Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1316

 

 

 

 

 

 

 

 

 

 “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01329 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “И   ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Т, Б.Э, Г.Б, Б.Г, Т.Б нарт холбогдох,

 

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 15 дугаар байр, 32 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ундрах-Эрдэнэ

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Энхзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 05 өдрийн 102/ШШ2016/02755 шийдвэрээр “И   ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Тд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж, Г.Тгээс 40 635 609 төгрөгийг гаргуулж, “И   ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хийгдэж, зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг өр төлбөрт тооцуулан “И   ББСБ” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон.

Дээрх орон сууц 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “И   ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжсэн.

Хариуцагч Г.Т уг орон сууцад оршин сууж байгаа тул манай компанийн өмч болох Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоотод байрлах2 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И   ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн орон сууцыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-11-06 өдрийн 102/ШШ2018/03336 шийдвэрээр буцааж, өмнөх өмчлөгчдийн өмчлөлд бүртгэхээр даалгасан.

Г.Т, Б.Г, Б.Э, Т.Б, Г.Б нар хууль бусаар эзэмшээгүй тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Э, Г.Б, Т.Б нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоотод байрлах 2 өрөө орон сууцанд амьдардаг.

Нэхэмжлэгч орон сууцыг хууль бусаар өмчлөлдөө шилжүүлэн авсныг шүүх тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцыг буцааж өмчлөлдөө бүртгүүлэх гэтэл орон сууцны бичиг баримтыг нэхэмжлэгч өгөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15-р байрны 32 тоот дахь 2 өрөө орон сууцыг хариуцагч Г.Т, Б.Э, Г.Б, Б.Г, Т.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч И   ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс “... хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж буй орон сууцыг өмчлөх нэхэмжлэгчийн эрхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч нарт шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, 15-р байрны 32 тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна” гэх дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/02755 дугаар шийдвэрээр Г.Тгээс 40 635 609 төгрөг гаргуулж “И   ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2016 оны 05 сарын 19-ний өдрөөс эхлэн хийгдэж,зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол. 15 байрны 32 тоотод байрлалтай 000015986 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2205011539 дугаарт бүртгэгдсэн 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өр төлбөрт тооцуулан “И   ББСБ” ХХК-ийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байдаг.

Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн албан тоотоор “Эрхийн Улсын бүртгэлийн Ү2205011539 дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14-р хороо, 3-р хороолол, 15 байр, 32 тоот орон сууцны өмчлөгчөөр хуулийн этгээд “И   ББСБ” ХХК-ийн бүртгэлд байгаа тухай” хариуг манай байгууллагад хүргүүлсэн.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг “бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” эрхтэй атал шүүхээс нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “И  ” ББСБ ХХК нь хариуцагч Г.Т, Б.Э, Г.Б, Б.Г, Т.Б нарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-05 өдрийн 102/ШШ2016/02755 шийдвэрээр хариуцагч Г.Тгээс 40 635 609 төгрөг гаргуулж “И   ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 05 дугаар сарын 19 -ний өдөр явуулж эхэлсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Г.Т, Б.Э, Г.Б, Б.Г, Т.Б нарын өмчлөлийн, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 15 дугаар байрны 32 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрт тооцон “И   ББСБ” ХХК-д  өмчлөх эрхийг шилжүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгосон байх бөгөөд уг ажиллагааг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 102/ШШ2018/03336 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 86 дугаар магадлалаар хүчингүй болгож, хууль бус ажиллагааны улмаас үүссэн үр дагаврыг арилгахдаа дээрх уг 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг 5 иргэний нэр дээр буцаан бүртгэхээр болжээ.

 

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх эрх бүхий этгээдүүд уг шийдвэрийг биелүүлээгүйгээс маргааны зүйл болсон 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг “И   ББСБ”ХХК-ийн өмчлөх эрхээс хасуулаагүй байгаа боловч уг бүртгэлийн үндэслэл болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болсон тул нэхэмжлэгчийг шударга өмчлөгч гэж үзэхгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч “И   ББСБ” ХХК-ийн маргаан бүхий орон сууцыг  тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын эзэмшлээс орон сууцыг гаргуулахыг шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. 

 

 Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсгийн зохицуулалт нь улсын бүртгэл нь уг бүртгэлийг буруу ташаа гэдгийг мэдээгүй гуравдагч этгээдийг хамгаалах бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар шилжүүлж буй өмчлөх эрхийн бүртгэлээр өмчлөх эрх олж авч буй “И   ББСБ” ХХК-д хамаарахгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01329 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                       ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                      Э.ЗОЛЗАЯА