Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2023/00761

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 03 101/ШШ2023/00761

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  Н.А

 

Нэхэмжлэгч: Х.Б нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ц-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 23,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А, Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А, Х.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бид Д З сумын Фэйсбүүкийн зар дээр хувийн сууц зарна гэсэн зарын дагуу Б.Ц-той уулзаж, хувийн сууцыг 37,500,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож, байрны урьдчилгаа төлбөрт 17,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлэгдэл 20,400,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүр 850,000 төгрөгийг 24 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон.

Н.А миний бие анх Б.Цид байрыг банкны зээлээр худалдан авах боломжтой гэж хэлэхэд, та банкинд хүү төлж байхаар хувь лизингээр худалдан авбал хүүгүй танд ашигтай гэж ятгаж итгүүлсэн учир байрыг зээлээр худалдан авахаар болсон.

Ингээд байрны төлбөрийг төлсөөр үлдэгдэл төлбөр 14,050,000 төгрөг болоход Б.Цид үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөд байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авъя гэхэд байр нь Голомт банкинд 29,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа энэ мөнгийг төлөөд та байрны өмчлөх эрхийн гэрчилгээгээ ав гэж хэлсэн.

Тиймээс Б.Ц нь анхнаасаа уг байр нь Голомт банкны барьцаанд байгаа талаар бидэнд огт хэлж байгаагүй болно.

Иймд нэхэмжпэгч бид нар хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар татгалзаж, байрны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 17,000,000 төгрөг, мөн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн байрны төлбөрт төлсөн 6,900,000 төгрөг нийт 23,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Ц миний бие Н.А, Х.Б нарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар надаас нийт 23,450,000 төгрөг нэхэмжилсэн байна. Уг шаардлагыг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.А, Х.Б нартай хувийн сууц зээлээр худалдах худалдан авах гэрээг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулж уг гэрээний дагуу би өөрийн өмчлөлийн хувийн сууцаа 37,500,000 төгрөгөөр зарахаар болж урьдчилгаа 17,000,000 төгрөг төлж сар бүр 850,000 төгрөгийг 24 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон. Гэвч энэ хүмүүс гэрээний үүргээ зөрчиж сар бүр төлөх ёстой төлбөрөө байнга хугацаа хэтрүүлж 2 жилийн дотор 20,400,000 төгрөг төлчихсөн байх ёстой байтал дөнгөж 6 сая орчим төгрөгийг байнгын гуйлгаж, хэл ам хэрүүл шуугиан болж байж төлсөн байдаг. Анх гэрээ хийхдээ энэ хүмүүст хэлж байсан. Банкны барьцаанд байгаа. Сар бүрийн 850,000 төгрөгийг чинь би шууд банканд төлөөд явна гэж хэлж байсан. Гэтэл энэ хүмүүс мөнгөө хугацаандаа төлөөгүйгээс миний банкны зээл мөн хугацаа хэтэрч хүү алданги бодогдсоор байгаад би маш их алдагдалд орсон. Ингээд энэ хүмүүс төлбөрөө төлөхгүй алга болсон учир аргагүйн эрхэнд 2021 оны 9 сард энэ хүмүүст гэрээгээ цуцалъя гэдгийг хэлж үл хөдлөх хөрөнгөө буцааж авсан. Ингээд өөр хүнд зарж банкныхаа зээлийн тал хагасыг нь төлсөн. Бидний хооронд байгуулсан гэрээнд үл хөдлөх хөрөнгийг буцаавал 400,000 төгрөгийн түрээс бодохоор заасан, мөн 0,5% алданги бодохоор заасан. Иймд би энэ хүмүүст төлөх төлбөр байхгүй гэж үзэж байна. Харин ч би маш их хохирсон учир сөрөг нэхэмжлэл гаргаж хохирлоо нэхэмжилнэ. Иймд Н.А, Х.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.А, Х.Б нартай хувийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байгуулж, уг гэрээний дагуу Б.Ц нь өөрийн өмчлөлийн хувийн орон сууцыг 37,500,000 төгрөгөөр худалдахаар болж, нэхэмжлэгч талаас урьдчилгаа 17,000,000 төгрөгийг төлсөн. Уг байрыг Голомт банк ХХК-ийн барьцаанд байгаа гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Бид өөрсдийнхөө байрны төлбөрийг өөрсдөө төлнө, сар болгоны 24-ний өдөр 850,000 төгрөг төлье гэж анх тайлбар өгч байсан. Гэвч эдгээр хүмүүс хэлсэн үүргээ зөрчиж, сар бүр төлөх ёстой төлбөрөө байнга хугацаа хэтрүүлж, 2 жилийн дотор 20,400,000 төгрөг төлчихсөн байх ёстой байтал 6,000,000 төгрөгийг л гуйж гувшуулж, хэл ам болгож төлж байсан. Анх гэрээ хийхдээ уг хувийн орон сууцыг банкны барьцаанд байгаа, сар болгон 850,000 төгрөгийн төлбөр хийнэ гэдгийг мэдэж байсан. Гэтэл мөнгөө хугацаанд нь төлөөгүйгээс болж Б.Цийн банкны зээлийн хугацаа хэтэрч, хүү, алданги бодож маш их алдагдалд орсон. Гэрээний 3.6-т зааснаар эдгээр хүмүүс төлбөрөө төлөхгүй, маш их өрөнд ороод байсан тул энэ байраа өөр хүмүүст зарж, тодорхой хэмжээний мөнгийг авч, банкандаа тодорхой хэмжээний мөнгийг өгсөн. Энэ хүмүүс гэрээ цуцалъя, би илүү хүнд байдалд ороод байна гээд гэрээний 3.6-т зааснаар хэрэв орон сууцыг буцаах бол сарын 400,000 төгрөгөөр түрээс тооцно гэж заасан байгаа. Нэхэмжлэгч нар нь гэрээ цуцалснаас хойш 23 сар уг байранд амьдарсан байгаа. Иймд нэхэмжлэлийн үнийн дүнгээс 13,800,000 төгрөг дээр эвлэрэх боломжтой. Өмнөх шүүх хуралдааны дараа эвлэрье гэж ярилцсан боловч Б.Ц-той эвлэрлийн талаар ярьж, уулзаж чадаагүй гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 275,200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хувийн сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ, Х.Бийн эзэмшдэг Хаан банк дахь 555555555, Н.Аийн эзэмшдэг Хаан банк дахь 55555555дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч нарын нэмэлт тайлбар, Н.Аийн оршин суух хаягтйн тодорхойлолт, Н.Аийн эмнэлэгт үзүүлсэн тухай эмнэлгийн магадлагаа, хураалттай хуучин эд хогшил, хаалга, хаалганы эвдэрхий бариулны фото зураг, улсын хилээр Х.Б зорчсон тухай Хил хамгаалах ерөнхий газрын 999999999 дугаартай тодорхойлолт, лавлагаа, Х.Б зорчсон тухай Хил хамгаалах ерөнхий газрын 21212212121 дугаартай тодорхойлолт, лавлагаа, нэхэмжлэгч Н.А өмгөөлөгч Д.С нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж 14,150 төгрөг төлсөн баримт, 1111111 улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг Х.Бээс Б.Цид 6,000,000 төгрөгөөр худалдсан тухай Автомашин худалдах-худалдан авах гэрээ, хар өнгийн Си Ди 1 ширхэг,

 

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: хариуцагчаас С.Бт 3 жилийн хугацаатай олгосон 2021.10.11-ний өдрийн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчаас П.Зд 1 жилийн хугацаатай олгосон 2023.01.31 өдрийн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.З болон өмгөөлөгч М.Х нарын хооронд байгуулагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 666666 тоот хаягт байршилтай сууц нь Голомт банкны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 00000000000 дугаартай зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн, Голомт банкны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 555555 тоот албан бичгээр барьцааны гэрээ дуусгавар болсон тухай Дорноговь аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн 66666666 албан бичиг, хавсралт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс төлсөн орлогын баримт, Голомт банкны 333333 албан бичиг, Голомт банк болон зээлдэгч Б.Ц, Ч.Ганбат нарын хооронд байгуулагдсан 2018.12.1400000000000 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 11111111дугаартай Ипотекийн гэрээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Голомт банкны 2021.10.01№555555 албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, үйлчилгээний хөлс төлсөн шилжүүлгийн баримт, татвар төлсөн баримт, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 666666 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Цоос Б.Лд худалдсан тухай Худалдах-худалдан авах гэрээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 666666 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай Б.Цийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 4444444 дугаартай гэрчилгээ, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Лгийн (нэг иргэний өмч) өмчлөлд бүртгэгдсэн тухай 2021.10.08-ны өдрийн 22222222дугаартай гэрчилгээ, гэрч С.А, Н.У нарын мэдүүлэг, Голомт банкны 9999999999 дугаартай албан бичиг, 2018.12.1400000000000 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 91991919191 дугаартай Ипотекийн гэрээ, 2023.01.20-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэл,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.А, Х.Б нар нь хариуцагч Б.Цид холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 23,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 13,800,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: Б.Цоос хувийн сууц худалдан авахдаа банкны зээлээр худалдан авах боломжтойгоо хэлэхэд, банканд хүү төлж байхаар хувь лизингээр худалдан авбал хүүгүй танд ашигтай гэж ятгаж итгүүлсэн учир байрыг зээлээр худалдан авахаар болсон. Төлбөрийг төлсөөр үлдэгдэл төлбөр 14,050,000 төгрөг болоход Б.Цид үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөд байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авъя гэхэд байр нь Голомт банкинд 29,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа, энэ мөнгийг төлөөд өмчлөх эрхийн гэрчилгээгээ ав гэж хэлсэн. ...Б.Ц нь анхнаасаа уг байр нь Голомт банкны барьцаанд байгаа талаар бидэнд огт хэлж байгаагүй гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын 13,800,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжтой, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ тайлбарлахдаа Б.Ц өөрийн өмчлөлийн хувийн орон сууцыг 37,500,000 төгрөгөөр худалдахаар болж, нэхэмжлэгч талаас урьдчилгаа 17,000,000 төгрөгийг төлсөн. Уг байрыг Голомт банк ХХК-ийн барьцаанд байгаа гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан. ...төлбөрийг өөрсдөө төлнө, сар бүрийн 24-ний өдөр 850,000 төгрөг төлье гэж байсан боловч эдгээр хүмүүс хэлсэн үүргээ зөрчиж, сар бүр төлөх ёстой төлбөрөө байнга хугацаа хэтрүүлж, 2 жилийн дотор 20,400,000 төгрөг төлчихсөн байх ёстой байтал 6,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс болж Б.Цийн банкны зээлийн хугацаа хэтэрч, хүү, алданги бодож маш их алдагдалд орсон. ... гэрээний 3.6-д зааснаар, хэрэв орон сууцыг буцаах бол сарын 400,000 төгрөгөөр түрээс тооцно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь гэрээ цуцалснаас хойш 23 сар уг байранд амьдарсан... гэв.

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Талууд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хувийн сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, худалдагч тал Б.Ц нь Д З сумын 3 дугаар баг, 16161616 тоот хаягт байрлах, 114 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч Х.Б, Н.А нарт 37,500,000 төгрөгөөр худалдах, төлбөрийн урьдчилгаа 17,000,000 төгрөг төлөгдсөн болохыг гэрээнд дурьдаж, үлдэгдэл 20,400,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сар бүрийн 10-ны өдөр 850,000 төгрөгөөр 24 сарын хугацаанд, худалдан авагч талын Хаан банк дахь 54545454 дугаартай дансанд төлөхөөр харилцан тохиролцжээ.

5.2. Х.Б, Н.А нар дээрх гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 17,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3,800,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2,200,000 төгрөгөөр тус тус төлсөн, 6,000,000 төгрөгт тооцож Истана маркий тээврийн хэрэгслийг худалдагч талын өмчлөлд шилжүүлсан байх ба гэрээний дагуу хүлээсэн төлбөрийн үүргийг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж 6,900,000 төгрөг нийт 23,900,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь зохигчийн тайлбар, 1111111 улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг Х.Бээс Б.Цид 6,000,000 төгрөгөөр худалдсан тухай Автомашин худалдах-худалдан авах гэрээ, Х.Бийн эзэмшдэг Хаан банк дахь 555555555, Н.Аийн эзэмшдэг Хаан банк дахь 55555555дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

5.3 Талуудын худалдах-худалдан авахаар тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 666666 тоот хаягт байршилтай сууц нь Голомт банкны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 00000000000 дугаартай зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн, Голомт банкны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 555555 тоот албан бичгээр барьцааны гэрээ дуусгавар болсон болох нь Дорноговь аймаг дахь улсын бүртгэлийн хэлтсийн 66666666 албан бичгээр тогтоогдов.

5.4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл болох ...уг байрыг Голомт банкны зээлийн барьцаанд байгаа гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан. ...төлбөрийг өөрсдөө төлнө, сар бүрийн 24-ний өдөр 850,000 төгрөг төлье гэж байсан боловч эдгээр хүмүүс үүргээ зөрчиж, сар бүр төлөх ёстой төлбөрөө байнга хугацаа хэтрүүлж, 2 жилийн дотор 20,400,000 төгрөг төлчихсөн байх ёстой байтал 6,000,000 төгрөгийг төлж хохироосон гэх тайлбар нотлогдсонгүй.

6. Талуудын байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хувийн сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцэхгүй байна.

7. Тодруулбал, хариуцагчийн татгалзалд дурьдаж буй ...уг байрыг Голомт банкны зээлийн барьцаанд байгаа гэдгийг нэхэмжлэгч тал мэдэж байсан. ...төлбөрийг өөрсдөө төлнө, сар бүрийн 24-ний өдөр 850,000 төгрөг төлье гэж байсан боловч эдгээр хүмүүс үүргээ зөрчсөн гэх үндэслэл талуудын байгуулсан 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хувийн сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний заалтууд болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй буюу гэрээ байгуулж байх тухайн цаг хугацаанд, гэрээний зүйл нь өөр этгээдтэй байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байсан талаар нэхэмжлэгч мэдээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй байжээ.

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж зааснаар, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хувийн сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна.

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж зохицуулсан.

10. Дээр дурьдсанаар хариуцагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй нь тогтоогдож байх тул 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хувийн сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ-нээс татгалзаж буй нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

11. Нэхэмжлэгчийн хувьд хувийн сууц, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилго анхнаасаа агуулсан бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээ байгуулж, хариуцагчтай эрх зүйн харилцаа үүсгэсэн боловч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхөл байдал тогтоогдсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж зааснаар, гэрээнээс татгалзах эрхтэй.

11.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасныг баримтлан, дээр дурьдсан гэрээний дагуу төлбөрийн үүрэг гүйцэтгэхэд зарцуулагдсан 23,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

12. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 13,800,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгчтэй эвлэрэх санал гаргахдаа 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Хувийн сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ-ний 3.6-д Хэрэв орон сууцыг буцаах бол сарын 400,000 төгрөгийн түрээс бодож тооцно гэх заалтыг үндэслэл болгож, түрээсийн төлбөр хэмээн суутган, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгээс хасч тооцож мэтгэлцсэн нь үндэслэлгүй байна.

12.1. Тодруулбал, хариуцагч нь уг татгалзалдаа дурьдаж буй үндэслэлээр тодорхой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаагүйн зэрэгцээ, Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасныг зөрчиж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, худалдах-худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй болох нэхэмжлэгчийн зорилго биелэхгүй буюу хэрэгжих боломжгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн тул уг гэрээний зүйл заалтыг баримтлан түрээсийн төлбөр тооцох боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан, хариуцагч Б.Цоос 23,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А, Х.Б нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА