| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/01219/И |
| Дугаар | 101/ШШ2023/03396 |
| Огноо | 2023-07-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2023/03396
2023 07 06 101/ШШ2023/03396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х тоот хаяг, И ХХК-ийн /РД: ххххххххх нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ххххххххххххх тоот хаяг, С ХХК-д /РД: ххххххххх/ холбогдох
2022 оны 01 сарын 28-ны өдрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 193,651,045 төгрөгөөс хариуцагчийн нийлүүлсэн хаалга, суурилуулсан үнэ 42,684,000 төгрөгийг хасч нийт 150,967,045 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батболд шүүхэд нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
И ХХК нь С ХХК-тай 2022 оны 01 сарын 28-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр талууд дараахь гол нөхцлүүдийг харилцан тохиролцсон. Үүнд:
-С ХХК нь И ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй Их мандал цогцолбор хотхоны орон сууцны төсөлд зориулжххххххх брендийн шахмал бүтэцтэй, будагтай модон дотор хаалгыг БНХАУ-аас нийлүүлэх болон суурилуулж өгнө,
-900 мм*2100 мм хэмжээтэй, нэг бүр нь 689,900 төгрөгийн үнэтэй 391 ширхэг хаалга, суурилуулалт нь 17,595,000 төгрөг, 800 мм*2100 мм хэмжээтэй, нэг бүр нь 669,900 төгрөгийн үнэтэй 372 ширхэг хаалга, суурилуулалт нь 16,740,000 төгрөг, нийт гэрээний үнийн дүн нь 553,288,700 төгрөг байна.
Уг үнэд хаалга, бариул, цоож, нугас, түлхүүр, суурилуулалт болон суурилуулалтанд шаардлагатай туслах материалууд орсон.
Гэрээний хугацаа 2022 оны 01 сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 сарын 01-ний өдөр болно.
Гэрээг байгуулан төлбөрийг хүлээн авснаас хойш Хятад улсын цагаан сарын дараа буюу 2022 оны 02 сарын 20-ны өдрөөс хаалганы үйлдвэрлэлийг эхлүүлэн 2 сарын дотор бүрэн үйлдвэрлэж дуусган И ХХК-д мэдэгдэнэ. Үүнээс хойш Эрээн-Замын Үүд боомтоор тээвэрлэн оруулж ирэн нийлүүлэгчийн агуулахад хураасан байх ба суурилуулалтыг бүрэн хийж дууссаны дараа дуусгавар болно.
Гэрээний нийт үнийн дүн нь 553,288,700 төгрөг, энэ үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар болон тээврийн зардал багтсан. Гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 276,644,350 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл 50 хувь буюу 276,644,350 төгрөгт Их мандал цогцолбор хотхоны 1 дүгээр ээлжийн орон сууцнаас бартераар өгнө.
Гэрээний нийт дүнгийн бэлэн мөнгөөр өгөх 50 хувийн төлбөр буюу 76,644,350 төгрөгийн 70 хувь болох 193,651,045 төгрөгийг гэрээ байгуулж баталгаажсаны дараа ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ.
Дундын төлбөр болох 82,993,305 төгрөгийг хаалганууд бүрэн үйлдвэрлэгдэж тээвэрлэхэд бэлэн болсны дараа буюу И ХХК-д зураг болон бусад дагалдах баримтаар баталгаажуулж хүргүүлсэний дараа төлнө.
Гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 276,644,350 төгрөгийг И ХХК-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Өгөөмөр техникийн захын хойно баригдаж буй Их мандал цогцолбор хотхоноос 1 м.кв талбайг 2,500,000 төгрөгөөр тооцон, 2 ширхэг байрыг гүйцэтгэгч талд өгнө.
Манай талаас гэрээгээр тохирсон ёсоор урьдчилгаа төлбөрт нийт 193,651,045 төгрөгийг хариуцагч С ХХК-д шилжүүлсэн.
Гэрээ үргэлжлэх хугацаанд захиалагч буюу И ХХК нь талуудын байгуулсан гэрээний 2.2-т Гэрээг байгуулан төлбөрийг хүлээн авснаас хойш Хятад улсын цагаан сарын дараа буюу 2022 оны 02 сарын 20-ны өдрөөс хаалганы үйлдвэрлэлийг эхлүүлэн, 2 сарын дотор бүрэн үйлдвэрлэж дуусаад И ХХК-д мэдэгдэнэ. Үүнээс хойш Эрээн-Замын Үүд боомтоор тээвэрлэн оруулж ирэн нийлүүлэгчийн агуулахад хураасан байх ба суурилуулалтыг бүрэн хийж дууссаны дараа дуусгавар болгоно гэж заасны дагуу захиалсан бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлт, тээвэрлэлтийн явцын талаар мэдээлэл авахаар 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 2022/176 тоот албан бичиг, 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 2022/229 тоот албан бичиг тус тус хариуцагч С ХХК-д илгээсэн боловч ямар нэг албан ёсны хариу өгөөгүй.
2022 оны 06 сарын 13-ны өдөр хариуцагч С ХХК-ийн төлөөлөлтэй уулзан хуралдаж үйлдвэрлэлтийн явцын мэдээг албан бичгээр ирүүлэхийг, мөн бартерын байрны гэрээг хэний нэр дээр хийх талаар мэдээлэл өгөхөөр харилцан тохиролцсон боловч энэ талаарх мэдээллийг мөн л ирүүлээгүй.
Улмаар 2022 оны 12 сарын 12-ны өдөр талууд дахин уулзаж, хуралдсанаар дараах шийдэлд хүрсэн. Үүнд:
-Гэрээгээр нийлүүлэх Их мандал төслийн айлын дотор хаалгануудыг Хятадын талтай буюу үйлдвэртэй байгуулсан гэрээ, шилжүүлсэн юаны баримтыг манайд ирүүлэх, түүнийг үндэслэн дундын төлбөрийг захиалагч талаас манайд шилжүүлэх,
-Гэрээний төлбөрийн хэсэг болох бартерын 2 ширхэг байрны эхний 1 байрны гэрээг хийх, байр сонголтоо хийж бидэнд ирүүлэх,
-Хятад талын үйлдвэрийн хаяг болон эхний ачигдсан 400 ширхэг хаалга байршсан газрын хаягийг ирүүлэх, энэхүү 3 тохиролцоонд дахин хүрснээс хойш өнөөдрийг хүртэл дээрх ярилцан тохиролцсон асуудлын талаар манай компанид ямар нэгэн баримт, хариу албан бичиг огт ирүүлээгүй.
Гэрээг байгуулснаас хойш И ХХК нь асуудлыг аль болох эвийн журмаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэх арга замыг хайж, бизнесийн ёс зүйтэй байхыг хичээсэн боловч хариуцагч С ХХК эл байдлыг үл ойшоосон байдлаар хандаж манай компангийг ноцтой хохироож байна.
Хариуцагч компаниас 2022 оны 12 сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 сарын 06-ны өдөр хүртэл 30 ширхэг 800 мм*2100 мм хэмжээтэй 30 ширхэг, 900 мм*2100 мм хэмжээтэй, 40,794,000 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг хаалгыг тус тус хүлээн авсан.
Хаалганууд болон суурилалтуудын үнийг гэрээний дагуу тооцоход 1,890,000 төгрөг болсон.
Хэдийгээр эдгээр хаалганууд гэрээнд тусгагдсан буюу хариуцагчийн нийлүүлэх ёстой хаалгануудаас өөр нэр төрлийнх боловч бид эдгээр хаалгыг аргагүйн эрхэнд хүлээн авсан.
И ХХК нь банк, санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний зээл авч энэхүү барилгын төслөө хэрэгжүүлж байгаа. Гэтэл хариуцагч талын гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаагаас шалтгаалж барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацаагаа алдах, үүнтэй уялдан банкны зээл, хүүг тогтоосон хугацаандаа төлж чадахгүй давхар давхар хохирч байна.
Иймд И ХХК болон хариуцагч С ХХК-иудын 2022 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцлан, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 193,651,045 төгрөгөөс нийлүүлсэн хаалга, суурилуулсан үнэ 42,684,000 төгрөгийг хасч нийт 150,967,045 төгрөгийг хариуцагч С ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч С ХХК-ийн захирал Д.Б 2023 оны 05 сарын 24, 2023 оны 06 сарын 12-ны өдрүүдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилж байгаа мөнгийг өгөх боломжтой, эсвэл хаалгаар нь ч өгөх боломжтой. Манайд шинэ хаалга буусан очоод үзэж болно. Нэхэмжлэгч талтай эвлэрэх саналтай байна гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч И ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
2022 оны 01 сарын 22-ны өдрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээ, С ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С ХХК-д мөнгө шилжүүлсэн баримтууд,
С ХХК-д хүргүүлж байсан 2022 оны 05 сарын 27-ны өдрийн 2022/176 тоот, 2022 оны 07 сарын 5-ны өдрийн 2022/229 тоот, 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 2022/240 тоот, 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 2022/316 тоот, 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 2022/331 тоот хүсэлт, мэдэгдэх хуудас, шаардлагууд,
2022 оны 06 сарын 13, 2022 оны 12 сарын 12-ны өдрүүдэд С ХХК-ийн төлөөлөлтэй уулзсан тэмдэглэлүүд зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч С ХХК-д 2023 оны 04 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан ба хариуцагч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараа ирүүлсэн бөгөөд бичгээр тайлбар гаргаагүй болно.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 2022 оны 01 сарын 28-ны өдрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 193,651,045 төгрөгөөс хариуцагчийн нийлүүлсэн хаалга, суурилуулсан үнэ 42,684,000 төгрөгийг хасч нийт 150,967,045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Захиалагч буюу нэхэмжлэгч И нь гүйцэтгэгч буюу хариуцагч С ХХК-тай 2022 оны 01 сарын 28-ны өдөр Бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажл гүйцэтгэх гэрээ байгуулан гүйцэтгэгч С ХХК нь захиалагч И ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй Их мандал цогцолбор хотхоны орон сууцны төсөлд зориулж GOLDEA брэндийн шахмал бүтэцтэй, будагтай модон дотор хаалгыг БНХАУ-аас оруулж ирэн нийлүүлж, суурилуулахаар,
Нийт 763 ширхэг хаалгыг 1 бүрийн үнэ 689,900 төгрөг /900*2100 мм проём унтлагын өрөө/ болон 669,900 төгрөг /800*2100 мм проём угаалгын өрөө/, суурилуулалтыг 45,000 төгрөгөөр тооцож, нийт үнийн дүн 553,288,700 төгрөг байхаар,
Уг үнэд хаалга, бариул, цоож, нугас, түлхүүр, суурилуулалт болон суурилуулалтад шаардлагатай материал орсон болохыг тодорхойлон гэрээний хугацааг 2022 оны 01 сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 сарын 01 байхаар харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг ба дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
2022 оны 01 сарын 28-ны өдрийн гэрээнд талууд хэн аль нь хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 7-10 дугаар тал/
Дээрхи гэрээний 1.4-т зааснаар гүйцэтгэгч С ХХК нь 900 мм*2100 мм хэмжээтэй модон хаалга, 1 бүрийн үнэ 689,900 төгрөг, 391 ширхэг, нийт 269,750,900 төгрөг, суурилуулалтын үнэ 17,595,000 төгрөг,
800 мм*2100 мм хэмжээтэй модон хаалга, 1 бүрийн үнэ нь 669,900 төгрөг, 372 ширхэг, нийт 249,202,8000 төгрөг, суурилуулалтын үнэ 16,740,000 төгрөг,
Нийт 763 ширхэг, 518,953,700 төгрөгийн үнэ бүхий хаалга, суурилуулалт 34,335,000 төгрөг, бүгд 553,288,700 төгрөгийн үнэ бүхий ажлыг гүйцэтгэхээр,
3.2-т Гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 276,644,350 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдэгдэл 50 хувь буюу 276,644,350 төгрөгийг Их мандал цогцолбор хотхоны 1-р ээлжийн орон сууцнаас бартераар төлнө,
3.3-т Гэрээний үнийн дүнгийн бэлэн мөнгөөр өгөх 50 хувийн төлбөр буюу 276,644,350 төгрөгийг 70 хувь болох 193,651,045 төгрөгийг гэрээ байгуулж баталгаажсаны дараа ажлын 10 хоногийн дотор дараа шилжүүлнэ гэж тус ту харилцан тохиролцсон байна.
Гэрээнд дээрх байдлаар заасны дагуу захиалагч И ХХК нь Хаан банк дахь хххххххххххх тоот данснаасаа гүйцэтгэгч С ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ххххххххххххх тоот дансанд 100,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 28-ны өдөр,
93,651,045 төгрөгийг 2022 оны 03 сарын 23-ны өдөр тус тус шилжүүлэн, нийт 193,651,045 төгрөгийг гэрээнд заасны дагуу шилжүүлсэн нь зохигчийн тайлбар болон мөнгөн шилжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч С ХХК нь энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 11-12 дугаар тал/
Захиалагч И ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т Гэрээг байгуулан төлбөрийг хүлээн авснаас хойш Хятад улсын цагаан сарын дараа буюу 2022 оны 02 сарын 20-ны өдрөөс хаалганы үйлдвэрлэлийг эхлүүлэн, 2 сарын дотор бүрэн үйлдвэрлэж дуусаад И ХХК-д мэдэгдэнэ.
Үүнээс хойш Эрээн-Замын Үүд боомтоор тээвэрлэн оруулж ирэн нийлүүлэгчийн агуулахад хураасан байх ба суурилуулалтыг бүрэн хийж дууссаны дараа дуусгавар болгоно гэж заасны дагуу гэрээний хэрэгжилтийн талаар мэдээлэл авахаар 2022 оны 05 сарын 27-ны өдөр 2022/176 тоот, 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 2022/229 тоот албан бичгийг гүйцэтгэгч С ХХК-д тус тус хүргүүлж байжээ.
/ХХ-ийн 13-14 дүгээр тал/
Дээрхи гэрээний хэрэгжилттэй холбоотой захиалагч, нийлүүлэгч талууд 2022 оны 06 сарын 13-ны өдөр уулзалт зохион байгуулсан ба гүйцэтгэгч С ХХК нь 2022 оны 06 сарын 15-ны өдөр үйлдвэрлэлийн мэдээлэл, хугацааг тусгасан албан бичгийг захиалагч И ХХК-д хүргүүлэхээр тохиролцсон хэдий ч уг үүргээ биелүүлээгүй бөгөөд захиалагч тал 2022 оны 08 сарын 15-ны өдрийн 2022/240 тоот, 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 2022/316 тоот гэрээний үүргээ биелүүлэх туай мэдэгдлүүдийг дахин хүргүүлсэн байна.
/ХХ-ийн 15-16 дугаар тал/
Талууд 2022 оны 12 сарын 12-ны өдөр гэрээний хэрэгжилтийн талаар уулзалт зохион байгуулсан бөгөөд Их мандал төслийн айлын дотор хаалгануудыг нийлүүлэх талаар Хятадын талтай байгуулсан гэрээ, шилжүүлсэн юаны баримтыг болон Хятад талын үйлдвэрийн хаяг, эхний ачигдсан 400 ширхэг хаалга байршсан газрын хаягийг И ХХК-д ирүүлэхээр тохирсон гэх ба гүйцэтгэгч С ХХК уг үүргээ мөн л биелүүлээгүй байна.
/ХХ-ийн 19-23 дугаар тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т Гэрээний үйлчлэх хугацааг 2022 оны 01 сарын 28-наас 2022 оны 10 сарын 01,
2.2-т Гэрээг байгуулан төлбөрийг хүлээн авснаас хойш Хятад улсын цагаан сарын дараа буюу 2 сарын 20-нд хаалганы үйлдвэрлэлийг эхлүүлэн, 2 сарын дотор бүрэн үйлдвэрлэж дуусан, захиалагчид мэдэгдэх ба үүнээс хойш Эрээн-Замын Үүд боомтоор тээвэрлэн оруулж ирэн нийлүүлэгчийн агуулахад хураасан байх ба суурилуулалтыг бүрэн хийж дууссаны дараа дуусгавар болгоно,
5 дугаар зүйлийн 5.2.4-т Ажил гүйцэтгэгч нь гэрээнд дурдагдсан ажил үүргийг цаг хугацаанд мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүрэгтэй. Энэ талаар захиалагчаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж заасан бөгөөд гүйцэтгэгч С ХХК дээрх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдлоо.
Талуудын гэрээгээр тохирсон хугацаа 2022 оны 10 сарын 01-ний өдөр дуусгавар болсон бөгөөд захиалагч И ХХК-ийн гүйцэтгэгч С ХХК-д 2022 оны 12 сарын 28-ны өдөр хүргүүлсэн 2022/331 тоот шаардлагад:
... гэрээ байгуулснаас хойш 11 сарын хугацаа өнгөрч, гэрээний хугацаа ноцтой зөрчигдөн,төслийн талбайд 1 ч ширхэг хаалга буусангүй. Бид хэрэгжүүлж буй төслөө ашиглалтанд өгч улсын комисс ажиллуулахад хэдий нь бэлэн болсон ч айлын дотор хаалгагүйгээс асуудал гацсан, улмаар орон сууц захиалсан иргэдийн өмнө алданги, торгууль хүлээх эрсдэлд орсон.
Энэ талаараа танай талд удаа дараа албан бичиг болон утсаар мэдэгдэж, уулзаж хуралдсан ч үр дүнд хүрсэнгүй.
Иймд үйлдвэртэй байгуулсан гэрээ болон анхан шатны баримтыг 2022 оны 12 сарын 30-ны дотор ирүүлнэ үү. Дээрх хугацаанд ирүүлээгүй тохиолдолд шүүхийн байгууллагад хандах болно гэжээ.
/ХХ-ийн 17 дугаар тал/
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээ цуцлах тухайгаа хариуцагч талд мэдэгдэж байсан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдлоо.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч С ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсээр атал хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул захиалагч буюу нэхэмжлэгч И ХХК нь талуудын хооронд 2022 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан бараа бүтээгдэхүүн нийлүүлж, ажил гүйцэтгэх гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй.
Хариуцагч С ХХК-иас нэхэмжлэгч И ХХК нь 2022 оны 12 сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 сарын 06-ны өдрийн хооронд 30 ширхэг 800 мм*2100 мм хэмжээтэй 30 ширхэг, 900 мм*2100 мм хэмжээтэй, 40,794,000 төгрөгийн үнэ бүхий 60 ширхэг хаалгыг хүлээн авсан, суурилалтуудын үнэ гэрээний дагуу тооцоход 1,890,000 төгрөг, нийт 42,684,000 төгрөг болсныг хариуцагч талд гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлэн өгсөн 193,651,045 төгрөгөөс хасч 150,967,045 төгрөгийг С ХХК-иас нэхэмжилснийг хариуцагч С ХХК-ийн захирал Д.Б хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд тайлбар гаргасан болно.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,
мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй, үр дүн хүлээлгэн өгөөгүй хариуцагч буюу гүйцэтгэгч С ХХК-иас гэрээний урьдчилгаа төлбөрт ххүлээлгэн өгсөн мөнгөө захиалагч И ХХК шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 150,967,045 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгох нь зүйтэй.
Хариуцагч С ХХК-ийн эвлэрэн хэлэлцэх, өмгөөлөгч авах хүсэлтийн дагуу зохигчийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан бөгөөд 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч С ХХК-ийн захирал Д.Бд хуралдаан болохоос 24 хоногийн өмнө мэдэгдсэн ба тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч И ХХК-ийн хүсэлтийг үндэслэн хариуцагч С ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
/ХХ-ийн 38, 40-44, 51-55 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 150,967,045 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 912,785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 912,785 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3. Тус шүүхийн 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 5194 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч С ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 150,967,045 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН