| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 181/2021/03414/И |
| Дугаар | 101/ШШ2023/00242 |
| Огноо | 2023-01-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2023/00242
2023 01 06 101/ШШ2023/00242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч З.Баярмаа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: д.б/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.М/-т холбогдох,
Гэм хорын хохиролд 805,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан хүсэлтийг хянаад
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 3 дугаар хорооны 19 дүгээр байрны 5 тоотод 1999 оноос хойш оршин сууж байгаа бөгөөд 2014 оноос эхлэн хөрш М.Мнь нүүж ирснээр намайг байнгын сэтгэл санааны дарамтад байлгаж, миний хувийн өмчид халдах замаар эд хөрөнгийн хохирол учруулсаар ирсэн. Түүний удаа дараагийн хууль бус үйлдлийн улмаас амсаад буй эд хөрөнгийн хохирол, зардлыг үүгээр нэхэмжилж байна.
1. М.Мын цахилгаан тасалсан үйлдэлтэй холбогдуулан эвдэрсэн камеруудыг шинээр сольж суурилуулах, эвдэрсэн адаптер, хард дискний үнийг гаргуулах тухайд.
Миний бие Өмнөговь аймагт уурхайд 14 хоног ажиллаад, 7 хоног амардаг байсан тул гэр эзэнгүй байх хугацаанд гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаах хаалганы дээд талд 2014 оны 9 сард камер суулгасан.
Гэтэл М.М камер тавьсан явдалд илт дургүйцэж, манай камераар ойр ойрхон оролдож, эвдэлж, бүр хулгайлж байсан. Мөн М.Мнь манайх камер тавьсантай холбогдуулан түүнийг авахуулах агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд эхнэр У.Уламбаяраар гаргуулж байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02057 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хариуцагчийн хулгай хийсэн болоод хулгай хийхээр завдсан үйлдлийг би удаа дараалан илрүүлж байсан бөгөөд камерийг авахуулахаар улайрсан дээрх оролдлогууд нь үүнтэй холбоотой гэж үзэх үндэлсэл бүхий хардлага бий.
М.Мнь намайг эзгүй байх үед болон шөнө унтаж байх зуур гэрийн цахилгааныг олон дахин таслах болсон. Тухайлбал,
2019 оны 10 дугаар сарын 3;
2019 оны 10 дугаар сарын 8-9 шилжих шөнө;
2019 оны 10 дугаар сарын 24;
2019 оны 10 дугаар сарын 15;
2019 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн үдээс хойш гэсэн өдрүүдэд (жич: энэ нь зөвхөн 2019 оны 10 сарын байдлаарх тэмдэглэл) манайд тог цахилгаан тасарсан бөгөөд энэ тухай Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ)-аас лавлахад дээрх өдрүүдэд бидний амьдардаг 19 дүгээр байранд хүртэл цахилгаан тасарсан дуудлага огт бүртгэгдээгүй байсан.
Цахилгаан тасалсан хариуцагчийн гэм буруутай үйлдлийг баримтжуулах зорилгоор түүний камераар оролдож буй 2014 оны 9 дүгээр сарын 26-ны 00 цаг 10 минутанд,
2014 оны 10-р сарын 14-ны 19цаг 05 минутанд,
2014 оны 10-р сарын 21-ний 18цаг 17 минутанд,
2014 оны 10-р сарын 21-ний 18цаг 18 минутанд,
2014 оны 10-р сарын 21-ний 18цаг 42 минутанд,
2014 оны 11-р сарын 11-ний 22цаг 05 минутанд,
2014 оны 11-рсарын 18-ны 16цаг 34минутанд,
2014 оны 11-рсарын 18-ны 16цаг 57минутанд,
2014 оны 11-рсарын 18-ны 17цаг 21минутанд,
2014 оны 11-рсарын 18-ны 17цаг 01минутанд,
2017 оны 7-р сарын 05-ны 18цаг 16минутанд,
2017 оны 7-р сарын 18-ны 18цаг ОЗминутанд,
2017 оны 7-р сарын 25-ны 23цаг 53минутанд,
2017 оны 7-р сарын 26-ны 14цаг 51минутанд
2019 оны 11-р сарын 20-ны 23цаг 29минутанд
2019 оны 11-р сарын 29-ны 22цаг 32минутанд тус тус бичигдсэн бичлэгүүд болон орон сууц даяар дээрх өдрүүдэд тог тасраагүй болохыг баталгаажуулсан ОСНААУГ-ын 2021 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн 66 тоот албан бичиг зэргийг нотлох баримтаар хавсаргав.
Цахилгаан олон дахин тасалсантай холбоотойгоор камер шатаж, эвдрэх болон бичлэгээ хадгалж хураахаа больсон. Үүнийг нотлох зорилгоор хяналтын камерны хэвийн ажиллагааг алдагдуулж, засварлах боломжгүй, эвдрэлд хүргэсэн гадаад хүчин зүйл нь олон удаагийн цахилгааныг салгалт, нийлүүлэлт болохыг тайлбарласан дүгнэлтийг мөн нэхэмжлэлд хавсаргасан болно.
Хариуцагч М.Мнь цахилгаан тасарсан хойно манай камерыг хулгай хийж авсан байдаг ба хулгай хийснийхээ дараа гэмт үйлдлээ нуун дарагдуулахыг тулд над руу улайран дайрч манай хаалгыг өшиглөн намайг хэл амаар доромжилсныг нь би гар утсан дээрээ баримтжуулан бичлэг хийж хадгалж авсан. Энэхүү бичлэгийг Си Ди дээр хуулж бичлэгийг цаасан дээр буулган хөрвүүлж хавсаргав.
Хариуцагчийн дээрх үйлдлүүдээс болоод нэг ч бичлэг бичигдээгүй, бичигдсэн ч ихэнх хэсэг нь устсан. Харин түүнийг засварлаж, шинээр сольж тавихтай холбоотойгоор бичлэг хадгалдаг хард диск, цахилгаан тохируулагч адаптер, камеруудыг нэг бус удаа худалдан авч солих зэргээр надад зардлууд гарсан. Иймд эвдэрсэн, болон хулгайлагдсан камерыг 5 удаа суулгасаны үнэ, 2 удаа хард диск сольсны үнэ, адаптерын үнэ гээд нийт нийт 371,000 төгрөгийг нэхэмжилж байна.
2. М.Мын танхайрсан үйлдэлтэй холбогдуулан хана, хаалгануудад учирсан хохирлыг гаргуулах тухайд.
Нэгдүгээрт, би гэрийн ханыг гадна талаас нь буюу орцны лифтний хажуугийн ханыг дулаалж, 2014 онд барилгачин хүнд их мөнгө төлж засуулсан. М.Мнь 2020 оны зун болон намар ханыг олон дахин өшиглөснөөс үүдэн эвдрэл үүссэн болохыг 2021 оны өвөл би олж мэдсэн. Үүнээс үүдэн маш том завсар гарч, хана нь хагарсан байгаа нь хавсаргасан зургаас харагдана (зургуудыг СиДи-н дээр мөн буулгасан болно).
Хоёрдугаарт, М.Мнь манай гэрийн хаалганы дээд талын цоожийг оролдсон, үүнээс болж цоожинд том хэмжээний нүх гарч цоож гацдаг болсон. Үүнийг би 2014 оны 11 дүгээр сарын 19-ний, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гар утсаараа авсан зургуудаараа баримтжуулсан.
Гуравдугаарт, М. Мөнхбаяр нь дундын хөршийн хаалгыг эвдэлж, эрэг боолтыг нь хулгай хийж авсан, зарим боолтыг нь сулласан байсныг би 2017 оны 6 дугаар сарын 12-ны, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрүүдэд авсан зургуудаар мөн баримтжуулан нэхэмжлэд хавсаргасан байгаа (зургуудыг Си Ди-н дээр мөн буулгасан болно). Мөн хөршийн хаалгыг ихээр савж хааснаас болж дундын хаалганд эвдрэл үүсэж гажиж санжиганадаг болсон.
М.Мнь нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэн, танхайрах, архидан согтуурах, согтуу байх үедээ манай гэрийн хаалгыг өшиглөх, дундын болох хөршийн хаалгыг өшиглөн хараал урсган хашгичих үйлдлүүд маш олон удаа гаргаж байсан ба тэдгээр үйлдэлдээ зөрчлийн хариуцлага хүлээж байсан. Хана, хаалгануудад учирсан хохирлыг нэхэмжилж буйтай холбогдуулан хариуцагчийн зөрчлийн хэрэгт шийтгэгдэж байсан тухай цагдаагийн лавлагааг гаргуулах хүсэлтийг хэргийн явцад шүүхэд гаргахаар төлөвлөж байна.
Иймд хаалганы эвдрэл, засварын үнэ болох 105,000 төгрөг, хөршийн буюу дундын хаалганы цоожны эвдрэлээс үүдсэн цоожны үнэ болох 53,000 төгрөгийг нэхэмжилж байна. Тус зардал, хохирлын үнийг 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэхүүдэд үндэслэн тооцоолсон болно.
Бусад зардлыг гаргуулах тухайд.
Хариуцагчийн үйлдлийг баримтжуулах зорилгоор Ди Ви Ди бичлэгүүдэд буулгасан нь нийт 12,000 төгрөг болсон ба 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зарлагын баримтыг нотлох баримтаар хавсаргав. Дээр дурьдсанчилан хариуцагч нь миний эсрэг хэрэг үүсгэж байсантай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр авсан хууль зүйн үйлчилгээний хөлс болох 30,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 05-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргах үед төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 7,280 төгрөгийг мөн нэхэмжилж байна.
Мөн шүүхэд энэхүү нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулж өгнө үү.
М.Мын хараал доромжлол, гэрийн ханыг гаднаас нь өшиглөх, агсам тавих, биднийг гэнэт огцом цочоох зорилгоор хөршийн хаалга болоод 6-н тоотын гэрийнхээ хаалгыг үргэлж огцом савж хүчтэй хаан их дуу чимээ гарган айлган сүрдүүлэх зэрэг үйлдлийн улмаас би болон манай охин олон жилийн туршид сэтгэл санааны дарамтад амьдарч, цаг хугацаа мөнгөөр хохирч байгааг дурдмаар байна. Энд мөн хаалгуудыг савж их дуу чимээ гаргаж буй бичлэгүүд ч байгаа болно.
Иймд хариуцагчаас нийт 830,207.26 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Үүнд:
1. Эвдэрсэн камеруудыг шинээр сольж суурилуулах, эвдэрсэн адаптер, хард дискний үнэ болох нийт 371,000.00 төгрөг;
2. Хананы эвдрэл, засварын хөлс болох 227,000.00 төгрөг;
3. Дундын хаалганы цоож сольсон үнэ болох 53,000.00 төгрөг;
4. Хаалганы эвдрэл засварын хөлс болох 105,000.00 төгрөг;
5. Бусад зардалд 49,280 төгрөг;
6. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,927.26 төгрөг гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. М.Мнь 5 тоотод 2013 онд нүүж ирээд, Д.Бтай нийлж хөршийн хаалга хийлгэж байсан. Улмаар Д.Б надад 2 өрөө байр байгаа чи тийшээ нүүгээд, надад энэ байраа өгчих гэхэд хариуцагч саналыг нь эс зөвшөөрөхөд зайлтал чинь залхаана, үйлийг чинь үзнэ гэж хэлж байсан. Түүнээс хойш Д.Б нь хөршийн хаалгыг байнга савах, эсхүл томоор дэлгэж орхидог байсан. Улмаар хөршийн хаалгыг нээж, хаахад тэжээвэр нохой цочих, амар тайван амьдрах боломжгүй болсон. Гадаа таарах үедээ хаалганы цаанаас хэрүүл өдөх, хаалга өшиглөх, биднийг байхгүй хойгуур үүдний гишгүүрийг гаргаж хаях зэрэг үйлдлүүдийг хийдэг байсан. Үүний дараа гар утсаараа бичлэг хийсэн. Хаалга савуулсан нь одоо болтол арилаагүй байгаа. Нэхэмжлэгч нь камер гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сард гаргаж, сөрөг нэхэмжлэл бас гаргаж байсан. Шүүхээс хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Ийнхүү бид 3 дугаар хорооны хэсгийн байцаагч н.Нын хэлснээр харанхуйд бичдэг камер авч тавьсан. Д.Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2 удаа камер эвдсэн шалтгаанаар гомдол гаргасныг үндэслэлгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгож байсан. Д.Бгийн нэхэмжлэлтэй гэм хорын хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй буюу өөрийн ашиглалтын явцад элэгдэл хорогдолд орсон эд зүйлсээ нэхэмжилж байгаад туйлын гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн ярьж байгаагаар камер эвдэлсэн, хулгайлсан, тог тасалсан үйлдэл нь Эрүүгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.8-д заасан гэмт хэрэг байгаа. Хэрвээ энэ хуульд заагдсан хэмжээнд хүрээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 8.8-д зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж холбогдох арга хэмжээ авахуулах хүсэлтэй байсан байх. Иймд нэхэмжлэгч нь шүүхийн харьяалал зөрчиж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Бгийн 2021.10.09 огноотой 227,000 төгрөгийн нэхэмжлэх, Б ХХК-ийн 2021.10.09 огноотой хийн гагнуурын 105,000 төгрөгийн нэхэмжлэх, Д.Ч 2021.10.09 огноотой, 53,000 төгрөгийн нэхэмжлэх, Н ХХК-ийн 2020.05.29 огноотой 185,000 төгрөг, 136,000 төгрөгийн баримт, П ХХК-ийн 2020.08.22 огноотой 60,500 төгрөгийн баримт, тус компанийн инженер Д.Лгийн нэрийн хуудас, орон сууцны хонгил, төмөр хаалга, цоожны фото зураг, Н ХХК-ийн 2020.05.29 огноотой Хяналтын камерын эвдрэлийн шалтгааны тодорхойлолт, 5 тоотын оршин суугч Д.Бд 2019 оны 10 дугаар сарын 3, 8, 9, 11, 24, 11 дүгээр сарын 15, 17-ны өдрүүдэд тус байрнаас цахилгааны дуудлага ирээгүйг тодорхойлсон ОСНААУдирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 20.8.2№6 тодорхойлолт, хавсралт 8 хуудас /дуудлагын дэвтрийн фото зураг/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02057 дугаар шийдвэр, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчаас Ц.Нд олгосн итгэмжлэл, ЦЕГ-ын 202.2.9№5/9 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, лавлагаа, ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 202.2.9№8/9 дугаартай албан бичиг, 2.10.-ний өдөр тус шүүхийн байранд, нэхэмжлэгчийн компьютер болон SD картанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн үед компьютер болон SD картнаас хуулбарлаж авсна фото зураг, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 20.1.1№2а4/1 дугаартай албан бичиг, хавсралт;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.Мт холбогдуулан гэм хорын хохирол хэмээн 805,280 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. 3 дугаар хорооны 19 дүгээр байрны 5 тоот, өөрийн орон сууцыг гэмт халдлагаас хамгаалах, сэргийлэх зорилгоор суурилуулсан камерыг тус байрны 6 тоотын оршин суугч, хариуцагч М.М эвдэж, хулгайлсан, камерыг ажиллах нөхцөлгүй болгохоор удаа дараа цахилгаан тасалсны улмаас адаптер, хард диск эвдэрсэн, хөршийн дундын хаалганы цоож, гэрийн хаалга, цоожийг М.М эвдсэн, орц хонгилд байдаг, гэрийн гадна ханыг битүүмжилж засварласныг мөн эвдэж сүйтгэсэн тул камеруудыг шинээр сольж суурилуулах, эвдэрсэн адаптер, хард дискний үнэ болох нийт 371,000.00 төгрөг, Хананы эвдрэл, засварын хөлс болох 227,000.00 төгрөг, Дундын хаалганы цоож сольсон үнэ болох 53,000.00 төгрөг, Хаалганы эвдрэл засварын хөлс болох 105,000.00 төгрөг, Бусад зардалд 49,280 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. (Улсын тэмдэгтийн хураамж 24,927.26 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлд бичсэн нь дээрх 805,280 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж хэмээн тодруулсан.)
3.2. Дээрх зардал бүхий эвдрэл гарч, өмч хөрөнгөнд халдсан үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандахад, иргэний шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөсөн гэв.
4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсан зүйл бүгд худал, миний хийгээгүй үйлдлүүд хэмээн тайлбарлаж байна.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
5.1. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж зааснаар хариуцагчийг гэм буруутай гэж үзэн, хохирлоо барагдуулахаар шаардсан.
5.2 Зөрчлийн улмаас үүсэх үүргийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 2 дугаар дэд хэсэгт гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааг зохицуулахдаа, хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдад гэм хор учруулсан этгээдийн хүлээх хариуцлагыг хуульчилсан.
5.3. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох Б.Бгийн 2021.10.09 огноотой 227,000 төгрөгийн нэхэмжлэх, Б ХХК-ийн 2021.10.09 огноотой хийн гагнуурын 105,000 төгрөгийн нэхэмжлэх, Д.Ч 2021.10.09 огноотой, 53,000 төгрөгийн нэхэмжлэх, Н ХХК-ийн 2020.05.29 огноотой 185,000 төгрөг, 136,000 төгрөгийн баримт, П ХХК-ийн 2020.08.22 огноотой 60,500 төгрөгийн баримт, тус компанийн инженер Д.Лгийн нэрийн хуудас, орон сууцны хонгил, төмөр хаалга, цоожны фото зураг, Н ХХК-ийн 200.0.2 огноотой Хяналтын камерын эвдрэлийн шалтгааны тодорхойлолт, 5 тоотын оршин суугч Д.Бд 2019 оны 10 дугаар сарын 3, 8, 9, 11, 24, 11 дүгээр сарын 15, 17-ны өдрүүдэд тус байрнаас цахилгааны дуудлага ирээгүйг тодорхойлсон ОСНААУдирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-8-ын 20.0.№ тодорхойлолтуудаар, хариуцагч М.Мын гэм буруутай эсэх нотлогдохгүй байна.
6. Нэхэмжлэгч нь камер эвдэрсэн асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандахад иргэний хэргийн шүүхэд хандахыг цагдаа зөвлөсөн тул ийнхүү шүүхэд хандаж хохирлоо барагдуулахаар шаардснаа шүүхэд тайлбарласан ба хэрэгт авагдсан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 20..№2000 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралтаас үзэхэд, 1 дугаар хороо 25555-5656 тоотын камерыг хөрш эвдэлсэн тухай 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн гомдол, мэдээллийг иргэний шинжтэй гомдол мэдээлэл тул иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх зөвлөгөө өгч шийдвэрлэсэн, 2018 оны 10 дугаар сарын 03, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд мөн тоотоос гаргасан гомдол, мэдээллийн дагуу М.Мыг 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан, 2020 оны 8 дугаар сарын 13, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрүүдэд гаргасан гомдолд зөрчлийн хэрэг нээхээс татгалзсан байна.
7. Хариуцагчийг буруутгаж буй нэхэмжлэгчийн үндэслэл нь дээр дурьдсанаар нотлогдохгүй байх ба эд зүйл эвдэрсэн, хулгайд алдагдсан гэх гомдол мэдээллийн дагуу гэм буруутай этгээдийг илрүүлэх, шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
8. Дээр дурьдсанаар, гомдол мэдээллийг иргэний шинжтэй гомдол хэмээн үзэж, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагаас зөвлөгөө өгсөн байдал нь энэхүү хэрэг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх буюу эд зүйл эвдэрч, алдагдсан үйл баримтыг шалгаж тогтоох үндэслэл болохгүй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ., 6.2.-т Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ. 6.3.-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ., 6.4.-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно., 6.5.-д Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй., 6.6.-т Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй. гэж зохицуулсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш эрхтэй мэтгэлцэх зарчимд тулгуурлаж явагддаг тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдаж буй үйл баримтыг шүүх шалгаж, тогтоох боломжгүй.
10. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүй ба түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг талууд хэн аль нь гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна. гэж зааснаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч М.Маас гэм хорын хохиролд 805,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,877 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Т.ЭНХЖАРГАЛ