Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/01223

 

 

 

 

 

 

 

 

2023 03 10 101/ШШ2023/01223

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.А, Г.Е нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Э,

Хариуцагч: Г.Б,

Хариуцагч: Г.Б нарт холбогдох,

 

82,380,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь Б.Гийг арван жилийн сурагч байх үеэс таньдаг байсан ба 2016 онд тааралдаж дотносоод 2016 оны 12 дугаар сараас хойш нэг гэрт орж Г.Аын гэрт буюу 1 тоотод амьдарч байгаад 2018 оны 06 дугаар сарын 10-наас хойш 4 гоотод нүүж орсон.

2018 оны 8 дугааар сарын 26-ны өдөр охин Г.Ег төрүүлж амьдрал хэвийн үргэлжилж байтал Б.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өвчний улмаас нас барсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 22222222 дугаар шийдвэрээр Б.Г нь Г.Атай 2016 оноос 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсныг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан.

 

Хамтын амьдралтай байх хугацаанд

1. Б.Гийн North Benz NP425W322JJ маркийн 5555 с улсын дугаартай хар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн ачааны автомашин.

2. Б.Гийн North Benz NP4250 маркийн 8888 с улсын дугаартай улаан өнгөтэй, 2016 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд Монгол улсад орж ирсэн ачааны автомашин.

3. Б.Гийн Lian Shan LHL9403tdb маркийн 8888 ОЧ улсын дугаартай улаан өнгөтэй, 2007 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд Монгол улсад орж ирсэн тавцант чиргүүл.

4. Б.Гийн 935530 маркийн 2222 ГЧ улсын дугаартай улаан хүрэн өнгөтэй, 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн ачааны чиргүүлтэй болж аж амьдралаа авч явж байсан.

Дээрх эд хөрөнгүүдээс гадна миний хань Б.Г нь мобиком гар утасны 111111 дугаарыг эзэмшиж байсан ба нас барсны дараа 111111 гар утас, дугаарын үүр нь надад байсан боловч өнөөдрийн байдлаар талийгаачийн том хүү Г.Б хууль бус аргаар шинэ дугаарын үүр авч гар утасны дугаарыг ашиглаж байна.

Бид хоёр хамт амьдарч эхэлснээс хойш эхнэр, 3 хүүдээ 3 тоот орон сууц, К тауны орон сууцыг бүгдийг өөрсдийн нэр болгож шилжүүлсэн, манай гэр бүл талийгаачийн эзэмшиж байсан 111111 дугаарын эзэмших эрхийг барьцаалж том оврын автомашинуудыг авч ажиллуулж дахин нэг автомашин нэмж авч Д.З суманд ачаатээврийн үйл ажиллагаа эрхэлж байсан, өмнөх амьдралтай байсан Б.Э, 3 хүүдээ үл хөдлөх эд хөрөнгүүдээ өгөөд бид өөрсдийн гэх орох оронгүй түрээсийн байруудаар амьдарч ирсэн.

Б.Г бид хоёр хамтдаа амьдрах хугацаандаа 85,000,000 төгрөгөөр North Benz NP4250 маркийн 8888 с улсын дугаартай улаан өнгөтэй, 2016 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд Монгол улсад орж ирсэн ачааны автомашин, 33333 маркийн 2222 ГЧ улсын дугаартай улаан хүрэн өнгөтэй, 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн ачааны чиргүүл, 55,000,000 төгрөгөөр North Benz NP425W322JJ маркийн 5555 с улсын дугаартай хар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн ачааны автомашин, 33333 маркийн 2222 ГЧ улсын дугаартай улаан хүрэн өнгөтэй, 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн ачааны чиргүүлтэй болж аж амьдралаа авч явж байсан, нас барах үед нь Д.Зсуманд автомашин, чиргүүлүүд нь үлдсэн байсныг Б.Э болон хүүхдүүд нь тэнд аваад өгөхгүй байгаа, 111111 дугаар эзэмших эрхийн зах зэ элийн үнэлгээ дунджаар 50,000,000 төгрөг байгаа гэж үзэж байна.

Б.Гиийг нас барах үед Д.Зсуманд бидний худалдан авсан автомашин болон чиргүүлүүд нь үлдсэн байсныг Б.Э болон хүүхдүүд нь аваад өгөхгүй байгаа, мөн Мобикомын 111111 дугаар эзэмших эрхийн зах зээлийн үнэлгээг дунджаар 50.000.000 төгрөгөөр тооцож хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон дээрх том оврын хоёр автомашин, хоёр чиргүүлийн хамт нийт 140.000.000 төгрөгөөр худалдаж авсан.

Дээрх хөрөнгүүдээс нэхэмжлэгч Г.Ад ногдох 70,000,000 төгрөгийг, талийгаачид оногдох 70,000,000 төгрөгөөс Б.Гийн хуучин эхнэр, гурван хүүхдэд ногдох хэсгийг хасаад 14,000,000 төгрөгийг охин Г.Ед, дугаар эзэмших эрхийн үнэ болох 50,000,000 төгрөгөөс Б.Гийн эхнэр, гурван хүүхдэд ногдох хэсгийг хасаад 10,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөгийг охин Г.Ед, нэхэмжлэгч нар нийт 94,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах гэж тодорхойлсон байсан ба Х ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан гарсантай хамааралтайгаар доорх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Хөрөнгө үнэлгээний тайлангаар North Benz NP4250 маркийн 8888 с улсын дугаартай улаан өнгөтэй, 2016 онд үйлдвэрлэгдсэн 2020 онд Монгол улсад орж ирсэн ачааны автомашин, 33333 маркийн 2222 ГЧ улсын дугааргай улаан хүрэн өнгөтэй, 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн ачааны чиргүүл, 55,000,000 төгрөгөөр North Benz NP425W322JJ маркийн 5555 с улсын дугаартай хар өнгөтэй, 2011 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн ачааны автомашин, 33333 маркийн 2222 ГЧ улсын дугаартай улаан хүрэн өнгөтэй, 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн ачааны чиргүүлийг 110,400,000 төгрөг, 111111 дугаарыг 80,700,000 төгрөгөөр үнэлсэн тул уг эд хөрөнгүүдээс эмжлэгч Г.Ад ногдох 55,200,000 төгрөгийг, талийгаачид оногдох 55,200,000 төгрөгөөс охин Г.Ед Б.Гийн хуучин эхнэр, гурван хүүхдэд ногдох хэсгийг хасаад 11,040,000 төгрөг, дугаар эзэмших эрхийн үнэ болох 80,700,000 төгрөгөөс Б.Гийн эхнэр, гурван хүүхдэд ногдох хэсгийг хасаад 16,140,000 төгрөг, нийт 27,180,000 төгрөг, нэхэмжлэгч нарт нийт 82,380,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах гэж гэмжлэлийн шаардлагаа 11,620,000 төгрөгөөр багасгаж байгаа тул нэхэмжлэлийн ардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Г.А нь Б.Эийн талийгаач нөхөр Б.Гтой амьдарч байсан, түүнтэй амьдарч байхдаа ачааны автомашинуудыг худалдан авсан тухайд.

Нэхэмжлэгч Г.А нь өөрийгөө талийгаач Б.Гтой амьдарч байсан гэжээ. Энэ бол үндэслэлгүй бөгөөд худал зүйл юм. Үндсэндээ 2018 оны 3 сарын 12 өдрийн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурлын 444444тоот шийдвэрээр тэр үед Б.Э нь Г.Ааас эд хөрөнгө нэхэмжилж тэр нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэжээ. Энэ шийдвэр дээрээс харахад гэрчээр талийгаач Б.Г оролцсон бөгөөд цагаан дээр хараар Б.Эийн нөхөр Б.Г гэж тодоос тод бичжээ. Хэрэв Г.А тэр үед хамт амьдарч байсан юм бол яагаад энэ шийдвэр дээр Г.Аын нөхөр гэж бичээгүй байгаа юм бэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байна. Шүүх үүнд өөрийн дүгнэлтээ хийх биз. Мөн сүүлд Б.Э талийгаач Б.Г нар тасралтгүй хамт амьдарч байсан бас нэг нотолгоо байдаг юм. Энэ нь талийгаач Б.Гийн нас барахаас 7 орчим сарын өмнө гарсан Дорноговь аймгийн сум дундын шүүхийн 2020 оны 09 сарын 02 өдрийн89898989 тоот шийтгэвэр байдаг бөгөөд талийгаач Б.Г нь Д.Зсумын 4 баг, 5555555 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Эийг үсдэж цохиж зодсон зөрчилд холбогдох баривчлах шийтгэлээр шийтгүүлжээ. Тус шийтгэвэрээс харахад айл гэрт болдог нэг л асуудал болсон бөгөөд тус зөрчлийг гаргахдаа Б.Г нь эрүүл, эхнэртэйгээ хэрүүл маргаантай ч аж төрж байсан нь тодорхой харагдаж байна.

2. Г.А нь Б.Гийн өв хөрөнгөөс шаардах эрхтэй эсэх тухайд.

Дээр дурьдсан баримтуудаар Б.Гтой хамт амьдарч байгаагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 520 зүйлийн 520.1-т ямар хүмүүсийг хууль ёсны өвлөгч гэх талаар заасан байдаг. Үүнээс харахад талийгаачтай хамт амьдарч байсан гэх Г.А нь хууль ёсны өвлөгч биш байна. Тиймээс Г.А нь талийгаач Б.Гийн өв хөрөнгөөс шаардах эрхгүй байна.

Нотариатын тухай хуульд өвийг хэрхэн, яаж нээх талаар, хэдий хугацааг баримтлах талаар тодорхой заасан. Нотариатын хийдэг үйл ажиллагааг шүүхээр шийдвэрлүүлэх гээд байна. Нотариат үйл ажиллагааг хийсний дараа маргаан байвал нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа гаргаач гэж байгаа юм. Зөвхөн өв нээсэн, өвлөх эрхийг хүсэлтийг авчхаад маргаж болно гэж хэлээд байх шиг байна. Яаж маргаантай байгаа юм бэ. Б.Эийн зүгээс Г.Е гэдэг охины талаар маргахгүй гэж хэлсэн. Энэ юу хэлээд байна вэ гэхээр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам явуулж болох байсан. Нотариат 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өвийн гэрчилгээг нь бичээд Г.Ед ногдох хувийг манайх хүлээн зөвшөөрнө, ийм боломж байна гээд байхад заавал энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Процессын хуулийг зөрчөөд байгаа юм биш үү.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Б.Г нас бараад, Г.Е тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гээд байна гэж шүүхэд хандаж байгаа болохоос тэр хоёр хүний хоорондоо гэр бүл байсан гэдгийг тогтоох гээд байгаа зүйл биш. Хамтын амьдралтай байсныг тогтоолгоод байгаа нь тэр хүүхдийн эрхийг хангаад байгаа тодорхой асуудлыг зохицуулж байгаа юм. Шүүхэд цугларсан баримтаас харсан ч гэсэн Г.Аын зүгээс ямар эрх, үүрэг байгаа юм бэ. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэгчдийн дундаас үүссэн эд хөрөнгийн асуудал дундын хөрөнгө юм гэдгийг тайлбарлаж няцааж чадахгүй бана. Бид охин Г.Ед ногдох хувийг өгөхгүй гээд байгаа юм биш. Тэр утгаараа хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой.

Хэрэгт цугларсан баримтаар Б.Э, талийгаач Б.Г нар гэр бүлийн харилцаатай, Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтийн гэрчилгээтэй, магадгүй 2018 онд мууцалцаад нэг, нэгнийгээ шүүхэд өгч байсан зүйл байгаа байх. Нэхэмжлэгч тал уг баримтыг нэхэмжлэлийн нотлох шаардлагыг нотлох баримт гэж андуураад байх шиг байна. Энэ бол тухайн үеийн сэтгэл зүйн онцлогоор хийгддэг зүйл. Шүүхэд нэхэмжлэл гаргахад маш их оролцоотой байсан хүн нь Г.А гэх гэр бүл үймүүлэгч байсан. Зүгээр байсан хүмүүсийн дундын амьдралд оролцож байсан.

Гэр бүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална гэж заасан байдаг. Гэр бүлийн эрх гэдэгт гэр бүлийн хөрөнгийн эрх ч хамаарна. Хуваарьт эд хөрөнгө, утасны дугаарын өмчлөх эрх ч хамаарна. Гэр бүлийн эрхийг нь шүүхээс хамгаалж өгөөч гэж хүсэж байна. Хэн нэгэн этгээд тодорхой эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхойлохын тулд шүүхээр захирамж гаргуулчхаад тэрийгээ хамтын амьдралтай байсан юм гэдэг байдлаар бусад зүйлд ашиглахгүй байх тухай Дээд шүүхийн зөвлөмж байгаа. Дундын эд хөрөнгөөс Б.Г, Г.Ад өгсөн юм уу, Г.А ийм ажил хийж байгаад ийм мөнгөтэй болсон гэсэн тайлбар ерөөсөө байхгүй байгаа. Г.А цуг тээвэрт явж байсан гэх боловч яаж тээвэрт явж байсан нь тодорхойгүй. Өнөөдөр тээврийн үйл ажиллагааг нь Б.Э өөрөө зохион байгуулж явдаг юм. Б.Г Замын-Үүдэд очихоороо миний үр хүүхэд, миний хань гээд тэндээ амьдардаг. Улаанбаатар хотод орж ирэхээрээ Г.Аынд хоног төөрүүлдэг байсан. Тэдний хууль бус гэрлэлтээс, хууль бус харилцаанаас нь болж Г.Е төрсөн. Одоо болохоор би хамт амьдарсан гэж хэлээд байгаа бол хамт амьдарч байсан гэх бусад нотлох баримтууд болон гэрч нарыг дуудаж оруулж ирээгүй. Г.А, Б.Г нар хамтран амьдарч байсан бол дундаа найзуудтай байх ёстой. Хоорондоо гэр бүл байсан юм бол агаар салхинд гардаг, зураг авхуулдаг зүйл байх ёстой. Ийм асуудал байхгүй учраас хамт амьдарч байсан гэх эрх зүйн ач холбогдол бүхий баримтаар өөрсдийгөө илэрхийлээд байгаа юм.

Г.Азжаргал гэж хүнээс энэ эд хөрөнгүүдийг авахад зориулсан, гаргасан нэг ч эд хөрөнгө байхгүй. Тэр мөнгийг нь Б.Г чи хийчхээрэй гээд Замын-Үүдэд байж байхдаа мөнгө шилжүүлдэг байсан байгаа юм. Тэр мөнгийг яаж өөрийн болгосон юм бэ гэдгийг нэхэмжлэгч тал нотлох ёстой. 111111-тэй дугаарыг эзэмших эрхийн хүрээнд гаргаж байна гэж хэлж байгаа боловч 111111-тэй дугаар Г.Аын өмч биш, дундын өмч биш, тэрнээс тооцож авах ёстой зүйл биш. Г.Ег хууль ёсны өвлөгчөөр тогтоолгоё гэсэн нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Нотариатын байгууллага дээр хууль ёсны өвлөгчийн гэрчилгээгээ аваад маргах ёстой. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, Г.Е охины хувьд шаардах эрх нь үүсээгүй байна. Г.Е охинд ийм хэмжээний хөрөнгө ногдох ёстой гээд нэхэмжлэлээ гарга. Шаардах эрх чинь тэгж үүснэ. Г.Аын тухайд өөрийнхөө дундын өмч гэдгийг амьд дээр нь баталгаажуулж авахгүй яасан юм бэ гэдэг зүйл хэлмээр байна. Өөрийнх нь хөрөнгө биш байсан учраас амьд байхад нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй юм. Б.Э гэж хүн өөрөө машиндаа суугаад, өөрөө тээврээ хийгээд, насаараа тэгж явсан. Энэ хоёр хүн жижигхэн машинтай байхаасаа эхлээд том машинтай болох хүртлээ тээвэр хийж явсан. Энэ хүмүүсийн насаараа хөдөлмөрлөсөн гэр бүлийн эрхийг хамгаалж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А болон Г.Е нар хариуцагч нараас эд хөрөнгө шаардаж буй хууль зүйн дүгнэлтээ хэлье. Энэ талаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т маш тодорхой заасан. Г.Е гэдэг охин бол нэгдүгээр зэргийн өвлөгч. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-т зааснаар биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр шаардах эрх үүссэн байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар нэгдүгээр зэргийн өвлөгч нар адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрх нь нээлттэй. Үүнээс Г.Е гэх охинд өвлөх эрх нь нээгдсэн байна гэж харагдаж байна. Мөн нөгөөтээгүүр хариуцагч талаас Г.Е гэх охиныг Б.Гийн охин биш гэж маргаагүй, зөвшөөрсөн. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан байдаг. Гэр бүлийн гишүүдийн өмч рүү Г.А халдаагүй. Г.Аыг 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл Б.Гтой хамтын амьдралтай байсныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх тогтоосон байгаа. Б.Г нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл эхнэр Б.Этэй хамт амьдарч байсан. 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хамт амьдрахдаа маргаан бүхий уг 4 эд хөрөнгийг авсан. Уг эд хөрөнгө нь 2019-2020 онд бий болсон эд хөрөнгө учраас Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-т заасны дагуу дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар шаардаж байгаа. Г.А нь 4 автомашиныг худалдаж авсан нь гаалийн төлбөр төлсөн баримтаас тодорхой харагдаж байгаа. 9,592,500 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бусдын данс руу хийсэн. 5555ДГ улсын дугаартай автомашин Монгол улсад орж ирсэн огноотой ижил байгаа. Б.Гийн 111111 дугаарыг Т ХХК-д барьцаалж бүх зээл төлөлтүүдийг Г.Ааас хийж байсан. Хавтаст хэргийн 86-92 дугаар талд Г.Аын дансны хуулга байгаа. Үүн дээр Г.Аын данснаас 6666666дугаар Т ХХК-ийн данс руу нийт 23,755,040 төгрөгийг хийсэн байдаг. Энэ зээлийн гэрээ хэзээ байгуулагдсан бэ гэхээр 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буюу дараагийн 8888 с улсын дугаартай автомашиныг худалдаж авахдаа 111111-тэй дугаарыг барьцаалж зээл аваад, тэр зээлнээсээ уг автомашиныг худалдаж авсан үйл баримт байдаг.

Бидний хувьд хамтын амьдралтай байсан хугацаанаас хойш буюу 2018 оноос хойших хугацааныхыг нэхэмжилж байгаа. Энэ хүн хамтын амьдралаа дуусгавар болгохдоо 3 тоот орон сууц, 7 тоот орон сууцыг өөрийн хүсэлтээр Б.Э болон хүүхдүүдээ өөрийн хүсэлтээр шилжүүлж өгсөн байдаг. Г.Аын хувьд хамтын амьдралтай байсан хугацааны өмнөхийг нэхэмжлээгүй. Замын-Үүд болон Баянзүрх дүүрэгт байрлах байрыг бид нэхэмжлэхгүй, яагаад гэвэл өмнөх амьдралынх нь босгосон зүйл гэж үзсэн учраас нэхэмжлээгүй гэдгийг хариуцагч ойлгох хэрэгтэй байх.

Хамтын амьдралтай байсан гэдэг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байна. Мөн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргаж байсан үйл баримт байна. Мөн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл байна. Энэ хоёр хүний хувьд хамтын амьдрал нь 2018 онд эхэлж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар Б.Э гэж хүнтэй хамтын амьдрал нь дуусгавар болсноос хойш бий болсон байна гэж үзэж байгаа. Хариуцагч тал н.Чулуунчимэгийн мэдүүлгийг ярьж байна. Тэр мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. н.Чулуунчимэг гэж хүн өөрөө бичсэн юм уу, Б.Э өөрөө ч бичсэн юм уу, нотариатаар батлуулаагүй, гарын үсэг зургийн үнэн зөв тамга тэмдэг байхгүй тул энэ хүний мэдүүлгийг үнэлэх боломжгүй. н.Чулуунчимэг гэж хүний нөхөр нь Б.Э гэж хүний автомашиныг барьж явж байдаг жолооч байдаг. Яг үнэн зөв мэдүүлэг өгөх хүн биш, хоорондоо харилцаа хамааралтай гэдэг нь харагдаж байгаа. Тусдаа байсан үйл баримт нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Г.Бийн сургалтын төлбөрийг төлсөн үйл баримт байдаг. 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр Г.Атай шүүхээр явсан байдаг. Б.Г гэж хүн Б.Эийн нэр дээр байсан автомашиныг бусдын нэр дээр шилжүүлээд авчихсан байдаг. Уг үйл баримтыг мэдээд, шүүхээр явж байсан үйл баримт байдаг. Хариуцагч тал 111111 дугаар хэн нэгний нэр дээр байхгүй гэдэг байдлаар мэтгэлцэх гээд байдаг. Хариуцагч хариу тайлбартаа 111111 дугаар хариуцагчийн нэр дээр байгаа гэдэг байдлаар бичсэн дээр бид маргаагүй. Хариуцагч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй учраас бид үнэн зөв тайлбар өгч байгаа. 2 автомашин болон 2 чиргүүл, 111111-тэй дугаар яг өнөөдрийн байдлаар бидэнд байхгүй тул бид хариуцахгүй гэдэг байдлаар нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй үйл баримт байна.

Ийм учраас Г.А өмнө нь бий болсон хөрөнгийг шаардаагүй. Хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2018 оноос хойш бий болсон 2 автомашин, 2 чиргүүлийн 110,400,000 төгрөгөөс 50 хувь болох 55,200,000 төгрөгийг шаардаж байгаа. Г.Егийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т зааснаар өвлөгч. 4 автомашинаас өөрт ногдох хувь буюу 55,200,000 төгрөгийг 5-т хуваачихсан байгаа. 111111 дугаарыг Г.А нэхэмжлээгүй. Г.Е өв залгамжлагч гэдэг утгаар нэхэмжилж байгаа. 80,700,000 төгрөгийг 5 хүнд хувааж гаргасан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.3-т зааснаар өвлөх эрхтэй тэгээд ижил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй байдаг учраас энэ хуулийн зохицуулалттай таарч байгаа. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т зааснаар хэдийгээр бодит биш боловч гар утасны дугаар эрх. Иргэний хуулийн 515 дугаар зүйлд зааснаар өвлөх эрх гэж заасан байдаг тул олгогдох бүрэн боломжтой. Г.Аын хувьд гаргаж өгөх боломжтой баримт нь 23,000,000 төгрөг болон 9,000,000 төгрөгийн баримт байгаа. Б.Э гэж хүний хувьд оролцсон үйл баримт байхгүй. Энэ 2 автомашиныг Б.Г ганцаараа өмчилж ачаа ачих боломжгүй байсан тул хүүхдээ өгч байсан. Г.Б бол нэг автомашиныг нь жолоодож ашиг орлого олж байсан үйл баримт байдаг. Хууль хэрэглээний хувьд хэрвээ шүүхээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгө дээр ногдох 50 хувь биш гэж үзэх юм бол Г.Ед ногдох хувийг нь шийдүүлэх хууль зүйн хувьд бүрэн боломжтой гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Ааас Ц.Эт олгосон 2021.05.13 өдрийн итгэмжлэл, Г.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Гийн нас барсны гэчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 22222222 дугаар шийдвэр, Нийслэлийн тойргийн нотариатч М.Ст хандаж гаргасан Өв хүлээн авах тухай 2021.07.02 өдрийн Г.Аын хүсэлт, Дорноговь аймгийн Автотээврийн төв 000000000 дугаар албан бичиг, лавлагаагаа, хариуцагчийн хариу тайлбар, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Цт хандаж гаргасан Өв хүлээн авах тухай 2021.08.13 өдрийн Б.Эийн хүсэлт, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 60-7777965с , 5555555ГЧ, 8888с , 8888ОЧ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбарууд, Баянгол дүүргин Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хаягласан 2021.08.07 огноотой Б.Чулуунцэцэг гэх хүний тайлбар, Б.Г, Б.Э нарын гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.12-ны өдрийн 102/ШШ2012138/444444дүгээр шийдвэр, Д.Зсум дахь сум дундын шүүхийн 9999999 шийтгэвэр, Мобиком корпораци ХХК-ийн 404040404040 тоот албан бичиг, Т авто ХХК-ийн 99999999999999 тоот албан бичиг, нэхэмжлэгч Г.Аын эзэмшдэг Хаан банк дахь 88888888888 дугаартай дансны 2020.06.01-2020.12.31 хугацааны хуулга, Дорноговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2222222222 тоот албан бичиг, Дорноговь аймгийн Замын Үүд сумын 1 дүгээр багийн засаг даргын 33333333 тоот албан бичиг, Т авто ХХК-ийн 636363636363 тоот албан бичиг, Т авто ХХК болон Б.Г нарын байгуулсан, 111111 дугаар барьцаалсан 2020 ны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2222222222 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, барьцаат зээлийн тооцооны хуудас, Т авто ХХК-ийн 44444444444 тоот, 6666666666 тоот албан бичиг, хариуцагч нааас 2021.10.04 өдөр Т.Мад олгосон итгэмжлэл, Х ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлан, нэхэмжлэлийн багасгасан шаардлага, шинжээчийн зардал 850,000 төгрөг төлсөн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, хариуцагч Г.Бийн эзэмшдэг Хаан банк дахь 22222222 дугаар дансны 2020.04.01-2020.05.05 хугацааны хуулга, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Сны 222222222 Барьцаат зээлийн тооцооны хуудас, Т авто ХХК болон Б.Г нарын байгуулсан, 111111 дугаар барьцаалсан 2020 ны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2222222222 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, Д.Б эзэмшдэг Голомт банк дахь 88888888 дугаар дансны 2020.04.01-2020.04.30 хугацааны хуулга, К ХХК-ийн 1 тоот тодорхойлолт, Б.Г татвар, торгууль төлсөн тухай баримт, Д.Зсум дахь сум дундын шүүхийн 9999999 шийтгэвэр, Ц ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц ХХК-иас Б.Гт олгосон 2020.08.11 өдрийн итгэмжлэл, Г.Б нь 000 дугаар сургуульд 00 ангид сурдаг тухай тодорхойлолт, Д.Зсумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 333333333 тодорхойлолт, Г.Б, Г.Б, Г.Эрдэм нарын төрсний гэрчилгээний хуулбар, Б.Г, Г.А, Г.Е нар гэх тайлбартай фото зураг, Г.Аын эзэмшдэг Хаан банк дахь 88888888888 дугаартай дансны 2019.08.29 өдрийн дансны хуулга, 2019.03.15 өдөр Ж.Аид 7,000,000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны Орлогын мэдүүлэг, 2019.03.13 өдөр 592,500 төгрөг, 2,000,000 төгрөгийг тус тус С.М руу Г.Ааас шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Д.Зсум дахь сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 2018.02.02 тэмдэглэл, 2023.03.06, 2023.03.08 2023.03.09 өдөр тус тус хариуцагч нараас Т.Мад олгосон итгэмжлэл;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.А, Г.Е нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э, Г.Бт, Г.Б нарт холбогдох 82,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үнэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

2.1. Г.А нь талийгаач Б.Гтой 2016 оноос 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хамт амьдарч байснаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 22222222 дугаар шийдвэрээр тогтоолгосон бөгөөд хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгүүдийн үнэлгээг тогтоосон Х ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайланд тусгагдсаны дагуу нэхэмжлэгч Г.Ад ногдох 55,200,000 төгрөгийг, талийгаачид оногдох 55,200,000 төгрөгөөс охин Г.Ед Б.Гийн хуучин эхнэр, гурван хүүхдэд ногдох хэсгийг хасаад 11,040,000 төгрөг, дугаар эзэмших эрхийн үнэ болох 80,700,000 төгрөгөөс Б.Гийн эхнэр, гурван хүүхдэд ногдох хэсгийг хасаад 16,140,000 төгрөг, нийт 27,180,000 төгрөг, нэхэмжлэгч нарт нийт 82,380,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

2.2. Дээр дурьдсан, Х ХХК-иар үнэлүүлсэн хөрөнгүүдийг нэхэмжлэгч Г.А нь талийгаач Б.Гтой хамтын амьдралтай байх хугацаандаа бий болгосон тул гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг Иргэний хуулийн 125, 126 дугаар зүйл, 108 дугаар зүйлд тус тус зааснаар гаргуулна хэмээн тайлбарласан.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 22222222 дугаар шийдвэрээр охин Г.Ед тэжээгчээ алдсаны тэтгэмж гаргуулах зорилгоор шүүхэд хандсанаар гарсан шүүхийн шийдвэр бөгөөд нэхэмжлэгч Г.А, талийгаач Б.Г нар хамтын амьдралтай байгаагүй, өвлөгдөх эд хөрөнгийн талаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн, нэхэмжлэгч нь талийгаачтай хамтын амьдралтай байгаагүй, шаардаж буй эд хөрөнгүүдийг бий болоход нэхэмжлэгчийн оролцоо байгаагүй хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэцэгдсэн нотлох баримтууд, зохигч талуудын төлөөлөгч нарын тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 22222222 дугаар шийдвэрээр Г.А болон Б.Г нарыг хамтын амьдралтай, охин Г.Е нь эцгийнхээ асрамжинд байсныг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан Б.Гийн өмчлөлд 5555с улсын дугаартай Beiben North Benz ND425 маркийн, арлын LBZ446DB2BA009229 дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй тээврийн хэрэгсэл, 8888 с улсын дугаартай Beiben North Benz ND425 маркийн, арлын LBZ447DB6GA004693 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн тээврийн хэрэгсэл, 5555555 ГЧ улсын дугаартай, JIDONGCHEHEG 33333 маркийн, арлын LSR4160102A823047 дугаартай 2022 онд үйлдвэрлэгдсэн, улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл тус тус бүртгэлтэй болохыг Дорноговь аймгийн Автотээврийн төв 000000000 дугаар албан бичиг, лавлагаагаар тодорхойлсон ба Б.Гийн эзэмшиж байсан гэх 111111 дугаарыг Батаагийн Энхцэцэг эзэмшиж байгаа буюу гэрлэлтийн баталгаа болон нас барсны гэрчилгээг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Мобиком корпораци ХХК-ийн Замын-Үүд салбараас сим сэргээх үйлчилгээ үзүүлсэн болохыг Мобиком корпораци ХХК 404040404040 дугаар албан бичгээр тодорхойлсон.

4.2. Дээр дурьдсан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 22222222 дугаар шийдвэрээр Г.Атай хамтын амьдралтай байсан нь тогтоогдсон Б.Гийн хууль ёсны эхнэр Б.Э болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

5.2. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр нас барсан Б.Гийн өв нээгдэх асуудал нь хуульд зааснаар шийдвэрлэгдээгүй, өв хүлээн авах асуудал маргаантай болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд өвлөх эрхтэй холбоотой бичиг баримтыг зохигч талуудын хэн аль нь гаргаагүй.

6. Нэхэмжлэгч нь дээр дурьдсан эд хөрөнгүүдээс өөрт болон охин Г.Ед ногдох хэсгийг гаргуулахаар шаардахдаа өвлөх эрхтэйн тухайд бус Иргэний хуулийн 125 дугаар зүйл, 108 дугаар зүйлийн 108.8-д тухайлан заасныг үндэслэл болгож, хамтын амьдралтай байх үедээ өөрийн зүгээс хувь нэмэр оруулж, хамтдаа бий болгосон хөрөнгө хэмээн маргасан тул Иргэний хуулийн 515, 520 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүх дүгнэлт хийхгүй.

7. Иргэний хуулийн 125 дугаар зүйлд Гэр бүлийн хөрөнгийн талаар зохицуулсан бөгөөд Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ.

7.1. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. 126.2.-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна:

- 126.2.1.-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө

- 126.2.2.-т гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө

- 126.2.5.-д гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал. гэж тус тус зохицуулсэн.

Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна:

- 127.1.1.-д гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх; гэж зохицуулсан.

7.2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлд Дундын өмчийн талаар зохицуулсан бөгөөд мөн зүулийн 108.1.-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.

108.2.-т Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй.,

108.3.-т Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад өмчлөгчдөд мэдэгдэх үүрэгтэй.,

108.4.-т Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно.,

108.5.-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана.,

108.6.-д Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байна.,

108.7.-д Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн өөрт ногдох хэсгээ худалдах болон үнийн тухай бусад өмчлөгчдөд мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор тэдгээр нь хариу өгөөгүй бол өөрт ногдох хэсгээ бусад өмчлөгчдөд санал болгосноос багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.,

108.8.-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй. гэж заасан.

8. Нэхэмжлэгч Г.А нь дээр дурьдсан эд хөрөнгүүдийг дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эрхтэй хэмээх тайлбараа нотолж чадаагүй.

8.1. Тодруулбал, нэхэмжлэгч Г.А нь өөрийн эзэмшдэг Хаан банк дахь 88888888888 дугаартай дансны хуулга болон Т авто ХХК-тай байгуулсан, 111111 дугаар барьцаалсан 2020 ны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2222222222 дугаартай зээлийн гэрээ, уг зээлийн төлбөрт төлж байсан баримт, Г.Аын эзэмшдэг Хаан банк дахь 88888888888 дугаартай дансны 2019.08.29 өдрийн дансны хуулга, 2019.03.15 өдөр Ж.Аид 7,000,000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны Орлогын мэдүүлэг, 2019.03.13 өдөр 592,500 төгрөг, 2,000,000 төгрөгийг тус тус С.М руу Г.Ааас шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргаж мэтгэлцсэн боловч хэрэгт авагдсан Х ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан-д тусгагдсан нийт 191,100,000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээтэй, нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж буй нэр бүхий эд хөрөнгүүдийг бий болгосон буюу Иргэний хуулийн 108 дугаар зүйлд тухайлан зааснаар дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эрх Г.Ад үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг;

мөн зүйлийн 3.1.2.-т гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;

мөн зүйлийн 3.1.3.гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;

мөн зүйлийн 3.1.4.гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно гэж хуульчлан зохицуулсан.

9.1. Хариуцагч нарын тухайд, Гэр бүлийн тухай хуульд тухайлан заасан гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон буюу талийгаач Б.Гийн өмчлөлд бүртгэгдсэн 5555с улсын дугаартай Beiben North Benz ND425 маркийн, арлын LBZ446DB2BA009229 дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй тээврийн хэрэгсэл, 8888 с улсын дугаартай Beiben North Benz ND425 маркийн, арлын LBZ447DB6GA004693 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн тээврийн хэрэгсэл, 5555555 ГЧ улсын дугаартай, JIDONGCHEHEG 33333 маркийн, арлын LSR4160102A823047 дугаартай 2022 онд үйлдвэрлэгдсэн, улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл тус тус бүртгэлтэй эд хөрөнгүүдийг дээр дурьдсан Иргэний хуулийн 125, 126 дугаар зүйлд тухайлан зааснаар өмчлөх эрхтэй байна.

9.2. Талийгаач Б.Гийн эзэмшиж байсан гэх 111111 дугаарыг Батаагийн Энхцэцэг эзэмшиж байгаа нь Мобиком корпораци ХХК-ийн 404040404040 дугаар албан бичгээр тогтоогдсон бөгөөд хариуцагч Б.Э тухайн дугаарыг эзэмшиж буйг буруутгах үндэслэл тогтоогдогүйгээс гадна тухайн дугаарын зах зээлийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнгээс ногдох хэсгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүйг дээр дурьдсан, дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эрх нэхэмжлэгчид үүсээгүй тухай дүгнэлтэд дурьдсанаар ойлгоно.

9.3. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 125, 126 дугаар зүйлүүдэд тухайлан заасан Гэр бүлийн хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн эрх нь Гэр бүлийн тухай хуульд тухайлан заасан гэр бүлийн гишүүдэд хамааралтай.

10. Шүүх, нэхэмжлэгч Г.А болон Г.Е нарын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн тул 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Г.Е охины шаардах эрхийн талаар дурьдах нь зүйтэй.

10.1. Нэхэмжлэгч Г.А болон талийгаач Б.Г нар нь Г.Е охиныг 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

10.2 Нэхэмжлэгч Г.А шүүхэд хандаж Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан иргэний эрх зүйн чадамжгүй хүнийг төлөөлж, эхийн хувиар нэхэмжлэл гаргахдаа талийгаач Б.Гоос өвлөгдөх эд хөрөнгийн талаар бус, өвлөх эрхтэйн тухайд шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан, хариуцагч Б.Э, Г.Бт, Г.Б нарт холбогдох, 82,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.А, Б.Э нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА