Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/263

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Номин хөтөлж,

улсын яллагч ***,

шүүгдэгч ***,

шүүгдэгчийн өмгөөлөгч ***,

гэрч **** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** ургийн овогт **** холбогдох эрүүгийн 2531000000243 дугаартай, 316/2025/0222/Э индекстэй хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, зүтгүүрийн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, *** дүгээр баг, ** дугаар хэсэг, ** тоотод оршин суух хаягтай, урьд:

        -Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн2024/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлсэн,

        -Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, 08 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, *** ургийн овогт ****, /РД:***/;

Холбогдсон хэргийн талаар:

  Яллагдагч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын **дугаар баг, Төмөр замын зогсоолын арын уулзварын асфалтан зам дээр “Тоёота приус 41” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.26 хувийн согтолттойгоор жолоодох эрхээ хасуулсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаагаар хасуулсан байхдаа буюу 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, Төмөр замын зогсоолын арын уулзварын асфалтан зам дээр “Тоёота приус 41” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.26 хувийн согтолттойгоор жолоодох эрхээ хасуулсан үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

           1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэгтээ: “...Ээж, эмээ 2 хоорондоо ярилцаж байсан юм. Нилээд шөнө болсон байсан даралтны эм дууссан байсан тул би машин барих болсон, намайг согтуу байсныг мэдээгүй, ээж маань машин сайн барьдаггүй юм. Сэтгэл санааны асуудалтай байсан юм, найз охинтой хаягдсан. Гэм буруугаа ойлгож ухаарч байна” гэжээ[1],

         2.Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч *** зүгээс: “...Төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлан өгсөн. Өмгөөлөгчийн асуултанд хариулахдаа: Эмээгийн маань даралтны эм дууссан байсан учраас зайлшгүй эмийн сан орох хэрэгтэй байсан. Даралтны эм авахаар очиход эм ирээгүй байсан юм, барагшун ууж байгаад жоохон азнаж байгаад хэвтээд нилээд орой болсон байхад бөөлжис цутгаад ханиалгаад эхэлсэн. Харваж магадгүй гээд айгаад байсан. Охиноо дуудсан, хэсэгтээ тайвширах байх гэж бодсон, долоогоно дууссан байсан. Гэтэл охин хүүгээ аваад эмийн сан ороод ирье гэсэн. Даралт 180/100 байсан, түргэн дуудахаар тэдэн дуудлагын дараа гэдэг болохоор түргэн дуудаагүй. *** өвгөн бид хоёрын гар дээр өссөн. Ёстой хэрэг алга, миний л буруу байх даа” гэжээ.[2]

3.Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон гэрч *** зүгээс: “...Төрөл садангийн хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлан өгсөн. Өмгөөлөгчийн асуултанд хариулахдаа: Тухайн өдөр ээж сэрээгээд даралт нь ихсээд байна, эм байдаггүй ээ гэсэн юм. Би оройн цагаар машин барьж чаддаггүй тул хүүдээ хэлээд машин бариад явсан юм, би архи уусан байсныг мэдээгүй. Насанд хүрсэн том хүүхэд болохоор хаалттай болчих юм, найз охинтой байж байгаад жоохон гутраад сэтгэл санаа таагүй байгаад байгаа юм шиг байгаа юм. Тухайн үед архи уусан харагдаагүй, би машин барих сонирхолгүй, барихаараа айдаг” гэжээ[3].

          4.Гэрч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 123 дугаар постанд үүрэг гүйцэтгэх үедээ 01 цаг 30 минутын үед вокзалын арын уулзвар дээр “Тоёота приус 41” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад *** нь тээврийн хэрэгсэл жолоодож явж байсан. Би 123 постонд үлээлгэж шалгахад 1.26 хувийн согтолттой байсан ба тээврийн хэрэгслийг түр саатуулсан. “Тоёота приус 41” маркийн 42-98 улсын дугаартай тээврийн хэрэгслийг *** жолоодон явж байсан ба хажууд нь *** хамт явж байсан. Надад хэлэхдээ ойрхон эмийн сан орох гэж явж байна гэж хэлсэн…” гэх мэдүүлэг[4]; 5.Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл[5], 6.Согтуурал шалгасан тэмдэглэл[6], 7.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар[7], 8.Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9], 10.Жолоочийн лавлагаа[10], 11.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[11], 12.Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[12], 13.Иргэний үнэмлэхийн лавлагаа[13], 14.Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[14], 15.Шийтгэх тогтоолын хуулбар[15], 16.*** цагдаагийн газарт гаргасан хүсэлт[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүхээс шүүгдэгч *** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр мөн энэ зүйл ангиар 8 сар хорих ялаар шийтгүүлсэн биеэр эдэлж байна. Шүүгдэгчийг хорих ял эдэлж байх хугацаанд буюу энэ гэмт хэрэгт 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татагдсан. *** нь гэмшиж харамсаж байгаа болон дахин гэмт хэрэг үйлдэхгүй зөв төлөвшиж буйгаа илэрхийлж байсан. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт 14 хоног цагдан хоригдсон байна. ...4 сар, 11 хоног эдэлсэн энэ ялаа эдэлж дуусаад нийтэд тустай ажил хийлгэх ял тус тусад нь эдлүүлэх саналтай байна” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаангүй бусдад төлөх хохирол төлбөргүй байна. Шүүгдэгч нь бүрэн төлөвшөөгүй байгаа учраас удаа дараа ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна. Эмээгийн даралт нь ихсээд эмэнд явсан гэж байгаа боловч түүний үйлдлийг зөвтгөхгүй. Шүүгдэгчийн зүгээс нэмж хорих ял оногдуулахгүй байхыг анхаарч тухайн үед хорих ял авахдаа миний буруу байсан байна гээд давж заалдах гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн. Одоо бол эрүүл мэндийн хувьд асуудалгүй, насны хувьд залуу хүн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. 1,26 хувийн согтолттой үйлдэгдсэн, энэ нөхцөл байдлыг харгалзаад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал (эмээгийнх нь амь насанд аюултай нөхцөл байдалд тусламж үзүүлэхээр машин жолоодсон хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан байсан) харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч *** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн саналыг харгалзан Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, 08 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан ба уг ялыг эдэлж дуусч, дараа нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж эхэлсэн үеэс эхлэн давхардуулахгүйгээр тоолж, тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч *** ургийн овогт *** “В” ангилалын ***8 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад  С.Батболд, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.

Жич: /шүүгдэгч ***нь 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолоор тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2 жилийн хугацаагаар хасагдсан болохыг анхааралдаа авч, нийт 4 жилийн эрх хасах нэмэгдэл ялыг нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболд, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж байна./

Шүүгдэгч ***н энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцох нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид энэ хэрэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** ургийн овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/161 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасч, 08 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан ялыг эдэлж дууссаны дараа энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч *** оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг биелүүлсэн үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч *** ургийн овогт ***  “В” ангилалын *** дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг Улсын нэгдсэн бүртгэлд оруулахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасагт мэдэгдэж, мэдээллийг эрх бүхий албан тушаалтан, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболдод, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шүүгдэгч *** энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч тооцсугай.

7.Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид энэ тогтоолоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[4] Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 8 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 12 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 18 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 24-27, 30-36 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас