Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/03257

 

 

 

 

 

 

 

 

2023 06 27 101/ШШ2023/03257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: байранд байрлах Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  оршин суух, Г,

Хариуцагч: оршин суух, Э нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,986,102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батбилэг, хариуцагч Д.Э, Э.Г, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ББСБ ХХК нь зээлдэгч Д.Э, Э.Г нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 4,986,102 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байгаа. Тус мөнгийг зээлдэгч нар 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 008100120060 тоот зээлийн гэрээгээр 4 ,000,000 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлсэн байдаг. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийг төлж, нийт 3,257,500 төгрөг төлсөн. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй. Эргэн төлөлт хийгээгүй байгаа нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 7.1-т заасныг ноцтой зөрчсөн байна. Зээлийн гэрээний 8.2.1-т зааснаар зээлдүүлэгч нь зээлийн гэрээг дангаараа цуцлах эрхтэй гэж үзэж хариуцагч нараас 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,165,425 төгрөг, хүү 2,346,814 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 469,363 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 4,986,102 төгрөг, үүн дээр улсын тэмдэгтийн хураамж 94,727 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж хариуцагч нараас нэхэмжилж байна.

Программ нь санхүүгийн тооцооллын программ байгаа тул яг энэ хүний хэзээ ирж төлсөн нь гараад ирсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан материал дээр данс хуулга гаргаад өгсөн байгаа. Түүнээс тодорхой харагдах байх, энэ хүний төлөлт яаж хийгдсэн нь харагдаж байгаа. Хариуцагчийн хаан банкны дансны хуулга мөн хавтаст хэрэгт байгаа. Хариуцагч нар нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж 4,000,000 төгрөг авсан. 4,000,000 төгрөгийг зээлдэгч нар нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж 295,000 төгрөгөөр сард төлж явахаар график байгуулж байсан. Хариуцагч нар нь графикт заасны дагуу эхэлж хийж явж байгаад, сүүлд төлөлт хийхээ болж хоногоо хэтрүүлж явсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад хугацаа хэтэрсэн хоногийг нь тооцож үзэхэд 1420 хоног хэтрэлттэй явж байна. Хариуцагч нь үндсэн зээлээс хасагдсангүй гэж хэлээд байна. Үндсэн зээлээс хасагдаад 2 сая дээр ирсэн байгаа. Гол нь зээлийн хоногийн хугацаа маш өндөр гарч ирж байгаа.

Иймд хариуцагч нараас нийт 4,986,102 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Д.Э шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Төлөх ёстой хүү гэж хэлээд байгаа 2,346,814 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй гэж хэлээд байгаа. Би 2022 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 300,000 төгрөгийн төлөлт хийсэн. Энэ 600,000 төгрөгийг хасаж тооцоогүй байна. Хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 100,000 төгрөг хийсэн гэж хэлж байна. Миний төлсөн төлөлт хасагдахгүй байна. 2018 онд зээл авсан нь үнэн, үүн дээр нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг төлөх боломжтой гэж үзэж байна. Харин хүүгийн төлбөр төлөх ямар ч боломж байхгүй гэв.

 

3.Хариуцагч Э.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Д.Эийн тайлбарыг дэмжиж байна. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

4.Нэхэмжлэгчээс: Зээл болон барьцааны гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ, нотариатын үйлчилгээний зардлын баримт, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Засаг дарга тодорхойлолт, Хүүгийн тооцооллын баримт, зээлийн дансны хуулга, зээлийн анкет,

Хариуцагч Д.Э, Э.Г нараас: Д.Эийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч Д.Э, Э.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,986,102 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч Д.Э, Э.Г нараас хүүгийн төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2018 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн №008100120060 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүрэгт хариуцагч нараас үндсэн зээл 2,165,425 төгрөг, зээлийн хүү 2,346,814 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 469,363 төгрөг, нотариатын зардал 4500 төгрөг нийт 4,986,102 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №008100120060 тоот зээлийн гэрээ байгуулагдан 4,000,000 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй, 18 хугацаатайгаар зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээл төлөлтийн график зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4-8 дугаар тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний агуулгад нийцэж байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

3.Зээлийн гэрээний үндсэн төлбөр 2,165,425 төгрөг, хүүгийн төлбөрт 2,346,814 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 469,363 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хариуцагчаас зээлийн хүү 2,346,814 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн төлбөрт сүүлд төлсөн 600,000 төгрөгийг хасаж тооцоогүй байна гэх тайлбарыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан хариуцагч Д.Эийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 11 сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 12 сарын 14-ний өдөр 300,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 46-47 дугаар тал/

Нэхэмжлэгчийн зээлийн тооцооллын баримтаас үзэхэд 2022 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаарх тооцооллыг ирүүлсэн байх бөгөөд хариуцагчаас төлсөн 600,000 төгрөгийг төлөлтийг зээлийн төлбөрөөс хасаж тооцоогүй байна.

Нэхэмжлэгчээс хүүгийн төлбөрт 2,346,814 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн хүү төлөх үүргийг хариуцагч нар хүлээсэн байна.

Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нар нь гэрээгээр тохирсон үндсэн зээл болон зээлийн хүү төлөх үүргээ удаа дараа зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь төлөөгүй үндсэн зээлийн төлбөрөөс хүү тооцож нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл болон хүүгийн төлбөр 4,512,239 төгрөгөөс хариуцагч нарын төлсөн 600,000 төгрөгийг хасаж тооцож, хариуцагч нараас 3,912,239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 469,363 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлийн гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж... гэж заасан.

Талууд гэрээгээр зээл, зээлийн хүүг төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү болон зээлийн төлөгдөөгүй үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон байх хэдий ч бизнесийн гэрээний хувьд маргааныг шийдвэрлэхдээ иргэний эрх зүйн зохицуулалт, зарчмаас гадна хэрэглэгчийн эрхийг хангахтай холбоотойгоор ашгийн төлөө хуулийн этгээдийн хариуцлагын асуудлыг анхаарах ёстой байна.

Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд ...олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар олгосон зээл эргэж төлөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ 2019 оны 11 сарын 15-ны өдрөөс хойш зөрчиж эхэлсэн, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 6 сарын 23-ны өдөр дууссан байхад зээлдүүлэгчээс гэрээний үүргийг 2023 оны 5 сарын 09-ний өдөр шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хугацаагаар зээлдэгчийн хариуцлага, төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгааг мэдсээр байж хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлдэгчийн хариуцлагын хэмжээ нэмэгдсэн байх тул хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүд 469,363 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгчээс нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 4,500 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлж, нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 4,500 төгрөгийг үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэхээргүй байна.

Дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 3,912,239 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,073,863 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э, Э.Г нараас 3,912,239 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,073,863 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,727.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Д.Э, Э.Г нараас 77,545 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА