Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/03566

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 31 101/ШШ2023/03566

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххх тоот хаягт оршин суух, Э.Гийн /РД: хххххххх/,

Хариуцагч: хххххххххххх тоот, Э констракшн ХХК-д /РД:хххххххх/ холбогдох

23,241,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Г миний бие Э констракшн ХХК-тай 2020 оноос ажил хэргийн харилцаатай байгаа.

2020 оны 04 сарын 28-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Төмөр замын вокзалын хойд талд байрлах, 16 давхар барилгын 9-12 давхрын 805 м.кв талбайд арматурын ажил хийхээр тохирсон.

Уг ажлыг 1 м.кв-ыг нь 12,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирч ажлаа 100 хувь хийж гүйцэтгэсэн боловч ажлын хөлсний үлдэгдэл 7,641,000 төгрөгийг өгөөгүй.

9 давхрын ажлын гүйцэтгэлд 4,410,000 төгрөг авахаас 3,655,000 төгрөг авсан ба 735,000 төгрөгийг авна,

10 давхрын ажлын гүйцэтгэлд 5,755,000 төгрөг авахаас 4,604,000 төгрөг авсан ба одоо 1,151,000 төгрөг авна,

11 давхрын ажилд 8,050,000 төгрөг авахаас 6,440,000 төгрөг авсан бөгөөд 1,610,000 төгрөг авах ба 12 давхрын ажлын гүйцэтгэл 4,025,000 төгрөгийг аваагүй, туслахын цалин ингээд нийт 7,641,000 төгрөг болж байгаа.

Мөн тус компанийн захирал Ж.Энхбаяртай 2020 оны 09 сарын эхээр аман хэлбэрээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн Нисэхийн тойрог, Миний зах дэлгүүрийн ард байрлах орон сууцны суурийн 400 м.кв талбайд арматурын ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлын хөлс 10,000,000 төгрөгийг мөн л өгөөгүй.

2020 оны 09 сарын сүүлчээр Баянгол дүүргийн нутаг 4-р цахилгаан станцын ард байрлах барилгын суурийн 650 м.кв талбайд арматурын ажлыг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 10,000,000 төгрөгөөс 400,000 төгрөг өгсөн. Үлдэх 9,600,000 төгрөгийг өгөөгүй.

Нийт 27,241,000 төгрөгийг өгөөгүй бөгөөд удахгүй өгнө, мөнгө орж ирэхээр өгнө гэсээр өдий хүрсэн. 2022 оны 06 сарын 29-ний өдөрххххУБЧ улсын дугаартай, митсубиши кольт машиныг 7,500,000 төгрөгт тооцон авч үүнд 2022 оны 04 сард Мишээл экспо дээр хийсэн ажлын үлдэгдэл мөнгө 3,500,000 төгрөгийг болон 2020 оны 04 сарын ажлын хөлснөөс 4,000,000 төгрөгийг хасч ажлын хөлсөнд тооцож өгсөн.

2022 оны цагаан сарын дараа Э констракшн ХХК-ийн захирал Ж.Энхбаяр яриад бэлдэц, арматурын ажил байна, хийгээч гэсэн ба бид хоёр миний өмнө нь хийсэн ажлын хөлсний үлдэгдлийг төлөх талаар ярилцсан.

Би барилгын бригадтай ажлаасаа шалтгаалаад 13 орчим хүн байдаг.

Ингээд Мишээл экспо дээр 22 давхар барилгын 4,5 давхарт босоо хийцлэлд боолт, бэлдэц хийсэн ба арматур бэлдсэн. Энэ ажлын хөлсөнд 3,500,000 төгрөг авах байсан юм.

Ж.Энхбаяр захирал нийт 27,241,000 төгрөгийг өгөөгүй бөгөөд өгнө гэсээр өдий хүрсэн ба энэ мөнгөнөөс 7,500,000 төгрөгт тооцож 2022 оны 06 сарын 29-ний өдөр шилжүүлсэн дээр дурдсан авто машины үнээс 4,000,000 төгрөгийг хасч 23,241,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Ж.Энхбаяр захирал Хаан банк дахь өөрийн хххххххххх тоот данснаасаа 2020 оны 10 сарын 31-ний өдөр шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг хасч 20,241,000 төгрөгийг хариуцагч Э констракшн ХХК-иас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Э констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э констракшн ХХК нь Э.Гтэй 2020 оны 04 сарын 28-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Төмөр замын вокзалын хойд талд байрлах, 16 давхар барилгын 9-12 давхрын 805 м.кв талбайд арматурын ажил хийлгэхээр тохирсон.

Э.Гийн тухайд 9-11 давхрын ажлыг хийсэн. 12 давхрын ажлыг хийгээгүй гэж үзэж байгаа. 7,641,000 төгрөгөөс хоолны мөнгө хасагдах ёстой.

Тус компанийн захирал Ж.Энхбаяртай 2020 оны 09 сарын эхээр тохирч Хан-Уул дүүргийн Нисэхийн тойрог, Миний зах дэлгүүрийн ард байрлах орон сууцны суурийн 400 м.кв талбайд 10,000,000 төгрөгийн ажлын хөлстэй арматурын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажилласан нь үнэн.

2020 оны 09 сарын сүүлчээр Баянгол дүүргийн нутаг 4-р цахилгаан станцын ард байрлах барилгын суурийн 650 м.кв талбайд арматурын ажлыг хийсэн үнэн. 2020 оны 09 сарын ажлын тухайд гэвэл манай компанийн хувьцаа эзэмшигчид хоорондоо маргалдаад Г.Алтанцэцэг захирал хамаг бичиг баримтаа аваад явсан тул тооцоо нийлсэн баримт байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Э.Г нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, Э констракшн ХХК-тай 2020 оны 04 сарын 28-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, Э констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Э констракшн ХХК-тай тооцоо нийлсэн актууд, торгуулийн хуудас,

Ж.Энхбаяр нь хамтран ажиллах гэрээ байгуулж ажил хийлгэсэн боловч мөнгө өгөхгүй, залилсан гэх Э.Гийн гомдолд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 сарын 27-ны өдрийн 385 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоол,

Ж.Энхбаяр нь хамтран ажиллах гэрээ байгуулж ажил хийлгэсэн боловч мөнгө өгөхгүй, залилсан гэх Э.Гийн гомдолд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 сарын 18-ны өдрийн 617 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоол,

Э.Гийн хохирогч, гэрчээр өгч байсан мэдүүлгүүд зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Э констракшн ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм ирүүлсэн ба хариуцагчийн төлөөлөгч Д.Баясгалан 2023 оны 03 сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч бичгээр хариу тайлбараа гаргаагүй,

2023 оны 07 сарын 31-ний өдрийн хуралдаанд Э.Гт ажлын хөлсөндхххх УБЧ улсын дугаартай кольт маркийн авто машиныг 7,500,000 төгрөгт тооцож өгсөн баримтыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

2023 оны 05 сарын 18-ны өдрийн 12667 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.Гөөс түүний Хаан банк дахьххххххххх тоот дансны 2020 оноос хойш 2023 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хуулгыг,

Авто тээврийн үндэсний төвөөсххххУБЧ улсын дугаартай, митсубиши кольт машины хувийн хэргийн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Э констракшн ХХК-д холбогдуулан ажлын хөлсний үлдэгдэл 23,241,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Э констракшн ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оноос хойш барилгын ажил гүйцэтгэж байсан хэмээн тайлбарласныг хариуцагч тал эсэргүүцээгүй болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 79-250, 2 дугаар хавтасны 1-98 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Э.Г, хариуцагч Э констракшн ХХК нар 2020 оны 04 сарын 28-ны өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулан хөлсөөр ажиллагч Э.Г нь барилга угсралтын арматурын ажлын 1 м.кв 10,000 төгрөг, арматур боолт хийхээр, ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлээр төлөхөөр, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Төмөр замын вокзалын хойд талд байрлах, 16 давхар барилгын 9-12 давхруудад арматурын ажил хийлгэхээр харилцан тохиролцсон нь гэрээний хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байх ба гэрээ байгуулсан талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Уг гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 8-15 дугаар тал/

 

2020 оны 04 сарын 28-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Г 9 давхрын ажлын гүйцэтгэлд 4,410,000 төгрөг авахаас 3,655,000 төгрөг авсан ба үлдэгдэл 735,000 төгрөг,

10 давхрын ажлын гүйцэтгэлд 5,755,000 төгрөг авахаас 4,604,000 төгрөг авсан ба үлдэгдэл 1,151,000 төгрөг,

11 давхрын ажлын гүйцэтгэлд 8,050,000 төгрөг авахаас 6,440,000 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 1,610,000 төгрөг,

12 давхрын ажлын гүйцэтгэл 4,025,000 төгрөг тус тус аваагүй ба туслахын цалингийн хамт нийт 7,641,000 төгрөг болж байгаа гэж тайлбарласан ба Э.Гийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг Э констракшн ХХК-ийн талбайн инженер Э.Баярчимэг хүлээн авч нягтлан бодогч Г.Алтанцэцэг тооцоо хийж байсан нь гүйцэтгэл тооцох хуудсуудаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18-22 дугаар тал/

 

Хариуцагч Э констракшн ХХК нь Э.Гийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн гэрээний дагуу 9-11 давхруудад хийсэн ажлын тооцоололтой холбоотой маргаангүй, харин 12 давхрын ажлыг нэхэмжлэгч Э.Г гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байх боловч хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нотлох баримтаар үгүйсгээгүй.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 18-22 дугаар тал/

Мөн нэхэмжлэгч Э.Г нь 2020 оны 09 сард Хан-Уул дүүрэг, Нисэхийн тойрог, Миний зах дэлгүүрийн ард байрлах орон сууцны барилгын суурийн 400 м.кв талбайд 10,000,000 төгрөгийн арматурын ажил гүйцэтгэн ажлын хөлсөө аваагүй хэмээн тайлбарласныг хариуцагч Э констракшн ХХК уг ажлыг Э.Г хийж гүйцэтгэсэн нь үнэн, гагцхүү талуудын хоорондын маргаанаас үүдэн тооцоо нийлээгүй гэж тайлбарлалаа.

 

Мөн 2020 оны 09 сард Баянгол дүүргийн нутаг 4-р цахилгаан станцын ард байрлах барилгын суурийн 650 м.кв талбайд 10,000,000 төгрөгийн арматурын ажлыг хийж гүйцэтгэснээс ажлын хөлсөнд 400,000 төгрөг өгсөн, үлдэх 9,600,000 төгрөгийг өгөөгүй гэж тайлбарласныг хариуцагч Э констракшн ХХК үгүйсгээгүй бөгөөд тухайн ажлуудыг Э.Г хийж гүйцэтгэсэн нь үнэн, гагцхүү компаниийн хувьцаа эзэмшигчдийн маргаанаас үүдэн тооцоо нийлээгүй гэж тайлбарласан болно.

 

Хариуцагч Э констракшн ХХК нь нэхэмжлэгч Э.Гөөр 2022 оны 04 сард Мишээл экспо төвийн 22 давхар барилгын 4,5 давхарт барилгын ажил гүйцэтгүүлэн уг ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 3,500,000 төгрөг өгөх байсан талаар хэн аль нь маргаагүй.

Тухайн ажлын хөлсөнд болон 2020 оны 04 сард гүйцэтгэсэн ажлын хөлс 4,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийн ажлын хөлсөндхххх УБЧ улсын дугаар бүхий авто машиныг шилжүүлсэн талаар Э констракшн ХХК маргаагүй ба үүнтэй холбоотойгоор Э.Гт уг ажлын хөлсөнд тухайн авто машиныг хүлээлгэн өгсөн баримтыг ирүүлсэн байна.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 103-116, 136 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч Э.Г ажлыг гүйцэтгэсэн тул хариуцагч Э констракшн ХХК-иас ажлын хөлсийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Хариуцагч Э констракшн ХХК нь нэхэмжлэгч Э.Гт 2020 оны 03 сараас хойш 2022 оны 07 сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд тус компанитай хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг захирал-нягтлан бодогч Г.Алтанцэцэгийн Хаан банк дахь ххххххххххх тоот, инженер П.Ганзоригын мөн банк дахь хххххххххх тоот, захирал Ж.Энхбаярын хххххххххх тоот, компанийн хххххххххх тоот дансаар тус тус төлж байсан нь Э.Гийн Хаан банк дахь хххххххххх тоот дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд хариуцагч тал мөн энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 1 дүгэээр хавтасны 79-250, 2 дугаар хавтасны 1-98 дугаар тал/

 

2022 оны 07 сарын 02-ны өдөр Э констракшн ХХК-ийн захирал-нягтлан бодогч Г.Алтанцэцэгийн Хаан банк дахь ххххххххххх тоот данснаас нэхэмжлэгч Э.Гийн ххххххххх тоот дансанд колт машины төлбөр хэмээн 2,500,000 төгрөгийн орлого орсон байна.

Уг машины өмнөх эзэмшигч ххххххххххххийн Мацу мод ХХК дахь зээлийн үлдэгдэл төлбөр 718,510 төгрөгийг мөнх-эрдэнэ зээл хаав утгатай тус компанийн ххххххххххххтоот дансанд шилжүүлсэн, ххххххххххххийн мөн банк дахь ххххххххххх тоот дансанд 2022 оны 07 сарын 02-ны өдөр 50,000 төгрөг, 450,000 төгрөг, 1,121,500 төгрөг тус тус шилжүүлсэн хэмээн нэхэмжлэгч Э.Г тайлбарласан ба энэ нь түүний дансны хуулгаар тогтоогдсон бөгөөд үүнийг мөн хариуцагч тал эсэргүүцээгүй.

Ийнхүү хариуцагч талхххх УБЧ улсын дугаартай авто машины төлбөрийн асуудлыг дуусгавар болгосноор авто машины эзэмшигчийн эрх 2022 оны 07 сарын 04-ний өдөр бусдад шилжсэн байх ба хариуцагч талынхххх УБЧ улсын дугаартай авто машиныг Э.Гт 7,500,000 төгрөгт тооцон өгсөн баримтад энэ талаар буюу н.Мөнх-Эрдэнийн үлдэгдэл мөнгө Гийн данс руу шилжүүлнэ гэсэн тэмдэглэгээгээр нотлогдлоо.

/ХХ-ийн 2 дугаар хавтасны 35-36, 136 дугаар хуудасны ар тал/

 

Хариуцагч Э констракшн ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:

7,641,000+10,000,000+9,600,000 төгрөг=27,241,000 төгрөг,

27,241,000 төгрөг-4,000,000 төгрөг /2022.06.29-ний өдөрхххх УБЧ улсын дугаартай авто машин шилжүүлсэн/

23,241,000-3,000,000 төгрөг /2020.10.31-ний өдөр Ж.Энхбаярын хххххххххх тоот данснаас шилжүүлсэн, уг мөнгийг 2020.09 сард Хан-Уул дүүрэгт гүйцэтгэсэн 10,000,000 төгрөгийн ажлын хөлснөөс хасч тооцно хэмээн нэхэмжлэгч Э.Г хүлээн зөвшөөрч тайлбарласан болно/

Нийт 20,241,000 төгрөг байна.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Э констракшн ХХК-иас 20,241,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Гт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.3-т заасныг баримтлан тэдний эзгүйд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч Э констракшн ХХК-иас 20,241,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Гт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э констракшн ХХК-иас 259,155 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Гт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН