| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2018/02430/И |
| Дугаар | 210/МА2019/01398 |
| Огноо | 2019-07-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2019/01398
Л.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00399 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Мад холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 118 580 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2018.6.23-ны өдөр Д.Мын хүсэлтийн дагуу 77 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Мөн өдрөө Д.Мын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 4050 мянгат /15171/ бакула Ринбүчийн гудамж 30 дугаар байрны 3 давхарт байрлах улсын бүртгэлийн Ү-2202025495 дугаартай 128.76 м.кв талбай бүхий оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, барьцааны гэрээ гэрээ байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг 2018.7.23-ны өдөр төлж барагдуулах байсан боловч зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй. Гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан хэдий ч Д.Мад зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжит хугацаа олгосон. Иймээс үндсэн зээл 77 000 000 төгрөг, зээлийн гэрээний хүү 3 080 000 төгрөг, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасанчлан 2018.07.24-ний өдрөөс 2019.01.10-ны өдрийг хүртэлх хугацааны алдангид 35 420 000 төгрөг, нийт 118 580 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Маас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 83 283 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 35 296 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.М нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Д.Мын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 40 50 мянгат, Бакула ринбучийн гудамж 30 дугаар байр, 3 давхарт байршилтай, 128.76 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 643 950 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 106 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 574 366 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алдангийн үнийн дүнг нэмэгдүүлснийг хариуцагчид гардуулах шаардлагагүй хэмээн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмын үндсэн дээр ижил тэгш эрх үүрэгтэй оролцдог оролцогч нарыг ялгаварласан, илт нэг талд үйлчилсэн шийдвэрийг гаргасан. Шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар Дүүргийн Эрүүгийн хэргийн шүүгчийн захирамжаар цагдан хоригдож 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг бүрэн хангаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Д.Мад холбогдуулж зээл 77 000 000 төгрөг, хүү 3 080 000 төгрөг, алданги 38 500 000 төгрөг, нийт 118 580 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шаарджээ. /хх 1-2, 49/
Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудыг хуульд заасан эрхээ эдлэх боломжоор тэгш хангасан гэх байдал хэргийн баримтаас тогтоогдохгүй байна. Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т зааснаар эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл, хуулбар хийж авах, шаардлагатай тохиолдолд шинээр нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхтэй.
Нэхэмжлэгч Л.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс алдангид 35 420 000 төгрөгийг нэмж нэхэмжилжээ. Гэтэл шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулаагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг зөрчсөн. Хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан эсрэг талын шаардлага, тайлбартай танилцах эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх, тэгш эрхтэй оролцох боломжоор хангаагүй байна. /хх 49/
Түүнчлэн хариуцагчид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хариуцагчийн өмгөөлөгчөөс хариуцагчийг цагдан хоригдсон тухай болон шүүх хуралдаан давхацсан, хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар мэдэгдэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хүсэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ. /хх 72/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, анхан шатны шүүхийн шийдвэрт бүхэлд нь хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.
Хариуцагч нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2019/04309 дүгээр захирамжаар давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэлх хугацаагаар давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 574 366 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн байх тул дээрх хураамжийг нөхөн гаргуулах үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/00399 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөх 574 366 төгрөгийг нөхөж гаргуулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД