Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Батмандах /0466/

Шүүгдэгч Э.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Шанхат овогт Эрэндийн Амаржаргалд холбогдох эрүүгийн 201726020775 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, МУБИС-ийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороолол 13-150 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Шанхад овогт Эрэндийн Амаржаргал /РД:КН95112106/.

 

            Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт “СКУ” нэртэй зочид буудалд Э.Амаржаргал нь иргэн Т.Шүрэн-Эрдэнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Амаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Анударьд хумс хийж өгөхөөр уулзсан. Тэр өдөр Шүрэн-Эрдэнэ хумс хийлгэнэ гэсэн. Тэгээд Шүрээгийн найзууд уулзана гээд тэр хоёр намайг явах уу гэхээр яах юм гэхэд хамт явчихая гээд гуйгаад байхаар нь би хамт явсан. Тэгээд тэнд очоод Анутай маргалдсан. Тэгээд Анударь үлдээд Шүрээ бид хоёр явах болоод гарч явахдаа чамаас болоод би найз Анутай муудалцлаа гэхэд Шүрээ чи яах гэж муудалцсан юм гээд над руу хэл амаар дайраад байхаар нь үснээс зулгаагаад хана руу түлхээд доошоо түлхсэн чинь шат мөргөөд уначихсан. Тэгээд дээшээ харахаар нь харахад ам хамраас нь цус гарчихсан шүд уначихлаа гэхээр нь цагдаа дуудая гэхэд Шүрээгийн найз нар нь бууж ирээд Шүрээг аваад цагдаа дуудаж яах юм гээд гаргаад өрөөндөө орсон. Би Анутай хамт харьсан” гэв.

 

Хохирогч Т.Шүрэн-Эрдэнэ мэдүүлэхдээ: “…Би 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай найз болох Ээгий дуудахаар нь хорооллын ахуйн үйлчилгээний замын урд талд байрлах СКУ нэртэй зочид буудалд 13 цагийн үед очсон. Тэгээд Анударь гэх найзруугаа залгаад дуудтал 25 дугаар эмийн сангийн хажууд айлд хумс хийлгэж байна гэхээр нь би яваад очьё гэж хэлээд яваад очтол Амаржаргал гэх охин хумс хийж байсан. Тэгэхээр нь би эхлээд хийлгэе гэж хэлээд түрүүлээд хумсаа хийлгэсэн. Тэгээд Ануг хумсаа хийлгэх юм болов уу гэсэн чинь хумсаа хийлгэлгүй дараа больё гэсэн. Тэгээд бид нар юм яриад сууж байтал Ээгий залгаад буцаад хүрээд ирээч гэхээр нь би Ануг явья гэтэл тэгүүл Амаржаргалыг аваад явья гэсэн. Тэгээд бид 3 нөгөө буудалдаа 19 цагийн үед очсон. Тэгээд ортол манай найз нар архи ууж байсан. Бид 3 ороод цуг ууцгаасан. Тэгтэл манай найз нартай цуг байсан эмэгтэй тэр эмэгтэйтээ Амаржаргал бид маргалдсан. Тэгээл Ану бид нарыг болиулсан. Тэгээд байж байтал Амаржаргал Ану 2 хоорондоо маргалдаад Амаржаргал Анугийн үснээс зулгаагаад байсан. Тэгэхээр нь би салгасан. Тэгтэл манай найз Ээгий 2 найзыгаа аваад гараа гэсэн. Тэгээд би Ану, Амаржаргалыг аваад гарсан. Тэгтэл Амаржаргал над руу уүрлаад танай найз нар чинь бид 2-ийг хөөлөө гээд уурлаад байсан. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Амаржаргал намайг хана мөргүүлээд шат руу түлхсэн. Тэгээд би босоод ирсэн чинь миний шүд хугарсан ам хамраас цус гарсан байсан. Тэгээд өрөөнийхөо 00 ороод гар нүүрээ угаасан. Ану, Амаржаргал нар явсан байсан...” гэжээ. /хх 10-11/

 

Гэрч М.Анударь мэдүүлэхдээ: “...Шүрэн-Эрдэнэ манай найзууд дээр очьё гэхээр нь би Амаржаргалыг цуг явъя гээд бид 3 цуг явцгаасан. Тэгээд СКА нэртэй буудалд очсон чинь Шүрэн-Эрдэнийн найзууд гээд 4-н эрэгтэй 2 эмэгтэй байсан. Тэгээд бид нар нийлээд архи ууцгаасан. Тэгээд тэнд байсан нэг охин нь яваад өгсөн. Тэгээд Амаржаргал, Шүрэн-Эрдэнэ нар нь тэнд байсан охинтой насны ялгаа гаргаад маргалдаж байгаад удалгүй эвлэрсэн. Тэгээд бид нар архи ууж байгаад Амаржаргал бид хоёр маргалдаад миний үснээс зулгаагаад байсан. Тэгээд бас буцаж эвлэрсэн. Тэгээд удаагүй бид 3 гаръя гээд буудлын өрөөнөөс гарч явж байтал Шүрэн-Эрдэнэ, Амаржаргал хоёр хоорондоо маргалдаж байгаад Амаржаргал нь Шүрэн-Эрдэнийг үснээс зулгаагаад ханаруу саваад унагаасан. Тэгээд Шүрээ босч ирэхдээ амнаас цус гараад миний шүд уначихлаа гээд уйлаад байсан. Тэгээд доороос нэг залуу гарч ирээд яаж байгаан бэ гээд тэр танихгүй залуу нүүрийг нь угаалгачихаад яваад өгсөн. Тэгээд Шүрэн-Эрдэнэ коридорт уйлаад сууж байхад нь нөгөө гаднаас Шүрэн-Эрдэнийг таньдаг нэг залуу орж ирээд юу болж байгаан бэ гээд асуучихаад өрөө рүүгээ орчихсон. Тэгээд би доошоогоо буудлаас гарах гээд явсан. Араас Амаржаргал гарч ирээд түүний найз нь ирээд Амаржаргал намайг хүргэж өгчихөөд явсан...” гэжээ. /хх 12/

 

Гэрч О.Золбоо мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 20-ний шөнө 11 цагийн үед намайг гэртээ байж байхад манай найз Шүрэн-Эрдэнэ надруу утсаар залгаад би СКА гэдэг нэртэй зочид буудлын 817 тоотод байна хүнд зодуулчихлаа намайг ирээд авчих гэсэн. Тэгээд би 23 цаг 30 минутын үед СКА нэртэй зочид буудалд очоод 817 тоот өрөөрүү нь ороод Шүрэн-Эрдэнэ байна уу гэж асуухад тийм хүн байхгүй гээд хэдэн хүүхэн залуучууд байсан. Тэгээд би зочид буудлын ресепшинтэй нь уулзаад буудлын 1-р давхарт зогсож байтал Шүрэн-Эрдэнэ өөрөө буудлын 1-р давхарт байж таараад уулзахад уруулнаас нь цус гарчихсан, эрүү нь хавдчихсан шүд нь хугарчихсан байдалтай байсан. Тэгээд би Шүрэн-Эрдэнийг аваад гэрлүүгээ явсан.

Шүрэн-Эрдэнийг би шууд цагдаа дуудъя гэж хэлэхэд Шүрээ шууд гэрлүүгээ харъя гээд байсан. …Маргааш нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Шүрээг зодсон гэх Амаржаргал нэг эмэгтэйтэй хамт ирчихээд Шүрээгээс уучлалт гуйгаад л байсан...” гэжээ. /хх 14-15/

 

Гэрч Г.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: “... 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдөр Шүрэн-Эрдэнийг найзууд нь дуудаад байна гээд гэрээсээ гараад явсан. Шөнө 23 цагийн үед Шүрэн-Эрдэнэ манай найз Золбоо руу залгаад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны СКА нэртэй зочид буудалд байна би зодуулчихлаа намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд Золбоо Шүрэн-Эрдэнийг авах гээд гараад явсан. Тэгээд Золбоо Шүрэн-Эрдэнийг шөнө гэртээ авч ирэхэд Шүрэн-Эрдэнэ хүнд зодуулчихсан гэсэн эрүү, гар нь хөхөрчихсөн, шүд нь унаад буйлнаас нь цус гарчихсан байсан...” гэжээ. /хх 16-17/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4433 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Шүрэн-Эрдэнэ-н биед дээд үүдэн 1 шүдний хөндлөн хугарал, доод уруулын дотор салстад язарсан шарх, эрүүний ооч хэсэг, баруун бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 19/ 

 

Шүүгдэгч Э.Амаржаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28, 29/

Шүүгдэгч Э.Амаржаргалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 34-36/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт “СКУ” нэртэй зочид буудалд Э.Амаржаргал нь иргэн Т.Шүрэн-Эрдэнийг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Шүрэн-Эрдэнэ /хх 10-11/, гэрч М.Анударь /хх 12/, Б.Тайванжаргал /хх 13/, О.Золбоо /хх 14-15/, Г.Бат-Эрдэнэ /хх 16-17/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4433 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 19/, шүүгдэгч Э.Амаржаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28, 29/, шүүгдэгч Э.Амаржаргалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх 34-36/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

     Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд шалгагдсан байх тул шүүгдэгч Э.Амаржаргал бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

     Шүүгдэгч Э.Амаржаргал нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэн учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

    

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргаж ирүүлээгүй, шүүгдэгч нь 2 хоног цагдан хоригдсон, хохирогч Т.Шүрэн-Эрдэнэ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдав.

 

     Шүүгдэгч Э.Амаржаргалын бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд хохирогч Т.Шүрэн-Эрдэнийн “…шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298, 299, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шанхат овогт Эрэндийн Амаржаргал нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шанхат овогт Эрэндийн Амаржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Э.Амаржаргал нь 2 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Шүрэн-Эрдэнэ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Амаржаргалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Ялтан, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Амаржаргалын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                     ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ