Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/120

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга  П.Янжмаа, улсын яллагч  Ч.Энхжаргал, хохирогч ****, хохирогч ****, хохирогч ****, ****, иргэний нэхэмжлэгч ***, иргэний нэхэмжлэгч ****, шүүгдэгч ****, шүүгдэгчийн өмгөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ****дугаар сарын ****-ны өдөр Завхан аймгийн **** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн **** сумын ***баг **** тоотод амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, **** овогт **** **** регистрийн дугаар: /****/

Шүүгдэгч **** нь 2023 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих Завхан аймгийн **** сумын *** багт байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн “Mitsubishi Dellica” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчиж эсрэг урсгалд зорчиж явсан “Hyundai Mighty” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч ****, **** нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч *** эрүүл мэндэд хүнд хохирол, “Mitsubishi Dellica” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан **** эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт хамаарч  байна

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

               1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон талаар:

Шүүгдэгч **** нь 2023 оны 05 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө  01-02 цагийн орчимд Завхан аймгийн ****сумын **** багт байрлах асфальтан зам дээр өөрийн эзэмшлийн “Mitsubishi Dellica” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа эсрэг урсгалд зорчиж явсан “Hyundai Mighty” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Тухайн зам тээврийн осол гарахад хамт байсан энэ талаар мэдүүлсэн хохирогч ****  “...2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Завхан аймгийн *** сумаас **** сумын чиглэлд ****, цагдаагийн ахмад **** эзэмшлийн **** маркийн авто машины зүүн урд талын суудалд суугаад явсан. Тухайн үед **** машинаа барин жолооны ард буюу баруун талын урд суудалд явсан ба бид хоёроос өөр хүн байгаагүй. **** хүртэл би *** юм яриад явж байсан ба нойр хүрээд байхаар нь зүүн урд талын сандлаа хойшлуулж налаад унтсан. Хамгаалах бүс зүүгээд явж байсан. Тэгтэл гэнэт тас хийх чимээ гарч толгойгоороо урд салхины шил мөргөж зүүн хуйхаа зүсээд хэсэг ухаан алдсан байсан хэсэг хугацааны дараа ухаан орж зүүн хөлөө татах гэсэн боловч зүүн хөл урд талын салонд хавчуулагдаж өвдөгний хэсэгт төмөр зоогдсон байдалтай байхаар нь туслаарай гэж хэлсэн их хэмжээний цус алдсан учраас ухаан алдсан. Нэг мэдэхэд аймгийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. ...Осолд орсноос хойш ойролцоогоор 1 сая орчим төгрөг зарцуулсан. ...Миний хувьд гомдол санал гээд байх зүйл одоохондоо байхгүй. Гэхдээ зүүн хөл их хүнд бэртэж гэмтсэн зүүн хөл дээрээ гишгэх эсэх одоогоор тодорхойгүй байгаа. Одоогийн байдлаар 2 удаа хагалгаанд орсон. Зүүн хөлийн дунд чөмгөний булууг солих хагалгаа хийх шаардлагатай гэж эмч нар хэлж байгаа. Энэ хагалгаа нь Монголд хийгддэггүй гэсэн яриа гарч байна. Хэрэв гадагшаа эмчилгээнд явах юм бол зам тээврийн осол гаргасан буруутай жолоочоос эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн  хохирогч **** “...Замд буюу Завхан аймгийн *** сум *** багийн нутаг дэвсгэрт явж байхад манай тээврийн хэрэгслийн урдаас (эсрэг урсгалаас) 1 тээврийн хэрэгсэл ирж байсан. Тухайн үед манай жолооч **** нь тээврийн хэрэгслийн гэрлийг ойрын гэрэл дээр шилжүүлэх үед Mitsubishi Delica маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч урдаас нь гэрлээ ойрын гэрэл дээрээ шилжүүлсэн. Тухайн үед би энэ гэрлээ шилжүүлдэг сайн жолооч байна гээд бодож байх үед тухайн Mitsubishi Delica маркийн 91-00 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний сууж явсан тээврийн хэрэгслийн өөдөөс чигээрээ орж ирээд мөргөчихсөн. ...Тээврийн хэрэгслээс бууж чадаж байгаа нь буухад жолооч **** буугаагүй. Бид нар жолооч дээр ирэх үед жолооч ёо ёо гэж орилоод байсан, хөл нь дарагдчихсан байсан. ...Зам тээврийн осол гарах үед Hyundai Mighty маркийн ****, Mitsubishi Delica маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн урдуур буюу асфальтан зам руу мал болон өөр бусад эд зүйл орсон зүйл бол ажиглагдаагүй. ...Замаар явахдаа Hyundai Mighty маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч 80 км/ц хурдтай явж байсан. Осол гарах үед буюу урдаас тээврийн хэрэгсэл орж ирэх үед хурдаа 80 км цагаас багасгасан. Mighty маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болон бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний хүзүү хугарсан, хүзүүний зөөлөн эд шахагдаж гарсан байсан. Би эрүүл мэндээрээ хохирсондоо мэдээж гомдолтой байна. ...Доржготов эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг өгч байсан.  ...Эмчилгээний зардлаа барагдуулчихвал одоо өөр гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч **** “...Тухайн тээврийн хэрэгсэлд **** бид 3, **** нар суусан. Бид нар шөнө 01-02 цагийн үед Завхан аймгийн *** сум *** багийн нутаг дэвсгэрт асфальтан зам дээр явж байхад урдаас тээврийн хэрэгслийн холын гэрэл орж ирэхээр нь би тээврийн хэрэгслийн гэрлээ ойрын гэрэл дээр шилжүүлсэн тэгэхэд тухайн Mitsubishi Delica маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч бас тээврийн хэрэгслийн гэрлээ ойрын гэрэл дээр шилжүүлсэн. Тэгсэн тухайн Mitsubishi Delica маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний тээврийн хэрэгслийн урдаас чигээрээ урсгал сөрж орж ирээд тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тухайн үед би ухаан балартсан юм шиг байгаан нэг мэдэхэд л нэг хүн орилоод байсан. Тэгээд эмнэлэг, цагдаа ирсэн байсан. Юу болсон талаар би мэдэхгүй байна. Зам тээврийн осол гарах үед миний жолоодож байсан Hyundai Mighty маркийн **** улсын дугаартай авто машин, урдаас орж ирсэн Mitsubishi Delica маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн урдуур буюу асфальтан зам руу мал болон өөр бусад эд зүйл орсон асуудал байхгүй. Би 50-60 км цагийн хурдтай явсан. Тухайн үед би болон миний тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал байхгүй. Албан ажлаар явж байсан. Тухайн үед харанхуй байсан. Байгалийн ямар нэг үзэгдэл болоогүй, замын нөхцөл байдал хэвийн байсан. Би суудлын бүс зүүсэн байсан. Бусад хүмүүсийг би анзаараагүй. Миний зүүн хөлийн гуя, шилбэ хэсгээр хугарсан. Зүүн гарын сэртэн салсан, шуу хэсгээр хугарсан байсан. Хамгийн гол нь тухайн Delica маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хэргийн газрыг орхин явж, тусламж үзүүлээгүй гомдолтой байна. ...**** эмчилгээний зардалд 1.500.000 өгч байсан. Би мөнгө, төгрөг нэхэмжлэхгүй, надад гомдол, санал байхгүй. Харин байгууллагыг хохиролгүй болгож, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Одоо эрүүл мэндийн байдал гайгүй, ажлаа хийж байгаа. Шүүх эмнэлэгт үзүүл, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохгүй...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч **** “...бид нар **** сумаас гарч явсаар байгаад орой 00 цагийн үед Завхан аймгийн ***сумын доохон талд ***сум орох төв замтай нийлсэн. Тухайн үед төв замтай нийлсний дараагаар би нойр хүрээд унтчихсан байсан. Тэгсэн нэг мэдсэн хүмүүс буугаарай гээд орилолдоод байсан. Би бууж ирээд харахад машинтай мөргөлдчихсөн манай зорчиж явсан машины дугуй салаад уначихсан байсан. Би хамт явж байсан хүмүүсээс юу болсон талаар асуух үед ****надад урдаас машин орж ирээд мөргөчхөөд явчихлаа гэж хэлсэн. Тэгээд зам тосож машин зогсоогоод 2 хүнээ замын унаанд суулгаад **** суманд хүргүүлсэн. Би тухайн осол болсон газар **** болон жолооч **** нарын хамт үлдсэн. Би сүлжээ хайж явж байгаад машин дээрээ иртэл манай машинтай мөргөлдсөн машинаас хүн орилоод байсан тэгэхээр нь би утасны гэрэл тусгаад хартал жолоочийн эсрэг талд нэг зорчигч хавчигдчихсан байсан тухайн машины жолооч нь байхгүй байсан. Эмнэлэг болон цагдаа ирэх хүртэл тухайн газар байсан. Тухайн тээврийн хэрэгсэлд нийт 5 хүн зорчиж явсан. Урд талын суудал дээр **** жолоо барьчихсан түүний хажууд **** суучихсан би *** хажууд **** болон **** нар хойд талын суудал дээр сууж явсан. Тухайн **** улсын дугаартай Mighty маркийн тээврийн хэрэгсэл нь манай **** сумын *** нэр дээр эзэмшилтэй байдаг. Тухайн үед бороо орсон шороогоор шуурсан ямар нэгэн зүйл байгаагүй. *** надад хэлэхдээ миний ууц нуруу өвдөөд байна гэж байсан. *** зүүн өвдөг хэсэгт төмөр зоогдчихсон байсан харин миний духны баруун орой хэсэгт цус хураад бөндийсөн байсан. ****нарыг тухайн үед сайн харж амжаагүй. Миний хүзүүний болон нурууны зөөлөн эдүүд урагдсан байна гэж эмч хэлсэн түүнээс болж хамаагүй хүнд зүйл өргөж чадахгүй байгаа мөн 2023 оны 10 дугаар сараас хойш 2 гар бадайраад мэдээгүйжээд байгаа нэхэмжлэх зүйл гэвэл өөрийн хийлгэсэн эмчилгээний зардал болон бусад холбогдох зардлаа гаргуулж авмаар байна. Би өөрт учирсан хохирлын талаарх баримтаа гаргаж өгнө...” гэсэн мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч **** “...Шөнийн 01 цаг 30 минутын үед засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчиж явсан бөгөөд би унтаад явж байсан. Гэтэл жолооч ****, одоо яанаа, урдаас орлоо ш дээ гэж хэлээд түс, тас хийх чимээ гараад машин юмтай мөргөлдөх шиг болоод зогссон. Машинаас буугаад ирэхэд хар бараан өнгийн машин бид нарын машины зүүн урд хэсэгт бид нар луу харсан байдалтай зогссон байсан ба тухайн машины баруун урд хэсэг эвдрэл багатай, зүүн урд хэсэг чихэгдэж орсон их эвдрэл гэмтэлтэй харагдаж байсан. Манай машины зүүн урд хэсэг бас хойшоо чихэгдэж ороод жолооч **** жолооны хүрд, суудал хоёрын завсар хавчуулагдаж, нүүр амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Тухайн үед осол гаргасан хар бараан өнгийн машины жолооч бололтой саарал өнгийн куртиктэй эрэгтэй, хоёр машины голд 4 хөллөж өвдөглөсөн байдалтай, ёооё үхлээ гэж орилж байгаад нэг мэдсэн алга болсон байсан. Саарал өнгийн куртиктэй хүн архи уусан байсныг мэдэхгүй байна. Тэгээд утасны сүлжээ хайж, түргэн тусламж, цагдаа дуудахаар **** *****, **** бид нар замын унаа тосон хүмүүст хэл хүргэхээр болсон. Тухайн үед осол гаргасан машины зүүн урд талын суудалд бас нэг эрэгтэй хүн хавчуулагдсан байдалтай, **** чи аваар гаргачихсан юм уу гэж орилж байсан. Шөнийн 02 цагийн үед ***бид хоёр замын машин тосоод ***сум руу очиж эмнэлэгт мэдэгдэж, эмнэлгийн машинтай эмч, цагдаа нартай хамт ослын ослын газарт 05 цагийн үед ирээд хар өнгийн машины зүүн урд талын суудал, манай машины жолооч **** нарыг онцгой байдлын хүмүүс ирж таслагчаар машины кузовыг тастаж байгаад гаргасан. Осол гаргасан хар бараан өнгийн машин руу дөхөж очиход машины гаднаас нь архи үнэртээд байсан. Ослын газарт үлдсэн ****, ***г нар хэлэхдээ машин дотор архины шил байсан гэж ярьж байсан. Ачааны машин болохоор засмал зам дээр хурдтай явж болохгүй дайвалзаад байсан чинь **** нь наадах чинь тэнхлэг тохиргоо байхгүй юм байна, удаан яв гэж хэлж байсан. Ер нь бол нэг их хурдтай яваагүй гэж бодож байна, би тухайн үед унтаж байсан. Бид нар архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Ослын улмаас гар, хөл хөхөрч, шалбарсан, толгой маш их өвдөж байна. Өөр гэмтэл бэртэл учраагүй. Ослоос хойш аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2 хоног хэвтэж эмчлүүлж байгаад гараад сумандаа очиход толгой өвдөөд байхаар нь буцаж аймгийн төв рүү очиж эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн. Ойролцоогоор 2.000.000 орчим төгрөг зарцуулсан хэдий ч баримт байхгүй. Ослын улмаас өөрийн зүгээс гаргасан 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээний төлбөрийг төлсөн тохиолдолд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ****  “…Би Завхан аймгийн **** сумын ***** даргаар 6 дахь жилдээ ажиллаж байна. Надад **** төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцоход ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлэг өгнө. Hyundai Mighty маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Завхан аймаг ***сумын **** өмчлөлийн тээврийн хэрэгсэл мөн. Hyundai Mighty маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сард сумын ****-ын хуралдаанаар хөрөнгө шийдүүлж *** оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай Завхан аймгийн **** сумын *****хүлээж авсан тээврийн хэрэгсэл байгаа юм. Уг тээврийн хэрэгслийг анх 34.800.000 төгрөгөөр үнийн дүнг 2 хувааж төлөх гэрээгээр авч байсан. Манай ЗДТГ-н**** ХАА-ын тасгийн харьяалагдах ариутгах болон онцгой байдалд ашиглах хэрэгцээгээр авч байсан тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн **** тээврийн хэрэгслийн үнэ болох 34.800.000 төгрөг, тухайн тээврийн хэрэгслийн асгарсан шатахуунд болон ачуулсан хөлсөнд нийт 302.400 төгрөгийн хохирол учирсан нийт 35.102,400 төгрөгийн хохирол учраад байна. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан холбогдох бичиг баримт бүгд байна. Тухайн буруутай жолоочоос **** учирсан нийт 35.102.400 төгрөгийн  хохирлыг бүрэн дүүрэн нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Энэ асуудлыг түргэн шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч **** “...Би Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны ***** ажилладаг. Эрүүгийн **** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны зардлаар “Ашид билгүүн” үнэлгээний компаниар осолд орсон хоёр тээврийн хэрэгсэлд мөрдөгчийн тогтоолын дагуу үнэлгээ хийлгүүлэхэд гарсан нийт 1.910.000 төгрөгийн нэхэмжлэл ирүүлсний дагуу улсын төсвийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаас тухайн байгууллагад шилжүүлсэн. Иймд улсын төсвөөс гарсан 1.910.000 төгрөгийг нэхэмжилж эрүүгийн хэрэгт, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Гэм буруутай хүнээр уг мөнгийг сангийн яамны төрийн сангийн улсын орлогын ****дугаарын дансанд шилжүүлж улсын төсвийг хохиролгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлгээр,

Зам тээврийн ослын улмаас хохирогч **** биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч **** гаргасан 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 8254 дугаартай “...1.**** биед эгэм, тойгны ясны хугарал, зүүн дунд чөмгөний доод булууны бяцарсан ил хугарал, зүүн өвдгөнд шарх, зүүн шанаа, зүүн эгэмд сорви гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын үед үүссэн байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. 5.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар эрүүл мэндийг амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр,

 Хохирогч **** биед хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч **** гаргасан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7038 дугаартай “...1. Ц.Наранцэцэгийн биед хүзүүний 7-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 8,9-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал, духанд шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар эрүүл мэндийг амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр,

Хохирогч **** биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч **** гаргасан 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7031 дугаартай “...1. ***** биед бүсэлхийн нурууны 2,3,4 ууцны 1-р нугалмын жийргэвч мөгөөрсний урагдал, цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар  сарниулах  тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр,

 Хохирогч **** биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч **** гаргасан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7128 дугаартай “...1. **** биед зүүн дунд чөмөг, зүүн шилбэний шаант, тахилзуур болон зүүн шууны богтос ясны далд хугарал, зүүн сарвуу, гуя, шилбэ, өвдөгт зулгаралт, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр,

 Иргэний нэхэмжлэгч хохирогч  **** эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь  Шүүх шинжилгээний Ерөнхий газрын  шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 810 дугаартай “...****  биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын  зэрэг журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар  тогтонги алдагдуулахгүй...” гэсэн  дүгнэлтээр,

Энэ гэмт хэргийн улмаас  Завхан аймгийн ****сумын **** газарт Hyundai Migthy маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд 18.610.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин ***** нарын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн **** дугаартай “...Hyundai Mighty маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 18.610.000 төгрөг байна...” гэсэн дүгнэлтээр,

 Шүүгдэгч **** нь эсрэг урсгал сөрж орон Замын хөдөлгөөн оролцохдоо урсгалаараа явж байсан тээврийн хэрэгсэлтэй  мөргөлдөж осол гарган  Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалтыг зөрчсөн болох нь ШУТИС-ын Механик, Тээврийн сургуулийн шинжээч ***** нарын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “...Mitsubishi Delica маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч **** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...”  гэсэн дүгнэлтээр,

Тээврийн хэрэгсэл нь Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн гал, авто техникийн шинжээч **** 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн **** дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн Mitsubishi Delica маркийн **** улсын дугаартай, Hyundai Migthy маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. /жич: эвдрэл гэмтлийг гэрэл зураг болон үзлэг ба шинжилгээ хэсгээс харна уу/ 2. Шинжилгээнд ирүүлсэн Mitsubishi Delica маркийн ***** улсын дугаартай, Hyundai Migthy маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үүссэн эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслүүд нь ABS системээр тоноглогдсон шингэн дамжуулгатай системтэй байна. Тус бүр системүүд ослын үед гэмтсэн байх тул ажиллагааг шалгах боломжгүй байна. 4.Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслүүдийн дугуйн хээ нь Монгол улсын MNS 4598:2020 стандартын 5.14.3 болон 5-р хүснэгтэд заасан шаардлага хангаж байна. 5. Шинжилгээнд ирүүлсэн Mitsubishi Delica маркийн ***** улсын дугаартай, Hyundai Migthy маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн зүүн талын гэрэлтүүлэх хэрэгслүүд хагарч байхгүй болсон байх тул шаардлага хангаж байсан эсэхийг тогтоох боломжгүй байна ...” гэсэн дүгнэлтээр болон  Зам тээврийн осол дээр тогтоосон акт, согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэлийн “**** Drager Alcotest 7510 нэртэй гэрчилгээний *** дугаартай багажийг үлээлгэх ажиллагааг 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 39 минутад үлээлгэж шалгахад 0.00% гарч байв ...” гэсэн тэмдэглэлээр, Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн лавлагаа болон Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч  ****  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 11.3-д  заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, өөрийн эзэмшлийн Mitsubishi Dellica” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа эсрэг урсгалд зорчиж явсан “Hyundai Mighty” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирогч **** эрүүл мэндэд хүнд, хохирогч **** эрүүл мэндэд хүнд, хохирогч  ***** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн  этгээдэд хүлээлгэх хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар зохицуулна” гэж заасан.

           2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт  “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар  зөрчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж  хуульчилсан байна.

          Шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хууль нь гэмт хэрэг үйлдсэн гэмт этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн учир хууль сонгон хэрэглэж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар  зүйлчилж ирүүлсэн нь  зөв болжээ.

 Иймд  шүүгдэгч ****  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

 Шүүгдэгч  ***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж  байна.

Хохирол  тооцсон  талаар:

Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд  нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй”, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж  тус тус заасан.

Шүүх хохирогч нарын гаргаж өгөн хэрэгт хавсаргуулсан нэхэмжлэлд холбогдох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан эсэх, шүүгдэгчийн үйлдэлд шууд шалтгаант холбоотой зардлыг нотолж байгаа эсэх, тухайн баримтад бичигдсэн зардлыг хохиролд тооцон гаргуулах үндэстэй.

   Шүүгдэгч **** гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч **** 29.779.484 төгрөг нэхэмжилснээс 4,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч **** 11,032,761 төгрөг нэхэмжилснээс 3,500,000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч  ****  8,572,829 төгрөг  нэхэмжилснээс 1,000,000  төгрөгийг  төлсөн, иргэний нэхэмжлэгч *** машины  үнэ 35,102,400 төгрөг нэхэмжилснээс 2,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч **** 2,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч *** 2,610,000 төгрөгийг, *** 700,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанд оролцсон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар тогтоогдож байна.

1. Хохирогч ***  шүүгдэгч ***  эрүүл  мэндэд учирсан эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардалд 11.032.761 төгрөгийг нэхэмжилснээс 3,500,000 төгрөгийг төлсөн бөгөөд  нотлох баримтын шаардлага хангасан 1,889,672 төгрөгийг  гаргуулах нь зүйтэй. Харин хэрэгт  хавсаргаж ирүүлсэн НӨАТ-ын буцаан олголтын баримтууд нь хэн хэрхэн хаанаас юу авсан нь тодорхойгүй, ахуйн хэрэглээний бараа худалдан авсан баримтууд байх тул хохирогчийг гэмт хэргийн улмаас гарсан шууд зардал гэж үзэхгүй учир дээрх нэхэмжлэлээс хасаж тооцох  нь зүйтэй.

 2. Мөн Иргэний нэхэмжлэгч **** шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8,572,829 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, хэрэгт  баримтгүй жагсаалтаар 4.120.000 төгрөгийг, нүдний хагалгаа хийлгэхээр 3.000.000 төгрөгийг нийт 10 сая төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

 Хэрэгт хавсаргасан НӨАТ-ын буцаан олголтын баримтууд нь  хэн хэрхэн хаанаас юу авсан нь тодорхойгүй, өдөр тутмын хоол хүнс, ахуйн хэрэглээний эд зүйл  авсныг  хохирогчийг гэмт хэргийн улмаас эмчилгээ сувилгаатай  холбогдон гарсан  шууд зардал гэж үзэхгүй  ба хэрэгт түүний ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардал болох 1.452.829 төгрөгөөс  шүүгдэгчийн хохирогчид төлсөн 1,000,000 төгрөгийг  хасаж, шүүгдэгчээс 452.829 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Бадамжавт олгох нь  зүйтэй.   

 3. Хохирогч ****  шүүгдэгч ****  эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардалд нийт 29,779,480 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хохирогчийн гаргаж өгсөн дээрх бүх баримтуудыг үнэлэн эмчилгээтэй холбогдон гарсан зайлшгүй зардал болох нь нотлогдож байна.  Хохирогчид  шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад 4,000,000 төгрөгийг  төлсөн  байх бөгөөд  дээрх  нэхэмжилсэн 29,779,484 төгрөгөөс  хасаж 25,779,484 төгрөгийг хохирогч **** олгох нь зүйтэй байна. Түүний гаргаж өгсөн баримтуудаас нэг ч баримтыг нотлох баримтаас хасаагүй болно.

4. Иргэний нэхэмжлэгч **** нь  шүүгдэгчээс байгууллагын машины үнэ 35,102,400 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд 2,000,000 төгрөгийг төлсөн байна.

 Хэрэгт Hyundai Migthy маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь 18,610,000 төгрөг болох нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон тул шүүгдэгчээс дээрх 2,000,000 төгрөгийг хасаж, 16,610,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллага болох Завхан аймгийн *** сумын **** олгож шийдвэрлэлээ.

5. Иргэний нэхэмжлэгч  *** шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй  болох нь түүний тайлбараар тогтоогдсон  тул шүүгдэгч ***  төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч **** нар нь эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлын баримтаа мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд ирүүлээгүй тул  тэднийг энэ тогтоолоор шүүгдэгч **** гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

          Хохирогч ***** нар нь эмчилгээ сувилгаатай холбогдон цаашид гарах зардал, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх  эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардлыг гэм  буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан.

      Mitsubishi Delica маркийн *** улсын дугаартай, Hyundai Migthy маркийн **** дугаартай тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтлүүд  нь  **** дугаартай Ашид билгүүн ХХК-ны үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардал 1,910,000  төгрөгийг шүүгдэгч  ****  гаргуулж **** ***дугаартай дансанд олгох нь зүйтэй.

Шүүгдэгч **** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоног буюу 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  хүртэл  хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд энэ хугацаанд хохирогч **** төгрөгийг, иргэний нэхэмжлэгч **** төгрөгийг,  хохирогч **** 3,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч байгууллага болох Завхан аймгийн **** сумын **** машины эвдрэл гэмтэлд 16,610,000 төгрөгийг тус тус төлсөн нь банкны шилжүүлгийн мэдээллээр  тогтоогдож байна.

 Шүүгдэгч *** хохирогч ****3,000,000 төгрөгийг төлсөн болох нь  шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  тогтоогдсон тул түүнээс 25,779,484  төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй.

 Иймд шүүгдэгч **** хохирогч ***** 22,779,484   төгрөгийг  гаргуулж  хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 Шүүгдэгчээс хохирогч ****, иргэний нэхэмжлэгч **** иргэний нэхэмжлэгч *** нарт энэ тогтоолоор төлөх төлбөргүй  гэж үзсэн болно.

 Харин хохирогч ****иргэний нэхэмжлэгч **** нар цаашид эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлаа хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч **** **** дугаартай дансанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардал  болох 1,910,000  төгрөгийг төлсөн болох нь банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.

           2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

       Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн  хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

             Шүүгдэгч ***** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос  нөхөн төлснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний бодит зардлыг төлсөн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн  байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  хорих ялыг оногдуулахгүйгээр түүнийг  1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

                   Мөн шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй.

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг заавал ногдуулахаар заажээ.

             Иймд  шүүгдэгч  *****  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хасах ял ногдуулж, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

           Шүүгдэгч **** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

        Эд мөрийн баримтаар хураагдсан  СД  1 ширхгийг хэрэгт хадгалж,  Завхан аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах хашаанаас Mitsubishi Delica маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч **** Hyundai Migthy маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч байгууллага Завхан аймгийн  **** сумын **** шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан  олгохыг  Завхан аймгийн Цагдаагийн газарт  даалгах нь зүйтэй гэж үзээд

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,  1.5, 1.6, 1.7, 1.8, 1.9, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан  буюу Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жил 6 сарын хугацаагаар хасаж, түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр  түүнийг 1 /нэг/ 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар дээрх хугацаанд шүүгдэгч ***** оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** дээрх тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл гэмт хэрэг санаатай үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  анхааруулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****  тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шүүгдэгч **** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  СД 1 ширхгийг хэрэгт хадгалж,  Завхан аймгийн Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах байр /хашаанаас/ Mitsubishi Delica маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч **** Hyundai Migthy маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч байгууллага Завхан аймгийн **** сумын **** шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  тус тус буцаан  олгохыг  Завхан аймгийн Цагдаагийн газарт   даалгасугай.

9.Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *** 22,779,484 төгрөгийг гаргуулж хохирогч **** олгосугай.

10.Шүүгдэгч *** энэ тогтоолоор хохирогч ******иргэний нэхэмжлэгч *****, иргэний нэхэмжлэгч **** нарт хохирол төлөгдсөн, хохирогч ****, *****иргэний нэхэмжлэгч **** нар эмчилгээ сувилгаатай холбогдон цаашид гарах  зардал, гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу  нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний журмаар нэхэмжлэх  эрхтэй болохыг дурдсугай.

           11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардал шүүгдэгчээс 1,910,000 төгрөгийг  *****  дугаартай  дансанд  төлөгдсөн  болохыг  дурдсугай.

12.Шүүгдэгч **** нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

          13.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.ДЭЛГЭРМАА