Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/шш2023/03347

 

 

 

 

 

 

 

 

 

 

0000 00 00

000/ШШ0000/00000

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...............тоот хаягт оршин суух ................ /Регистрийн дугаар ............/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ............. тоот хаягт байрлах ............ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар........., гүйцэтгэх захирал ............/-д холбогдох,

 

Захиалгаар орон сууц бариулах гэрээний үүрэгт шилжүүлсэн 3,969,500 төгрөг буцаан гаргуулах иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг,

хариуцагчийн төлөөлөгч ............,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ХХК 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай Ажилтан албан хаагчдын 40 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Багануур дахь орон сууцны Баялаг хороолол дахь захиалагч талын эзэмшлийн 700 м.кв талбай бүхий газарт ажилтан, албан хаагч нарт зориулсан 40 айлын орон сууцны барилгын угсралтын ажлыг батлагдсан зураг төсвийн дагуу түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгээр гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Иймээс миний бие нь ............ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 07 тоот Захиалгаар орон сууц бариулах гэрээ байгуулан ..............тоотод байрлах, 47,6 м.кв талбай бүхий орон сууцыг 40,460,000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Гэрээний дагуу ............ХХК-ний Голомт банкны 3250000549 тоот дансаар 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр урьдчилгаа 3,969,500 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Гэрээний дагуу ............ХХК нь орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх байсан боловч 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар орон сууцны барилгын ажил 36 хувийн гүйцэтгэлтэй зогссон бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэл барилгын ажил цааш үргэлжлэн явагдаагүй болно. Иймд ............ХХК руу ши лжүүлсэн 3,969,500 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. ............ХХК-ийг төлөөлж захирал Г..... нь надтай 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан боловч 2019 оны 8 дугаар сард нас барсан. ............ нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон улсын бүртгэлд бүртгүүлсэн. ............ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ................ХХК-ийн байранд байрлах албан ёсны хаягтай боловч энэ хаягт байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй, хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.12.15-ны өдрийн 102/ШЗ2016/28163 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.23-ны өдрийн 102/ШЗ2017/04113 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.08.20-ны өдрийн 102/ШЗ2018/11252 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.02-ны өдрийн 183/ШЗ2019/14122 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.02.18-ны өдрийн 101/ШЗ2021/02968 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тодорхой болсон. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.14-ний өдрийн 103/ШШ2021/00340 дугаар шийдвэрээр хариуцагчийн эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, ............ХХК-ийн захирал ............ нь Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Бага дарь эх, 6 дугаар гудамж, 1289 тоот хаягт оршин сууж байгааг тогтоосны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах боломж бүрдсэн. Иймээс ............ХХК-иас 3,969,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 07 тоот Захиалгаар орон сууц бариулах гэрээ-ний дагуу урьдчилгаанд 3,969,500 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн. ............ХХК-ийн орон сууцны барилгын ажил 36 хувийн гүйцэтгэлтэй зогссон бөгөөд цааш үргэлжлэхгүй зогссон тул урьдчилгаанд төлсөн 3,969,500 төгрөгийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, мөнгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй тул нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтэй байна. ............ХХК-ийн захирал Г..... бид хоёр овог нэгтэй. 2019 онд намайг гүйцэтгэх захирлаар томилогдоод энэ барилгыг бариул, барилгын ажил зогсоод 2, 3 жил болж байгаа гээд гүйцэтгэх захирлаар томилогдсон. Ажил хийгдэхгүй байж байсан, би хөдөө ажилтай явж байгаад 2 сар өнгөрөхөд Г..... нас барсан. Би тухайн компанийн захирал нэртэй яваад байдаг боловч компанийн тамга, тэмдэг надад байдаггүй. Гэр бүлийнх нь хүмүүс хаана байдгийг мэдэхгүй, одоо ар гэрийн хүмүүсийг нь ольё гээд хөөцөлдөөд явж байгаа. Хоёр хүүхэдтэй, нэг нь гадаад яюсан, нэг нь аавынхаа ажлыг үргэлжлүүлнэ гэж дам яриа сонссон. Би ............ХХК-ийн гүйцэтгэх захирал гэдгээр явж байгаагийн хувьд хуулийн хариуцлага хүлээж байгаа учраас төлсөн төлбөрийг төлнө гэж байгаа. Төлөх асуудлын хувьд компанийн захирал байсан хүний хүүхэдтэй нь хурдан харилцаа холбоо тогтоож байж болно, миний хувьд тамга тэмдэг ч байхгүй.Хүүхэд нь барилгаа үргэлжлүүлэхээр хөөцөлдөж явж байгаа гэж сонссон. Гэр бүлийг нь олж компаниа ав гэдэг асуудал үүсгэх гэж байгаа. Газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр дээр, барилга нь компанийнх. Компанийн асуудлыг яаралтай хөөцөлдье гэж бодож байна. Компанийн нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирлын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

3. Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2015.04.30-ны өдрийн Ажилтан, албан хаагчдын 40 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ............ХХК-ийн 2015.08.28-ны өдрийн 0139 дугаартай албан бичиг, ............ХХК-ийн 2016.11.-ны өдрийн 145 дугаартай албан бичиг, 2015.07.03-ны өдрийн Захиалгаар орон сууц бариулах гэрээ, Голомт банкны 2015.06.19-ний өдрийн орлогын мэдүүлгийн баримт, 2023.04.13-ны өдрийн итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.12.15-ны өдрийн 102/ШЗ2016/28163 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.03.23-ны өдрийн 102/ШЗ2017/04113 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.08.20-ны өдрийн 102/ШЗ2018/11252 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.02-ны өдрийн 183/ШЗ2019/14122 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.02.18-ны өдрийн 101/ШЗ2021/02968 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.14-ний өдрийн 103/ШШ2021/00340 дугаар шийдвэр, Нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн газрын 2022.09.28-ны өдрийн албан бичиг,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: ............ХХК-ийн захирал ............ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар,

3.3. Зохигчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн: ............ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч Ж..............нь хариуцагч ............ХХК-д холбогдуулан захиалгаар орон сууц бариулах гэрээний үүрэгт шилжүүлсэн 3,969,500 төгрөг буцаан гаргуулах гаргуулах шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч ............ХХК-ийн гүйцэтгэх захирал ............ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан боловч нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болно.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Багануур дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон ............ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ажилтан, албан хаагчдын 40 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, гэрээний захиалагч тал болох Багануур дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эзэмшлийн 700 м.кв газарт гүйцэтгэгч тал болох ............ХХК орон сууцны барилгыг 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор барих, гэрээт ажлын төлбөрт шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан албан хаагчдад нийт орон сууцны 70 хүртэл хувийг борлуулах, захиалагч талын ажилтан албан хаагчдад 1 м.кв талбайн үнийг 850,000 төгрөгөөс илүүгүй худалдан борлуулахаар харилцан тохиролцсон.

3.2. Нэхэмжлэгч Ж..............нь дээр дурдсан гэрээг үндэслэн ............ХХК-тай 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 07 дугаартай Захиалгаар орон сууц бариулах гэрээ-г байгуулж, 40 айлын орон сууцны 24 тоот, 47.6 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 850,000 төгрөгөөр тооцон, нийт 40,460,000 төгрөгийг төлж худалдаж авахаар харилцсан тохиролцсон.

 

4. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь захиалгаар орон сууц бариулах гэсэн нэртэй байх боловч хариуцагч ............ХХК нь 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах орон сууцыг нэхэмжлэгчид худалдахаар гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Зохигчид дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч Ж..............нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр орон сууцны гэрээний урьдчилгаа төлбөрт 3,969,500 төгрөгийг ............ХХК-ийн данс руу шилжүүлсэн болох нь Голомт банкны орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь мөнгө шилжүүлсэн болон мөнгөн дүнгийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн орон сууцны барилга барих үйл ажиллагаа нь зогсоод олон жил болсон, ямар нэгэн үр дүн гарахгүй болсон гэсэн үндэслэлээр гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

 

7. Хариуцагч ............ХХК нь орон сууцыг 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн боловч орон сууцны барилгын ажил зогссон, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар ашиглалтад оруулаагүй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж..............нь хариуцагч ............ХХК-ийн гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ............ХХК нь орон сууцны гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүргийг хүлээнэ.

 

8. Дээр дурдсан үндэслэлийг нэгтгэн хариуцагч ............ХХК-аас захиалгаар орон сууц бариулах гэрээний үүрэгт орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 3,969,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Баярхүүд олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 78,462 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

10. Хариуцагч ............ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 3 тоот гэсэн бүртгэлтэй боловч тус хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, одоогоор албан ёсны үйл ажиллагаа эрхлэн явуулдаг газаргүй, нийслэлийн Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс тус компанийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох ажиллагааг явуулж тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Гүйцэтгэх захирал ............ нь Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Бага дарь эх, 6 дугаар гудамж, 1289 тоот хаягт оршин сууж байгааг тогтоосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийн төлөөлөгч ............ нь шүүхийн харьяаллын асуудлаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч ............ХХК-аас 3,969,500 /гурван сая есөн зуун жаран есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Баярхүүд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 78,462 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Баярхүүд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР