Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2023/00199

 

 

2023 04 12 153/ШШ2023/00199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 8-33 тоотод оршин суух, ******* овгийн Дагвын *******, ******* овгийн *******гийн ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Тэгш таван өргөө-9 тоотод оршин суух, ******* овгийн ийн т холбогдох худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнийн урьдчилгаанд төлсөн 2,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, Х.*******, хариуцагч Ц. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 0776-ХОҮ улсын дугаартай Ssangyong Musso маркийн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд төлсөн 2,500,000 төгрөгийг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Х.******* нь Ц.тай 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 0776 ХОА улсын дугаартай автомашиныг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөгийг өөрийн данснаас Ц.ын данс руу шилжүүлсэн. Автомашины үнийн үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хувааж буюу 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сард 1,500,000 төгрөгийг тус тус өгөхөөр тохиролцсон. 

Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ц. эхнэртэйгээ над дээр ирээд үлдэгдэл 2,500,000 төгрөгөө өгснийхөө дараа ирж аваарай гэж хэлээд тухайн автомашиныг аваад явсан.

Дараагаар нь Ц. миний худалдаж авахаар тохиролцсон автомашиныг өөр хүнд зарахаар болсон тухайгаа надад хэлсэн. Би автомашины үнийн урьдчилгаа 2,500,000 төгрөгөө авъя гэж Ц.т хэлсэн боловч одоо хүртэл тухайн мөнгийг өгөхгүй байна.

Д.******* миний бие Х.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Тухайн автомашиныг худалдах, худалдан авах гэрээг Ц.тай хийсэн нь хүн би учраас автомашины үнийн урьдчилгаанд төлсөн 2,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

3. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

4. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Миний бие Ц. нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Д.*******д 0776-ХОҮ улсын дугаартай, Ssangyong Musso маркийн мөнгөлөг саарал өнгөтэй тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр урьдчилгаа 2,500,000 төгрөг авсан.

Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг миний бие төлбөрийн уян хатан нөхцөлтэй, 1,500,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлөхийг хүссэн. Оюутан хүүхдийн сургалтын төлбөрийг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх байсан учир ингэж тохиролцсон.

Үүний дараагаар үлдэгдэл 1,000,000 төгрөгийг тухайн оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор надад өгөхөөр тохиролцож, 08 дугаар сарын 11-ний өдөр тус тээврийн хэрэгслийг худалдах гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, тухайн тээврийн хэрэгслийг тухайн иргэний нэр дээр шилжүүлэн өгсөн.

Худалдан авагчид тохирсон ёсоор 08 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл үнийг өгөхийг шаардсан болов ч утсаа авахгүй, холбоо барихгүй байсан. Тухайн үед худалдан авагчтай холбогдож, ярилцахыг оролдсон бөгөөд хүүхдийн сургалтын төлбөрийг хугацаанд нь төлөх шаардлага надад байсан учир өдөр бүр утсаар залгаж байсан боловч үр дүнгүй, миний бие өөрийн нэр дээрх автомашинаа худалдаж, хүүхдийн төлбөрийг төлөхөөс аргагүйд хүрсэн.

Д.*******тэй 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, автомашиныг өөрийн гэрийн гадна авч ирж, тавьсан бөгөөд 3 хоногийн дотор үлдэгдэл мөнгөө өгөхгүй бол тухайн тээврийн хэрэгслийг задалж, зарна намайг хохиролгүй болгохоо хэлж, мөн бичгээр үйлдэж, гарын үсгээрээ баталгаажуулж өгсөн болно. Тус баримт бичгийг хавсаргасан болно.

Тухайн өдрөөс хойш худалдан авагч талд үлдэгдэл мөнгөө өгч автомашинаа авахыг шаардсаар байсан. Тухайн нөхцөл байдлын улмаас миний бие зүрхний шигдээс өвчнөөр өвдөж, эмнэлэгт хүргэгдэж, улмаар Улаанбаатар хотод яаралтай эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд 10 дугаар сарын 15-ны өдөр тус тээврийн хэрэгслийг задалж, зардаг хүнд 1,500,000 төгрөгөөр өгсөн.

Тээврийн хэрэгслийг худалдсантай холбоотой хэргээс үүдэн надад санхүү болоод сэтгэл санааны гүн хямрал, ихээхэн хохирол үүссэн. Худалдан авагч тухайн тээврийн хэрэгслийг бичиг баримтыг ашиглан барьцаалан зээлдүүлэх газраас мөнгө зээлж авсан байсан учраас тус тээврийн хэрэгслийг задаргаанд өгсөн.

Д.*******гийн зөвшөөрлийн дагуу тус тээврийн хэрэгслийг задаргаанд зарсан болно. Мөн одоог хүртэл надад 1,000,000 төгрөгийн хохирол үлдсэн байгааг нэхэмжлэх хүсэлтэй байгаа учир үүгээр уламжлав. Тус хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, намайг хохиролгүй болгож өгнө гэж найдаж байна.

5. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хаан банк ХХК дахь Х.*******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга

6. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Худалдах, худалдан авах гэрээ/тээврийн хэрэгсэл//2022.08.11 № 1093/

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ/0776-ХОҮ/

- Баталгаа/2022.08.30/

- Өвчтөн илгээх хуудас/2022.10.14 №003015/

- Амбулаториор эмчлүүлэгсдийн карт/Ц./

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч Ц.т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх, нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Д.*******, Х.******* нь хариуцагч Ц.т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний зүйлийг буцаан авсан гэх үндэслэлээр 0776-ХОҮ улсын дугаартай Ssangyong Musso маркийн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд төлсөн 2,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц. нь Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд үнэ төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд эс зөвшөөрч, маргажээ.

2. Ховд аймгийн тойргийн нотариатч М.Дэмбэрэлийн гэрчилсэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн огноотой, 1093 дугаар Худалдах, худалдан авах гэрээ/тээврийн хэрэгсэл/-г худалдагч Ц. болон худалдан авагч Д.******* нар бичгээр байгуулж, гарын үсэг зуржээ./Хавтаст хэргийн 28 хуудас/

Уг гэрээний 2.1 дэх хэсэгт худалдагч нь KPAKA4AD14P362769 арлын дугаартай, 0776-ХОҮ улсын дугаартай Ssangyong Musso маркийн, 20004 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг саарал өнгийн, суудлын зориулалттай, 03798102 гэрчилгээний дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, 3.2 дахь хэсэгт худалдан авагч нь тээврийн хэрэгслийн үнэ 5,000,000 төгрөгөөс урьдчилгаанд 2,500,000 төгрөгийг хүлээн авч, 1,500,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 1,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус худалдан авагчид төлөхөөр заажээ.

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Учир нь худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх эрх зүйн үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүйн дээр уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй болно.

Иймд хариуцагч нь тээврийн хэрэгсэл, түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд тээврийн хэрэгслийг үнийг төлөх үүрэг үүссэн байна.

3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх зарчмыг тодорхойлжээ.

Хариуцагч Ц. нь 0776-ХОҮ улсын дугаартай Ssangyong Musso маркийн тээврийн хэрэгслийг гэрчилгээний хамт 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.*******гийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Үүнээс үзэхэд эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч Д.*******гийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч Ц. нь зохих ёсоор биелүүлжээ. Уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч Д.******* нь 0776-ХОҮ улсын дугаартай Ssangyong Musso маркийн тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаа 2,500,000 төгрөгийг хариуцагч Ц.т төлсөн нь Худалдах, худалдан авах гэрээ/тээврийн хэрэгсэл/-ний 3.2 дахь заалтаар нотлогдож байна.

Гэвч тээврийн хэрэгслийн үнэ 1,500,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор, үлдэх 1,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус тус хариуцагч Ц.т төлөх үүргээ нэхэмжлэгч Д.******* биелүүлээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон болно.

Хариуцагч Ц.ын хариу тайлбарт хавсарган, иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн огноотой, цэнхэр өнгийн балаар бичигдсэн баримт/хавтаст хэргийн 27 хуудас/-д Д.*******гээс 3 хоногийн дотор машины мөнгийг өгөхгүй бол машиныг задалж, зарахыг зөвшөөрөв. Д.******* гэж тусгагджээ.

Уг баримтыг үйлдэж, гарын үсэг зурсан болохоо нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэхээр байна.

Гэвч нэхэмжлэгч Д.******* нь тээврийн хэрэгслийн үнийн үлдэгдэл 1,500,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйн нэхэмжлэгч Ц. нь 2022 оны 09 дүгээр сарын эхээр 0776-ХОҮ улсын дугаартай Ssangyong Musso маркийн тээврийн хэрэгслийг буцаан авсан нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.*******гийн үүргийг хугацаанд гүйцэтгээгүйн улмаас хариуцагч Ц. нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзжээ. Учир нь хүчин төгөлдөр гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үздэг.

5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Ц. нь 0776-ХОҮ улсын дугаартай Ssangyong Musso маркийн тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаа 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******д буцааж өгөх үүрэгтэй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагч Ц.аас 0776-ХОҮ улсын дугаартай Ssangyong Musso маркийн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд төлсөн 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгов.

6. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

Хариуцагч Ц.аас Худалдах, худалдан авах гэрээ/тээврийн хэрэгсэл/-нээс татгалзсан нь нэхэмжлэгч Д.*******гийн гол үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүдэлтэй тул хуулийн дээрх заалтын дагуу учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.

Хэдийгээр хариуцагч Ц. нь хариу тайлбартаа нэхэмжлэгч Д.*******гээс учирсан хохирлоо нэхэмжлэх хүсэлтэй байгаагаа дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр-ийг хангаж, мөн хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй гэжээ.

Шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж буй этгээдийн нэхэмжлэл, хүсэлт, гомдол/цаашид нэхэмжлэл гэх/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан байх шаардлагатай.

Хуулийн дээрх зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, нэхэмжлэлийн үнэ, хавсаргасан баримт бичгийн жагсаалт, нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргах, нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгөх зэрэг хамаарна.

Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заажээ.

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон хариуцагч Ц.т учирсан хохирлыг гаргуулах эсэх асуудлыг нэхэмжлэгч Д.*******гийн тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгааг буцаан гаргуулах тухай энэхүү маргаантай хамруулан хянан шийдвэрлэх боломжгүй.

Хариуцагч Ц. нь нэхэмжлэгч Д.*******гээс учирсан хохирлоо гаргуулах тухай шаардлагыг хуульд заасан нэхэмжлэлийг бүрдүүлбэр-ийг хангаж, шүүхэд гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийг хариуцагч Ц.аас гаргуулан улсын орлого болгов.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар заажээ.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах дээрх үндэслэл нь шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заажээ.

Ssangyong Musso маркийн, 0776-ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч Ц. нар байгуулсан тул уг гэрээний оролцогч бус этгээд болох нэхэмжлэгч Х.*******т уг гэрээний талаар шаардлага гаргах боломжгүй, нэхэмжлэгч Д.*******г төлөөлөх эрхгүй/итгэмжлэл олгогдоогүй/ байжээ.

Энэхүү үндэслэл нь нэхэмжлэл, түүнд хавсаргасан нотлох баримтын хэмжээнд тогтоогдоогүй, харин хариу тайлбар, түүнд хавсаргасан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанд хянан хэлэлцэх үед тогтоогдсон болно.

Тодруулбал Ховд аймгийн тойргийн нотариатч М.Дэмбэрэлийн гэрчилсэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн огноотой, 1093 дугаар Худалдах, худалдан авах гэрээ/тээврийн хэрэгсэл/-г нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлдээ бус хариуцагч Ц. нь хариу тайлбартаа нотлох баримтаар хавсаргаж, иргэний хэрэгт нотлох баримтаар гарган өгчээ.

Нэхэмжлэгч Х.******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ssangyong Musso маркийн, 0776-ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнийн урьдчилгааг хариуцагч Ц.т төлсөн гэх байдал нь түүнд нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч Ц.ын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний талаар шаардлага гаргах эрхийг үүсгэхгүй.

Учир нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэжээ.

Худалдах, худалдан авах гэрээ/тээврийн хэрэгсэл/-ний 3.2 дахь хэсэгт Автомашины урьдчилгаанд 2,500,000 төгрөгийг хүлээн авсан гэж тэмдэглэснээс үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаа төлөх үүргээ нэхэмжлэгч Х.*******аар гүйцэтгүүлжээ.

Иймд нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.т холбогдох 0776-ХОҮ улсын дугаартай Ssangyong Musso маркийн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд төлсөн 2,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол улсын тэмдэгтийн хураамжийг хураасан хэмжээгээр нэхэмжлэгчид шүүгчийн захирамжаар буцаан олгоно гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х.*******т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 117, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.аас 0776-ХОҮ улсын дугаартай Ssangyong Musso маркийн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд төлсөн 2,500,000/хоёр сая таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.т холбогдох 0776-ХОҮ улсын дугаартай Ssangyong Musso маркийн, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн үнийн урьдчилгаанд төлсөн 2,500,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950/тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.аас 54,950/тавин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАТ