байсан бөгөөд 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво авчихсан байсныг хоорондоо юм ярингаа ууж дуусгасан. Би 22 цагийн үед гэр рүүгээ явахаар тэднийхээс гарахад ******* өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

5. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 20-нд шилжих шөнө томилгоот хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Шүүхийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Лувсандорж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 53 дугаар гудамжны үзүүрт улсын дугаартай Приус-20 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн жолооч *******ын согтолтыг шалгах зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт байрлах Цагдаагийн газарт авчирч драйгер багажаар машины жолоочийг үлээлгэж шалгахад 2.45%-ийн согтолтын зэрэгтэй байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг цагдаагийн газар дээр авч мөрдөгчид хүлээлгэж өгсөн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгаж үзэхэд 2025 оны 04 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэд жолоодон замын хөдөлгөөн оролцож эрхээ хасуулсан гэсэн мэдээлэл гарч ирж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...******* манай найз байгаа юм. Бусадтай нийтэч харилцаатай, ямар нэгэн муухай зан араншин байхгүй, хүмүүстэй эвтэй найртай, тусч, хөдөлмөрч хүн байгаа юм.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж сонссон. Муу зуршил, муухай зангүй архи согтууруулах ундааны зүйл хааяа л хэрэглэдэг, хэрэглэхдээ архи, согтууруулах ундааны зүйл зохистой хэрэглэдэг....гэх мэдүүлэг /хх-ийн 39/ болон  жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 04-05/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ЗШ/6832 дугаартай шийтгэвэр /хх-ийн 48-50/, шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                                                                                                    

 Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг үйлдэлдээ Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ЗШ/6832 дугаартай шийтгэврээр 2026 оны 04 дүгээр сарын 03-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2.45 хувийн промильтой үедээ 2025 оны 05 дугаар сарын 19-ний шөнийн 22 цаг 50 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд гэх үйл баримт болсон нь гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед манай багийн найз болох ******* намайг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 15 дугаар гудамжны 01 тоотод байх гэртээ дуудсан. Тухайн үед гэрт нь ирэхэд манай найз ******* гэртээ ганцаараа байсан бөгөөд 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво авчихсан байсныг хоорондоо юм ярингаа ууж дуусгасан. Би 22 цагийн үед гэр рүүгээ явахаар тэднийхээс гарахад ******* өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад үлдсэн...гэх мэдүүлэг,

Гэрч   *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 20-нд шилжих шөнө томилгоот хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Шүүхийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Лувсандорж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн 53 дугаар гудамжны үзүүрт улсын дугаартай Приус-20 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн жолооч *******ын согтолтыг шалгах зорилгоор Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багт байрлах Цагдаагийн газарт авчирч драйгер багажаар машины жолоочийг үлээлгэж шалгахад 2.45%-ийн согтолтын зэрэгтэй байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байрлуулж, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг цагдаагийн газар дээр авч мөрдөгчид хүлээлгэж өгсөн. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгаж үзэхэд 2025 оны 04 дүгээр сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэд жолоодон замын хөдөлгөөн оролцож эрхээ хасуулсан гэсэн мэдээлэл гарч ирж байсан...” гэх мэдүүлэг шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон шүүгдэгч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл  зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь  2025 оны 04 дүгээр сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 мянган төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 2025 оны 05 дугаар сарын 19-ний шөнийн 22 цаг 50 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.45 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэм буруутайд тооцлоо.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    баримтлан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдууллаа.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 28 хоног цагдан хоригдсон тул  цагдан хоригдсон нэг хоногийг торгох  ялын  арван таван нэгжээр тооцож эдлэх ялаас нь хасаж нийт торгох ялын хэмжээг тогтоолоо.

Шүүх шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг торгох ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч *******т торгох ялыг шүүхээс оногдуулсан тул түүнийг цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж,  хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон хорин найм хоногийг торгох ялын  арван таван нэгжээр тооцож эдлэх ялаас нь хасаж түүний эдлэх ялыг  хоёр мянга хоёр зуун наян / 2280 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая хоёр зуун наян мянган / 2.280.000 / төгрөгөөр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан   хоёр мянга хоёр зуун наян / 2280 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая хоёр зуун наян мянган / 2.280.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргуулах зардалгүй  болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих байрнаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Д.БАТЦЭНГЭЛ