| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2023/03465/И |
| Дугаар | 101/ШШ2023/03592 |
| Огноо | 2023-08-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2023/03592
2023 08 02 101/ШШ2023/03592
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ххххххххххххх тоот хаягт байрлах, Г ББСБ ХХК-ийн /РД: хххххххххххх/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Бхххххххххххххтоот хаягт оршин суух, Ч.Ад /РД: хххххххххх/ холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 33,993,082 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батгарьд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батгарьд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2015 оны 01 сарын 28-ны өдөр 1/450 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ аван иргэд болон аж ахуйн нэгжид үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө барьцаалан зээлийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж юм.
Иргэн Ч.А 2022 оны 04 сарын 06-ны өдөр 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлэх хүсэлтийг манай байгууллагад гаргасан.
Ингээд 2022 оны 04 сарын 06-ны өдөр Ч.Атай ЗГ2204/16 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 3 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд түүний өмчлөлийн 2011 онд үйлдвэрлэгдсэн хххх УНП улсын дугаартай, хххххххххххххарлын дугаартай, хар өнгийн мерседес бенз ххххх маркийн авто машиныг барьцаалан үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх хххххххх тоот гэрээг тус тус байгуулсан.
Ч.А нь уг авто машинаа өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа. Зээлдэгч Ч.А зээлийн гэрээний хавсралтанд заасан үүргээ удаа дараа зөрчсөн бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 04 сарын 06-ны өдөр дуусгавар болсон.
Ч.А нь өнгөрсөн хугацаанд 4 удаа төлөлт хийсэн ба 2022 оны 05 сарын 06-ны өдөр 740,000 төгрөг, 2022 оны 07 сарын 04-ний өдөр 765,000 төгрөг, 2022 он 08 сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, 2022 оны 10 сарын 26-ны өдөр 770,000 төгрөг, нийт 3,025,000 төгрөг төлсөн. Үүнээс өөрөөр төлөлт хийгээгүй.
Анх тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 05 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 6,788,698 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162,740 төгрөг гаргуулах, нийт 31,951,438 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох хххх УНП улсын дугаартай авто машинаар үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагаа 2,041,644 төгрөгөөр нэмэгдүүлсэн.
Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан машин эвдрээд унахгүй байж байгаад 2-3 сарын өмнө засаад унаж байгаа сураг байсан, манайх машинаар үүргийн гүйцэтгэл хангуулах гэсэн боловч грашид байгаа гээд өгөхгүй байсан.
Иймд 2023 оны 07 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 8,490,068 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 503,014 төгрөг, нийт 33,993,082 төгрөгийг хариуцагч Ч.Агаас гаргуулж, барьцаа хөрөнгө болох хххх УНП улсын дугаартай авто машиныг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ч.Ан хувьд 25,000,000 төгрөг зээлэн авсан талаар маргаагүй. Нийт 4 удаагийн төлөлт хийсэн. Нэмэгдүүлсэн хүү төлөхгүй, зээлийн хүүгийн хэмжээг багасгаж өгөөч гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,
Зээл хүсэгчийн анкет, Ч.Ан иргэний үнэмлэхний хуулбар, хххх УНП улсын дугаартай авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
25,000,000 төгрөгийг Хаан банк дахьхххххххххтоот дансанд авах тухай Ч.Ан хүсэлт, зээлийг шилжүүлсэн баримт,зээл, хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга зэрэг баримтыг ирүүлжээ.
Хариуцагч Ч.А нь хариу тайлбар, итгэмжлэлүүд, Баянзүрх дүүргийн 24-р хорооны засаг даргын 2023 оны 08 сарын 01-ний өдрийн тодорхойлолт, Баянгол дүүргийн 7-р хорооны засаг даргын 2023 оны 07 сарын 31-ний өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь хариуцагч Ч.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,993,082 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох хххх УНП улсын дугаартай авто машиныг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2023 оны 07 сарын 17-ны өдрийн байдлаар:
-Үндсэн зээл 25,000,000 төгрөг,
-Зээлийн хүү 8,490,068 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүү 503,014 төгрөг/
Ч.А нь Г ББСБ ХХК-тай 2022 оны 04 сарын 06-ны өдөр ЗГ2022/16 тоот зээлийн гэрээ байгуулан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 25,000,000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн зээлдэгч Ч.А нь зээлдүүлэгч Г ББСБ ХХК-тай 2022 оны 04 сарын 06-ны өдөр хххххххх тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн авто машины өмчлөх эрхийг шилжүүлэх, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар тохирч өөрийн өмчлөлийн хххх УНП улсын дугаартай, хххххххххххххарлын дугаартай, хар өнгийн мерседес бенз ххххх-350 маркийн авто машины өмчлөх эрхийг шилжүүлжээ.
ХХ-ийн 11-17 дугаар тал/
Зээлдэгч Ч.А 25,000,000 төгрөгийг Хаан банк дахь өөрийнхххххххххтоот дансанд хүлээн авах талаараа зээлдүүлэгч Г ББСБ ХХК-д хүсэлт гаргасны дагуу түүний уг дансанд зээлдүүлэгч тал 2022 оны 04 сарын 06-ны өдөр гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 18-19 дүгээр тал/
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, 21 дүгээр зүйлийн 4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Г ББСБ ХХК болон хариуцагч буюу зээлдэгч Ч.А нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч Г ББСБ ХХК-ийн зээлдэгч Ч.Атай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Зээлдэгч Ч.А нь 2022 оны 05 сарын 06-ны өдөр 740,000 төгрөг, 2022 оны 07 сарын 04-ний өдөр 765,000 төгрөг, 2022 оны 08 сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, 2022 оны 10 сарын 26-ны өдөр 770,000 төгрөг, нийт 3,025,0000 төгрөг төлсөн нь зээл төлөлтийн дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 20, 40 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т Зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх,
3.2.3-т Зээлдэгч хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ нэмэгдүүлсэн хүү, авлага, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллыг баримтлах,
3.2.4-т Зээлдэгч зээлийн төлбөрийг графикт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хавсралт 1-д дурдсан хуваарийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх гэж тус тус заасан байна.
1995 оны 10 сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө,
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,
21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,
21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.
Дээр дурдсаны дагуу банк бус санхүүгийн байгууллага гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч Ч.Агаас гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно гэж заасан бөгөөд уг хөрөнгийг зээлдэгч Ч.А ашиглаж байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч Г ББСБ ХХК нь 2023 оны 07 сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 8,490,068 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 503,014 төгрөг, нийт 33,993,082 төгрөгийг нэхэмжилсэн ба зээлдэгч буюу хариуцагч Ч.А уг төлбөрийг төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж тус тус заасан байна.
Зээлдэгч Ч.А гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2022 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хххх УНП улсын дугаартай, хххххххххххххарлын дугаартай, хар өнгийн мерседес бенз ххххх-350 маркийн авто машиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ч.Агаас 33,993,082 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар зээлдэгч Ч.А гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2022 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хххх УНП улсын дугаартай, хххххххххххххарлын дугаартай, хар өнгийн мерседес бенз ххххх маркийн авто машиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ч.Агаас 33,993,082 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар зээлдэгч Ч.А гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 2022 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хххх УНП улсын дугаартай, хххххххххххххарлын дугаартай, хар өнгийн мерседес бенз ххххх-350 маркийн авто машиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 435,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Агаас 398,115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН