Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.М                                                                         

Улсын яллагч Э.Н

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б Т холбогдох эрүүгийн 252.0000.0001... дугаартай хэргийг 2025 оны 09 сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Т аймгийн З суманд төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн малтагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, Д аймгийн З сумын.....-р баг, Амарын ........ тоотод оршин суух, Т овогт Б Т /РД: ЕТ65011013/

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Т нь Д аймгийн З сум .. дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах А 3.... тоотод 20... оны 0.. дугаар сарын ...-ны өдөр 17 цагийн орчимд Х.О баруун хацар, нүд хэсэгт нэг удаа, толгой руу нь нэг удаа цохиж, зүүн хацар хэсэгт нэг удаа ажлын хэсэг нь 19 см, нийт урт нь 30 см хэмжээтэй хутгаар зүсэж биед нь зүүн хацар шарх, баруун нүдний доод зовхи, зүүн бугалгад цус хуралт, толгойнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                         

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 08 сарын 16-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод хоночхоод маргааш нь 16 цагийн үед М орж ирээд гэртээ өндөг, ундаа зэрэг хүнс аваад очсон тэгтэл ууттай хогууд гэрийн үүдэнд байсан тэгээд би эхнэрт энэ юун хог вэ хаячихгүй ясан юм бэ танай ах дүү нар чинь ирсэн юм чинь ийм их хог гарсан юм байлгүй дээ гэж хэлсэн чинь манай эхнэр О манай ах дүү нар машинаасаа хогоо оруулж ирээд гэрт тавьсан байгаа юу би дүү нараа оруулж ирээд аяга хоол идүүлж болохгүй юу дандаа яах гэж манай ах дүү нарыг ингэж байдаг юм гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн тэгээд нэлээн хэрэлдэж байгаад миний уур хүрээд өөрийн баруун гараар О баруун хацар, нүд орчимд гараа атгаж байгаад хүчтэй түлхсэн чинь хог шүүрдэж байсан шүүрээрээ намайг цохисон тэгээд би зөрүүлээд 3 удаа гараа атгаж байгаад цохисон чинь намайг мөн адил зөрүүлж нэлээн хэд цохиод авсан тэгээд би уур хүрээд ширээн дээр мах эвдэж байсан хар иштэй хутгыг аваад эхнэр О зүүн хацар хэсэг рүү хутганы үзүүрээр дүрсэн тэгтэл манай Б.Х гэдэг дүү миний араас тэвэрч аваад ахаа та болилдоо гээд бид хоёрыг салгасан тэгээд манай эхнэр хүүхдүүд лүгээ залгаад яриад байсан би тэр үед шоконд орсон байдалтай хойд унтлагын өрөөнд яриаг нь сонсоод байж байсан тэгээд Б.Х манай эхнэрийг дагуулаад эмнэлэг рүү явж эмнэлэгт очиж хоёр оёдол тавиулсан гэж байсан. Хийсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу шийдвэрлэх хүсэлтэй байна. Би өөрийн эхнэр Х.О нүүр хэсэгт баруун гараараа 2, зүүн гараа 2 гээд ээлжлээд нүүр нүдгүй нэлээн хэд савж цохисон миний санаж байгаагаар 3-4 удаа цохисон байх тэгээд ер нь О ч намайг цохиод би ч зөрүүлж цохиод харилцан бие биетэйгээ нэлээн зодолдсон тэгээд би уураа барьж дийлэлгүй эхнэрийнхээ зүүн хацар хэсэгт хар өнгийн иштэй мах эвдэж байсан хутгыг аваад үзүүр хэсгээр нь зүсчихсэн гэжээ. /хх-ийн 66-67/   

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Сая уншсан хэрэг болсон. Өөр ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Х.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед миний нөхөр болох Б.Т нь гэртээ орж ирээд өөртөө ундаа авлаа гээд хөргөгчдөө хийгээд мөн хувцсаа солиод гэрийнхээ хувцсыг өмсөөд байж байтал ирэхээс нь өмнө би гэртээ үхрийн мах авчаад нөхрийн дүүгийн хүүхэд болох Х махаа эвдүүлээд байж байсан. Тэгээд манай нөхөр гэрийнхээ хогийг цэвэрлэхээр болсон чинь гэрийн үүдний хажууд ундааны савтай шар тортой хог харчхаад надад гэнэт уурлан хэлэхдээ "танай М чинь ирээд энэ хавиар хог үлдээгээд явчихлаа" гэж над руу муухай харан уурласан. Тэгэхэд нь би хэлэхдээ "чи ямар сүртэй юм бэ яагаад манай дүү нар ирээд хоол унд идээд явж болдоггүй юм бэ манай дүү нар өчигдөр гэрт ирээд өөрсдөө жоохон хоол унд хийж идчихээд явсан юмаа ийм юм нь дээр яагаад манай гэрийнхнийг ад үзэж байдаг юм бэ" гэж миний бие хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр энэ муу дандаа дүү нараа байнга өмөөрчих юмаа гэж хэлэн над руу гар далайсан. Тэр үед нь би за намайг арай ч цохичихгүй байх гэсэн чинь миний нүүрний баруун нүд хавьцаа шууд цохисон. Тэгэхэд би чамаар дандаа зодуулж байдаг юм гэж юу байсан юм гээд би хогийн шүүр барьцан зогсож байсан болохоор хогийн шүүрээр мөр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгсэн чинь л манай нөхөр юу юугүй л миний толгой, нүүр хэсэг рүү цохисон тэгэхэд дүү болох Х нь ирээд шууд болиулсан. Т нь тэгэхэд намайг ална чамайг гээд ширээн дээр байсан хутгыг авангуутаа миний нүүрний зүүн хацар хэсгийг зүссэн. Тэгэхэд би нүүр нь дээрээ гараа тавьсан чинь их хэмжээний цус урсаж байсан бөгөөд тухайн үед би шоконд орсон байсан. Тэгэхэд манай гэрийн хойд өрөөнд байсан миний зээ охин болох Анхилуун нь өвөөгийнхөө гараас шууд хутгыг нь булааж авсан Х хүртэл Т биеийг бариад хөдөлгөөнгүй болгосон. Т нь бага охин болох Э руу залгаад танай ээж дандаа ингэж дарамталж байх юм гэж охинтой минь ярьж эхлэхээр нь би утсыг нь булааж аваад миний фейсбүүк чаатандаа ороод ирээрэй гэж хэлээд утсаа тасалсан. Охин маань шууд над руу залган бие биеийнхээ дүрсийг харж ярьсан. Аав чинь намайг хутгалчихлаа гэж хэлэхэд миний охин болох Э нь та чинь одоо яаж байгаа юм бэ ямар аймар юм бэ ээжийг хутгалдаг нь яаж байгаа юм бэ гэж хэлэн орилоод байсан тэгээд төрсөн ах эгчийгээ тухайн дүрс бичлэгтээ нэмээд намайг харуулсан. Тэгэхэд би хүүхдүүддээ хэлээд та нар хар аав чинь намайг ийм болгочихлоо гэж хэлэн царайгаа мөн цус болсон үүдний өрөө, гал зуухны өрөөгөө харуулсан. Тэгээд манай хүүхдүүд та хоёр юу дутлаа гэж ингээд муудалцаад байдаг юм бэ гэж хэлсэн. Та чинь одоо яагаад хутга бариад ээжийг гэмтээчихдэг юм бэ гэж хэлж байсан санагдаж байна. Тэрний дараагаар Хүслэн нь яаралтай эмнэлэг явахгүй бол болохгүй юм шиг байн аа гэж хэлээд намайг дагуулаад Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг рүү такси дуудаад аваад явсан. Т гэх хүн нь миний нөхөр бөгөөд бид хоёр 40 гаруй жил хамт амьдарч байгаа хүмүүс юмаа. Намайг арай ч ийм байдалтай болгоно гэж бодож ч явсангүй. Манай хүн хааяа гэнэт гэнэт уурладаг хүн байсан. Нэг бол саллаа гээд яваад өгнө эргээд 3 хоногийн дараа хүрээд ирдэг ийм л хүн байгаа юм. Миний нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон тухайн болсон зүйлийг би яг сайн санахгүй байна. Одоо миний толгой хэсэг нэлээн хөндүүртэй байна. Мөн миний нүүрний зүүн талын хацар хэсэгт хутгаар зүссэн. Тэгэхэд нэлээн их хэмжээний цус гарсан байсан. Тухайн үед би миний нүүрнээс гарсан цусыг хараад шууд шок нь орсон. Тухайн үед миний нөхөр болох Түвшинсайхан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ер нь манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Яагаад гэвэл миний нүүр, болон толгой хэсэг гэмтсэн учраас би шүүх эмнэлэгт заавал үзүүлмээр байна гэжээ. /хх-ийн 17-19/

-2025 оны 08 сарын 25-нд өгсөн мэдүүлэгтээ: Үгүй би сэтгэцэд учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохгүй хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна. У хотод очиж эмчилгээ хийлгэнэ тэр зардлаа надад гэмтэл учруулсан өөрийн нөхөр болох Б.Т-аар төлүүлмээр байна гэжээ. /хх-ийн 23-24/

Гэрч Б.Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 08 сарын 17-ны өдөр өөрийн нагац ах Т гэрт Оэгч мөн Т ахын зээ охидууд болох А, Анартай бид 4 байсан тэгтэл 17 цагийн үед Т ах гаднаас машины оочир шахчхаад ороод ирсэн тэгээд гэрт орж ирээд хувцсаа сольчхоод гэрээ янзалж байхдаа үүдэнд байсан хогыг хараад энэ хогоо хаялдаа гээд тэр хоёрын хооронд маргаан үүссэн тэгээд эхлээд Т ах О эгчийг мангасдсан тэгсэн чинь О эгч шүүр барьж аваад толгой руу нь цохичихсон чинь тэр хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн тэгээд нэг мэдсэн чинь Т ах хутга бариад авсан байсан би сандраад араас нь тэврээд авсан чинь О эгчийн зүүн хацар дээр зүсээд хаячихсан байсан. Би Т ахын нагац дүү нь байгаа юм манай ээжийн төрсөн ах байгаа юм. Т ах хар өнгийн иштэй 25 см орчмын урттай хутгаар О эгчийн хацар хэсэг рүү нэг удаа исгээд өнгөрсөн. Тэрнээс өмнө тэр хоёр хоорондоо нэлээн зодолдоод байсан. Үгүй манай ах эгч хоёр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй хүмүүс байгаа юм гэжээ. /хх-ийн 25-29/

Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Х.О 242,209 төгрөгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гарсан байна. Иймд гарсан зардлаас сэжигтэн Б.Түвшинсайхан-аас төрд учирсан 242,209 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай Дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 50-51/

Шинжээчийн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн ДОГ0725/320 дугаартай дүгнэлтэд 1.Х.О биед зүүн хацар шарх, баруун нүдний доод зовхи, зүүн бугалгад цус хуралт, толгойнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр, мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Учирсан гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 31-32/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн өргөдөл /хх-ийн 03/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-08/

Шинжээчийн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн ДОГ0725/321 дугаартай шүүгдэгч Б.Т эрүүл мэндэд хохирол тогтоогдоогүй гэх дүгнэлт /хх-ийн 38-39/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн баримт, иргэний нэхэмжлэл төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 41-44/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2025 оны 08 сарын 27-ны өдрийн тогтоол /хх-ийн 58-62/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 89-90/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Т нь Д аймгийн З сум . дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ........тоотод 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд Х.О баруун хацар, нүд хэсэгт нэг удаа, толгой руу нь нэг удаа цохиж, зүүн хацар хэсэгт нэг удаа ажлын хэсэг нь 19 см, нийт урт нь 30 см хэмжээтэй хутгаар зүсэж биед нь зүүн хацар шарх, баруун нүдний доод зовхи, зүүн бугалгад цус хуралт, толгойнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Х.О мэдүүлэг /хх-ийн 17-19, 23-24/, гэрч Б.Х мэдүүлэг /хх-ийн 25-29/, шинжээчийн 2025 оны 08 сарын 20-ны өдрийн ДОГ0725/320 дугаартай дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Б.Т гэм буруутай үйлдэл, хохирогч Х.О учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Х.О хохирлын баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд гаргаж өгөөгүй, Иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан 242,209 төгрөгийг шүүгдэгч тус тус төлж барагдуулан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 44/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхэд эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг хутгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 19 см, бариул хэсэг 11 см нийт урт нь 30 см хэмжээтэй 1 ширхэг хутгийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Түвшинсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.БОЛОРМАА