Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 261

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Л.Соёмбо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр /0162/,

Шүүгдэгч Н.Хаянхярваа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн шүүгдэгч Боржигон овгийн Нямсүрэнгийн Хаянхярваад холбогдох эрүүгийн 201626023094 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр Одонтуяа, 9 настай хүү Тэмүүлэн нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Амгалан хотхон 13-68 тоотод оршин суудаг улсаас авсан гавъяа шагнал үгүй, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар гэм буруутайд тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн, Боржигон овогт Нямсүрэнгийн Хаянхярваа /РД:ХД87060914/.

 

Үйлдсэн  хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр:

Шүүгдэгч Н.Хаянхярваа нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд БГД-н 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал дээр автобусан дотор байхдаа иргэн М.Даваагын халааснаас Самсунг галакси Жи3 загварын гар утсыг хулгайлан авч бусдад 330,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн яллагдагч Н.Хаянхярваа нь дээрхи үйлдэлдээ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Хаянхярваа мэдүүлэхдээ: “Болсон асуудлын талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

                

            Мөрдөн байцаалтанд хохирогч М.Даваа мэдүүлэхдээ: “2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал орох замдаа автобусан дотор зогсож явж байх үедээ халааснаасаа Самсунг Галакси Жи3 загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм.

            ...Би хулгайд алдсан гар утсаа эргүүлэн авсан. Би гар утсаа өнгө болон 358987/07/521391/4 гэсэн IMIE кодоор нь таньж байна. Надад өөр алдагдсан эд зүйл байхгүй. Одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй”.....гэжээ. /хх 10 хуудас/

 

                        Гэрч Э.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: “...М.Даваа нь манай цагдаагийн байгууллагад гар утсаа алдлаа гэж өргөдөл гаргасан хүн байгаа юм. Н.Хаянхярваа нь халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүргэлтэй байдаг хүн байгаа юм.

            Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны 19 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10-р хорооллын автобусны буудал дээр зогсож байхад халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээд Н.Хаянхярваа “Зүүн салаа” чиглэлийн автобуснаас бууж ирэхэд нь шалгасан тэгэхэд Н.Хаянхярваагаас Самсунг Галакси Жи3 загварын гар утас гарч ирэхээр нь хэний гар утас юм бэ? гэж асуухад би сая автобуснаас буухдаа хулгайлсан юм аа гээд байж байхад хохирогч Даваа гар утсаа алдчихлаа гээд ирсэн тэгээд мэдсэн.

            Н.Хаянхярваа нь халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст 2016 оны 3 дугаар сард халаасны гэмт хэрэг үйлдээд шалгагдаж байсан...” гэжээ. /хх 11 хуудас/

 

            Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 7-8 хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ /хх 6 хуудас/

                        Шүүгдэгч Б.Мягмаржавын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 14 хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 20 хуудас/

            Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 23-24/

2017.01.23 өдөр яллах дүгнэлт гардуулсан тухай баримт /хх 39/

2017.01.30-ны өдөр 13 цаг 30 минутад болох хурлын товыг мэдэгдсэн баримт /хх 42/

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.30-ны өдрийн 92 дугаартай шүүгдэгчийг албадан ирүүлэх тухай захирамж /хх 44/

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.13-ны өдрийн 127 дугаартай батлан даагч нарт торгууль оногдуулах тухай захирамж /хх 53/

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.24-ний өдрийн 156 дугаартай хэргийг түтгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай захирамж /хх 56/

Цагдаагийн Ерөнхий газар Мөрдөн байцаах албанаас ирүүлсэн 2017.03.24-ний 14/7-1921 дугаартай албан тоот /хх 58/

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.04-ны өдрийн 284 дугаартай мөрдөн байцаалтанд буцаах тухай захирамж /хх 60/

Сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тухай тогтоол /хх 77/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

            Шүүхийн дүгнэлт:

            Шүүгдэгч Н.Хаянхярваа нь 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд БГД-н 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал дээр автобусан дотор байхдаа иргэн М.Даваагын халааснаас нь Самсунг галакси Жи3 загварын гар утсыг хулгайлан авч бусдад 330,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

            Мөн яллагдагч Н.Хаянхярваа нь дээрхи үйлдэлдээ Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх хугацаандаа зориуд зайлсхийсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Даваа /хх 10 хуудас/, гэрч Э.Мягмарсүрэн /хх 11 хуудас/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 7-8 хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /хх 6 хуудас/, шүүгдэгч Б.Мягмаржавын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 14 хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 20 хуудас/, Баянгол дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 23-24/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

           Иймд шүүгдэгч Н.Хаянхярвааг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

           

            Шүүгдэгч Н.Хаянхярваагийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа дууссан байх тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэл бүхий байна.

 

Шүүгдэгч Н.Хаянхярваа бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Хаянхярваагийн гадаад паспортыг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох, бусдад төлөх төлбөргүй, хохирогч хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 58 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох зэргийг тус тус дурдлаа.

 

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Нямсүрэнгийн Хаянхярваа нь бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Мөн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Хаянхярваад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Нямсүрэнгийн Хаянхярвааг 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хаянхярваад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Н.Хаянхярваагийн цагдан хоригдсон 58 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хавсарган ирүүлсэн шүүгдэгч Н.Хаянхярваагийн Е-1065264 дугаартай гадаад паспортыг өөрт нь болон ар гэрт нь буцаан олгосугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Н.Хаянхярваагийн цагдан хорих тасдан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Н.Хаянхярваагийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                   

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ