Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1435

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2019/00217 дугаар шийдвэртэй

 

Ш.О-ийн нэхэмжлэлтэй хариуцагч БДЗДТГхолбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.О-, өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.О- нь Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн ахлагчаар 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ажилласан. Би ажил үүргээ алдаа дутагдал гаргалгүй, зохих ёсоор гүйцэтгэж байсан. Гэтэл Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Л.Ганчимэг, Н.Гэрэлмаа бид гурвыг дуудаж уулзаад хорооны Засаг даргаас бичиг ирсэн, ажлаа аятайхан хийж чадахгүй яагаад байгаа юм гэж загнаж байгаад гаргасан. Хэд хоногийн дараа миний цалин дансанд ороогүй байхаар нь нягтлан бодогч н.Эрдэнэцэцэгээс учрыг асуухад чиний халагдах тушаал ирсэн гэж хэлсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ЗДТГ-ын хүний нөөцийн мэргэжилтэн н.Отгонзулаас ажлаас халагдсан тушаалаа авсан. Миний хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, ямар алдаа дутагдал гаргасан болохоо ойлгоогүй, үндэслэлгүйгээр халагдсандаа гомдолтой байна. Би даргатай хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээр тэрийг маань үгүйсгэж доош нь хийж дардаг. Чи ганцаараа хэлтэй амтай нь юм уу гэж хэлдэг. Мөн намайг бусадтайгаа барьцдаг гэж хэлж байна, надад бусадтайгаа барьцаад байсан зүйл байхгүй, надад хэлвэл хэлэхээр зүйл их байдаг. Тухайлбал, манай өөр хэсгийн ахлагч нар ажил дээрээ өглөө ирчхээд үдээс хойш нь миний бие өвдөөд байна гээд чөлөөтэй гараад явчихдаг, гэтэл энэ хүмүүсийн цалин бүтнээрээ ороод байдаг. Намайг 2019 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдөр ажил тасалсан гээд ажлаас халсан байгаа би тухайн өдөр өглөө дарга руу 2 удаа залгасан намайг залгахад даргын утас нь холбогдохгүй болохоор нь хэсгийн ахлагч н.Ганчимэг рүү залгаад дараа нь даргыг орлодог зохион байгуулагч н.Урангоо руу утсаар ярьсан. Би иргэдтэй хэл ам хийж байгаагүй, ажлаа сайн хийдэг гэж боддог. Үзэл бодлоо хэлэхээр л намайг хэрэлдлээ гэж үзээд байдаг, түүнээс биш даргатай хэрэлдэж байгаагүй. Иймд намайг Багануур дүүргийн 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.О- нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Багануур дүүргийн 1-р хорооны 5-р хэсгийн ахлагчаар ажиллаж байгаад 6-р хэсэг буюу 19-23 дугаар байрыг хариуцаж ажилласан. Хэсгийн ахлагч гэдэг бол хариуцсан хэсгийн айл өрхөөр явж, иргэдээс санал хүсэлтийг хүлээн авч хорооны ажлын албанд мэдээлэлж байх, цаг үеийн холбогдолтой мэдээ мэдээллийг цаг тухай бүрт нь иргэдэд хүргэх, судалгаа шинжилгээ хийдэг хүн юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 24-р тогтоолын дагуу хөлсөөр ажиллах гэрээг Тамгын газрын дарга, Хорооны засаг дарга хэсгийн ахлагч нарын хооронд гурвалсан гэрээг байгуулдаг. Уг гэрээний дагуу ажил үүргээ явуулж 10 үзүүлэлтээр ажлаа дүгнүүлдэг. Ш.О-ийг ёс зүйн харилцаа хандлага муутай гэсэн үндэслэлээр 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Ш.О- нь гаргасан алдаа дутагдлаа засахгүй, удирдлагаас тавьсан шаардлагыг эсэргүүцэж цуг ажиллаж буй хүмүүсээ хэл амаар доромжилдог. Мөн хорооны иргэдтэй зүй бусаар харьцаж байдаг нь хорооны иргэдээс ирсэн өргөдөл гомдол, шүүхэд гэрчээр асуугдсан гэрчийн мэдүүлэг зэргээр батлагдаад байгаа. Хөлсөөр ажиллах гэрээгээр тохиролцсон ажил үүргээ гүйцэтгэж, хөлсөөр ажиллуулагч нь хөлс төлөх үүргээ гүйцэтгэдэг. Хөлсөөр ажиллаж байгаа гэрээний үр дүнд бий болсон судалгаанууд байгаа. 19-23 дугаар байрны иргэдийн нэр хаяг, регистрийн дугаар дэлгэрэнгүй байдаг энэ судалгаанууд гар дэвтрийг одоо хүртэл хүлээлгэж өгөхгүй, төрийн албыг алдагдуулж, төр байгууллагын нууцтай холбоотой, иргэдийн нууцыг алдагдуулах хэмжээнд хүрч байна. Энэ нь нэг талаасаа энэ хүнийг ямар ёс зүйтэй хүн бэ? гэдгийг харуулж байна. Нэхэмжлэгч нь ажилд орсон эхний жил ажилдаа дадлагажих, суралцах ажлуудыг хийсэн ба зохих түвшинд ажлаа хэл амгүй хийж явсан. Харин 2018 оны 02 дугаар сараас н.Ганчимэг, Ш.О- нарт холбогдуулан иргэдээс гомдол тасрахгүй ирэх болсон. Би Хорооны Засаг дарга, тэр байгууллагыг удирдаж байгаагийн хувьд иргэдээс ирүүлсэн санал гомдлыг бичгээр авч байсан. Хэсгийн ахлагч нь иргэн төр хоёрын гүүр болж байдаг. Ш.О-ийг гомдол гаргасан иргэдтэй уулзуулж алдаа дутагдлыг нь ойлгуулж дахин алдаа гаргахгүй байх тал дээр сануулж байсан боловч алдаа дутагдлаа засахгүй дахин дахин алдаа гаргаад иргэдээс гомдол тасрахгүй байхаар нь Засаг даргын Тамгын газар, Хорооны ажлын албаны хурлыг хийж энэ хүнтэй зөвшилцөлд хүрч дахин алдаа гаргахгүй байхыг сануулсан, энэ хүн ч зохих ёсоор ажлаа хийж байсан. Хороо бол төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэж ажилладаг бөгөөд оролцохгүй ажил гэж байдаггүй. Манай Хороо нь хэсгийн ахлагч нараа чадавхжуулах, зан харилцаа, ёс зүйг анхаарч зохих шаардлагыг тавьж, үр дүнг цаг тухайд нь тооцож алдаа дутагдлыг нь ярьж хэлэлцээд явдаг. Би энэ хүнд шаардлага тавихаар чамаар заалгахгүй, чи намайг мэдэх юм уу? гэж хүртэл хэлдэг, би энэ байдлыг нь тэвчиж, ажилд нь дадлагажуулаад ёс зүйг нь засаад явчихья, алдаа дутагдалдаа дүгнэлт хийчих байх гэж нилээн хүлээцтэй байдлаар хандсан. 2018 оны 12 дугаар сарын 21, 22-ны өдөр хэл чимээгүй ажил тасалж, асуудал үүсгэсэн. Ш.О- над руу залгасан миний утас холбогдохгүй байсан гэж тайлбарлаад байгаа боловч над руу нэг ч удаа залгаагүй тэр өдөр миний утас нээлттэй байсан. Манай байгууллагын зохион байгуулагч руу залгаж чөлөө авах талаар хэлэхээр нь манай зохион байгуулагч би дур мэдэж чөлөө өгдөг хүн биш, дарга руу яриад чөлөө аваа гэж хэлсэн байдаг. Ш.О-ээс яагаад ажил таслаад байгаа юм бэ? гэж асуухад бусадтайгаа барьцаж, хэл ам гаргадаг, ерөөсөө тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцээд байдаг. Хамт олныхоо дунд хэл ам, хэрүүл шуугиан үүсгэдэг хүн гэрчээр асуугдсан н.Гэрэлмаа энэ талаар тодорхой хэлсэн байгаа. Би алдаа дутагдал гаргасан ажилтандаа тухай бүрт нь болохгүй бүтэхгүй асуудлыг нь хэлж аль болох л асуудлаа байгууллагынхаа дотор л шийдэхийг хичээдэг. Харин Ш.О- нь алдаа дутагдлаа ерөөсөө засахгүй, өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхгүй, намайг эсэргүүцэж 2018 онд 3 удаа надтай маргалдаж, намайг хэл амаар доромжилж байсан. 2019 оны 01 дүгээр сард бас дахин ажил тасалсан тэгэхээр нь би зохих ёсоор шаардлагаа тавихад намайг хэл амаар доромжилж чи намайг зайлуулж чадах юм уу, чи зайлах юм уу, би зайлах юм уу гэж надтай харьцаж байсан. Хорооны хэсгийн ахлагч нарыг 10 үзүүлэлтээр дүгнэж явдаг, бусад хэсгийн ахлагч нар тавьсан шаардлагыг биелүүлдэг, харин Ш.О- байнга хэрүүл хийгээд байдаг. 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр хуралдаж Багануур дүүргийн Тамгын газрын даргад материалаа өгч явуулсан, материал өгч явуулсны орой Ш.О- над руу даргаа намайг уучлаарай гэсэн мессэжийг бичсэн байсан, тэгэхээр нь би материалыг чинь өгөөд явуулсан байгаа гэж хэлсэн. Би тухайн үед Ш.О-ээс ажлаас халсан тушаал гарсан гэдгийг мэдсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсгүүдэд зааснаар Боржигон овогт Шагдарын Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй, БДЗДТГхолбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч тал буюу ажил олгогчийн хувьд ч үүнийг хүлээн зөвшөөрч Хөдөлмөрийн хуулийн зүйл заалтыг үндэслэн ажлаас халсан байтал шүүх зөвхөн гэрээний нэрийг харж, өнгөц дүгнэн “талуудын хооронд үүссэн маргаан нь Иргэний хуулийн гэрээний эрх зүйн маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх боломжгүй” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн хариуцагч талаас шүүхэд илт худал, зохиомол нотлох баримтууд бүрдүүлж өгсөн байдаг бөгөөд жишээ нь: гэрч н.Чимгээ нь Ш.О-ийг ажлаас халагдсаны дараа буюу 2019 онь 3 дугаар сард 1-р хороон дээр очиж өргөдөл өгсөн тухайгаа мэдүүлдэг. Гэтэл хариуцагч талаас нэхэмжлэгч Ш.О-ийг ажлаас халагдсаны дараа гаргасан н.Чимгээгийн өргөдлийг 01 дүгээр сард хүлээн авсан мэтээр илтгэх хуудас гэх мэт нотлох баримт гэх зүйлүүдийг хуурамчаар нөхөн үйлдэж шүүхэд өгсөн байдаг. Шүүх эдгээр баримтыг үнэн худлыг ялгах боломжтой байсаар атал бүр нотлох баримтын хэмжээнд үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хачирхалтай. Ажил олгогчийн тайлбар буюу Ш.О- нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэдэг нь нотлогдоогүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч БДЗДТГхолбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх1/ хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсөн, удирдлагаас тавьсан шаардлагыг байнга эсэргүүцдэг, цуг ажилладаг ажилтнуудаа хэл амаар дайрч доромжилдог төдийгүй иргэдтэй зүй бус харьцаж, зан харилцааны зөрчил дутагдал гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн гэж маргажээ. /хх14-15/

 

Хариуцагч Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар нэхэмжлэгч Ш.О-ийг 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчаар томилж, хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулж байгаад, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

 

Дээрх Б/20 тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 30/24 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар захирамжийг үндэслэсэн байна. /хх2/

 

Талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээний 3.1.7-д “өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, дотоод журам цагийн хуваарь зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ногдуулна”, 5.3-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа /2-оос доошгүй хоногоор/ ажил тасалсан буюу түүнээс дээш удаа гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” тохиолдолд А тал буюу ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах талаар тусгайлан заасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.О- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, алдаа дутагдал гаргаж байгаагүй, даргад өөрийнхөө үзэл бодлоо хэлэхээр намайг өөдөөс хэрэлдлээ, тайлбар тавилаа гэдэг, иргэдийг хэл амаар доромжилж байгаагүй гэж тайлбарласан ч хэрэгт авагдсан Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга Л.Эрдэнэтуяагийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Засаг даргын Тамгын газрын даргад хандсан “илтгэх хуудас”, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “хөлсөөр ажиллах гэрээг цуцлуулах тухай илтгэх хуудас”, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1 дүгээр хорооны даргын дэргэдэх удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, иргэн Г.Чимгээ, Ж.Оюунчимэг, П.Ганчимэг нарын тус хорооны Засаг даргад хандаж гаргасан өргөдөл, 1 дүгээр хорооны ажлын албаны хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар няцаагдаж байна. /хх.19-36/

 

Өөрөөр хэлбэл,  нэхэмжлэгч нь хорооны иргэдтэй зүй бусаар харьцсан, үүнтэй холбоотойгоор тухайн иргэд 1-р хорооны Засаг даргад хандаж өргөдөл гаргаж байсан, мөн нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээг цуцлуулах талаар удаа дараа зөвлөлийн хурлаар хэлэлцэж санал гарган, тус саналыг Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлж байсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймд анхан шатны нэхэмжлэгч Ш.О-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж түүнийг ажлаас чөлөөлсөн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаал үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтад зурагдсан гарын үсэг П.Үзмээ, Т.Ариунтуяа нарын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шүүхээс шинжээч томилсон байх бөгөөд хэргийн 22, 32-35 дугаар талд авагдсан ажлын албаны хурлын тэмдэглэлд зурагдсан гарын үсэг нь П.Үзмээ, Т.Ариунтуяа нарын гарын үсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, мөн хорооны Засаг даргад хандаж гаргасан өргөдөлд бичигдсэн зүйлийн талаар гэрч П.Ганчимэг, Г.Чимгээ, Ж.Оюунчимэг нар шүүхэд мэдүүлсэн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч талаас гаргасан нотлох баримтуудыг илт худал, зохиомол баримтууд гэж үзэх үндэслэлгүй, энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 103/ШШ2019/00217 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                     Ц.ИЧИНХОРЛОО