Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1318

 

“Э Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/01191 дугаар шийдвэртэй,”Э Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ц И” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 28 302 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “Ц И” ХХК нь 2014 оноос”Э Х” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Дамдинбазарын гудамжны 80-1 тоот, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 140 м.кв бүхий 1, 2 давхрын 5 өрөө байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулсан. Хариуцагч нь 73 325 500 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан, 2017-2018 онд 45 023 000 төгрөгийн төлбөрийг төлж 28 302 500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөрийн үлдэгдлийн талаар талууд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлж, акт үйлдэж баталгаажуулсан. Гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх талаар хариуцагч талд удаа дараа мэдэгдсэн боловч шүүхээр шийдвэрлүүл, төлбөр төлөх боломжгүй гэдэг. Иймд “Ц И” ХХК-иас 28 302 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                              

Хариуцагч тал тайлбартаа: Манай компани”Э Х” ХХК-ийн барилгад 2008 оноос нь 2018 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. Компанийн захирлууд найз нөхөд тул барилгыг баригдаж дуусаагүй байх үеэс 1 давхрын хэсэг газрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж, сард 700 000 төгрөгийн түрээсийг 2008 оноос төлсөн бөгөөд төлбөрийн баримт авдаггүй байсан. 2010 оноос 1, 2 давхарыг түрээслэсэн. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийн хэмжээг тогтмол байлгахгүй, хэсэг хугацаа болоод нэмэгдүүлдэг байсан. Үүнээс болж компанийн хооронд маргаан үүссэн. Нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, 2 давхарыг нь 16 000 000 төгрөгийн үнэ бүхий тавилгын хамт хүлээлгэж өгсөн, үүнийг түрээсийн төлбөрт тооцох талаар тохиролцож, хүлээж авсан атлаа удаан хугацааны дараа авахгүй гээд өөр компани оруулсан байсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ц И” ХХК-иас 28 302 500 төгрөг гаргуулж”Э Х” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц И” ХХК-иас 299 463 төгрөг гаргуулж”Э Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо, түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 73 325 500 төгрөг, 2017 оноос 2018 онд 45 023 000 төгрөгийг төлж барагдуулсан, одоогийн байдлаар 28 302 500 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тайлбарласан боловч харилцагчийн тооцоо нийлсэн актад эхний үлдэгдэл 35 825 500 төгрөг гэсэн байх бөгөөд уг үлдэгдлээ хэрхэн тооцож гаргасан талаараа нотолж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус зохицуулсан байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл, нотлох баримт болгож буй харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, тооцоо нийлсэн актад бичигдсэн өмнөх үлдэгдэл 35 825 500 төгрөгийг хэрхэн яаж тооцоолсон талаар нотлох баримтгүй, хариуцагч тал гарын үсэг зураагүй баримт байдаг. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай түрээсийн гэрээний “сунгалт” хэсэгт хариуцагч гарын үсэг зураагүй байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, нотлох баримтыг хөдөлбөргүй үнэн мэтээр үнэлж, хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжилж буй 28 302 500 төгрөг нь тооцоо нийлсэн актад дурдагдсан 35 825 500 төгрөгөөс үндэслэж нэхэмжилж байгаа гэдгийг шүүх анхаарахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүсээгүй. Хариуцагч нь 2008 оноос эхлэн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Дамдинбазарын гудамжны 80-1 тоот, үйлдвэр үйлчилгээний зориулалттай,”Э Х” ХХК-ийн барилга бүрэн ашиглалтад ороогүй байсан үеэс эхлэн 1-4 дүгээр давхрыг 10 жилийн хугацаанд 5 удаа түрээсийн гэрээ байгуулан 2018 он хүртэл үйл ажиллагаа явуулсан. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч 10 жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой талбайг хариуцагчид түрээслүүлэн ашиг олж байсан бөгөөд анхан шатны шүүх 5 удаагийн түрээсийн гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2 дах хэсэгт түрээсийн гэрээний хувьд гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авах эрхтэй байдаг бол мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг ашиглах эрхтэй байхаар тус тус ялгаатай зохицуулсан байдаг.

Хариуцагч “Ц И” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой талбайг ашиглаж түүгээрээ бий болсон үр шимийг хүртэж байснаас биш энэ 10 жилийн хугацаанд үр шим олохгүйгээр талбайг ашиглаагүй. Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь хөлслөгчийн ашиглах хэрэгцээг хангах зорилготой байдаг бөгөөд бид тухайн талбайг ашиглаад зогсохгүй, үр шимийг хүртэж байсан тул зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт энэ хуулийн 318.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасныг зөрчиж, эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх дүгнэхдээ “...энэхүү барилгын түрээсэлж байсан гэх 1, 2-р давхарын 140 м.кв талбай нь тусдаа эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгүй гэх ба энэ тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэг хамаарахгүй, “Ц И” ХХК нь эмнэлэгийн зориулалтаар өөрийн тоног төхөөрөмжийг ашиглан тухайн талбайг хөлслөн үйл ажиллагаа явуулж байсан гэж үзнэ” гэсэн боловч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ, 22.2 дах хэсэгт мэдүүлэгт эрх бүхий этгээдийн шийдвэр, түрээсийн гэрээг хавсаргах бөгөөд эрхийн улсын бүртгэлд энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаас гадна түрээсэлж байгаа талбайн хэмжээ, түрээсийн зориулалт гэж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй, гэрчилгээгүй эсэхээс хамаарахгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн талбай түрээслэж байгаа тохиолдолд ч гэсэн түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэхээр зохицуулсан байна.

Гэтэл анхан шатны шүүх 140 м.кв бүхий талбай нь тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээгүй гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр зохигчдын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээнд нэхэмжлэгч хариуцагч нар 4 сарын хугацаанд буюу 2 500 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан байхад уг гэрээг бүхэлдээ 2 500 000 төгрөгийн түрээстэй гэрээ гэж дүгнэн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн харилцагчийн дэлгэрэнгүй тайлангийн хуудсанд тусгагдсан үнийн дүн буюу 2 500 000 төгрөгөөр тооцож 28 302 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч 10 жилийн хугацаанд байраа түрээслүүлж 700 000 000 төгрөгийн ашиг олохдоо түрээсийн гэрээний төлбөрөө нэмж түрээсийн гэрээгээ удаа дараа өөрт ашигтайгаар өөрчилж байснаас бус хуульд заасан дээрх шаардлагыг хангахгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тул уг гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус. Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно гэж заасны дагуу талууд 2008 оноос 2016 оны өмнөх үлдэгдлээ 13 000 000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч хариуцагчид 45 023 000 төгрөгийг мөнгөөр болон 15 196 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагаар, 2018 онд бартераар 10 827 000 төгрөгийн үнэ бүхий үйлчилгээ үзүүлэн түрээсийн төлбөрөө төлж барагдуулж дууссан байхад ийнхүү 28 302 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Өмнөх үлдэгдэл болох 13 000 000 төгрөгийг дулааны улирал эхлэхээр бетон зуурмаг авч, тооцоо дуусгана гэж ярилцсаны дагуу 2017 оны 8 дугаар сард 15 196 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг авч, 2018 онд бартераар 10 827 000 төгрөгийн              /8 505 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг, 320 000 төгрөгийн эмчилгээний төлбөр, Укагийн нийгмийн даатгалын шимтгэл 2 002 000 төгрөг нийт 10 827 000 төгрөг/ үйлчилгээ авсан.”Э Х” ХХК-д нийт 45 000 000 төгрөг төлөх ёстойгоос 45 023 000 төгрөг төлж барагдуулан тооцоо дууссан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч”Э Х” ХХК нь хариуцагч “Ц И” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 28 302 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь 2014 оноос тус компанийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Дамдинбазарын гудамж 80-1 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэсэн, 2018 оны 3 дугаар сарын байдлаар 28 302 500 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэйг талууд 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлж баталгаажуулсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2008 оноос түрээсийн гэрээний харилцаа үүсч 2018 он хүртэл үйл ажиллагаа явуулсан, 2017 оны 01 дүгээр сараас өмнө 13 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, 16 000 000 төгрөгийн үнэ бүхий тавилгыг хүлээлгэж өгсөн боловч 2 сарын дараа авахгүй гэсэн, тавилгаараа бид хохирсон, Харилцагчийн дэлгэрэнгүй тайланд эхний үлдэгдэл 35 825 500 төгрөг гэсэн боловч үүнийгээ нэхэмжлэгч нотлоогүй, 2017 оны 01-04 дүгээр сарын төлбөрийг 2 500 000 төгрөгөөр, 2017 оны 5 дугаар сараас 2 000 000 төгрөг байхаар тохиролцсон гэж маргаж, давж заалдах гомдолдоо түрээслүүлэгч талын гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг түрээслэгч нь зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг олж авсан тул талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарлажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, талуудын хооронд 2010, 2014, 2016, 2017 онуудад байгуулагдсан түрээсийн гэрээ авагдсан ба тухайн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийн талбайг л ашиглаж, өөрийн тоног төхөөрөмж, эмнэлгийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулсан үйл баримт тогтоогдсон байна. Иймд шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэснийг Иргэний хуулиийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ.

 

Талууд дээрх гэрээний үүргийг дүгнэж, хариуцагч “Ц И” ХХК нь нэхэмжлэгчид 28 302 500 төгрөг төлөх талаар “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, “Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан” гэсэн бичгийн баримтуудыг үйлдсэн байна. /хх6,8/ Хариуцагч нь “Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан”-д бичигдсэн эхний үлдэгдэл 35 825 500 төгрөгийн дүнг эс зөвшөөрч 2008-2016 онд 13 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэж маргах боловч энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, 35 825 500 төгрөгийн үлдэгдэл байгаагүй, 13 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан, улмаар 16 000 000 төгрөгийн тавилгыг уг төлбөрт  дүйцүүлж өгснөөр хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлж, тооцоогүй болсон, нэхэмжлэгч тал тавилгыг хүлээн авсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, гэрээний төлбөрийг 2017 оны эхний 4 сард нийт 2 500 000 төгрөг, түүнээс хойш сарын 2 000 000 төгрөгөөр тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэл нь компани тус бүрийн тэмдэг дарж захирал, нягтлан нарын гарын үсэг зурсан Тооцоо нийлж үлдэгдлийг баталгаажуулсан баримтаар үгүйсгэгдэж байна. /хх8/

 

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/01191 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ц И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  299 463 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                       ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                          Т.ТУЯА