| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 1910020770966 |
| Дугаар | 2021/ДШМ/627 |
| Огноо | 2021-06-29 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2021/ДШМ/627
З.Аэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Отгонсүрэн,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Монголхүүгийн өмгөөлөгч П.Сарантуяа,
иргэний хариуцагч М.Жаргалцэцэг, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
иргэний хариуцагч Ц.Оюунцацралт, түүний өмгөөлөгч О.Баясгалан,
шүүгдэгч З.А, түүний өмгөөлөгч Т.Даваажав,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч М.Жаргалцэцэг, иргэний хариуцагч Ц.Оюунцацрал, түүний өмгөөлөгч О.Баясгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч З.Аэд холбогдох 1910020770966 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
...................., 19..................... оны 3 дугаар сарын 5-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өргөжих хаус ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 12 дугаар гудамжны 19 тоотод оршин суудаг,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял шийтгүүлсэн, /РД:......................./,
Шүүгдэгч З.А нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-ний бохир усны цооногоос 04-74 УБР улсын дугаартай автомашинаар бохир ус соруулахдаа бохирын худагны тагийг хаахгүй явснаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авалтад ирсэн Я.Цэцэгдорж унаж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: З.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харчин ..................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан З.Аийн эдлэх 3 жил 3 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Аэд 3 жил 3 сарын хугацаатай хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар З.Аийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаанд хойшлуулсан шүүхийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар З.А нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг түүнд сануулж, шүүгдэгч З.Аэд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар “Өргөжих хаус” ХХК-иас 24.121.219 /хорин дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг, “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-иас 14.121.219 /арван дөрвөн сая нэг зуун хорин нэгэн мянга хоёр зуун арван ес/ төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирол болон бусад зардалтай холбоотой хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч М.Жаргалцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4 өдрийн 2021/ШЦТ/134 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “Өргөжих хаус” ХХК-ны төлөөлөгч М.Жаргалцэцэг миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор дүгнэлт хийгээгүй. Тухайлбал шинжээчийн ХАБ-12/20 дугаартай дүгнэлтэд “Өргөжих хаус” ХХК нь “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2. Хангагч дараахь үүрэгтэй: 14.2.2 хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулахад зориулсан тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулга хийж, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөгөөр хангах, мөн дүрмийн 14.2.3. ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, дүрэм зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх: Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 74 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 3.2 Хэрэглэгчийн ус хангамж, ариутгах татуургын системд холбогдсон шугам сүлжээ, барилга байгууламжид хяналт тавьж, хэрэглэгчид ашиглалтын талаар мэргэжлийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй нь осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ” /1хх 88/ гэж үзэн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд буюу “Өргөжих хаус” ХХК болон “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Монголхүүгийн нэхэмжилсэн оршуулгын зардал 42.701.524 төгрөг, сэтгэл заслын эмчилгээний төлбөр 1.163.000 төгрөг, цалингийн зөрүү 24.377.915 төгрөг нийт 68.242.439 төгрөгийг иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 34.121.219 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж бид үзэж байна.
Шинжээчийн ХАБ 12/20 дүгнэлтэнд заасан чиг үүрэг нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл, түүний ангилал; 12.2.7. бохир усны гаргалгааны шугам, сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.8 бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.9. бохир ус татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, 12.2.10. бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээ, 12.2.11 ус хангамж ариутгах татуургын тоног төхөөрөмжинд туршилт тохируулга хийх үйлчилгээ гэсэн ангилалтай компаниудын ажил үүргийн чиглэлд хамаарна.
“Өргөжих хаус” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл, түүний ангилал: 12.2.14. бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ гэсэн ангиллын чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ ангиллын хүрээнд “мэргэшсэн жолооч”, “Автын механикч” гэсэн мэргэжлийн хүмүүс ажилладаг. Эдгээр хүмүүс нь бохир ус татан зайлуулахад зориулсан тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулга хийж, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөгөөр хангах, барилга байгууламжид хяналт тавьж, хэрэглэгчид ашиглалтын талаар мэргэжлийн тусламж үзүүлэх, зөвлөгөө өгөх хэмжээний ажил мэргэжлийн чиг үүрэг болон мэргэжлийн ажилтан биш тул шинжээчийн ХАБ 12/20 дугаартай нь үндэслэлгүй байхад анхан шатны шүүх үнэлж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна.
“Өргөжих хаус” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 27-нд гэрээ байгуулсан. 2016 оны 4 дүгээр сарын 25-нд Corporate hotel-ийн бохирын цооногийн таг хэдий стандартад заасан нугастай, төмөр таг байсан ч аюулгүй байдлыг хангахгүй сул, бөхлөгдөөгүй байсныг өөрсдийн зүгээс засвар үйлчилгээ хийж таглааг хөдөлгөөнгүй болгосон талаараа зурган тайлан хийж танилцуулж байсан. Энэ нь өөрсдийн зүгээс аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөгөөр хангаж зөвлөгөө өгч байсан тул “Өргөжих хаус” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож 24.121.219 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 9-д заасан заалтыг хүчингүй болгож өгнө үү.
Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй зардлууд:
1. Нотариатаар оруулж баталгаажуулсан зардал 39.487.576,5 төгрөг /1хх 197/ боловч оршуулгын зардал 42.701.524 төгрөг болж өссөн энэ хооронд 3.212.948 төгрөгийн зөрүү хаанаас гарч ирсэн нь тодорхойгүй.
2. Ресторанд 80 хүн 2.552.000 төгрөг =1 хүний 31.900 төгрөгийн зардал гарч байсан нь дундаж цайллагын зардлын үнийн дүнтэй дүйцэж байна. Гэвч Сансар бараа, гар цайлгах 500 хүн 28.094.770 төгрөгийн зардал гарсан нь одоогийн оршуулгын зардлын дундаж үнээс зөрүү их байгаа нь бодит байдалд нийцэхгүй зардал болж байна. 1 хүний 56.189,54 төгрөгийн ямар эд зүйл багтаж байгаа нь тодорхойгүй.
Манай компани нь нэхэмжлэгчийн гаргасан мөнгөн дүнгээс гар цайлгах зардал 18.094.770 төгрөг, оршуулгын зардал зөрүү 3.212.948 төгрөг нийт 21.307.718 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн Шийтгэх тогтоолд “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-ийн тухайд:
“Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 74 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 4. Хэрэглэгчийн эрх, үүрэг: 4.3 Өөрийн зааг эзэмшилд байгаа ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ барилга байгууламжийг ... ус зөөвөрлөх боломжтой орц гарцтай байх зэрэг хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.
Бохир ус зайлуулах цэг тогтоох ерөнхий шаардлага МNS6230:2010 стандартын 2. Хамрах хүрээ: энэхүү стандарт нь ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдоогүй барилга байгууламж, аж ахуйн нэгжид хамаарна гээд 5.3 Техникийн шаардлага, 5.3.1./ Бохир ус зайлуулах цэгт шөнийн цагт бохир ус юүлэх, зайлуулах боломжтой болгон тохижуулж гэрэлтүүлсэн байх/, 5.3.2 Бохир ус зайлуулах цэг /худаг/-т авто тээврийн хэрэгсэл орох, гарах, ямар зам, зогсох талбайг засаж тохижуулсан байх; 5.4. Байршил тогтоох болон ашиглалтын үеийн шаардлага, 5.4.3 /Бохир ус зайлуулах цэгийн эргэн тойрон хашаа, хайс хийж БЭБД 40-01-06 дагуу хил хязгаарыг тогтоох, таних тэмдэг, санамж байрлуулан, үерийн уснаас хамгаалах суваг, далан байгуулна./ гэж заасан шаардлагууд бүрэн хангагдаагүй байсан гэж үзнэ.
Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн 2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм; 8. Маргааныг хянан шийдвэрлэх, хохирлыг нөхөн төлүүлэх 8.7.хэрэглэгч нь өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүйгээс тусгай зөвшөөрөл эзэмшигч болон бусад этгээдэд хохирол учруулсан бол хохирлыг шууд нөхөн төлнө./ гэсэн заалтууд, хохирогч анхан шатны шүүх хурал дээр “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-ыг хэрэг гарах болсон шалтгааны гол буруутай этгээд гэж үзэж байгаа учир нэхэмжилж байгаа зардлын 70% “Өргөжих хаус” ХХК-аас 30%-ыг гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан зэрэг нь манай компани анхан шатны шүүхээс тогтоон нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл болж байна. ...” гэв.
Иргэний хариуцагч М.Жаргалцэцэгийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Өргөжих хаус” ХХК-ийг прокурор болон мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчаар татаагүй байсан. Шүүхийн шатанд шүүгчийн захирамжаар иргэний хариуцагчаар татсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэж байна. Учир нь “Өргөжих хаус” ХХК-ийн зүгээс жолооч З.Аэд хөдөлмөр хамгааллын болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч байсан. Мөн Цэвэрлэх байгууламжийн жолоочийн аюулгүй ажиллагааны жолоочийн заавар зааварчилгааг хавтас хэргийн 160, 155 дугаар талд нотлох баримтаар авагдсан. Энэ баримтаар аюулгүй ажиллагааны зааварчилгааг байнга өгч сануулж байсан. “Өргөжих хаус” ХХК-ийн зүгээс хавтас хэргийн 164 дүгээр талд “Шингэн хог хаягдал зайлуулах үйлчилгээний гэрээг” 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-тай хийсэн. Энэ гэрээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Энэ гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэхээр очсон үед дуудлага өгсөн захиалагч бохирын цооног дээр өөрөө гарч ирээд хяналт тавих үүрэгтэй. Хэрэв хяналт тавиагүй бол гүйцэтгэгч ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэнд тооцно. Энэ хугацааны аюулгүй ажиллагаа, хариуцлагыг “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК хүлээнэ гэж гэрээнд тодорхой заасан. “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-ийг шинжээчийн дүгнэлтээр буруутгаж үүргээ биелүүлээгүй гэж үзэж иргэний хариуцагчаар татсан. Бид хяналт тавьж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Тухайн жолоочийг таг тавиагүй явснаас хойш 30 цагийн дараа талийгаач нүхэнд унаж нас барсан. Өөрийн нутаг дэвсгэр дээр байж байгаа тагийг онгойлгож хаах үүргийг гэрээнд зааснаар “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК хүлээж байгаа. Иймд “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК энэ асуудлыг 100 хувь хариуцах ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс “Өргөжих хаус” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй тул иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч Ц.Оюунцацралт, түүний өмгөөлөгч О.Баясгалан нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон иргэний хариуцагч Ц.Оюунцацралт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/134 шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “Корперейт Хотел энд Ресорт Нүхт” ХХК-г иргэний хариуцагч гэж үзсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхээс “Корперейт Хотел энд Ресорт Нүхт” ХХК-г иргэний хариуцагч гэж үзсэн үндэслэлээ иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 заалт гэж үзсэн байна.
Гэтэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бол мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
Тухайн хэрэгт “Корперейт Хотел Нүхт” ХХК-г Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан.
Тухайн хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцож “Өргөжих хаус” ХХК-ийн ажилтан З.Аийг гэм буруутайд тооцсон болохоос “Корперейт Хотел энд Ресорт Нүхт” ХХК-н ажилтанг буруутай гэж үзээгүй болно.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаас “Корперейт Хотел энд Ресорт Нүхт” ХХК-г иргэний хариуцагч гэснийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч Ц.Оюунцацралтын өмгөөлөгч О.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд хууль хэрэглээний алдаа гарсан гэж үзэж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг нь гэм хороос үүсэх үр дагаварыг зохицуулдаг ерөнхий зохицуулалт байдаг бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт байгууллагын ажилтан албан тушаалтан албан үүргээ биелүүлж байхдаа бусдад хор уршиг учруулах зохицуулалт байдаг. Шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Аийг гэм буруутайд тооцсон. З.А нь “Өргөжих хаус” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж албан үүргээ биелүүлж явсан. Тухайн бохирыг соруулахдаа нээсэн бол хаа гэсэн энгийн зарчим дээр тулгуурлаж хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой. Тухайн бохирын тагийг хаагаагүйгээс болж болгоомжгүй хэрэг гарсан. Шүүхийн шийдвэрт байгаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг биш харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг баримталж хэргийг шийдвэрлэх ёстой. “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-ийн ямар нэг ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж гэмт хэрэг гараагүй гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар тухайн барилга байгууламжид ашиглалтад оруулах улсын комиссын акт авагдсан. Иймд тухайн байгууламж нь улсын эрх бүхий байгууллагын хүлээн зөвшөөрсөн акттай холбоотой ямар нэг хариуцлагыг хүлээх хууль зүйн үндэслэлгүй. “Өргөжих хаус” ХХК-ийн давж заалдах гомдолд 165 дугаар талд авагдсан аж ахуйн гэрээг аюулгүй ажиллагааны хэм хэмжээ зохицуулсан гэрээ мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайн гэрээ нь өөрөө ажил гүйцэтгэх гэрээ байсан. “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК нь аюултай хог хаягдал тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд биш. Энэ үүргийг гүйцэтгэж байх үедээ бусдын амь насанд болгоомжгүй учруулсан гэм бурууг шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 заалтыг баримталж шийдвэр гарах ёстой. Иймд “Корперейт Хотел энд Ресорт Нүхт” ХХК-г иргэний хариуцагч гэснийг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.Тухайн барилга байгууламжтай холбоотой, бохирын цооног буруу байсантай холбоотой ямар нэг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гараагүй, ийм дүгнэлт хийгээгүй. Анхан шатны тусламж болон холбогдох эмч нарын зардлыг “Корперейт Хотел энд Ресорт Нүхт” ХХК нөхөн төлсөн. Шүүхийн “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-иас гаргуулахаар шийдсэн 14.121.219 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагчаас татсан татаагүйтэй үл хамааран хүн ёсны хувьд хохирлыг төлж барагдуулсан. Цаашдаа ч хохирогчийн ар гэрт хүн ёсны хувьд тусламж үзүүлнэ. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Монголхүүгийн өмгөөлөгч П.Сарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн зүгээс шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн талаар ямар нэг гомдол санал гаргаагүй. Иргэний хариуцагчаар татагдсан “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК болон “Өргөжих хаус” ХХК-ийн гомдолтой танилцсан. Хохирогчийн ямар материалын хохирол гарсан түүнийг бүгдийг нь нотлох баримттай гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор хэргийг зөв шийдсэн гэж үзэж байна. “Өргөжих хаус” ХХК-ийн ажилтны гэм буруутай үйлдлээс болж хүний амь нас хохирсныг шүүх зөв дүгнэлт хийсэн. Энэ хоёр байгууллагаас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдсэн. “Өргөжих хаус” ХХК-ийг иргэний хариуцагчаар шүүхээс татахад ямар нэг гомдол гаргаагүй. Хүний амь насыг ямар ч мөнгөөр зүйрлэхгүй гэсэн хэдий ч хувааж гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдаж байгаад харамсаж байна. Харин ч “Өргөжих хаус” ХХК-иас хохирлыг нэмж гаргуулах ёстой. “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-ний давж заалдах гомдлын гол санаа нь манай хүн ял шийтгүүлээгүй учир төлбөрийг хариуцахгүй гэж давж заалдах гомдол гаргасан. Мөрдөн байцаалтын явцад энэ байгууллагын өмч хөрөнгө гэх үндэслэлээр иргэний хариуцагчаар татаж хохирлыг хувааж гаргуулсан. Шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч З.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.
Шүүгдэгч З.Аийн өмгөөлөгч Т.Даваажав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид тагийг таглаагүй явсан эсэх дээр маргаагүй. 110 кг жинтэй байнгын ажиллагаатай биш бохирын цооногийг таглах ёстой стандарт таг. Бохир ус зайлуулах ерөнхий шаардлага гэсэн стандарт байдаг. Энэ стандартад гэрэлтэй байх ёстой, орж гарах гарцтай байх ёстой, хашаа хаалттай, таг нь цоожтой байх ёстой гэсэн Монгол улсад баримталж байгаа стандарттай. Төмөр тагтай хажуу талдаа нугастай байх ёстой, таг нь цоожтой байх ёстой. Энэ осол болсноос хойш стандарт шаардлагын дагуу тагийг сольсон. Энэ асуудлыг шинжээчийн дүгнэлтээр гаргаж ирээгүй. Шүүх хурал дээр орж ирсэн шинжээчийг асуухад энэ талаар хариулж чадаагүй. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаалгах хүсэлт гаргасан. Мөн мөрдөн байцаалтын шатанд хүсэлт гаргаж байсан. 4 хоногийн өмнө З.Аийн шаардлагаар паниар тавьсан байсныг хөдөлгөөгүй байдаг бохир усны тагийг нааш нь татаж авч ирж сольж тавьсан. Долоо хоног бүрийн 4 дэх өдөр бүр 6 удаагийн соруулалт хийж явдаг. Хэрэв 20 см өндөр тагтай байсан бол хүн тулаад зогсох байсан. Хашаа хамгаалалттай байсан бол хүн орохгүй байсан. Манай зүгээс хохиролд 5.000.000 төгрөг төлсөн. Энэ хэргийг бодитоор шалгаагүй. “Өргөжих хаус” ХХК нь бохир ус тээвэрлэх зөөвөрлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй. Үүний дагуу гэрээ байгуулж ажилласан. Энэ гэрээний дагуу хяналтыг “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК тавих ёстой байсан. 30 цагийн дараа хүн нас барсан. Мөрдөн байцаалтын сүүлийн шатанд тагны зургийг нь авсан. Мөн энэ тагийг ямар зориулалтаар хэрэглэдэг вэ гэдгийг тухайн үйлдвэрлэдэг байгууллагын баримтыг авч хэрэгт хавсаргасан. Хэрэв стандартын дагуу хийгдсэн байсан бол ийм зүйл гарахгүй байсан. Ус сувгийн мэргэжлийн шинжээч энэ хэрэгт оролцоогүй. Маш олон удаагийн хүсэлт тавьж байсан боловч шалгаагүй дутуу дулимаг шалгаад шүүхийн шатанд энэ хэргийг шийдсэн. ...” гэв.
Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч З.А нь дахин ирнэ гэж найдсаны улмаас тагийг хаалгүй онгорхой үлдээснээр хүн унаж осолдож гэмтэх аюултай байдал бий болгосон. Бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учрах боломжтой гэдгийг мэдсээр байж тагийг хаагаагүй онгорхой үлдээж хүн унах аюултай нөхцөлийг бүрдүүлсэн нь шалтгаант холбоотой байна гэж үзсэн. “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК нь болон “Өргөжих хаус” ХХК нар нь ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд тухайн бохирын усыг соруулж байгаа хэдий ч энэ гэрээнд тухайн бохирын нүхний таглааг хэн таглах тухай ямар нэг заалт байхгүй. “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-ийн бохирын усыг агуулах хэсэгт уг гэмт хэрэг үйлдэгдсэн буюу хүлээн авалт хийж байхдаа тухайн орчны аюулгүй байдлыг хангаж хүлээн авалт зохион байгуулах ёстой байсан. Иймд түүнээс учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэж байна. “Өргөжих хаус” ХХК-ийн хувьд З.А хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн байгууллагад ажиллаж байгаа тул иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч З.А нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-ний бохир усны цооногоос 04-74 УБР улсын дугаартай автомашинаар бохир ус соруулахдаа бохирын худагны тагийг хаахгүй явснаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авалтад ирсэн Я.Цэцэгдорж унаж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 18-22/, хэргийн газар байрлах бетон таганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 23-25/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26-29/, камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 30-33/, хохирлын баримтууд /1хх 197-220/, “Өргөжих хаус” ХХК-ийн хохирол төлсөн баримтууд /2хх 50, 72, 75/, “Корперейт Хотел энд Ресорт Нүхт” ХХК-ийн хохирол төлсөн баримтууд /2хх 73, 74/ зэрэг нотлох баримтууд болон,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Монголхүүгийн “...2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр талийгаач “Дуурь бүжгийн Эрдмийн театрт хамт ажилладаг хүний хурим болно” гэж хэлээд гарч явсан. Хурим нь Нүхт Корперейтэд болно гэж хэлсэн. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад би гэртээ байж байсан чинь над руу танихгүй дугаараас залгаад “танай эхнэр чинь бохирын цооногт унаад гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Гэмтэл дээр очиход эхнэрийг маань сэхээн амьдруулах тасагт хэвтүүлчихсэн байсан. Тэгээд маргааш өдөр нь 15 цагийн үед “хурц хордлоготой байна” гэж эмч нар хэлж байсан бөгөөд талийгаачийн биеийн байдал гайгүй байх шиг байсан чинь нас барчихсан. Уг нь ухаантай байсан ч юм ярьж чадахгүй, шүлсээ хаяхаараа цустай цэр гараад байсан юм. ...Би хэрэг болсон газарт өөрийн биеэр байгаагүй болохоор яг яаж унасан, юу болсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. ...Талийгаачийн оршуулгын зардалд 39.487.577 төгрөг нэхэмжилсэн. Үүнтэй холбоотой зохих баримтуудыг хавтас хэрэгт хавсаргуулсан байгаа. Монгол улсын хуулиар эмэгтэй хүн 60 нас хүртэл хөдөлмөрлөж тэтгэвэрт гарах ёстой. Талийгаач хөдөлмөрийн бүрэн чадамжтай байсан. Иймээс бид жаран нас хүртэлх авах ёстой байсан цалин хөлсийг нэхэмжлэх болно. Мөн сэтгэл санааны хохирлыг тусад нь тооцож нэхэмжлэх болно. Талийгаач оёдлын цех түрээсээр ажиллуулж цалин хөлснөөс гадна бас орлого олдог байсан. Сард 200.000-300.000 төгрөг олдог байсан. Үүнтэй холбоотой баримтыг мөн гаргаж өгнө ...” /1хх 35-38/,
гэрч Ч.Наранцэцэгийн “...Би 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ресторанд болох хамт ажилладаг Пүрэв-Очирын хуримын хүндэтгэлийн цайллаганд хамт олны хамт очсон. Бид нар “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ресторанд ажлын автобусаар хүргүүлж орой буцаад уг автобусаар буцахаар болсон ба бид нар тухайн үед буцах автобусанд сууж амжаагүй. Тэгээд 21 цаг 50 минутын үед баяр дуусаад бүгд ресторанаас гарсан. Ресторанаас гараад Туул, Цэцэгдорж бид гурав Улаанбаатар хот руу Туулын машинаар яах гэж дуудлагын жолооч дуудсан бөгөөд 30 минутын дараа дуудлагын жолооч ирэхэд Туул рестораны зүүн талд байсан хар өнгийн тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгож түлхүүрийг дуудлагын жолоочид өгч байхад Цэцэгдорж тээврийн хэрэгслийн баруун хойд талын хаалгыг онгойлгож надад “та сууж бай, би нөгөө талаар нь сууя” гэж хэлээд автомашины ард талаар тойрч явж байх хооронд гэнэт Туул “Цэцэгдорж уначихлаа, хүн байна уу, авраарай” гэж хашгирсан. Би автомашинаас буугаад очиход Цэцэгдорж машины баруун хажуу талд байсан бохир усны цооногт унасан байсан. Удалгүй Пүрэв-Очирын хоёр найз нь бохир усны цоногоос Цэцэгдоржийг гаргаж авахад шоконд орсон байсан. ...” /1хх 39-40/,
гэрч А.Дөлгөөнмөрөнгийн “...2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай зочид буудлын гадаах асарт хуримын хүлээн авалт болсон бөгөөд 15 цагийн үед эхлээд 21 цаг 30 минутын үед дууссан. Орой хуримын хүлээн авалт дуусаад хүмүүс тарж байсан бөгөөд би дотор ажлаа хийгээд явж байтал нэг танихгүй хүн орж ирээд “ус өгөөч, гадаа бохирын цооногт хүн уначихлаа” гэхээр нь гайхаад яг юу гэж яриад байгааг нь эхлээд ойлгоогүй. Тэр хүний хэлсэн усыг нь түмпэнд хийж өгөөд араас нь гарсан чинь нөгөө унасан гэх хүнийг бохирын цооногоос гаргаж байсан. Очоод хартал манай буудлын зүүн талын зам дагуу байдаг буудлын бохир усны цооног руу эмэгтэй хүн унасан байсан бөгөөд тэр хүнийг хэдэн хүмүүс нийлээд өргөөд гаргаж байсан. ...Тухайн цооног нь манай зочид буудлын бохирын цооног бөгөөд 240 тонны багтаамжтай. Бохирыг “Өргөжих хаус” ХХК-тай гэрээ байгуулаад долоо хоногийн 1 дэх болон 4 дэх өдөр соруулдаг. Бохир соруулах машин нь 8 тонны багтаамжтай, нэг өдөртөө 6 удаа явж бохироо соруулж асгадаг бөгөөд нэг өдөр ирэхдээ нийт 48 тонн бохир соруулж авдаг. 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дээрх “Өргөжих хаус” ХХК-ны бохир соруулах машин ирж бохир соруулсан бөгөөд бохир соруулсан хүмүүс явахдаа тагийг нь хаалгүй орхиод явсан юм билээ. ...” /1хх 41-42/,
гэрч Д.Жамъянсүрэнгийн “...Би 24 цагаар үүрэг гүйцэтгээд 48 цаг амардаг бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 9 цагт ээлж аваад маргааш өглөө нь 10 цагт ээлжээ дараагийн хамгаалагч болох Дэндэвт хүлээлгэн өгсөн. Намайг ээлжтэй байх үед 11 цагийн орчим “Өргөжих хаус” ХХК-ны бохир соруулах машин ирсэн. Уг компани нь манайхтай гэрээтэй, долоо хоногийн 1, 4 дэх өдрүүдэд ирж бохир соруулдаг, хэдэн тонн соруулдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Уг өдөр хамгийн сүүлд 18 цаг 40 минутын орчим бохирын машин 5 дахь ресс буюу явалтаа хийж бохир соруулж аваад явсан. Бохирын цооногийн тагийг бохир соруулах компаний ажилчид өөрсдөө ирж тагаа онгойлгоод бохироо соруулаад явахдаа өөрсдөө таглаад явчихдаг. Бид нар ирэхэд нь онгойлгож өгөөд явахад нь хаадаг зүйл байхгүй. Цоож цуургагүй түлхээд тавьчихдаг цементен таг байдаг болохоор өөрсдөө шууд онгойлгодог юм. ...З.А нь анх ирэхдээ надад ирсэн гэдгээ хэлсэн. Харин хамгийн сүүлд явахдаа надад лав хэлээгүй. Ресепшинд хэлсэн эсэхийг мэдэхгүй байна. ...” /1хх 43-44, 45-46/,
гэрч Ө.Дэндэвийн “...Орой 21 цагийн үед арга хэмжээ дуусаад хүмүүс тарж эхэлсэн. Тэгсэн чинь нэг хүн гаднаас орж ирээд “бохирын цооног руу хүн уначихлаа” гэж хэлсэн. Би зөрөөд гүйгээд гарсан чинь буудлын зүүн талд байрлах бохирын цооног дээр хүмүүс овоорчихсон байсан. Бохирын цооног руу тонгойгоод харсан чинь нэг залуу цооног руу орчихсон, унасан гэх эмэгтэй хүнийг өргөөд бохирын дээд хэсэгт гаргаад ирчихсэн, дээшээ гаргах гэхээр дийлэхгүй гулсаад доошоо алдаад байсан. Тэгсэн чинь дахиад нэг залуу орж дамжилцаж байгаад гаргасан. Цооног руу унасан хүнийг гаргахад ухаангүй болчихсон байсан бөгөөд амьсгалж байсан. Удалгүй түргэний машин ирээд аваад явсан. ...” /1хх 47/,
гэрч Ч.Алтанбаганын “...Нүхний тагийг бохирын компаний машины жолооч хаагаад явдаг байсан. Манай харуулууд дутуу соруулсан уу, гүйцэд соруулсан уу гэдгийг л шалгаж хардаг байсан. ...Тухайн өдөр нүхийг тагалсан, хаасан эсэхийг манай хамгаалагч хараагүй байна. З.А нь дахиж нэг удаа ирж соруулна шүү гэж хэлчихээд явсан байна. ...” /1хх 50-51/,
гэрч Ц.Оюунцацралтын “...Бохирын ус соруулах ажиллагаа нь хүний эрүүл мэндэд хортой учраас тусгай эрх бүхий байгууллага хариуцан хийж гүйцэтгэдэг. “Өргөжих хаус” ХХК нь бохирын цооногоос бохир соруулахтай холбоотой бүх ажиллагаа буюу өөрөөр хэлбэл бохирын цооногийн тагийг нээхээс эхлээд хаах хүртэл бүх ажлыг тухайн компани өөрөө хариуцах ёстой. ...Бохирын үйл ажиллагаа явуулах компани бохир соруулахад хэрхэн яаж ажиллах талаар холбогдох хууль тогтоомж журамд заасан байгаа учраас дээрх хүн унасан бохирын цооногийн тагийг нээх, ажлаа хийж дуусаад хаах зэргийг бүгдийг нь хийж гүйцэтгэх ёстой. ...Манай байгууллага өөрийн эдэлбэр газарт байгаа эд хогшилдоо хараа хяналт тавиад аюулгүй байдлыг хангаад ажилладаг. Харин бохирын цооногийн хувьд нийтийн эзэмшил зам талбайд байрлаж байгаа, манай эдэлбэр газарт хамаарахгүй учраас тэрийг манайхаас хүн гараад хариуцаад, хараа хяналт тавьж ажилладаггүй. ...” /1хх 55-56/,
шинжээч эмч Г.Гантөмөрийн “...“Өргөжих хаус” ХХК болон “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК нарын хооронд байгуулсан гэрээн дээр бохирын цооногны тагийг хэрхэх талаар, хэн нь хариуцаж ажиллах талаар тусгаагүй байсан. Иймээс ерөнхий гүйцэтгэгч “Өргөжих хаус” ХХК нь энэ үүргийг хүлээнэ гэж үзсэн. Тухайн ажил үүргийг гүйцэтгэж байсан машины жолооч нь худагны тагийг онгойлгох, нээх үйлчилгээг гардан гүйцэтгэж байх ёстой. Түүнээс биш хэн нэгэн хүн гаднаас ирж хааж, нээж өгнө гэж байхгүй. “Өргөжих хаус” ХХК нь бохирын шингэн зайлуулах мэргэжлийн байгууллага мөртлөө Монгол Улсад мөрдөгдөж байгаа шингэн бохир зайлуулахтай холбоотой дүрэм, журмуудыг үйл ажиллагаандаа мөрдөөгүй. ...”Өргөжих хаус” ХХК нь З.Аийн ажил, үүргийн хуваарь, хөдөлмөрийн гэрээнд бохирын цооногийн тагийг таглах, хаах талаар заалтыг оруулаагүй ч гэсэн тухайн цооногийг таглахгүй, онгорхой үлдээвэл хүн унаж, бэртэх аюултай болох нь ойлгомжтой. Иймээс машинистууд бохироо соруулж дууссаны дараа тагийг таглаж явах шаардлагатай байсан. ...” /1хх 236-238/ гэсэн мэдүүлгүүд,
“...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр уруулд цус хуралт, ооч, баруун тохойд зулгаралт, нурууны булчингийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, амьддаа үүссэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. Талийгаач нь амьсгалын зам гадны биетээр бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлтэнд орж уушигны хатгалгаагаар хүндэрч нас баржээ. ...” гэсэн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1881 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 66-70/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч З.А нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-ний бохир усны цооногоос 04-74 УБР улсын дугаартай автомашинаар бохир ус соруулахдаа бохирын худагны тагийг хаахгүй явснаас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авалтад ирсэн Я.Цэцэгдорж унаж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч З.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч З.Аэд 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хавтас хэрэгт авагдсан өрх толгойлсон эцэг /1хх 128, 129/ болохыг тодорхойлсон баримтуудыг үндэслэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаанд хойшлуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн гэмт хэрэг “Өргөжих хаус” ХХК-ийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй, Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-ийн шийдвэр, үйл ажиллагаа нөлөөлөөгүй байна.
“...Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Өргөжих хаус” ХХК нь “Шингэн хог хаягдал татан зайлуулах үйлчилгээний гэрээ”-гээр ажил үйлчилгээ гүйцэтгэхдээ Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 Хангагч дараахь үүрэгтэй: 14.2.3. ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, дүрэм, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх/ гэж заасныг зөрчиж бохир усыг соруулаад худгийн тагийг буцааж таглаж битүүмжлээгүй, бохир ус зайлуулах цэг тогтоох Ерөнхий шаардлага MNS-6230:2010 стандартын Зорилго/ Энэхүү стандарт нь байгаль орчныг бохирдлоос хамгаалах, эрүүл аюулгүй орчинд хүмүүсийн амьдрах нөхцөлийг хангах.../ гэснийг хангуулах үүргээ биелүүлээгүй нь осол /хэрэг учрал/ гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзлээ. ...Осол болсон газарт бохир ус соруулах ажил үйлчилгээг гүйцэтгэж байсан “Өргөжих хаус” ХХК-ийн жолооч З.А нь тагтай байсан худгийн тагийг буцааж таглаж тавиагүй, онгорхой орхисон энэ талаар захиалагч /хэрэглэгч/ байгууллагад мэдэгдээгүй байна. ...” гэсэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний ХАБ-12/20 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 85-90/-ийг хэрэг хянан шийдвэрлэхэд баримталлаа.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг “...Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. ...” гэж заасны дагуу “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Үүнтэй холбогдуулан, шийтгэх тогтоолын 9 дэх заалтад “...“Өргөжих хаус” ХХК-иас 24.121.219 төгрөгийг гаргуулж...” гэсэн дээр “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн 14.121.219 төгрөгийг нэмж нийт 38.242.438 төгрөгийг иргэний хариуцагч “Өргөжих хаус” ХХК-иас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Монголхүүд олгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд иргэний хариуцагч М.Жаргалцэцэгээс “...иргэний хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож 24.121.219 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 9-д заасан заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүчингүй болгож, иргэний хариуцагч Ц.Оюунцацралт, түүний өмгөөлөгч О.Баясгалан нарын хамтран гаргасан “...Энэ нөхцөлд шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх заалтыг хэрэглэх бөгөөд иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлийг дангаар нь хэрэглэх ёсгүй юм. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаас “Корперейт Хотел энд Ресорт Нүхт” ХХК-г иргэний хариуцагч гэсэнг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Түүнчлэн, энэ хэрэгт “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-иас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Монголхүүд хохиролд 20.000.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 2021/ШЦТ/134 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
9 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар “Өргөжих хаус” ХХК-иас 24.121.219 төгрөгийг, “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-иас 14.121.219 төгрөгийг тус тус олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар “Өргөжих хаус” ХХК-иас 38.242.438 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Монголхүүд олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Энэ хэрэгт “Корперейт Хотел Энд Ресорт Нүхт” ХХК-иас хохиролд 20.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Монголхүүд төлсөн болохыг дурдсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Ц.Оюунцацралт, түүний өмгөөлөгч О.Баясгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, иргэний хариуцагч М.Жаргалцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ