Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/684

 

 

Б.Ч, Б.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Б.Ч, Б.Ч нарын өмгөөлөгч Б.Даваадорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/429 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 32 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Б.Ч, Б.Ч нарт холбогдох 2108001340099 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. .........................., 19............ оны ............. дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, арматур зангидагч мэргэжилтэй, “Хан хур Холдинг” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг, Дэлгэрэхийн дэнж, 18 дугаар гудамжны 17 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, 66-13 тоотод түр оршин суух хаягтай, /РД:ЙЮ91102255/,

Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлэн, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар тогтоож, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 124 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагджээ.

2. ......................., 19........ оны .......... дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Жи Ди Эм Би” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 8 дугаар гудамжны 113 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 30 дугаар гудамжны 377 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.............../;

Б.Ч 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 34 дүгээр гудамжинд Б.Амарзаяагийн гараас нь татаж, хашаа руу түлхэх зэргээр хүч хэрэглэж, цохихоор гараа далайж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, “Самсунг А30” загварын гар утсыг дээрэмдэн авч 393.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ч нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Seven star” орон сууцны хорооллын баригдаж байгаа барилга дотор гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Б.Чаас “Самсунг А30” загварын гар утсыг 50.000 төгрөгөөр худалдан авч эзэмшсэн, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ....................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ...........................ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Чыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Чт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Чаас 50.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, Б.Чд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэжээ.

Прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасан. Анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа “шүүгдэгч Б.Чийг хаашаа зорчихдоо зөвшөөрөл авахыг тодорхой заагаагүй, өөрөөр хэлбэл оршин суух газраасаа гарч хол, ойр хаа нэгтээ зорчих бүртээ зөвшөөрөл авах мэт ойлгогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар “Ялтан шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх үүрэгтэй.” гэж заажээ. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолд ял хэрэгжих боломж нөхцлийг бүрдүүлээгүй, ямар чиглэл, газарт зорчихдоо зөвшөөрөл авах нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Ч “Жи Ди Эм Би” ХХК-д барилгын туслах ажилтай, одоогоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Seven star” орон сууцны хорооллын барилгад ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 30-377 тоотод эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, нэг газарт тогтвортой, удаан хугацаагаар ажиллах боломжгүй тул түүний зорчих газар, зорчих эрхийг хязгаарлах зам маршрутыг тогтоох, ялын биелэлтэд хяналт тавих боломжгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Б.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдсон ба дээрх гэмт хэрэгт зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байх тул шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялын төрлийг сонгон хэрэглэх боломжтой. Анхан шатны шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулахдаа хэрхэн яаж хэрэгжүүлэх, хяналт тавих нь тодорхойгүй шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах нь зүйтэй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

Шүүгдэгч Б.Ч, Б.Ч нарын өмгөөлөгч Б.Даваадорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Б.Чт оногдуулсан ял нь хуульд нийцсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад дурдагдсан зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан хэсэг ойлгомжгүй гэх үндэслэлээр прокурор эсэргүүцэл бичсэн байна. Энэ заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасан. Зорчих эрхийг 6 сарын хугацаагаар хязгаарласан ял оногдуулсан. Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Ч нь Чингэлтэй дүүрэгт оршин суудаг тодорхой хаягтай, мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт одоогоор барилгын ажил хийдэг. Цаашдаа өөр газар ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг. Шүүхээс уг ялыг оногдуулахдаа ямар эрх бүхий байгууллагад хандаж, хаашаа, хаашаа явахдаа зөвшөөрөл авахыг нь тодорхой дурдаж өгөөгүй. Эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал  бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Ч, Б.Ч нарт холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Тухайн хэрэгт мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Б.Ч 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоо 34 дүгээр гудамжинд Б.Амарзаяагийн гараас нь татаж, хашаа руу түлхэх зэргээр хүч хэрэглэж, цохихоор гараа далайж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, “Самсунг А30” загварын гар утсыг дээрэмдэн авч 393.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Ч нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Seven star” орон сууцны хорооллын баригдаж байгаа барилга дотор гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Б.Чаас “Самсунг А30” загварын гар утсыг 50.000 төгрөгөөр худалдан авч эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Амарзаяагийн “...2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед найз Соёлмаагийн гэрээс найзынх нь машинаар гэртээ хүргүүлсэн. Тэгээд гудамжиндаа ороод машинаас буугаад гэртээ орохоос айгаад гудамжинд хэсэг сууж байгаад халаасаа үзтэл малгай байхгүй байхаар нь буусан газартаа унагаасан байна гэж бодоод буусан газартаа очиход араас цагаан өнгийн машин ирж зогсоод “гэрт чинь хүргээд өгье” гэж 3-4 залуу асуухаар нь “үгүй манай гэр энэ байна” гээд хажуу талын хашаа руу заасан чинь хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ алхаж байтал араас нэг залуу гүйж ирээд баруун гараас татаж эргэж харуулаад хашаа руу түлхээд хашаа налуулж байгаад гараа далайгаад цохих гэж байснаа миний куртикний 2 халаасанд гараа хийгээд зүүн талын халаасанд байсан гар утсыг аваад гүйчихсэн. Тэгэхээр нь би араас нь гүйсэн боловч булан тойроод алга болчихсон. Миний алдсан гар утас нь ар талдаа цэцэгтэй кейстэй улаан өнгийн корпустай “Самсунг АЗ0” маркийн гар утас байсан. ...” /хх 17, 22/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Соёлмаагийн “...Амарзаяаг гэрт нь хүргэж өгөх гээд гудамжинд нь очоод “гэртээ ингээд орж чадах уу” гэж асуухад “би өөрөө орчихно” гээд гэрээсээ 2-3 хаалганы наана үлдсэн. Би тэндээсээ Ариука гээд найзынхаа хамт автомашинд суугаад гэртээ хүргүүлээд байж байтал Амарзаяа над руу залгаад “Би гудамжинд ганцаараа байж байгаад “Самсунг АЗ0” маркийн гар утсаа үл таних эрэгтэй хүнд дээрэмдүүлчихлээ, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороололд найзынхаа гэрт ирчихсэн байна” гэж ярьсан. ...” /хх 31/ гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Чын яллагдагчаар өгсөн “...зүүн халаасанд байсан “Самсунг АЗ0” маркийн гар утсыг аваад зугтаачихсан юм. ...Тэр үед надад мөнгөний хэрэг гараад Доржпүрэв гэх найздаа 50.000 төгрөгөөр зарсан юм. ...” /хх 119-120/ гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Б.Чийн яллагдагчаар өгсөн “...Чадраабал над руу залгаад “намайг буулгасан газартаа хүрээд ир” гэхээр нь яваад очтол “гудамжинд байсан эмэгтэй хүний утсыг авчихлаа” гээд улаан өнгийн “Самсунг А30” маркийн гар утас үзүүлсэн юм. ...Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чадраабалын тэр эмэгтэйгээс авсан гэх гар утсыг би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх ажил дээрээ 52.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /хх 131-132/ гэсэн мэдүүлэг,

камерын бичлэгт үзлэг хийсэн “...2020 оны 12 дугаар сарын 25-ны орой 01 цаг 05 минут 32 секунтад Сонгинохайрхан дүүрэг 26 дугаар хороо, Мандал овоо 34 дүгээр гудамжны үзүүрт марк тодорхойгүй автомашинаас хоёр хүн бууж, хашааны буланд уулзаж байгаа эсэхийг харуулав. ...хохирогч Б.Амарзаяаг хашааны булан хэсэг рүү алхаж байгааг харуулав. Хашааны буланд хохирогч Б.Амарзаяа сууж байгаа хэсгийг харуулав. Ертөнцийн зүгээр баруун тийш алхаж байгаа хэсэг... Sedan маркийн автомашин ертөнцийн зүгээр баруун тийш явж байгаа хэсэг... баруун тийш явж байгаад зогсож байгаа хэсэг... хохирогч Б.Амарзаяа дээр үл таних эрэгтэй хүн ирж уулзаж байгаа... уулзсан үл таних эрэгтэй хүн ертөнцийн зүгээр баруун тийш гүйж байгаа хэсгийг харуулав. ...” /хх 55/ гэсэн тэмдэглэл,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 43, 49/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 50, 64/, шүүгдэгч Б.Ч, Б.Ч нарын Хаан банкны депозит дансны 52.000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан хуулга /хх 73-75/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Б.Чыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Чийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Чын 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 01 цагийн үед иргэн Б.Амарзаяагийн гараас нь татаж, хашаа руу түлхэж хашаа налуулж байгаад хүч хэрэглэж, цохихоор гараа далайж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, “Самсунг А30” загварын гар утсыг дээрэмдэн авч 393.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Чийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Б.Чаас “Самсунг А30” загварын гар утсыг 50.000 төгрөгөөр худалдан авч эзэмшсэн, ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн үйлдэх гэдэгт хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор бие махбодь руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл болон үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлсэн заналхийлэл үзүүлж хохирогчийн эсэргүүцлийг дарах гэсэн сэтгэл зүйн хүчирхийллийг хамааруулан ойлгодог.

Анхан шатны шүүхээс Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Б.Ч нь өмнө нь Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт тус тус зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

мөн шүүгдэгч Б.Чийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “эдийн засгийн гэмт хэргийн бүлэгт” хамаарч байна.

Дээрх байдал нь шүүгдэгч Б.Чын хувьд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэсэн заалтад,

шүүгдэгч  Б.Чийн хувьд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл “Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд” эдийн засгийн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн Арван наймдугаар бүлэг хамаарч байх тул шүүгдэгч Б.Ч, Б.Ч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамааруулах боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.” гэж ямар үүргийг биелүүлэх, хаагуур зорчихгүй байх талаар тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тодорхой хугацаанд хүлээлгэхийг зорчих эрх хязгаарлах ял” гэнэ гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.” гэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д “шүүхээс тогтоосон зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх” үүргийг тус тус заажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.Чийн биеийн байцаалтын хувьд ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 8 дугаар гудамжны 113 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 30 дугаар гудамжны 377 тоотод тогтвортой оршин суухаа илэрхийлсэн байх тул энэ хаягаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Прокурорын эсэргүүцэлд шүүгдэгч Б.Чт “шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ялын төрлийг сонгон хэрэглэх боломжтой.” гэжээ. Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар шийтгэх” ялын төрөлтэй бөгөөд анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, гэм бурууд нь тохирсон тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсныг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй ба ялын төрлийн хувьд дүгнэлт хийж ял оногдуулах нь анхан шатны шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/429 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын шүүгдэгч Б.Чд холбогдох хэсгийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар...” гэснийг “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс бусад зорчихыг хязгаарласан газарт зорчихгүй байх, шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрх хязгаарлах ялаар...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

 

                                     ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ