| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0131/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/135 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Х |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/135
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Бдаргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч А.Х
Хохирогч Н.Н /цахимаар/
Шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйсийн Т... овогт Б-ны Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Г... аймгийн Б... суманд төрсөн, ... настай, э..., яс үндэс ..., бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл ..., э..., ... хүүхдийн хамт амьдардаг, Т... аймаг, Б... сум ...-р баг Х... ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо У... хот С. дүүрэг ...-р хороо ...-р байрны ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3-р шүүхийн 20... оны ... сарын ...-ны өдрийн 3/37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай Б... Т... овогт Б-ны Б /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Чөлөөт бүсийн эсрэг талд байрлах тээврийн хэрэгслийн зогсоолын орчимд 2025 оны 8 дугаар сарын 12-ны оройн 22 цагийн үед хохирогч Н.Н-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, Н.Н-ын биед халдаж, цохиж зодон эрүүл мэндэд нь баруун сарвууны 5 хуруу 3 шивнүүрийн хугарал, баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт, 21 дүгээр шүдний паалангийн эмтрэл гэмтлүүд учруулсан бөгөөд баруун сарвууны 5 хуруу 3 шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Чөлөөт бүсийн эсрэг талд байрлах тээврийн хэрэгслийн зогсоолын орчимд 2025 оны 8 дугаар сарын 12-ны оройн 22 цагийн үед хохирогч Н.Н-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, Н.Н-ын биед халдаж, цохиж зодон эрүүл мэндэд нь баруун сарвууны 5 хуруу 3 шивнүүрийн хугарал баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний дэлбэнд цус хуралт, 21 дүгээр шүдний паалангийн эмтрэл гэмтлүүд учруулсан бөгөөд баруун сарвууны 5 хуруу 3 шивнүүрийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Н.Н-ын мэдүүлэг /хх-ийн 11-13, 14-18/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 22-24/, эрүүл мэндийн даатгалын санд зардал тушаасан баримт /хх-ийн 28/, Дорноговь аймаг Замын-Үүд Нэгдсэн эмнэлэгийн 2025 оны 08 сарын 12-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн /41-42/, Компьютерт томографи оношилгоо /хх-ийн 43/, баруун гарын сарвууны эгц болон хажуу тусгалын рентгены тодохойлолт, амбулаторийн тодорхойлолт, эмчийн тэмдэглэл /хх-ийн 44-46/, Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн ДОГО725/318 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ /хх-ийн 47-48/, Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 сарын 29-ний өдрийн ЕГО825/3139 /хх-ийн 59-61/ дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирлын хувьд:
Иргэний нэхэмжлэгч байгууллагад 302,630 төгрөгийг төлсөн болох нь Голомт банкны шилжүүлэхийн баримт /хх-ийн 28/ баримтаар тогтоогдож байна.
Хохирогч Н.Н нь 15,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирлоо баримтаар нотлож хэрэгт хавсаргаагүй байх тул өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан. Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын Дээд Шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчид учирсан шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар ...зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. Хэрэг болсон цаг хугацаанаас хойш хохирогчийн зовиур, шаналал, өвдөлт зэргийг харгалзан үзэж хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 сарын 29-ний өдрийн ЕГО825/3139 дугаартай дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд /хх-ийн 59-61/ хамаарч байх бөгөөд хохирогч нь шинжээчийн тогтоосон зэрэглэлийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурж, санал хүсэлт гаргаагүй /хх-ийн 65/ болох нь тогтоогдсон. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан. Гэмт хэрэг 2025 оны 08 сарын 12-ны өдөр гарсан байх тул хохирогчийн сэтгэцэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулах нь үндэслэлтэй юм.
Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2025 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,920,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.Б-аас гаргуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ны Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы Б-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Б-аас 7,920,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н-д олгож, цаашид гарах эмчилгээний зардал болох 15,000,000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч байгууллагад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б