Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ДШМ/685

 

 

Г.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/1271 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Г.Сд холбогдох 2106009640790 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.........................., 19......... оны ........ дугаар сарын .........-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геофизикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнж 2 гудамжны 71а тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Г.С нь 2021 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтан өлгий 7 дугаар гудамжинд насанд хүрээгүй Т.Батмөнхийн “Самсунг А-51” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч Г.С нь хохирогчоос гар утсаараа яриулаач гэж гар утсыг авч, улмаар гар утсыг нь өгөлгүй “Чамайг бүлнэ. Чи надаар бүлүүлэх үү” гээд гараа халаасандаа хийсэн ба хохирогчоос мөнгө нэхсэн, нүүр рүү цохисон, бөгс рүү хөлөөрөө өшиглөсөн, алагдсан, мөн насанд хүрээгүй хохирогч өөрийн гар утсаа буцааж авах гэж шүүгдэгчтэй ноцолдож, араас нь хөөсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж заасан гэмт хэргийн шинжтэй байгаа эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг хийх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, прокуророос Г.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж үзсэн нь үндэслэл муутай байх ба хэргийн зүйлчлэл тохироогүй тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжгүй. Иймд шүүгдэгч Г.Сд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хүлээн авч дараахь үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн болон бусад баримтаар Мянгат овогт Ганбатын Сундуйсүрэн нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Алтан өлгий 7 дугаар гудамжинд 2021 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн хооронд насанд хүрээгүй иргэн Т.Батмөнхийн “Самсунг А-51” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх үйл баримтыг тогтоосон. Өмчлөх эрхийн эсрэг түүний дотор “Дээрэмдэх” гэмт хэргийн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлууд буюу зүйлчлэлийг ялгахдаа гэмт этгээд бусдын өмчийг хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас шалтгаалан өөр өөрөөр зүйлчилдэг. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн бусдын өмчийг олж авахын тулд хийсэн идэвхтэй үйлдлийг чухалчлах учиртай. Нэгэнт тухайн эд зүйлийг өөртөө олж авсны дараа үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хийгдэж буй хүч хэрэглэсэн үйлдлийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж үзэх нь ихээхэн учир дутагдалтай бөгөөд дээрх хэргийн бодит байдалд нийцэхээргүй байна. Гэтэл шүүхээс дээрх гэмт хэрэг төгссөний дараах нөхцөл байдал буюу гэмт этгээд нь хохирогчийн гар утсыг авсны дараа согтуурхсан, маргалдсан, зодолдсон үйлдэлд ач холбогдол өгч зүйлчлэл буруу үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ. Мөн прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолдоо тухайн гэмт хэргийг ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл хэсгээр зүйлчилсэн болохоо тайлбарласан болохыг дурдаж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/1271 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Г.Сд холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэн үйлдэх гэдэгт хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор бие махбодь руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл болон үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлсэн заналхийлэл үзүүлж хохирогчийн эсэргүүцлийг дарах гэсэн сэтгэл зүйн хүчирхийллийг хамааруулан ойлгодог.

            Хавтас хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Т.Батмөнхийн “...Утсаараа ганц яриулаач гэхэд би гар утсаа өгөөд хойноос нь дагаад явж байтал нэг найзтайгаа ярьж байхдаа “найз нь танай гудамжинд ирчихлээ, би орох уу, чи гарч ирэх үү” гээд яриад байсан. ...“Ахаа би одоо ингээд харилаа” гэхэд “томроод байна уу. Манай найзууд бол чамаар тоглоно. Чамайг бүлнэ. Чи надаар бүлүүлэх үү” гээд гараа халаасандаа хийчихээд байсан. Тэгээд надаас мөнгө асуугаад байхаар нь согтуу байгаа юм чинь гэж бодоод “гэрт дүүгийн дансанд байгаа” гэхэд “хэдэн төгрөг байгаа юм” гэсэн. ...“надаар тоглоод байна уу” гээд миний нүүр рүү нэг удаа цохиод авсан. Тэгээд миний урд ирээд хашаанд шахаад намайг “наад хашаагаа даваадах, ална шүү” гэж хэлээд бөгс рүү хөлөөрөө нэг удаа өшиглөж, нүүр рүү алгадаад даваач гээд байсан. ...Тэгээд бид хоёр дээр доороо ороод газар хөрвөөж байгаад миний хоолойг боох гээд байсан. ...босох гэхэд миний нүүр рүү нэг удаа цохисон. ...” /хх 10-21/ гэх мэдүүлгээс үзэхэд насанд хүрээгүй хохирогч гар утсаа буцааж авах гэхэд нь яллагдагч хүч хэрэглэсэн, заналхийлсэн үйл баримт тогтоогдож байна.

            Прокурорын эсэргүүцэлд “ ... Нэгэнт тухайн эд зүйлийг өөртөө олж авсны дараа үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хийгдэж буй хүч хэрэглэсэн үйлдлийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэж үзэх нь ихээхэн учир дутагдалтай бөгөөд дээрх хэргийн бодит байдалд нийцэхээргүй байна.” гэжээ. Насанд хүрээгүй хохирогч Т.Батмөнхөөс эд зүйлийг нь хүч хэрэглэхгүйгээр авсан хэдий боловч тэр даруй зугтах зайлсхийх үйлдэл хийгээгүй, харин ч утсаа авах гэсэн насанд хүрээгүй хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон идэвхитэй үйлдэл хийсэн нь эсэргүүцэлд дурьдсан дээрх үндэслэлийг няцааж байна.

Иймд прокуророос хэргийн нөхцөл байдалд бүрэн гүйцэд, бодитой дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг тогтоох шаардлагатай байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/1271 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2021/ШЗ/1271 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Сайнбаярын бичсэн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 29 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 ШҮҮГЧ                                                        Т.ӨСӨХБАЯР

 

                         ШҮҮГЧ                                                         Д.МӨНХӨӨ