Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/255

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл,

улсын яллагч ***,

           шүүгдэгч ***,

           шүүгдэгчийн өмгөөлөгч *** нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***овогт **** холбогдох эрүүгийн *** дугаартай, 316/2025/0232/Э индекстэй хэргийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** ургийн овогт **** (РД:***);

Холбогдсон хэргийн товч утга /Яллах дүгнэлтэд дурьдснаар/:

           Шүүгдэгч **** нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* ******* Улсаас 17 нэр төрлийн эмийг Монгол Улсын дотоодын зах зээлд худалдан борлуулах зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр хил нэвтрүүлж, импортлох-ханган нийлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

                 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ***л нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* ******* Улсаас 17 нэр төрлийн эмийг Монгол Улсын дотоодын зах зээлд худалдан борлуулах зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр хил нэвтрүүлж, импортлох-ханган нийлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

           Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** өгсөн мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хамгийн бага хэмжээгээр торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү. Би 8,000,000 төгрөгийг яагаад ч төлж чадахгүй” гэжээ[1],

            2.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ******* холбооны улсын “*******” явах “Альфардмаркийн тээврийн хэрэгсэлд суугаад Монгол Улсын хилээр гарч “*******” хотод 16 цагийн орчим очсон. *** бид хоёр вокзал дээр очиж хүлээж байгаад 19 цаг 45 минутын орчим “” явах вагонд суусан. “”-д 12 дугаар сарын 08-ны өдрийн 03 цагийн орчим “” хотод очиж вокзал дээр сууж байгаад өглөө 09 цагийн үед *** эгч бид 2 аптекуудаар явж эмүүд худалдаж авсан. Хүмүүс худалдаж авахад эрэлттэй эмүүд нь юу байж болох вэ? гэж бодож байгаад би ярина, пентаса, аковгин гэх эмүүдийг худалдаж авсан. Эмүүд нь нэг дор ихээрээ байгаагүй учраас тэндээ 2 хоног эмүүд авч удсан. Худалдаж авсан эмүүдээ улсын хилээр аюулгүй гаргах зорилгоор буудалласан буудал дотроо 12 дугаар сарын 09-ний өдрийн орой ундааны сав, чикопай, өглөөний цайны саванд өөрийн худалдан авсан эмүүдийг хувааж хийгээд амарсан. Өнөө өдрийн өглөө 12 дугаар сарын 10-ны өдөр хотоос 08 цагийн вагонд суусан. *** бид 2 вагоноос буугаад ирэхэд вокзал дээр нэг залуу байсан ба *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан. Монгол Улсын хил дээр орж ирэхэд 00 цаг өнгөрсөн байсан учраас 12 дугаар сарын 11-ний өдрийн хэдэн цаг болж байсан гэдгийг мэдэхгүй ачаа бараагаа шалгуулж байхад нэгдсэн шалгалт явж байгаа гээд манай машиныг шалгахаар болж шалгахад бид 2-ын авсан эмийн зүйлс гаалийн ажилтнууд цүнхэн дотроос гаргаж ирсэн. *** бид 2 ******* ******* Улсын “” хотын эмийн сангуудаар явж үзэхэд хэд хэдэн эмийн сангийн салбарууд байсан үнийн судалгаа хийхэд Фармэкономик эмийн сангийн салбарууд нь үнэ хямд байсан учраас Фармэкономик эмийн сангийн салбаруудаас эмүүдээ худалдан авсан. Газар нутаг хэлж мэдэхгүй учраас 3-4 Фармэкономик эмийн сангийн салбаруудаас эмүүдээ худалдан авсан. *** мөн тухайн эмийн сангуудаас авсан байх. *** ханиад болон дархлаа дэмжих бүтээгдэхүүн худалдан авч байсан..” гэсэн мэдүүлэг[2];

           3.Гэрч ***о мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “*******” хотоос Улаанбаатар чиглэлд өөрийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчигч авч явахаар “*******” хотод байсан. Би “фэйсбүүк” цахим хаягаараа “*******” дахь Улаанбаатар Монголчууд”, “******* дахь Монголчууд” гэх групп хаягт өөрийн хаягнаас “*******-Улаанбаатар” зорчигч авч явна ***” гэж Монгол дугаараа бичсэн байсан. Тэгсэн над руу орос дугаараас залгаад намайг “явах уу явах бол орой 17 цаг цагт вокзал дээр хүрээд ир, “”-ийн вагон тосчих” гэж хэлсэн. Би Монгол улс руу явах зарим нэг хүмүүсээ аваад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг вокзал дээр яваад очиход 2 эмэгтэй нилээн хүнд ачаа тээштэй гарч ирсэн. Би өөрийн машиндаа ачаад Монгол Улсын хил буюу Сэлэнгэ аймгийн сумын замын боомтоор машинаа шалгуулаад орж ирсэн.Би “*******” хотоос хөдлөөд Орос Улсын хилээр нэвтрээд Монгол Улсын хил дээр гаалийн алба хаагч нар шалгаж дуусаад дахин шалгалтанд оруулна гээд миний машиныг граж руу оруулж шалгасан. Тухайн үед сүүлд вокзал дээрээс суусан 2 эмэгтэйгийн ачаа тээшнээс эм гарч ирсэн. *** нар нь анх машинд суухдаа ямар нэгэн юм хэлээгүй. *** гэж бие биенээ дуудаж байсан. Адилхан 2 цэнхэр цүнх л харагдсан. Бусад нь хүнсий зүйлс байх шиг байсан. Ачаагаа гааль дээр буулгаж байхад эм гарч ирсэн. Гааль дээр цүнхээс гарч ирсэн эмнүүд хэний эм байсан болохыг хэлж мэдэхгүй байна. Өөр өөрийнхөө ачааг урдаа авцгаа гэхэд *** гэх эмэгтэйчүүд ачаан дээрээ очиход ачаан дотроос нь эмнүүд гарч ирсэн. ******* хотоос гараад явж байхдаа *** нар нь хоорондоо эм болон ачаа тээшний талаар ямар нэгэн зүйл яриаагүй. Миний машинд *** гэх хүмүүсээс гадна манай ах болон 3 зорчигч явж байсан. Замдаа бүгд дор бүрнээ сандал дээрээ унтаж байсан. *** нар хэн нэгний ачаа ачиж яваа талаар хэлээгүй. Ямар нэгэн дайвар авч яваа талаараа хэлээгүй. *** танихгүй. Анх удаа тэр үед явсан. *** нар гийн вагоноос буусан. *** нар нь 2-лаа гарч ирээд вагонд суусан, өөр хэн нэгэн тэр хоёрыг суулгаж өгөөгүй” гэх мэдүүлэг[3];

4.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын авто замын боомт дээр 20 цагаас 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн хооронд хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд байнгын шинжтэй явдаг тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг 12 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчим *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад жолоочоос гадна 6 зорчигч явсан. Зорчигч нарыг буулгаж тус тусын ачаагаа урдаа аваад шалгуулахыг хүсэхэд зорчигч нар тээшнүүдээ урдаа авсан. Шалгалтаар хамт явж байгаа гэх 2 эмэгтэйгийн ачаан дунд байх  “Чоко пайе” жигэмнэгний хайрцагнаас эмийн зүйл гарсан учраас тухайн хүмүүсийн тээшийг нэг бүрчлэн үзэхэд Gold “ нэртэй ундааны сав, өглөөний цайны сав зэргийг задлаагүй бүтэн мэт харагдуулахаар доторх эд зүйлсийг авч эмийн зүйлийг хийсэн байсан. Тухайн хүмүүсээс хэний бараа бүтээгдэхүүн болох талаар тодруулж асуухад бид 2 тус тусдаа эмийн зүйлсийг ******* холбооны улсын “” хотоос худалдаж авсан талаараа хэлсэн учраас үзлэгийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн үед явуулж 03 цагт дуусгасан. Үзлэгийн явцад *** гэх хүмүүс тус тусын худалдаж авсан эмнүүдээ зааж хэлсэн. Түүнийг үзлэгийн тэмдэглэлд тусгасан байгаа. Гаалийн тухай хуулинд зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах өвчтэй хүний хэрэглэдэг /3 сар хүртэлх/ эм, эмнэлгийн хэрэгсэл багтана гэж заасан байдаг. Тийм учраас хувь хүн өөрийн хэрэгцээний эмийг 7 хоног хүртэлх хугацааны эмийг, эмчийн бичсэн жорын хамт авч явах ёстой. Гэтэл *** нар нь тус тусдаа их хэмжээний эмийг оруулж ирсэн. Мөн Монгол Улсын хилээр нууцаар оруулж ирэх зорилгоор бараа бүтээгдэхүүний сав боодолд нууж оруулж ирсэн...” гэх мэдүүлэг[4];

5.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн сумын авто замын боомт дээр 20 цагаас 12 дугаар сарын 11-ний өдрийн 08 цагийн хооронд нэгдсэн хяналт шалгалтын үүргийг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд байнгын шинжтэй явдаг тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг хийх явцад 12 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчим *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг давхар хяналтаар би шалгахад жолоочоос гадна 6 зорчигч явсан. Би хяналт шалгалтыг явуулахдаа бичлэг хийж явуулахад зорчигч нараас 2 эмэгтэй чокопай жигнэмэгний хайрцаг, “Gold” нэртэй ундааны сав, өглөөний цайны сав зэргийг задлаагүй бүтэн мэт харагдуулахаар доторх эд зүйлсийг авч эмийн зүйлийг хийсэн байсан. Тухайн хүмүүсээс хэний бараа бүтээгдэхүүн болох талаар тодруулж асуухад бид 2 тус тусдаа эмийн зүйлсийг ******* ******* улсын “” хотоос худалдаж авсан талаараа хэлсэн учраас үзлэгийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн үед явуулж 03 цагт дуусгасан. Үзлэгийн явцад *** гэх хүмүүс тус тусын худалдаж авсан эмнүүдээ зааж хэлсэн. Түүнийг үзлэгийн тэмдэглэлд тусгасан байгаа. Эмийн зүйлс гарч ирэхэд бөөнд нь нэг газар асгаж байгаад дараа нь тухайн 2 хүнээс хэн хэний эмийн зүйлс болохыг өөрсдөөр нь ялгуулсан. Тухайн хүмүүс өөрсдөө ялгаж, өөрсдөө эмийн савнууд болон эм нууж оруулж ирсэн савнуудаа хувааж 2 хэсэг болгосон. Манай байгууллагын зүгээс ялгахад оролцоогүй. Тэр байдлаар нь савлаж баглаад цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. *** нар нь 2-уулаа худалдан борлуулах гэж байгаа талаараа хэлсэн. Тухайн үед хүйтэн ханиад дэгдэлтийн үе байсан. Яг цаг үеэ олсон ханиад дархлаа дэмжих хүмүүсийн эрэлттэй эмийн зүйлс байсан. *** зарах гэж байгаа гэж хэлсэн. Ах дүү болон бусад хүмүүс захисан гэж яриагүй. Байнгын худалдан авагчийн талаар яриагүй. Зарах гэж байгаа учраас эм ээ задлаад хайрцгийг нь гэмтээлгүй тусдаа нууж оруулж ирсэн. Хилээр оруулж ирээд хайрцаг саванд нь буцаагаад хийдэг гэж ярьж байсан. Хувь хүн өөрийн хэрэгцээний эмийг 7 хоног хүртэлх хугацааны эмийг. эмчийн бичсэн жорын хамт авч явах ёстой гэж хуулинд заасан байдаг. Тийм учраас тухайн хүнээс ямар нэгэн эмчийн бичсэн жор байгаа эсэхийг лавлаж асуухад байхгүй зарах гэж байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5],

6.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №18 дугаартай дүгнэлтэд:

Эмийн нэр

Монгол Улсад бүртгэлтэй дугаар

Тоо ширхэг

Эмийн хэлбэр

Бүртгүүлсэн

байгууллага

үйлчилгээ

Улс

Олгох нөхцөл

Хүчинтэй хугацаа

1.

Варфарин

 штада

F20141218BPO4097

100

шахмал

Монос фарм трейд ХХК

Тромбозоос сэргийлэх эм

ОХУ

Жороор

2024.12.18

2.

Виферон гель

F20140318LO03640

12 гр

Гель

Энто ХХК

Вирусын эсрэг эм

ОХУ

Жоргүй

2024.03.18

3.

Виферон мазь

F20140318LO03641

12 гр

Тосон түрхлэг

Энто ХХК

Вирусын эсрэг эм

ОХУ

жоргүй

2024.03.18

4.

Виферон

F20100825VO02436

 

10

Лаа

Энто ХХК

Вирусын эсрэг эм

ОХУ

Жоргүй

2025.08.25

5.

Виферон

F20100825VO02437

10

Лаа

Энто ХХК

Вирусын эсрэг эм

ОХУ

Жоргүй

2025.08.26

6.

Виферон

F20100825VO02438

10

Лаа

Энто ХХК

Вирусын эсрэг эм

ОХУ

Жоргүй

2025.08.27

7.

Виферон

F20101025VO02497

10

Лаа

Энто ХХК

Вирусын эсрэг эм

ОХУ

Жоргүй

2025.08.28

8.

Папаверина

F20030520AO01093

10

Лаа

Моносфарм Трейд ХХК

Зүрхний булчингийн цусан хангамж сайжруулах

ОХУ

Жоргүй

2027.05.20

9.

Снуп

F20190327RO06927

15мл

цацлага

Моносфарм Трейд ХХК

Хамрын цацлага

Монтенегро

Жоргүй

2029.03.27

10.

Снуп

F20190327RO06928

15мл

Цацлага

Моносфарм Трейд ХХК

Хамрын цацлага

Монтенегро

Жоргүй

2029.03.28

11.

Полижинакс

F199215GP00190

Лаа

Очир Буянт ЭХНТ ХХК

Үртрээний үрэвсэлд хэрэглэх эм

франц

Жороор

2027.12.15

12.

Флемоксин Солютаб

F20100426JP02390

20

Шахмал

Моносфарм Трейд ХХК

Антибиотик

Нидерланд

Жороор

2025.04.26

13.

Флемоксин Солютаб

F20100426JP02391

20

шахмал

Моносфарм Трейд ХХК

Антибиотик

Нидерланд

Жороор

2025.04.27

14.

Флемоксин Солютаб

F20100426JP02389

20

шахмал

Моносфарм Трейд ХХК

Антибиотик

Нидерланд

Жороор

2025.04.28

15.

Супракс Солютаб

F20110912JP02812

7

шахмал

Моносфарм Трейд ХХК

Антибиотик

Итали

Жороор

2021.09.12

16.

Актовегин

F20211006BP08057

50

шахмал

Моносфарм Трейд ХХК

Тархины цусан хангамжийн дутагдлын үед хэрэглэх эм

ОХУ

Жороор

2026.10.06

17.

Урсофальк

F20010330AO00736

100

капсул

Илдэнгүн хошуу ХХК

Элэг цөсний үйл ажиллагаанд нөлөөлөх эм

Герман

жороор

2029.03.30

гэх шинжээчийн дүгнэлт[6], 7.Үзлэг хийсэн тухай тэмдэглэл[7], 8.Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл[8], 9.Гадаад паспортны хуулбар[9], 10.Д.*******ын Гаалийн газарт гаргасан өргөдөл[10], 11.*** нарын өргөдөл, гадаад паспортны хуулбар[11], 12.Эмийн зураг[12], 13.Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[13],14.Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл,бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл[14], 15.Сэлэнгэ аймгийн Гаалийн газраас хийсэн мэдээлэл[15], 16.Иргэний үнэмлэхийн хуулбар[16], 17.Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[17], 18.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[18], 19.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[19], 20.Гэрлэсний бүртгэлийн лавлагаа[20], 21.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хариу[21], 22.Хил хамгаалах Ерөнхий газрын тодорхойлолт[22], 23.Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал[23], 24.Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[24], 25.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[25] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар 17 нэр төрлийн эмийг Монгол улсын дотоодын зах зээлд худалдан борлуулах зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр хил нэвтрүүлж, импортлох-ханган нийлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” болон түүний хувийн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч гэм буруу, эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 17 нэр төрлийн эмийг устгах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 8,400,000 төгрөгийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн саналыг шүүхэд гаргажээ[26].

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч *** өмгөөллийн дүгнэлтдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Бусдад төлөх төлбөргүй, анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, тогтсон гэр бүлтэй, 3 хүүхдийн хамт амьдардаг эмэгтэй байгаа юм. Нэгэнт гэм буруугаа хүлээж байгаа учраас 5400 нэгжээс эхлэн заасан байдаг тул хамгийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү. Хуульд зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргажээ[27].

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дээрх хүснэгтэнд жагсаагдсан 17 нэр төрлийн эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгахаар тогтоов.

Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль бусаар 17 нэр төрлийн эмийг Монгол улсын дотоодын зах зээлд худалдан борлуулах зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр хил нэвтрүүлж, импортлох-ханган нийлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дээрх хүснэгтэнд жагсаагдсан 17 нэр төрлийн эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

6.Шүүгдэгч *** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.АМАРГЭРЭЛ

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн  179-180 дугаар  хуудас 

[6] Хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 17-21 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 22-31 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 78-87 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 91 дүгээр хуудас

[17] Хавтаст хэргийн 92 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 93 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 94 дүгээр хуудас

[20] Хавтаст хэргийн 95 дугаар хуудас

[21] Хавтаст хэргийн 97 дугаар хуудас

[22] Хавтаст хэргийн 102-105 дугаар хуудас

[23] Хавтаст хэргийн 110-119 дүгээр хуудас

[24] Хавтаст хэргийн 120 дугаар хуудас

[25] Хавтаст хэргийн 121 дүгээр хуудас

[26] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[27] Шүүх хуралдааны тэмдэглэлээс