| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2023/0002/З |
| Дугаар | 120/ШШ2023/0003 |
| Огноо | 2023-04-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 120/ШШ2023/0003
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, Ш.*******,
Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.******* нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, өмгөөлөгч О.*******, Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь ******* сумын *******д холбогдуулан “мөн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 672 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дахь “Зангат Уул” нэртэй 1110.49 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-019137 дугаар тусгай зөвшөөрлийг 2045 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаагаар нэхэмжлэгчид олгосон[1] байна.
3. Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дүгээр тогтоолоор “сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 9/10 дугаар тогтоолын хавсралтын уул уурхайн ашиглалт, олборлолт, үйлдвэрлэлийн барилга байгууламж явуулах зориулалтаар тусгагдсан “*******” ХХК-тай холбоотой “Ихэр” нэртэй нийт 94 га газрыг” 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасч шийдвэрлэн, хариуцагчаас уг тогтоолыг мөн оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ.
4. Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Манай компани ашигт малтмалын ашиглалтын М\/-019137 дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эзэмшиж, хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсээр ирсэн, компанийн зүгээс 2022 оноос олборлолтын үйл ажиллагаагаа эхлэхээр болсон тул ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай дотроо уурхайн эдэлбэр газрын зөвшөөрөл авахаар холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтийг дагуу Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 9/10 дугаартай хуралдааны тогтоол гарч, тогтоолын хавсралтад “уул уурхайн ашиглалт, олборлолт, үйлдвэрийн барилга, байгууламж явуулах зориулалтаар “*******” ХХК-д нийт 94 га газар” гэсэн байдаг.
Гэтэл Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай хуралдааны тогтоолоор дээрх тогтоолын хавсралтад тусгагдсан “*******” ХХК-тай холбоотой “Ихэр” нэртэй нийт 94 га газрыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хассан.
Маргаан бүхий дээрх тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй “*******” ХХК-аас ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагааг огт явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4-т тус тус заасны дагуу бидэнд “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 9/10 дугаартай хуралдааны тогтоолоос манай компанитай холбоотой хэсгийг ямар үндэслэлээр хасаж байгаа талаар мэдэгдэж, тайлбар огт аваагүй, компанийн зүгээс хүсэлт гаргасны дагуу тогтоолын хуулбарыг олж авсан.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь зарчмыг хангахгүйгээр хариуцагч маргаан бүхий тогтоолыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн бөгөөд уг тогтоолын улмаас хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулах, засварын газар, кемп байгуулах боломжгүй болсон. Компанийн зүгээс үйл ажиллагаа явуулахтай холбоотой их хэмжээний хөрөнгө оруулалт, зээл авсан байдаг бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөр, татвар гэх мэт маш их зардал гаргасан тул дээрх тогтоолын улмаас санхүүгийн хүнд байдалд орж, ихээхэн хэмжээний хохирол хүлээх нөхцөл байдал бий болоод байна.
Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай хуралдааны тогтоолд "... иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэн” гэсэн үндэслэлийг дурдсан байдаг. Гэтэл компанийн зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай ойролцоо амьдардаг иргэдтэй харилцан зөвшилцсөн үндсэн дээр зөвшөөрлийг нь авсан. Одоо иргэдтэй холбоотой ямар нэгэн маргаангүй, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй байхад хууль зөрчин дээрх тогтоолыг хариуцагч гаргасан. Мөн хариуцагч гаргасан шийдвэрээ ямар ч үндэслэлгүйгээр сар хүрэхгүй хугацаанд хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим алдагдаж байна.
Иймд Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай хуралдааны тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2022 оны 12 дугаар сараас олборлолтын үйл ажиллагаа эхлэхээр болсонтой холбоотойгоор уурхайн эдэлбэр газрын зөвшөөрөл авахаар холбогдох төрийн байгууллага, захиргааны байгууллагуудад холбогдох хүсэлтүүдээ гаргасны дагуу Өмнөговь аймгийн ******* сумын ******* 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 9/10 дугаартай хуралдааны тогтоолыг гаргасан. Энэ тогтоолын хавсралтад нь манай уул уурхайн ашиглалт, олборлолт үйлдвэрийн барилга байгууламж явуулах зориулалтаар “*******” ХХК-ийн 94 га газар гэж бичсэн байдаг. Гэтэл үүнээс хойш хэдхэн хоногийн дараа хариуцагч тал 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай тогтоолоор өмнөх тогтоолынхоо манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгодог.
Хариуцагч тал маргаан бүхий тогтоолыг гаргахдаа нэгдүгээрт Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлүүдийг зөрчсөн. Тодруулбал аливаа захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нэн түрүүнд Захиргааны ерөнхий хуулийг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажилладаг. Улмаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн компанид урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаж, мэдээлэл авч, санал өгөх боломжийг нь олгодог. Энэ ажиллагааг хийлгүйгээр тогтоолыг гаргасан. Хариуцагч тал хариу тайлбар дээрээ нийтийн эрх ашиг хөндөгдсөн учраас сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Гэхдээ ийм тогтоол гаргахын тулд Захиргааны ерөнхий хуульд заасан үйл ажиллагааг зохих ёсоор нь явуулах ёстой. Манай байгууллагад мэдэгдээд саналыг нь аваад хуралд нь оролцуулах ёстой байсан гэж манайхаас маргаж байна. Маргаан бүхий тогтоолд Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1.17 гэсэн заалтыг, мөн иргэдээс ирсэн санал, гомдлыг үндэслэсэн байдаг. Энэ тогтоол нь заавал хуульд үндэслэж Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг бариулах ёстой.
Гэтэл Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг огт баримтлаагүй гаргасан. Иргэдийн төлөөлөгчид эрх олгосон хуулийн заалтыг л баримталсан байдаг. Ямар үндэслэлээр яасан бэ гэдэг нь тодорхойгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилсан мэдэгдэх, оролцуулах гэсэн зарчмыг харахгүйгээр актыг гаргасан. Энэ актын улмаас манай компанийн эрх, хууль ашиг сонирхол хөндөгдөж, уурхайн эдэлбэр газраа байгуулах боломжгүй болсон, энэ тогтоолыг хүчингүй болгосноор тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаад манайх цаашдаа уурхайн эдэлбэр газраа байгуулах бүрэн боломжтой болж, эрх сэргээгдэнэ. Энэ компанийн үйл ажиллагаатай холбоотой ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой гээд маш их хэмжээний зардал гарсан. Тодорхой хэмжээний зээл авч, хөрөнгө оруулалт хийж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр, татвар, тухайн нөлөөллийн бүсэд оршин сууж байгаа айл өрхүүдийг нүүлгэх, худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулаад нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хийсэн гэх зэргээр их хэмжээний зардал гарсан. Үүнээс хойш их хэмжээний зардал гарна. Санхүүгийн хувьд хохирол үүсч байна. Хэрвээ хариуцагч байгууллага буруутай болбол хохирлын асуудал дараа нь яригдана.
Маргаан бүхий захиргааны акт болох 10/01 дугаартай тогтоол дээр иргэдээс өгсөн өргөдөл гомдлыг авсан гэдэг. Хэрэгт авагдсан иргэдийн саналыг судалж үзэхэд саналынх нь толгой хэсэгт уул уурхайн компанийг дахин нээлгэхгүй байх талаар саналаа илэрхийлж гарын үсэг зурсан байдаг. Энэ нь 2005 онд буюу өмнө нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу авчихсан компани байдаг. Тэгэхээр энэ иргэдийн санал ондоо хүсэл зоригийг илэрхийлсэн саналууд байна. Тухайн иргэдийн саналыг авч үзэхээр нэр, регистрийн дугаар, тухайн уул уурхайн бүсэд амьдардаг иргэдийн санал гэсэн нь ерөөсөө ойлгомжгүй. ******* суманд байрлах манай талбай бүхий газрын нөлөөллийн бүсэд орсон айлууд мөн, биш нь тодорхойгүй. Тухайн иргэдийн саналыг судалж үзэхэд хоёр компани байдаг. Баясах болон өөр сумын иргэдийг гэсэн утгатай байдаг. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.
Манай компанийн зүгээс тухайн нөлөөллийн бүсэд орсон 8 өрх айлын иргэдтэй зөвшилцөөд худалдах, худалдан авах гэрээ, хөршийн эрхийн гэрээ болон холбогдох тусламж, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах гэрээнүүдийг байгуулсан. Энэ баримтуудаа шүүхэд хүргүүлсэн. Одоо энэ иргэдтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр 8 айл байдгаас манай талбай дотор 5 айл, залгаа эхний зааг дээр нэг айл байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Ашигт малтмалын газрын тосны газраас ирүүлсэн баримтад тодорхой бичигдсэн. Тэгэхээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй гэж үзэж байна. Өмнөговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаартай албан бичигт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн МҮ019137 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайд 5 иргэний өвөлжөө, хаваржааны зориулалттай газар давхцаж байгаа боловч 1 өвөлжөө, хаваржааны эзэмшил нь тодорхойгүй гэсэн байдаг. Мөн ашигт малтмалын газрын тусгай зөвшөөрлийн талбай нэгж талбарыг харуулсан зураг дээр 4 айлын газар давхацсан байдаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай дотроо уурхайн эдэлбэр газар хүсэж байгаа 94 га газарт 4 айлын газар байдаг. Хариуцагч хариу тайлбартаа тухайн газар нутгийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 6/01 дугаартай тогтоолоор сумын 9 гайхамшгийг тодруулсан. Энэ газарт орсон гэж тайлбарлаад байх шиг байна. Тэгэхээр Ашигт малтмалын газрын тосны газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/940 дугаартай албан бичигт дурдсанаар манай компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай нь тусгай хэрэгцээний газар болон хориглосон хязгаарласан талбайтай давхцалгүй гэсэн байдаг. Тэгэхээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар болон ямар нэгэн хориглосон газартай давхацдаггүй тул есөн гайхамшгийг тодруулсан гэдэг нь тэр газарт хамааралгүй. Есөн гайхамшгийг тодруулсан тогтоолыг судалж үзэхэд есөн гайхамшгийнх нь аль байрлалд нь хамаараад байгаа нь тодорхойгүй.
Хариуцагч байгууллага хэдхэн хоногийн өмнө манай компанид уурхайн эдэлбэр газар олгочхоод, дараа нь тухайн захирамжаа өөрөө хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар хууль ёсны итгэл хамгаалах зарчим алдагдсан гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Газрын тухай хуулийн зорилт нь газрыг иргэн, аж, ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т газрын хэвлий, байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна гэж заасан. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хууль руу ороод явчихаж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт дээр энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэр газрын эд хөрөнгийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмал, бусад төрлийн ашигт малтмал эрх, хайх, ашиглахтай холбоотой харилцааг тус тус зохицуулна гэж заасан. Тэгэхээр хуулийн зохицуулалтуудаас Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудаар үзэх юм бол иргэн, аж ахуй нэгж байгууллагаас газар эзэмших, ашиглахаар орж ирсэн харилцааг Газрын тухай хуулиар зохицуулж, харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь аж ахуй нэгжийн газрын гадарга түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд холбогдох харилцааг тусгайлан зохицуулсан буюу нарийвчлан зохицуулсан. Энэ нь Ашигт малтмалын тухай хууль байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэхэмжилж байгаа компанийн ашигт малтмал ашиглахтай холбоотой харилцааг зөвхөн Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна. Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлагууд Ашигт малтмалын тухай хуульд огт хамааралгүй гэсэн үг. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалт дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэх, орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгуулалтад барих, түүнийг ашиглах гээд, мөн хуулийн 27.1.11-т нь холбогдох хууль тогтоомжийн дагуу газар ус ашиглах гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг баталгаажуулж өгсөн.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт сумын Засаг даргын эрхийг заасан байдаг. Өөрөөр хэлбэл сумын Засаг дарга нь эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох гэж ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд шууд уурхай эдэлбэр газар олгохыг үүрэг болгосон заалт байдаг. Нэмэлтээр хэлэхэд манай компанийн зүгээс уурхайн эдэлбэр газрын хувьд зохион байгуулалтын төлөвлөгөөг тусгуулаад Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасны дагуу уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компани 2 дахин өсгөж төлнө гэсэн заалтынх нь дагуу бид нар танай орон нутгийн төсөвт төлье гэсэн. Бусад хуулийн заалтаараа бид нар заавал газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах шаардлагагүй. Гэхдээ бид нар Газрын тухай хуулиа бариад, холбогдох хууль тогтоомжуудаа биелүүлээд танай төсөвт өгье гэж хүсэлт гаргасан.
Ашигт малтмалын тухай хууль буюу нарийвчлан зохицуулсан хуулиар сумын Засаг дарга газрыг олгох үүрэг хүлээдэг. Гэтэл ******* сумын Засаг даргаас ерөнхий төлөвлөгөөнд ороогүй учраас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.4.2 гэсэн заалтаар бид нар энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгөөд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхаа гаргасан шийдвэрийг баримтална, нэгэнт төлөвлөгөөнд ороогүй зүйлийг бид нар олгохгүй гэдэг зүйлийг илэрхийлээд байгаа учраас цаашдаа олгохгүй байх нөхцөл байдал үүсэж бидний эрх ашиг хөндөгдөж байна. Энэ тогтоолоороо хүчингүй болох юм бол сумын засаг захиргаанаас өөрсдөө олгох боломжтой гэдгээ илэрхийлсэн гэж ойлгож байна. Хариуцагч хариу тайлбарынхаа үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй, маргаан бүхий актынхаа хууль зүйн үндэслэлийг тайлбарлаж чадахгүй байна. Яг адилхан хоёр компани орж ирсэн байхад хурлаар авч хэлэлцээд нэгийг нь хасдаг. Учир нь ялгамжтай асуудал байна гэдгийг нэмэлтээр хэлье.
Маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Тэр тусмаа Газрын тухай хуулийг үндэслэх ёстой байсан. Гэтэл тухайн акт хууль зүйн үндэслэл бүхий акт биш байна. Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд зааснаар үндэслэл бүхий акт болж чадаагүй. Ашигт малтмалын тухай хууль, нарийвчилсан зохицуулалтаар төлөвлөгөөнд оролцуулах шаардлага байхгүй. Гэхдээ бид нар хүсэлтээ гаргахдаа сумын иргэдийн эрх ашгийг бодож, татвар хураамжаа тайлбарласан. Төлөвлөгөөнөөс хассан үр дагавар нь юу вэ гэхээр сумын иргэд, Засаг дарга, иргэдийн хурал энэ төлөвлөгөөнөөс хасчихсан учраас бид нар орох боломжгүй гэдэг тайлбар гаргаад байгаа. Бид нар зөвхөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх буюу нөлөөллийн бүсээс холдуулах, зөвшилцөх ажиллагаанд одоогийн байдлаар зөвхөн гэрээний үнэд 235,000,000 төгрөг өгсөн. Тэгэхээр хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нь өөрөө ямар үед хэрэгжих ёстой юм бэ гэхээр нэхэмжлэгч буюу тухайн тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь өөрөө ямар нэгэн хууль зөрчөөгүй байх ёстой. Бид нар Ашигт малтмалын тухай хууль болон Газрын тухай хуульд заасан ямар нэгэн хууль тогтоомж болон түүнээс гарсан журмуудыг зөрчөөгүй.
Тийм учраас баг болон сумын зүгээс итгэлийг хамгаалах буюу хамгаалалт өгөх ёстой. Яагаад гэвэл сум, баг хоёр нь цаашдаа энэ уурхай үйл ажиллагаа явуулбал үүнээс орж ирж байгаа татвар, хураамж болон өмнөх иргэдийн хуралд тонн тутамд 1 юань өгье гэдэг санал гаргаж байсан. Тэгэхээр сумын иргэд нийт дундаа байгаа санд бид нар тодорхой хэмжээний хөрөнгө оруулъя гэдгээ илэрхийлсэн. Энэ бүх итгэлийг хамгаалаагүй нь хууль бус байна. Нөлөөллийн бүсийн хувьд нарийвчилсан үнэлгээгээр 5 километрийг тодорхойлж өгсөн. Энэ 5 километрийн нөлөөллийн бүсэд дотор орсон айлуудын судалгааг бид нар гаргаад багийн Засаг даргатай зөвшилцөөд, тухайн иргэдтэй нь уулзаад гэрээ хэлцлүүдийг хийсэн. Тухайн үед нарийвчилсан үнэлгээ явуулахад тоот нь хоёр янзын зөрөөтэй. Ийм ийм тоот гээд бид нараас асууж байна. Энэ нь төрийн байгууллагын өөрийнх нь асуудал.
Төрийн байгууллага өөрсдийнхөө гаргасан эрх бүхий акт болон шийдвэрүүдээ өөрсдөө мэдэж байх ёстой. Мөн энэ шийдвэр үнэхээр хууль бус бол эрх бүхий байгууллагаар нь шалгуулаад шийдвэр гаргуулах ёстой байх. Бид нар энэ талаар хариулж чадахгүй. Энэ нөлөөллийн бүсийн 8 айл дээр аймгаас ирсэн 16 айл нэмж оруулсан нь үндэслэлгүй. Учир нь энэ нөлөөллийн бүсийг аймаг тогтоохгүй. Нөлөөллийн бүсийг тогтоосон хамгийн гол хууль зүйн үндэслэл нь нарийвчилсан үнэлгээгээр тогтоочихсон учраас бид нар тухайн 8 айлтайгаа л гэрээ хэлцлээ хийнэ. Худалдах, худалдан авах гэрээгээр ч гэсэн эрх шилжинэ. Тэгэхээр эрх нь шилжчихсэн. Нөлөөллийн бүсийг аймаг болон сум тогтоох боломжгүй. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар баталчихаад эргээд хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай хуралдааны тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д "нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр" бол сонсох ажиллагаа явуулахгүй гэснийг үндэслэн сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд тухайн газар нутаг нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрын хэв шинжийг агуулсан, уул тал хосолсон нэн ховор, ховордсон ан амьтан, ургамал, булаг шанд бүхий ан амьтан жигүүртний нүүдэллэж, өсөн үрждэг нэн таатай орчин болоод түүх соёлын дурсгалт зүйлс. хадны бичиг дурсгалуудтай, өнө эртнээс уламжлан тахиж дээдэлж ирсэн баялаг домогтой уул устай газар нутаг юм. Иймд тухайн газар нутгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 01 сарын 15-ны өдрийн 6/01 дүгээр тогтоолоор сумын "Есөн гайхамшиг"-аар тодруулсан байдаг.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12-р сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай тогтоолыг "Монгол чадал интернешнл энержи" ХХК-нд шуудангаар болон өөрийнх нь цахим шуудангаар илгээсэн. Сумын ******* нь хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд, асуудалд ул суурьтай хандан захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг удирдлага болгон ажилладаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" гэж зааснаар иргэд, Төлөөлөгчдийн өргөдөл хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн тул тухайн компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...компанийн зүгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ойролцоо амьдардаг иргэд харилцан зөвшилцсөний үндсэн дээр дээрх зөвшөөрлийг авсан, иргэдтэй ямар нэгэн маргаангүй, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй байхад хууль зөрчин дээрх тогтоолыг гаргасан байна гэлээ. Гэтэл тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбай, нөлөөллийн бүсэд байгаа өвөлжөө, хаваржаа, бэлчээр, ус орсон нэр бүхий иргэд гомдол гаргаж гарын үсэг зураад, Баясах багаас сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдөөрөө уламжлуулаад Хуралд шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн байдаг. Нэр бүхий 8 айл буюу та бүхний яриад байгаа хүмүүс өөрсдөө өргөдөл, гомдол гаргасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт иргэн хүн, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага нь албан тушаалтан, иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Үүнийхээ дагуу иргэн эрхээ эдлээд нутгийн захиргааны байгууллага нь үүргээ биелүүлсэн гэж ойлгож байна. Сумын ******* нь иргэдийн өргөдөл, хурлын төлөөлөгч нарыг хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зарлаад 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулаад мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримталж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь хэсгийг үндэслэн газар нутгаа уул уурхайн үйлдвэрлэл, автозам, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалж, байгалийн унаган төрх хэв шинжийг нь хэвээр хадгалан нутгийн ард иргэдийн малаа маллах бэлчээрийг хамгаалах зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 9/10 дугаартай тогтоолын хавсралтын уул уурхайн ашиглалт, олборлолт, үйлдвэрлэлийн барилга байгууламж явуулах зориулалтаар тусгагдсан “*******” ХХК-тай холбоотой ихэр нэртэй 94 га газрыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасаж шийдвэрлэсэн.
Уг хуралдаанд гомдол гаргаж гарын үсэг зурж өгсөн иргэд өөрийнхөө хүсэл зоригоо илэрхийлээд хуралдаанд оролцсон. Нэхэмжлэгч талын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад тус компани нь худалдах, худалдан авах гэрээ 4 малчин өрхтэй, хөршийн эрхийн гэрээг 4 малчин өрхтэй тус тус байгуулаад 235.000.000 төгрөг өгснөө нотолсон баримтыг илгээснийг шүүх нотлох баримтаар хүлээж авсан. Энэ үйл явдал нь Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Учир нь “*******” ХХК-ийн лиценз бүхий талбайд байрлах малчин өрхүүдийн өвөлжөө, хаваржаа, газар эзэмших эрхтэй бөгөөд одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн зохицуулалтаар өмчлөх эрхгүй зөвхөн эзэмших эрхтэй, өмчлөгч нь төр байдаг. Газрын тухай хуулиар тодорхойлоход газар эзэмших гэдэг нь гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу газрыг хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн эрх мэдэлд байлгахтай холбогдсон харилцаа.
Газар эзэмшигч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасны дагуу газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилж өгсөн. “*******” ХХК нь өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж, нөлөөллийн бүсэд байрлах айл өрхүүд, иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан тэдний хууль ёсны эрх ашгаас нь татгалзуулан хуурч, төөрөгдүүлэн хууль бусаар худалдан авалт хийгээд гэрээ байгуулан мөнгө тараасан, нүүлгэн шилжүүлэх нэрийдлээр хөөн зайлуулах алхам хийсэн гэж үзэж байна. “*******” ХХК-ийн лиценз бүхий талбайд байрлах малчин өрхүүдийг хаашаа нүүлгэх нь тодорхойгүй. Тус компани нь өөрийн эрх үүргээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулж, дур зоргоороо аашилсан, орон нутгийн удирдах байгууллагыг доромжилсон, иргэдийг үл тоомсорлосон үйл ажиллагаа гэж үзэж байна.
Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай хурлын тэмдэглэл дээр төлөөлөгч н.Пунцагбал, төлөөлөгч н.Чинбат нар ярихдаа байгаль орчин нарийвчилсан үнэлгээний тайлан материал бүрдүүлэхдээ багийн нийтийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж ашигласан тухай ноцтой баримтуудыг ярьдаг. Уул уурхайн компани нь ашигт малтмалын ямар нэгэн үйл ажиллагаа явуулахын тулд хэд хэдэн тусгай зөвшөөрлийг хууль эрх зүйн журмынхаа үүднээс авсан байдаг. Үүнийг дагалдах зөвшөөрөл, эрх бичиг, цаасны ажил тайлан дүгнэлт, төлөвлөгөө гээд шаардлагатай байхад хууль дүрмийнх нь дагуу бүрдүүлээгүй гэдэг дүгнэлтэд хүрч болохоор байна.
Тус компани нь анхнаасаа энэ баримтуудаа хууль дүрэм, журмынх дагуу бүрдүүлээд хууль журмынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж, иргэдтэйгээ учир зүйгээ олоод явсан бол бусад компаниудтай адилхан явах байсан. Иргэдэд мөнгө өгч хууран худалдан авалт хийгээд гэрээ байгуулснаараа иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаагаад, ямар нэгэн санал гомдол байхгүй, бид нарын хууль ёсны эрхэд халдах ямар нэгэн үндэслэлгүй болно. Эд нар ингээд дуугүй болно л гэж бодсон байх. Харин иргэд тэгсэнгүй, өөрсдийнхөө амьдрах нөхцөл боломжоо ухаараад сумын *******д хандсан байдаг.
“*******” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаа явуулсан нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд иргэд санал хүсэлтээ гаргаад гомдлоо тавьснаар холбогдох эрх бүхий албан тушаалтнууд мэддэг. Ийм хууль бус үйл ажиллагаа явуулсан учир цаашид хамтран ажиллах ямар ч боломжгүй, хууль бус үйл ажиллагаа цаашид хүрээгээ тэлэхээс хамгаалсан гэж үзэж байна. Үнэхээр иргэдийн гаргаад байгаа гомдол нь зөв юм уу, буруу юм уу, энэ компанийн явуулаад байгаа үйл ажиллагаа нь зөв юм уу, буруу юм уу гэдгийг гаргасны дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө оруулаад шийдвэрлэх нь зөв гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь ач холбогдол өгөх нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгох, сонсох ажиллагаа явуулаагүй гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа явуулахгүй байхаар заасан. Энэ хуулиа баримтлаад 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаар “*******” ХХК-ийн төлөөллийг оруулах шаардлагагүй гэж үзээд хуралдаанаа хийсэн. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйл 43.2-т заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “*******” ХХК-ийн баталгаат шуудан болон цахим хаягаар илгээсэн байдаг. Энэ Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т зааснаар түүнд хаягласан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш Нийслэлд ажлын 5 өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг илгээснээс хойш ажлын 5 өдөр өнгөрснөөр баримт бичгийг гардуулсанд тооцно гэж заасан байдаг.
Тиймээс ямар нэгэн хууль зөрчсөн юм уу, мэдэгдээгүй, хугацааг нь алдуулаад компанийн хууль ёсны эрх ашгийг хохироосон үйл ажиллагаа болоогүй гэж үзэж байгаа. “*******” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлүүдийг ******* сумын *******д шалган шийдвэрлэх боломжгүй эрх хэмжээнээс нь хэтэрчихсэн, Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус байх тул холбогдох хуулийн байгууллагаар дүгнэлт гаргуулсны дараа уг нэхэмжлэлийг шүүн хэлэлцэх нь зөв. Эхний ээлжид өмнөх үйл ажиллагаа нь зөв юм уу, буруу юм уу гэдгийг шийдвэрлэж, хууль зүйн дүгнэлт гаргасныхаа дараа нэхэмжлэлтэй холбоотой асуудал болон газар олгох, олгохгүй гэх асуудлаа ярилцсан нь зөв байх гэсэн саналтай байна.
Мөн бид нарын эрх, бичиг баримт, багийн нийтийн хурлын тэмдэглэл хуурамчаар үйлдсэн гэж төлөөлөгч нарын яриад байгаа асуудлыг бид нар мэдэхгүй, энэ талаар шалгадаг байгууллага нь шалгаж тогтооно гэж яриад байна. Үүнтэй санал нэг байна. Үүнийг нь шалгаад зөв буруу гэдэг юмыг нь тогтоосны дараа энэ асуудлыг хэлэлцсэн нь хуульд нийцнэ. Хариуцагчаас эрх бүхий байгууллагад шийдвэрлүүлэхээр ямар нэгэн гомдол санал одоогоор гаргаагүй. Иргэнтэй зөвшилцөл хийсэн гэдэг. Иргэнтэй зөвшилцөл хийхийн тулд зөвшилцөл хийсэн тухай акт байх ёстой. Гэтэл нүүлгэлтийн гэрээ гээд 28,000,000 төгрөгийн гэрээ хийсэн, хаашаа нүүлгэх гэдэг зүйл байхгүй байдаг. Энэ талаар нотлох баримт байхгүй учраас шүүхэд гаргаж өгөөгүй гэж үзэж байна.
******* сумын иргэдийн хурал энэ асуудлуудыг эрх мэдлийн хүрээнд шийдэх боломжгүй учир шийддэг байгууллагаар нь хууль зүйн дүгнэлт гаргуулъя. Үүний дараа энэ асуудлыг шийдье гээд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай тогтоолыг гаргасан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмнөх хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үйлдлүүдийг шалгасны дараа энэ хурлын тогтоолыг цуцлах, цуцлахгүй асуудлыг яривал яасан юм бэ гэсэн саналтай байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч талаас “...Захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримт цуглуулаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар, санал гаргах боломж олгоогүй, өмнө нь баталсан сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс манайд холбогдох хэсгийг ямар үндэслэлээр хасаж байгаа нь тодорхойгүй, энэ актын улмаас сумын Засаг даргаас гэрээ байгуулахаас татгалзсан учир ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайдаа үйл ажиллагаа явуулах, засварын газар, кемп байгуулах боломжгүй, санхүүгийн хүнд байдалд орж, хохирол хүлээх нөхцөл үүссэн, хууль бус захиргааны акт...” гэж,
3. Хариуцагч талаас “...газар нутгаа уул уурхайн үйлдвэрлэл, авто зам, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалж байгалийн унаган төрх, хэв шинжийг нь хэвээр хадгалан нутгийн ард иргэдийн малаа маллах бэлчээрийг хамгаалах зорилгоор 2022 оны 9/10 тогтоолын хавсралтад тусгагдсан "*******" ХХК-тай холбоотой "Ихэр" нэртэй 94 га газрыг 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, тухайн газар нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрын хэв шинжийг агуулсан, уул тал хосолсон нэн ховор, ховордсон ан амьтан, ургамал, булаг шанд бүхий ан амьтан жигүүртний нүүдэллэж, өсөн үрждэг нэн таатай орчин болоод түүх соёлын дурсгалт зүйлстэй Хурлын 2014 оны 6/01 дүгээр тогтоолоор сумын "Есөн гайхамшиг"-аар тодруулсан нутаг учраас сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй, компанийн хууль ёсны эрх ашгийг хохироосон үйл ажиллагаа болоогүй, иргэдийг хуурч хуульд нийцэхгүй гэрээ байгуулсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байж болзошгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тус тус тайлбарлан маргасан.
4. “*******” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд “уурхайн талбай дотроо уурхайн эдэлбэрт буюу 94 /ил уурхайн 50га, шимт хөрсний овоолго 5га, хаягдлын овоолго 1га, хөрсний овоолго 30га, нүүрсний овоолго 4га, засварын газар 1га, уурхайн кемп 3га/ га газрын зөвшөөрөл хүсч, хурлаар хэлэлцүүлэх” агуулга бүхий хүсэлтүүдийг[2] Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд болон тус сумын газрын мэргэжилтэнд гаргасан ба мөн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 9/10 дугаар тогтоолоор “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-г баталж, уг тогтоолын хавсралтад мөн сумын 2 дугаар баг /Баясах/-ийн “Ихэр” нэршилтэй газарт ашиглалт, олборлолт явуулж буй уурхайн талбай /900000м2/, уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж барих /40000м2/ зориулалтаар нийт 940000м2 буюу 94 га газрыг тус компанийн МV-019137 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн дотор ашиглуулахаар тусгагдсан, энэ тусгагдсан эдэлбэр газар /94 га/ нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа болон тусгай хэрэгцээний, хориглосон, хязгаарласан газруудтай давхцалгүй болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10/940, Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мөн оны 70 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн “Ашигт малтмал ашиглалтын МV-019137 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хамаарч буй нэгж талбарыг харуулсан зураг” зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар[3] тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй.
5. Гэтэл Маргаан бүхий ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дүгээр тогтоолоор[4] дээрх 9/10 дугаартай тогтоолын хавсралтын “уул уурхайн ашиглалт, олборлолт, үйлдвэрлэлийн барилга байгууламж явуулах” зориулалтаар тусгагдсан нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах 94 га газрыг сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасч шийдвэрлэжээ.
6. Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Газрын хэвлий, ...байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа нь ...газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, ...сум ...-ын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байна”, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж тус тус зааснаас үзвэл газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбогдсон харилцааг өөр хуулиар нарийвчлан зохицуулахаар, харин баялаг ашиглахаас бусад зорилгоор газрын хэвлийг ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмаар буюу тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байхаар хуульчилсан.
7. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах...”-аар, 27 дугаар зүйлийн 27.1.8-д “ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах”, 27.1.11-т “холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах”-аар, 36 дугаар зүйлийн 36.1-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 26.5-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгүүлснээс хойш 3 сарын дотор хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын тавьсан техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав тэмдэг тавих бөгөөд уурхайн талбайн хилийн хэмжилтийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, хил тогтоосон тухай актыг тус албанд ирүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар ашиглах эрх авсан байхыг шаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсоноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэхээр байна.
8. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д “газар, ус ашиглах тухай гэрээ байгуулах”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “... гэрээ байгуулан газрыг ашиглаж... байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 4-т “Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ...аж ахуйн нэгж… газрын төлбөрийг ...хоёр дахин өсгөж тооцно” гэж тус тус заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу “*******” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МҮ-019137 дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай дээрээ /дотор/ ашигт малтмал олборлохын тулд газар ашиглах /тухайлбал: ил уурхайн, хөрсний, хаягдлын, нүүрсний овоолго, засварын болон уурхайн кемп бий болгоход/ тохиолдолд гэрээ байгуулах, улмаар газрын төлбөрийг хоёр дахин өсгөж төлөх үүрэгтэй байна.
9. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаар нэхэмжлэгчийн ашиглахыг хүсэж буй талбайг зориулалтаар нь ашиглуулах буюу уг талбайг сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар байх тул хариуцагчаас өмнө нь ******* сумын Засаг даргын саналыг хэлэлцэж “сумын 2023 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгаж баталсан талбайг иргэдээс ирүүлсэн өргөдөл /уул уурхайн компани дахин нээлгэхгүй байх агуулгатай, давхардсан тоогоор 300 орчим хүний гарын үсэгтэй, “*******”, “ЕАИ” ХХК-иудын газрын зөвшөөрлийг буцаан цуцлуулах асуудлыг Хурлаар шийдвэрлүүлэхийг хүссэн/-ийг[5] үндэслэн хассан нь хууль бус, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон нэхэмжлэгчийн хувьд газрын хэвлийд оршдог эрдэсийн хуримтлалыг олборлохын тулд зохих хэмжээний газар зайлшгүй ашиглах шаардлагатай, энэхүү нөхцөлийг бүрдүүлэх нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэгт хамаарах тул хариуцагч талаас гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
10. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар хариуцагч ******* сумын ******* нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг мөрдөж, биелүүлэх үүрэгтэй.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт “нутгийн нилээд айлуудын өвөлжөө, хаваржаа, малын бэлчээр, худаг, ус байгаа”, мөн Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2023 оны 70 тоот албан бичигт “...тусгай зөвшөөрлийн талбайд таван иргэний /1 эзэмшигч нь тодорхойгүй/ өвөлжөө, хаваржааны зориулалттай газар давхцаж байгаа...” гэсэн байх боловч уг албан бичигт хавсаргаж ирүүлсэн баримтууд[6], хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан долоон байршилд буюу 94 га газар нь дээрх таван иргэний өвөлжөө, хаваржааны газруудтай давхцалгүй, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 6/01 дүгээр тогтоолоор баталсан “Сумын...Есөн гайхамшиг”-ийг тодруулсан нэршил бүхий газар нутагт хамаарахгүй[7], эдгээрийг нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах 94 га газрыг сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасах маргаан бүхий захиргааны актын үндэслэлээ болгоогүй байна.
12. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас[8] үзэхэд Зангатын нүүрсний уурхайн нөлөөллийн бүсэд өвөлжөө, хаваржаа нь орсон ******* сумын Баясах багийн 8 малчин-өрх айлуудтай харилцан тохиролцож, 2017-2018 онд “Худалдах, худалдан авах”, “Хөршийн эрхийн” гэрээнүүдийг байгуулж, мөн “Хамтран ажиллах, харилцан туслах” гэрээний дагуу малчдад өвс, тэжээлийн тусламж хүргүүлжээ. Хэдийгээр Газрын тухай хуулиар иргэний эзэмших эрх бүхий газрыг бусад этгээд мөнгөөр худалдан авах талаар хуульчлагдаагүй, иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч боловч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд газар эзэмших эрхийг шилжүүлж авахыг хуулиар хориглоогүй, мөн Баясах багийн иргэдийн Нийтийн хурлын ямар шийдвэрийг хуурамч баримт байсан гэдгийг шалгаж тогтоосон байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй.
13. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой.
14. Тиймээ “*******” ХХК болон уурхайн нөлөөллийн бүсэд байрших иргэдийг хуурч хуульд нийцэхгүй гэрээ байгуулсан эсэх, Баясах багийн иргэдийн Нийтийн хурлын шийдвэр болон хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байж болзошгүй эсэх зэрэг нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул дээрх үйл баримтад дүгнэлт өгөөгүй болно.
15. Түүнчлэн, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дүгээр зүйлд зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг оролцуулж, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангаагүй зэргээр хууль зөрчсөн болох нь талуудын тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.
15.1. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдлыг зааж өгсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэж заасан ба маргаан бүхий захиргааны актаар “Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасагдсан газар /нэхэмжлэгчийн МҮ-019137 дугаар тусгай зөвшөөрлийн уурхайн талбайн доторх 94 га/ нь мөн Хурлын 2014 оны 6/01 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “******* сумын байгалийн үзэсгэлэнт Есөн гайхамшиг"-аар тодруулсан газар нутагтай газар зүйн байршил, орон зайн хил хязгаарын хувьд давхцаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан мөн Хурлын дээрх тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 10 дугаар тэмдэглэл зэрэг баримтаар[9] нотлогдож байх тул хариуцагчаас “тухайн газар нь Хурлын 2014 оны 6/01 дүгээр тогтоолоор сумын "Есөн гайхамшиг"-аар тодруулсан нутаг учраас Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг үндэслэн сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд нийцээгүй.
15.2. Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн тайлбар, хэрэгт авагдсан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл[10] зэргээс үзэхэд тус өдрийн хуралдаанаар иргэдээс ирүүлсэн “уул уурхайн компани дахин нээлгэхгүй байх, “*******”, “ЕАИ” ХХК-иудын газрын зөвшөөрлийг буцаан цуцлуулах” асуудлыг хэлэлцэхдээ ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хоёр компанийн “ЕАИ” ХХК-ийн газрын асуудлыг хэлэлцэх асуудлаас хассан атлаа “*******” ХХК-нд холбогдох хэсэг буюу мөн Хурлын 2022 оны 9/10 дугаар тогтоолын хавсралтад тусгагдсан газрыг 14 хоног /ажлын/-ийн дараа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнөөс хасч шийдвэрлэсэн нь “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим нийцээгүй тул нэхэмжлэгч талаас гаргасан “...иргэдтэй холбоотой ямар нэгэн маргаангүй, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байхгүй, хариуцагч гаргасан шийдвэрээ ямар ч үндэслэлгүйгээр сар хүрэхгүй хугацаанд хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим алдагдаж байна...” гэх тайлбар үндэслэлтэй.
16. Иймд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, газар ашиглах эрхийг хязгаарласан хууль бус байх тул Өмнөговь аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 55 дугаар зүйлийн 55.1, Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.8, 27.1.11, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.8 дахь заалтыг тус тус баримтлан “*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/01 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хавтаст хэргийн 6, 10-13, 38 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 16-17, 108-121 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 18 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 58-74 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 41-50 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 90, 96-99, мөн хэрэгт хавсаргагдсан “Байгаль орчинд нөлөөллийн нарийвчилсан тайлан”-гийн 5, 27, 29 дүгээр хуудас, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 134 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 90, 96-99 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас