Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2023/00897

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 14 101/ШШ2023/00897

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х-ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ө ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 305,319,226 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь зээлдэгч Ө ХХК-д 2019 оны 9 сарын 01-ний өдөр 1 дугаартай Бизнесийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу 220,600,000 төгрөгийг сар бүрийн 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаандаа авсан зээлээ эргүүлэн төлж дуусгалгүй гэрээний үүргээ зөрчсөөр байна.

Гэвч зээлдэгч нь 2022 оны 8 сарын 23-ны өдрийн байдлаар 1дугаартай гэрээгээр авсан үндсэн зээлийн үлдэгдэл 194,645,451.53 төгрөг, хүү 95,477,594 төгрөг, алданги 15,196,181 төгрөг, нийт 305,319,226 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Манай компани зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлж авсан зээлээ төлөхийг цахим шуудангаар болон албан бичгээр байнга шаардаж байсан боловч зээлээ бүрэн төлж дуусгах гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрсэн.

Хариуцагчаас 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 305,319,226 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 1,684,547 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1дугаартай зээлийн гэрээний хуулбар, Х ХХК-ийн 5009478618 дугаар данснаас Ө ХХК-ийн 5002462211 дугаар дансанд 2019.09.23 өдөр 5,000,000 төгрөг, 2019.09.06 өдөр 38,600,000 төгрөг, 2019.08.21 өдөр 40,000,000 төгрөг, 2019.09.18 өдөр 40,000,000 төгрөг, 2019.09.19 өдөр 10,000,000 төгрөг, 2019.08.30 өдөр 32,000,000 төгрөг, 2019.09.23 өдөр 55,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтууд (эдгээрийн 2019.09.23 өдөр 55,000,000 төгрөгийн баримт нь нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар), зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Х ХХК-иас Ө ХХК-д хүргүүлсэн 5, 8 дугаартай албан бичгүүдийн нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар, нэхэмжлэгчээс Б.У, Ж.Д нарт олгосон 6 дугаартай итгэмжлэл, хариуцагчийн төлөөлөгч А.Г-гын идэвхитэй ашиглаж байгаа гэх хаягийг шүүхэд мэдэгдэж, хариуцагчтай холбогдохыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлт,

Хариуцагч талаас: хариуцагч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх тухай Ө ХХК-иас Ж.Д олгосон 2022.08.25 өдрийн итгэмжлэл, А.Ггаас Ж.Д олгосон 2022.08.03 өдрийн итгэмжлэл, А.Гга /РД:55555555/-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д Ө ХХК-иас олгосон итгэмжлэлээс 2022.11.28 өдөр татгалзсан тухай тус шүүхэд гаргасан тайлбар,

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, хариуцагч Ө ХХК-иас 99,305,195.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 206,014,031 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:

2.1. Зээлдэгч Ө ХХК-д 2019 оны 9 сарын 01-ний өдөр 1дугаартай Бизнесийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу 220,600,000 төгрөгийг сар бүрийн 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2022 оны 8 сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 194,645,451.53 төгрөг, хүү 95,477,594 төгрөг, алданги 15,196,181 төгрөг, нийт 305,319,226 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй ба тус шүүх дээр хэлэлцэгдэж байгаа М ББСБ ХХК, Э ХХк, А ХХК-ийн тус тус гаргасан нэхэмжлэлтэй, Ө ХХК болон А.Ггад тус тус холбогдох иргэний хэргүүдэд нэгтгэхийг шүүхээс хүсч, эвлэрэн хэлэлцэж байгаа тул эвлэрсэн тохиолдолд нэг захирамж гаргуулах хүсэлтэйгээ шүүхэд илэрхийлсэн.

4. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь хариуцагчийн олгосон итгэмжлэлээс Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т заасныг баримтлан татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болсон ба хариуцагч нь шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2.Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. гэж заасныг хэрэгжүүлээгүй.

4.1. Хариуцагч дээр дурьдсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхигүй оролцож байгаа нь ажиллагааг саатуулах, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхгүй байх үндэслэл болохгүй.

4.2. Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.-д Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана.,

77.2.-т Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна.

77.8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд т ооцно. гэж тус тус заасныг баримтлана.

4.3. Хариуцагч Ө ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд нь А.Гга байх бөгөөд хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэх болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгагдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 41-11 тоот хаягийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д заасан хаяг гэж үзэх бөгөөд тус хаягаар ажиллагаа явуулж, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны засаг дарга О.Энхтуяад гардуулан өгсөн.

4.4. Ийнхүү, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагчид хүргүүлсэн, хариуцагч нь дээр дурдсанаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Талууд 2019 оны 9 сарын 01-ний өдөр 1дугаартай Бизнесийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу 202,600,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байх ба энэхүү гэрээг Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.1.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэг, зээлдэгчийн хүсэлтийг үндэслэсэн, мөн нэмэгдүүлсэн хүү төлүүлэх нөхцлийг гэрээнд тусгасан байна.

5.2. Х ХХК нь Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.1.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр бүлэгт зааснаар зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлснээ 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн байна.

5.3. Талуудын хооронд байгуулагдсан эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар зээлдүүлэгчийн шаардах эрх, зээлдэгчийн төлбөр гүйцэтгэх үүргийг тодорхойлох ба талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги... гэж зааснаар бичгээр гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй.

5.4. Нэхэмжлэгч нь нийт 202,600,000 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан атлаа нийт 220,600,000 төгрөгийн дүнгээс хүү, алданги тооцсон нь үндэслэлгүй байна.

5.5. Хэрэгт авагдсан, Х ХХК-ийн 5009478618 дугаар данснаас Ө ХХК-ийн 5002462211 дугаар дансанд 2019.09.23 өдөр 5,000,000 төгрөг, 2019.09.06 өдөр 38,600,000 төгрөг, 2019.08.21 өдөр 40,000,000 төгрөг, 2019.09.18 өдөр 40,000,000 төгрөг, 2019.09.19 өдөр 10,000,000 төгрөг, 2019.08.30 өдөр 32,000,000 төгрөг, 2019.09.23 өдөр 55,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтуудаас үзэхэд эдгээрийн 2019.09.23 өдөр 55,000,000 төгрөгийн баримт нь нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно. гэж заасантай нийцэхгүй байх тул зээлийн гэрээний дагуу 165,600,000 төгрөгийг зээлдэгчид бодитоор шилжүүлсэн гэж үзнэ.

5.6. Дээр дурьдсанаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан, зээлдэгч хүү төлөх үндэслэлтэй тул гэрээнд заасан 2 хувийн хүүг 6 сарын хугацаанд тооцоход нийт 19,800,000 төгрөгийн хүү, үндсэн зээл 165,600,000 төгрөг, нийт 184,800,000 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөр байна.

5.7. Зээлдэгч Ө ХХК нь зээлийн эргэн төлөлтийг төлөхдөө 50,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийг төлсөн, 4,391,804.69 төгрөгийг алданги утгаар, 1,103,000 төгрөгийг сунгалтын шимтгэл утгаар, нийт 5,494,804.69 төгрөгийг зээлдүүлэгчид төлсөн нь хэрэгт авагдсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тооцоолол-оор тогтоогдож байх ба талууд алданги төлөхөөр тохиролцоогүй, зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй, зээлдүүлэгч нь зээлдэгчээс шимтгэл авах үндэслэлгүй тул энэхүү 5,494,804.69 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд тооцон 85,494,804.69 төгрөгийг 184,800,000 төгрөгөөс хасах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан, хариуцагч Ө ХХК-иас 99,305,195 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 206,014,031 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,684,547 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 654,475,9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА