Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/713

 

 

Э.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Ч.Атарболд,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/305 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1905043140284 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

....................., 19........... оны .......... дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хоёр хүүхэд, дүү, бэр нарын хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Хос өргөө 2 Энгелс гудамжны 21 дүгээр байрны 82 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 48-34 тоотод түр оршин суух хаягтай, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байсан, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Э.А нь “Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр бүрэн дунд сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Жавзандуламаас 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5513027774 дугаарын дансаар 200.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Хаан банкны 5027341194 дугаарын дансаар 200.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Хаан банкны 5059472764 дугаарын дансаар 100.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 5513027774 дугаарын дансаар 200.000 төгрөг авч, нийт 4 удаагийн үйлдлээр 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч .................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ат мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Жавзандуламд хохиролд тооцож 700.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Иргэн Батжаргал, Жавзандулам нар нь миний урд өмнө нь хашиж байсан албан тушаал, ажил мэргэжлийг хоорондоо ярилцаж өөрсдийн хууль бус үйлдлийг хийлгэхийг төлөвлөн ярилцаж, миний данс руу мөнгө шилжүүлж, мөн уг үйлдэл нь бүтээгүйг шалтгаалан цагдаад гомдол гаргаж ял оногдуулсанд миний бие гомдолтой байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, маш их сэтгэл санааны хохирол амсаж байна. Мөн иргэн Жавзандулам нь фэйсбүүк хаягаар маш их доромжилж байсан. Иймд надад оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгчөөр давж заалдах шатнаас эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дүгнэхдээ шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй гэх шалтгааныг харгалзан үзэж торгох биш нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Гэтэл шүүгдэгч Э.Аын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрөө хууль, эрх зүйн мэдлэггүйн улмаас хувийн байдалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Иймд шүүгдэгч Э.Аын хувийн байдалтай холбоотой баримтуудыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Э.А нь “www.enter.mn” мэдээллийн сайтад маркетингийн менежер ажилтай. Мөн гоо сайхны байгууллагад борлуулалтын менежер буюу И-баримт хэвлэдэг ажлуудыг хийдэг. Байнгын орлоготой гэдгээ нотлохоор тухайн баримтуудыг гаргаж өгсөн. Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх эрх нь зөрчигдөх гэж байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс торгох ял шийтгэл оногдуулах боломжгүй гэж үзсэн. Шүүхийн шинэчилсэн шатанд буюу 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн биеийн байцаалт болон шийтгэх тогтоолд дурдсанаар шүүгдэгчийг эрхэлсэн тодорхой ажилгүй гэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан торгох ялыг биелүүлэх боломжгүй гэж үзээд мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “...шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасныг хангах боломжгүй гэж үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Э.Ат холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Тухайн хэрэгт мөрдөгчийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, нотлох баримтуудыг шинжлэн судлах, бусад нотлох баримтын эх сурвалжтай харьцуулж, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, нөхцөл байдлын талаар хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэжээ.

Э.А нь “Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр бүрэн дунд сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Жавзандуламаас 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5513027774 дугаарын дансаар 200.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Хаан банкны 5027341194 дугаарын дансаар 200.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Хаан банкны 5059472764 дугаарын дансаар 100.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 5513027774 дугаарын дансаар 200.000 төгрөг авч, нийт 4 удаагийн үйлдлээр 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч А.Жавзандуламын “...Би өөрийн танил Д.Батжаргал гэх хүнтэй 2019 оны 4 дүгээр сарын эхээр хуучилж сууж байхдаа “хүүхдээ ажилдаа ойрхон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр бүрэн дунд сургуульд оруулчихмаар байна. Хүүхдээ уг сургуульд оруулчихвал ажилд ойр, хүргэж өгөх, авахад амар” гэсэн. Тэгтэл Батжаргал “миний таньдаг хүн байгаа, чи тэр хүнтэй уулз, би асуугаад өгье” гээд Д.Батжаргал нь нэг хүнтэй утсаар ярьж “24 дүгээр сургуульд хүүхэд оруулж чадах уу” гэсэн цаад хүн нь “чадна” гэсэн бөгөөд сургуульд оруулж өгвөл 1.500.000 төгрөг өг гэсэн. Ингээд би 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д.Батжаргалын холбож өгсөн эмэгтэй хүнтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хорооллын хойд талд анх уулзалдаж танилцсан чинь Энхтайваны Анхбаяр гэсэн. Э.Ат хүүхдээ 24 дүгээр сургуульд оруулах гэж байгаа талаараа хэлсэн чинь “1.500.000 төгрөг болно, чи урьдчилгаагаа өгчих мөн хүүхдийнхээ болон өөрийнхөө бичиг баримтын хуулбарыг өгчих” гэхээр нь өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбар зэргийг өгөөд “одоо надад бэлэн 200.000 төгрөг байна” гээд Голомт банкны 3300002988 тоот данснаас Э.Аын 5513027774 тоот данс руу интернет банк ашиглаж шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Анхбаяр над руу залгаад “дахин мөнгө хэрэгтэй байна” гээд Майцэцэг гэх хүний Хаан банкны 5027341194 дугаарын данс өгсөн учир Худалдаа хөгжлийн 433002007 тоот данснаас Майцэцэг гэх хүний Хаан банкны 5027341194 дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн юм. 2019 оны 7 дугаар сарын 9-ний орой 21 цагийн үед Э.А над руу утсаар залгаж яриад “эгч нь танай хүүхдийг сургуульд оруулах хүнтэй уулзаад хоол идээд явж байна. Харин тооцоо дутчихлаа” гээд манай хүүхдийн талаар яриад байсан учраас түүний өгсөн 5059472764 тоот данс руу 100.000 төгрөгийг интернет банк ашиглаж шилжүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Э.А нь нэг утаснаас над руу залгаж яриад “танай хүүхдийг оруулах сургууль чинь 3.500.000 төгрөгөөр оруулдаг сургууль байна. Чамд маш бага үнэ хэлсэн байна, одоо 500.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь “надад мөнгө байхгүй, 200.000 төгрөг байна. Үлдсэн мөнгийг чинь хүүхдийг минь сургуульд оруулж өгснийхөө дараа аваарай” гэсэн чинь “за тэгвэл байгаа 200.000 төгрөгөө өгчих” гэхээр нь Худалдаа хөгжлийн банк ашиглаж шилжүүлсэн. Ингээд би нийтдээ 4 удаагийн үйлдлээр 700.000 төгрөгийг шилжүүлсэн юм. 2019 оны 8 дугаар сарын 21-ний орчим утсаар Анхбаяртай залгаж яриад 24 дүгээр сургуулийн хүүхдүүд ямар форм өмсдөг талаар асуусан чинь өөрөө судлаад хүүхдийн формыг авчих гэхээр нь охиндоо формыг нь авч бэлдээд 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 24 дүгээр сургууль дээр очиж 1 дүгээр ангид орсон хүүхдийн нэрсийг жагсаалт гарчихсан самбарт өлгөөтэй байсан учир шүүж үзсэн чинь манай хүүхдийн нэр байхгүй байхаар нь Анхбаяр руу залгаж ярьсан чинь 91119379 дугаарын утас нь холбогдохгүй болчихсон байсан. ...” /хх 31-32/ гэсэн мэдүүлэг,

гэрч Д.Батжаргалын “...А.Жавзандулам ...2019 оны 4 дүгээр сарын эхээр “хүүхдээ 24 дүгээр сургуульд оруулмаар байна” гэж хэлсэн. Би Анхбаярт хэлж үзэхэд “оруулж өгч чадна, оруулж өгвөл 1.500.000 төгрөг” гэж хэлж байсан. Би тэр хоёрыг хооронд холбож өгсөн. ...Сүүлд сонсоход сургуульд оруулж өгч чадаагүй гэж байсан. ...” /хх 45-46/ гэсэн мэдүүлэг,

шүүгдэгч Э.Аын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн болон бусдын дансаар нийт 4 удаагийн үйлдлээр 700.000 төгрөг авсан нь үнэн. ...Би тухайн мөнгийг өөртөө зарцуулаад дууссан. ...Би ажилгүй байсан тул хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ...” /хх 55-57/ гэсэн мэдүүлэг,

хохирогч А.Жавзандуламын Голомт банкны “...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 100.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн” депозит дансны хуулга /хх 13-24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч Э.Аыг залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Аын сургуульд хүүхэд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж хохирогч А.Жавзандуламаас нийт 4 удаагийн үйлдлээр 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж байна.

Анхан шатны шүүхээс Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Э.А “...надад оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулын ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Шүүгдэгч Э.А нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрөө төлж барагдуулсан хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ”ялаас өршөөн хасах”, “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, “өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-д зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан бөгөөд Э.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөлийн тухай хуулийн үйлчлэлд хамаарч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Ат Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШЦТ/305 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүгдэгч Э.Аын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ