| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 105/2024/0200/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2125 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2125
2025 09 10 2025/ШЦТ/2125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ***** овогт Б-ийн Цт холбогдох эрүүгийн 2206 04038 2689 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
************** тоотод оршин суух, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 780 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 240 цагийн ажлыг 30 хоногийн хорих ялаар сольж ял эдэлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдсэн буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон,
****** овогт Б-гийн Ц /регистрийн дугаар: ********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 04-ний өдрийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ***** тоотод Ц.Эгийн эзэмшлийн хашаанд майхан барьж хоноод, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 8 цагийн орчимд майханд байсан Ц.Эгийн эзэмшлийн Айфон 13 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3,525,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, ******** тоот иргэн Н.Мийн гэрээс “Самсунг А53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,171,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Цыг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2206 04038 2689 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 719 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29-р хуудас/,
Хохирогч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 171-р хуудас/,
Дамно ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЧД2-23-854 дугаартай үнэлгээ /хх-ийн 178-181-р хуудас/,
Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 193-231-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-59-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Эрүүгийн 2206 04038 2689 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Д.Ганчимэг: “... Б.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 04-ний өдрийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоотод Ц.Эгийн эзэмшлийн хашаанд майхан барьж хоноод, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 8 цагийг орчимд майханд байсан Ц.Эгийн эзэмшлийн Айфон 13 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3,525,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, ****** тоот иргэн Н.Мийн гэрээс “Самсунг А53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,171,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай…” дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ц гэм буруугийн талаар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн гэм буруугийн талаар “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны явцаас хүлээн зөвшөөрч ирсэн. Яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна...” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 04-ний өдрийг шилжих шөнө Баянзүрх дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** тоотод Ц.Эгийн эзэмшлийн хашаанд майхан барьж хоноод, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 8 цагийг орчимд майханд байсан Ц.Эгийн эзэмшлийн Айфон 13 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 3,525,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 03 дугаар сард Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, ******** тоот иргэн Н.Мийн гэрээс “Самсунг А53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,171,920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ******* тоотод байхад 2022 оны 08 дугаар сарын 03-ны оройн 22 цагийн үед манай хүүхэд Э.Гтай цуг ажил хийж байгаад ирлээ гээд нэг танихгүй харж байгаагүй залуу ирсэн. Орой болчихсон байсан тул хоноод өглөө явна гэж ярьж байсан юм. Тэр танихгүй залууг Цогоо дуудаж байсан. Миний iphone 13 pro max маркийн гар утсыг манай хүү Э.Г нь майханд оролдож байгаад унтчихсан юм шиг байна лээ. 2022 оны 08 дугаар сарын 04-ний өглөө хамт ажиллаж байсан Ц гэгч нь аваад явчихсан тул би цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Э.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...ээж Э намайг тухайн газраас 21 цаг 40 минутын үед ирж авсан. Намайг гэр рүүгээ явах үед намайг дагаж миний найз Э явахаар болсон бөгөөд надтай нэг газар хамт ажиллаж байсан ах болох Б овогтой Ц гэх эрэгтэй хүн ах нь хонох газаргүй танайд очоод өнөөдөр хоноод маргааш яваад өгье гэж гуйхаар нь би зөвшөөрч ээжээс зөвшөөрөл авч бид нар манай хашаанд ирж майханд хамт хонохоор болсон юм. Би тухайн үед ээж Эгаар дөнгөж iphone 13 pro max загварын гар утас шинээр авхуулсан байсан бөгөөд би найз Э-тэй хамт утсаараа тоглож юм үзэж байгаад унтаад өгсөн байсан. Улмаар намайг өглөө 8 цагийн үед сэрсэн чинь миний iphone 13 pro max загварын гар утас байхгүй байсан ба мөн хамт хоносон Ц гэх зүс таних ах байхгүй босоод явчихсан байсан...” гэх мэдүүлэг,
Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 719 дугаартай Айфон 13 про макс маркийн гар утсыг 3,525,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт,
Хохирогч Н.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 03 дугаар сарын эхээр өдрийн нь сайн санахгүй байна. Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, ******* тоот гэртээ байхад манай гэрт зүс таних Б.Ц нь өглөө 09 цагийн үед орж ирээд миний 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “СЭ” ХХК-иас 2,372,733 төгрөгөөр худалдаж авч байсан Самсунг А53 загварын хар өнгийн 20 төгрөгийн энгийн кейстэй байсан гар утсыг намайг зөвшөөрөл өгөөгүй байхад аваад гараад явсан байсан. Тэгээд би тэр өдрөө гэрт нь очоод асуутал ээж нь гэх эмэгтэй хэлэхдээ манай хүү хар өнгийн гар утас барьж орж ирээд цахим үнэмлэхээ аваад гарсан гэж хэлсэн. Тэгээд би 2 хоногийн дараа Салхит гэх газар Б.Цтай тааралдаад гар утсаа авъя гэхэд би таны утсыг таксины жолоочид зарчихсан гэж хэлсэн тэгээд би урьдын харилцаагаа бодоод сар сард нь утасны лизингийн төлбөрийг нь төл гэхэд Б.Ц зөвшөөрөөд сарын 100,000 төгрөгийг төлөхөөр болоод 2023 оны 03 дугаар сараас 08 дугаар сарын хооронд 5 сар нийт 500,000 төгрөг төлөөд цааш төлөхгүй алга болсон ингээд үлдэгдэл 1,300,000 төгрөгийг буюу нийт 13 сарын мөнгийг төлөөгүй хэлсэндээ хүрээгүй юм би уг хулгайн хэргийн улмаас өртэй бас утасгүй болоод хохирч байна. Иймээс хуулийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг,
Дамно ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ЧД2-23-854 дугаартай “Самсунг А53 загварын гар утас 1,171,920 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ,
Б.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...2023 оны 03 дугаар сарын эхээр санагдаж байна. Өдрийн нь санахгүй байна. Би Чингэлтэй дүүргийн **** дүгээр хороо, ********* тоотод байдаг ах М гэх ахын гэрт нь ортол согтуу байсан. Тэгээд орон дээр нь буюу цагаан өнгийн буйдан дээр Самсунг А53 загварын хар өнгийн алтлаг бүрмэлтэй кейстэй байсан гар утсыг нь аваад гарсан. Тэгээд гараад такси бариад ломбарданд тавих гээд явж байгаад тухайн таксины жолоочид сонирхоод байхаар нь 300,000 төгрөгт зарчихсан. Одоо тухайн таксины жолоочийн дугаарыг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заасан ба шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ц.Э, Н.М нарын гар утсыг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар аливаа этгээд бусдын эд хөрөнгийг шударгаар бусдын эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор эд хөрөнгийг олж авах учиртай.
Шүүгдэгч Б.Ц нь хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгож, захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон, түүнчлэн түүнд үл хамаарах, эд хөрөнгийг захиран зарцуулах ямар ч эрхгүй атал хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөртөө авсан нь хохирогчийн эд хөрөнгийг шударгаар, эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор олж авсан гэж үзэхгүй юм.
Тодруулбал Б.Ц нь өөрийн үйлдлийг хэн нэгэнд мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хэрэглэх, ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн хамгаалалтаас нууцаар шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.
Иймд шүүгдэгч Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамдан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан ба шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ц.Эд 3,525,000 төгрөгийн хохирол, хохирогч Н.Мэд 1,300,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ц нь хохирогч Н.Мэд гар утасны үнэ болох 1,300,000 төгрөгийг нөхөн төлж, хохирогч Ц.Эд гар утасны үнэ болох 3,525,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Цаас 3,525,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Эд олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас үлдсэн 10 сар 24 хоногийн ялыг хорих ялаар сольж нийт 2 жил 8 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай...” гэх дүгнэлтийг.
Шүүгдэгч Б.Ц эрүүгийн хариуцлагын талаар “...хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх тайлбар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүрэн эрүүгийн хариуцлагын талаар “...Эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэх саналыг гаргаж байна. Цахим гаваа зүүгээд удаагүй цагдан хоригдсон гэдгээ хэлсэн. Өршөөлийн тухай хуульд хамрагдсан учир уг ялыг тусад нь эдлүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ оноож нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн. Цагдан хоригдсон хоногийг улсын яллагч буруу хэлж байна. 3 сар 10 хоног цагдан хоригдсон байгаа. Үүн дээр цагдан хоригдсон 56 хоногийг нэмэх ёстой...” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Цын хувийн байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг сонгох нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилснаас шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 24 хоногийн хорих ялаар тогтоож ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Ц нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 97 хоног, 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 56 хоног нийт 153 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***** овогт Б-гийн Цыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг нэг /1/ жил хоёр /2/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/485 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 24 /хорин дөрөв/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цын энэ хэрэгт цагдан хоригдсон 153 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цаас 3,525,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Эд олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг мөн өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР