Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/шш2023/03331

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 06 29

101/ШШ2023/03331

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаабаатар хот, .....тоотод оршин суух ..... /Регистрийн дугаар ......./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,...... тоотод оршин суух ......./Регистрийн дугаар ......./-д холбогдох,

 

....... хаягт байрлах нэгж талбарын ..... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй 36,0 м.кв талбайтай зуслангийн зориулалттай газрын эзэмшигчээр тогтоолгох, .......гийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ганчимэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн ....... миний бие 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр иргэн Н.......... Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах .......гийн газрыг 3,500,000 төгрөгөөр худалдан авч эрхийг шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, газрын төлбөрт 3,500,000 төгрөгийг Хаан банкин дахь ....... тоот дансанд шилжүүлсэн. Н........ нь 4 дүгээр сард газрын хугацаа дуусч байгаа учир нэг мөр хугацааг нь сунгаж нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл шилжүүлж өгөөгүй байгаа. Н........ нь өөрөө 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр газрын албанд хүсэлт гаргаж 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Засаг даргын А/284 дүгээр захирамжаар газрын эрхийг сэргээж, шинээр гэрчилгээ авсан байна. Хариуцагч Н........ нь хэлцэл ёсоор газрыг эрхийг шилжүүлж өгөөгүй тул ....... хаягт байрлах нэгж талбарын ..... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй 36,0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрын эзэмшигчээр тогтоож, .......гийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... шүүхэд гаргасан бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С........ нь 2018 оны 6 сард миний өөрийн мод боловсруулдаг суурин машинууд нийт 3 ширхэг тоног төхөөрөмжийг 10 ширхэг гэрийн модыг 10 сард багтаан өгнө гэж хэлээд миний аав болох .......аас очиж авсан. Мөн надаас Чингэлтэй дүүргийн .......д байрлах зуслангийн газарт дээр нь байрлах 5х7 хэмжээтэй 35 м.кв зуслангийн байшинг буулгаж өгч газрыг нь худалдаж авахаар хэлцэл хийсэн. С........ нь тухайн газрыг авна гэх үедээ надад нэг туслаач өөрийн гэсэн байр байхгүй, түрээсийн байранд амьдрах хэцүү байна гэж байсан. Би газрыг нь зараад дээрх байшинг нь өөрийн хэрэгцээнд авна гэж тохиролцсон. Ингээд би газраа 3,5 саяд өгөхөөр болж хэлцэл хийж миний эхнэр Н........ын нэр дээрх газрыг авахаар С........ийн эхнэр болох ....... нь 3,500,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн. Харин С........, ....... нар нь байшин болон дотор нь байсан эд хогшлыг бидэнд хэлэлгүй буулгасан байсан. Тухайн үед би маш их гайхаж С........тэй холбогдох чадахгүй .......тай холбоо барихад би мэдэхгүй нөхөр хойшоо Орос явсан. 7 хоногийн дараа ирнэ гэж хэлсэн. Үүнээс хойш 9 хоногийн дараа С........тэй холбоо барихад би дөнгөж сая хилээр орж ирж байна, надтай цуг ажилладаг хүмүүс намайг байхгүйд буулгасан байна, би очоод буулгаад өгнө гэсэн. Мөн 10 ширхэг гэрийн мод, зуслангийн байшин, доторх эд хогшлын хамт өгөлгүй худал үнэн юм ярьсаар одоог хүрээд байна. Сүүлдээ утсаа авахаа больж зугтаагаад, эхнэр ....... нь би мэдэхгүй гэж байсан. С........ нь газрын мөнгө болох 3,5 сая төгрөг шилжүүлсэн өдрөө 1 цагийн дараа 500,000 төгрөгийг 5039543688 гэх дансаар шилжүүлэн буцаагаад зээлсэн боловч одоо хүртэл буцааж өгөөгүй. Тухайн үед би зуслангийнхаа байшинг цэвэрхэн буулгаж аваад .......д байрлах зуслангийнхаа газарт барих гэж Н........д ойлгуулж С........д энэ тухай хэлсэн. Одоо би маш их харамсаж байна. Миний хувьд С........, ....... нарт маш их тусалж дэмжиж байсан. Миний итгэлийг уруугаар ашиглаж намайг залилсанд гомдолтой байна. Миний хохирол 3 ширхэг тоног төхөөрөмж 7,693,000 төгрөг, зуслангийн байшин 4,207,000 төгрөг, зуслангийн байшин доторх эд хогшил: хөргөгч 300,000 төгрөг, орны матрас 400,000 төгрөг, угаалтуур 150,000 төгрөг, цахилгаан телушка 200,000 төгрөг, ширээ сандал 250,000 төгрөг, төмөр зуух, аргалын авдар хамт 250,000 төгрөг, тогоо шанага, аяга таваг 150,000 төгрөг. Эдгээр хөрөнгийг, миний өгсөн 13,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тохиолдолд 3,000,000 төгрөгийг барагдуулах буюу газрын асуудлыг шийдвэрлэх болно. Одоо 3,500,000 төгрөгийн байшинтай газар гэж хаа ч байхгүй, би одоо 3,500,000 төгрөгийг нь өгчихье, газраа зарахгүй. Биднийг ингэж залилна гэж мэдсэнгүй. Би худал хэлдэггүй учраас надад өмгөөлөгчийн шаардлагагүй гэж бодсон, өнөөдөр би өмгөөлөгч шаардлагатай гэдгийг мэдэрлээ, өмгөөлөгч авья гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.02.23-ны өдрийн хэлцэл, Хаан банкны ...... дугаартай депозит дансны хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2021.10.25-ны өдрийн 1039 дугаартай прокурорын тогтоол, 2022.08.22-ны өдрийн итгэмжлэл, 2023.04.28-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2022.03.21-ний өдрийн хариу тайлбар, 2022.03.14-ний өдрийн итгэмжлэл, Хаан банкны ....... дугаартай депозит дансны хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, ....... дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ,....... дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын кадастрын зураг, .........ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023.04.13-ны өдрийн итгэмжлэл, 2023.06.06-ны өдрийн итгэмжлэл,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022.09.20-ны өдрийн 18/676 дугаартай албан бичиг, иргэн Н........ын эзэмшлийн газрын 2013 оны А/289 дугаар захирамжийн хувийн хэргийн баримтууд, 2019 оны А/284 дүгээр захирамжийн хувийн хэргийн баримтууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.03.21-ний өдрийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрч С........ийн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023.05.04-ний өдрийн 18/318 дугаартай албан бичиг, нэгж талбарын ......., ..... дугаартай газрын хувийн хэргийн баримтууд.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1. Нэхэмжлэгч ............ нь хариуцагч Н........д холбогдуулан ....... хаягт байрлах газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ....... хаягт байрлах нэгж талбарын ..... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй 36,0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрын эзэмшигчээр тогтоолгох, .......гийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

2. Хариуцагч Н........ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр түүний нөхөр ....... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба тэрээр нэхэмжлэгчийн нөхөр С........тэй нэхэмжлэлд дурдсан газрыг 3,500,000 төгрөгөөр зарах, дээр нь байгаа байшинг буулгаж авахаар харилцан тохиролцсон боловч зуслангийн байшин болон дотор нь байсан эд хогшлыг хэлэлгүй буулгаж хохирол учруулсан гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. Н........, ....... нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Хэлцэл гэх баримтыг үйлдсэн байх ба уг баримтад Н........ нь 2023.02.23-ны өдөр Жигжидэд байгаа зуслангийн газрын мөнгө болох 3,500,000 төгтөгийг авсан үнэн болно. Уг зуслангийн гэрчилгээг 2019 оны 4 дүгээр сард багтаад Мөнхтуяагийн нэр дээр шилжүүлэх болно гэж бичсэн. Мөн Н........ын Хаан банкны ....... дугаартай дансанд төлбөр 100 хувь шилжүүлэв. Газрын гэрчилгээний хугацаа дууссан байсан тул сунгуулахаар Чингэлтэй дүүргийн Газрын албанд холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгөхөөр тохиролцов гэсэн бичиглэл хийгдсэн байна.

3.2. ....... нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 3,500,000 төгрөгийг Хаан банкны ....... дугаартай дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

 

4. Хариуцагч нь дээр дурдсан хэлцэл байгуулсан болон Хаан банкны дансаар 3,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй.

 

5. Зохигчдын хооронд 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Хэлцэл гэх баримтын агуулгаас үзэхэд хариуцагч Н........ нь өөрийн эзэмшлийн зуслангийн газрыг нэхэмжлэгч .......д 3,500,000 төгрөгөөр худалдах зорилгоор хийгдсэн байх ба талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

5.1. Худалдагч тал буюу хариуцагч Н........ нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/287 дугаар захирамжаар ....... хаягт орших, нэгж талбарын ....... дугаар бүхий 36,0 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр...... дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

 

Мөн Н........ нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/284 дугаар захирамжаар ....... хаягт орших, нэгж талбарын ..... дугаар бүхий 36,0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг авч,тус газрыг эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэж 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ....... дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээ болон хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Газрын албанаас ирүүлсэн газрын хувийн хэргийн материалаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н........д олгогдсон гэрчилгээнд дурдсан нэгж талбарын ....... дугаар бүхий 36,0 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар болон нэгж талбарын ..... дугаар бүхий 36,0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газар нь нэг газар мөн эсэхийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулахад ......., ..... нэгж талбартай газрууд нь нэг газар мөн гэсэн албан бичгийг холбогдох газрын хувийн хэргийн материалын хамт ирүүлсэн ба Н........д газар эзэмших эрхийн гэрчилгээ шинэчлэн олгоход нэгж талбарын дугаар нь өөрчлөгдсөн болох нь газрын хувийн хэргийн материалаар тогтоогдож байна. Зохигчид газартай холбогдох энэ асуудлаар маргаагүй.

 

5.2. Хариуцагч Н........ нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хийсэн хэлцэлд дурдсанаар өөрийн эзэмшлийн 36,0 м.кв талбайтай зуслангийн газрыг нэхэмжлэгч .......д худалдаж, газрын гэрчилгээг 2019 оны 4 дүгээр сард .......гийн нэр дээр шилжүүлэх үүргийг хүлээсэн байх боловч нэр шилжүүлэхгүйгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/284 дугаар захирамжаар уг газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг авч, улмаар 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ....... дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээр дурдснаас дүгнэхэд хариуцагч Н........ нь газрын төлбөрийг хүлээн авсан боловч, газар эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ зуслангийн газар дээр байсан байшинг дур мэдэн буулгаж, дотор нь байсан эд хогшлыг хэлэлгүй буулгаж хохирол учруулсан тул газрыг шилжүүлж өгөхгүй гэж тайлбарлан маргаж байх боловч зохигчдын хооронд 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хийсэн хэлцэлд зуслангийн байшингийн талаар дурдаагүй байх ба хариуцагчийн энэ талаарх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... нь нэхэмжлэгч .......гийн нөхөр С........тэй маргаан бүхий газрыг 3,500,000 төгрөгөөр худалдах талаар харилцан тохиролцсон гэх тайлбарыг гаргаж байх боловч тэрээр газрыг эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөнөөс түүний нөхөр С........д шилжүүлсэн гэх 500,000 төгрөг, мод боловсруулдаг 3 ширхэг тоног төхөөрөмж, зуслангийн байшин, эд хогшилтой холбогдох хохирол учирсан талаар дурдсан боловч дээр дурдсан хохирлын асуудлаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... нь тухайн асуудлаар өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлага гарган шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

 

8. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч ....... бүрэн биелүүлсэн байх тул ....... хаягт байрлах нэгж талбарын ..... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй 36,0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрын эзэмшигчээр .......г тогтоож, газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....... нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс хариуцагчийг төлөөлөн оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг гаргаагүй байх ба хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны хүсэлтийн шатанд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг гаргаагүй, шүүх хуралдаанаар хэргийг бүрэн хэлэлцүүлсний дараа нэмэлт тайлбартаа өмгөөлөгч оролцуулах талаар тайлбар гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь баримтаар тогтоогдоогүй тул хүсэлтийг хангахгүй орхиж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ....... хаягт байрлах нэгж талбарын ..... дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэлтэй 36,0 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрын эзэмшигчээр ..... /Регистрийн дугаар ......./-г тогтоож, газар эзэмших эрхийг нэхэмжлэгч .......гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Н........д даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н........аас улсын тэмдэгтийн хураамжид 70,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .......д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР