Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 273

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч М.Мөнхцэцэг,

Хохирогч Д.Батболд

Шүүгдэгч Б.Рэнцэндорж, түүний өмгөөлөгч Л.Амартогос /0075/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Балдандагвын Рэнцэндоржид холбогдох эрүүгийн 201726020725 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 17-73б тоотод оршин суух, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 51 дүгээр байр 5 тоотод бүртгэлтэй,

Улаанбаатар хотын Октябрийн дүүргийн ардын шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /хх 32-33/

Улаанбаатар хотын Октябрийн дүүргийн ардын шүүхийн 1993 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 161 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 1000 төгрөг хурааж 3 жил хорих ялаар шийтгэгдэж өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 4 жилээр тогтоосон, /хх 34/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 тоот Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тогтоож мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /хх 35/

Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, /хх 36-38/ Олхонууд овгийн Балдандагвын Рэнцэндорж /РД: ЧП74111171/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Рэнцэндорж нь 2017 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96 дугаар байрны орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Батболдыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Рэнцэндорж мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэртээ баяр тэмдэглээд байж байтал 19 цагийн үед Сэргэлэн орж ирээд цуг айл руу яваад ирье гэсэн. Тэгээд Батболдын гэрийн гадаа очоод утсаар дуудсан чинь Батболд гарч ирээд уурлангуй байсан ба юм ярьж байгаад орц руугаа орохоор нь араас нь ороод 4 давхарт гараад Батболдыг яах гэж хүн худал ярьж дуудаж байгаа юм гэхэд чамд хамаагүй гэхээр нь заамдалцсан. Тэгээд би мөргөөд ганц хоёр цохьсон ба доороос хүн битгий орцонд шуугилдаад бай гэхээр нь гараад Сэргэлэнтэй хамт гэртээ харьсан. Хохиролд 1.000.000 төгрөг өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батболд мэдүүлэхдээ: “2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяр тэмдэглээд архи уусан ба маргааш Сэргэлэнтэй уулзахаар тохирсон байсан. Тэгээд 19-ний өглөө Сэргэлэнтэй утсаар яриад манайд хүрээд ир хоёулаа уулзая гэсэн. Тэгээд Сэргэлэн такси бариад ирсэн гараад ир гэхээр нь би гарч очоод ганцаараа яагаад ирээгүй юм гээд таксины мөнгө байхгүй жолоочийг нь маргааш ирээд авчих гээд хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ ороод явж байтал 4 давхарт гарахад араас Рэнцэндорж чи яах гэж хүн дуудсан юм. Ганц шил архи аваад өгчихөөч танайд ороод уучихая гэхэд тас гээд явсан ба би ухаан алдах шиг болсон. Тэгээд буланд шахаад хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд доороос хүн болиоч гэж хэлсэн. Тэгээд би туслаарай гэж орилсон. тухайн үед би ухаан балартсан байсан. Тэгээд Рэнцэндорж буугаад яваад өгсөн. Хохиролд 1.000.000 төгрөг авсан. Одоогоор гомдол санал байхгүй” гэв.

 

Гэрч Ц.Сэргэлэн: 2017 оны 3 дугаар сарын 19-ний …18 цагийн орчим Рэнцэндоржийн гэрт очоод орж уулзаад Рэнцэнгийн утсаар Батболдтой утсаар ярьсан. Батболдтой утсаар яриад ганц юм ууя мөнгө байна уу гэж асуутал байхгүй ээ мөнгө алга байна гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би ахиж залгаад ямар ч байсан яваад очьё гэж Батболдод хэлтэл намайг хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхэд би такси бариад яваад очих уу гэхэд бас тэг тэг гэж хэлэхээр нь Рэнцэндоржийг дагуулаад Батболдын гэрт такси бариад очсон.

…Батболд наанаа хүлээж бай би гараад яваад очлоо гэдэг зүйл хэлсэн ба 10 гаруй минут хүлээсэн. Тэгсэн нөгөө таксины жолооч яараад байнаа гэж хэлэхээр нь дахиж Батболд руу залгатал би гарч явнаа гэж надад хэлсэн.

Ингээд Батболд орцноосоо халамцуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ухаан мэдрэлээ алдаагүй баарнаас гарч ирсэн бөгөөд таксины жолооч мөнгөө нэхсэн бөгөөд Батболд таксины жолоочтой маргааш ирээд ав гэсэн зүйл ярьсан. Тэгсэн таксины жолооч уурлаад чи юу яриад байгаа юм бэ гэж хэлтэл Батболд маргааш ирээд авчихаа адилхан жолооч байж гэсэн зүйл ярьсан ба нөгөө таксины жолооч уурлаад машиндаа суугаад яваад өгсөн.

Тэгээд би юу байна мөнгө байна уу ганц шил архи ууя гэж Батболдод хэлсэн ба Батболд надад байхгүй ээ надад юу байдаг юм гэж надад уурлангүй хэлсэн. Тэгээд л нэг нэгнийгээ харж хэсэг зогсож байсан ба Рэнцэндоржийг дагуулж ирэхэд уурлангуй байсан. Батболд уурлаж байж байгаад заза би орлоо гээд орц руугаа орох үед нь тал байсан тамхиа асаах гээд зогсож байтал Рэнцэндорж Батболдын араас яваад орсон. Тухайн үед би Батболдын хаалганы кодыг мэддэггүй байсан болохоор орц руу дотогш орж чадаагүй гадаа нь хүлээж байсан. Ингээд 4-5 минутын дараа Рэнцэндорж гарч ирээд ямар сонин зэвүүн залуу вэ би нэг мөргөчихлөө гэж надад хэлсэн. …дээшээ алхаад явж байхад нь харахад гар нь цус болчихсон байсан. Тэгэхэд нь би чи наад гараа яачихваа гэж асуутал энэ яах вэ зүгээр зүгээр гэж хэлсэн” гэжээ. /хх 12/

 

Гэрч Б.Уянга: “…2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхад Сэргэлэн манай гэрт ирээд хоёр цаг гаруй сууж байгаад 20 цагийн орчимд манай гэрээс Рэнцэндоржийг дагуулаад гарсан…” гэв. /хх 13/

 

Гэрч Г.Ууганзаяа: “…21  цаг өнгөрөөгөөд нөхөр маань над ру залгасан ба …би хүнд зодуулчихлаа цус алдаад байна гэж надад хэлсэн. Тэгэхэд нь би утсаа таслаад шууд яваад очсон

…тэгээд гэртээ ороход нөхөр маань коридорт сандал дээр суучихсан нүүр ам нь нэлэнхүйдээ цус цус болчихсон мөн куртик нь бас битүү цус болчихсон байхаар нь аваад шууд нүүрийг жоохон угаагаад алчуураар дараад хажууханд байх гэмтлийн эмнэлэг орсон…” гэжээ. /хх 15/

 

Гэрч Б.Энхцэцэг: “…2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр охин Ууганзаяа 20 цагийн орчимд хоол идээд буцаад гараад явсан. Тэгээд буцаад 24 цаг болж байхад нөхөр Батболдоо дагуулчихсан орж ирсэн ба Батболд нь хүнд зодуулсан байдалтай битүү боодолтой манай гэрт ороод ирсэн…” гэжээ. /хх 16/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4078 дугаартай дүгнэлт: Б.Батболдийн биед зүүн талын хацар ясны нумны цөмөрсөн хугарал, эрүүний баруун талын их биеэс эрүүний булан дайрсан зөрүүгүй хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн хөмсөгт няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэж тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /хх 19/

 

Хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 7-8/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30/

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43-44/

хохирлын баримт /хх 49-52/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

             Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Рэнцэндорж нь 2017 оны 3 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96 дугаар байрны орцонд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Батболдыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.Сэргэлэн /хх 12/, Б.Уянга /хх 13/, Г.Ууганзаяа /хх 15/, Б.Энхцэцэг /хх 16/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 4078 дугаартай дүгнэлт /хх 19/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 7-8/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43-44/, хохирлын баримт /хх 49-52/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

           

Иймд шүүгдэгч Б.Рэнцэндорж нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

            Шүүгдэгч Б.Рэнцэндорж нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 5 сар хорих ялаар шийтгэгдсэн ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар түүний ялтай байдал нь хамаарч өршөөгдсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

 

            Шүүгдэгч Б.Рэнцэндорж нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч нь 3 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцох, хохирогчид 1.000.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

 

            Шүүгдэгч Б.Рэнцэндоржийн анх удаа үйлдсэн хүндэвтэр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ бага, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийн “…гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

           

                        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Олхонууд овогт Балдандагвын Рэнцэндорж нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овогт Балдандагвын Рэнцэндоржийг 3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Рэнцэндоржид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар шүүгдэгч Б.Рэнцэндоржийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Рэнцэндоржид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Рэнцэндоржид авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                   

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ШҮҮГЧ                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ