Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2023/00218

 

 

 

 

 

 

2023 04 20

218

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбат даргалж, ерөнхий шүүгч Х.Тасхын, шүүгч Б.Раушан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байранд оршин байрлах, Төрийн албаны зөвлөл-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, ******* тулгын 2-30 дугаар байрны 2 тоотод оршин суух, Их Зазгар овгийн Батсуурийн *******т холбогдох

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 9,112,657 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 100900021501 тоот дансанд оруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Б.*******, гэрч Ч.******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******д шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

Шүүх хуралдааны оролцогчийн ирцтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, хариуцагч Б.******* нар нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэхийг дэмжсэн тул Иргэний хэрэг шүүхэд 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******ыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 9,112,657 төгрөгийг гаргуулж, Төрийн банк дахь 100900021501 тоот дансанд оруулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

Б.******* нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар Б.*******ыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байх бөгөөд Б.******* нь шүүхэд гомдол гаргажээ.

Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0532 дугаар магадлалаар Ховд аймгийн Засаг даргын 2018 оны Б/67 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.*******ыг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 9,112,657 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож, Б.*******т олгосон байна.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/Төрийн албаны зөвлөл/

- Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр Төрийн албаны зөвлөлийн даргаар улируулан томилох тухай тогтоол

- Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04/2579 дугаар Төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай албан бичиг

- Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамж

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 00374 дүгээр төлбөрийн хүсэлт

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0532 дугаар магадлал

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэр

5. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6.Татгалзлын үндэслэл: Миний бие Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын дарга Б.*******ыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар захирамж гаргаж, албан тушаалаас нь чөлөөлсөн.

Тус захирамжийг Б.******* эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан.

Б.*******ыг ажлаас чөлөөлсөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар захирамжийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд гаргасан. Төрийн захиргааны албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө 2002 онд үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийг баримталсан.

Төрийн албаны тухай хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн. Одоо дагаж мөрдөж байгаа шинэ хуулийн дагуу Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргаж байгаа.

Бид Б.*******ыг ажлаас чөлөөлөхдөө 2002 оны хуулийг үндэслэж чөлөөлсөн. 2002 оны Төрийн албаны тухай хуульд төрийн албаны зөвлөлд хохирлыг нэхэмжлэх эрх олгогдоогүй.

Захиргааны байгууллага хохирлоо барагдуулах асуудал байгаа. 2002 оны хуульд шүүхийн шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд Улсын их хурлаас тодорхой хэмжээний хөрөнгийг баталж, хохирсон албан хаагчдын цалин хөлсийг барагдуулдаг нийтлэг жишиг байсан.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ, 103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна, 103.3-т Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж тус тус заасан.

Төрийн аудитын байгууллага Б.*******ын буруугаас төрд хохиролд учирсан байна гэж тогтоосон тохиолдолд би төлөх хуулийн зохицуулалттай байна. Тухайн үед төрийн бүх байгууллага Захиргааны ерөнхий хуулийг баримталж ажиллаж байсан.

Төрийн албаны тухай хууль /2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилсэн/-ийн дагуу явах юм бол Б.*******ын захирамж өөр хуулийн зүйл заалт үндэслэж гарах байсан. Харин Б/67 дугаартай захирамж 2002 онд үйлчилж байсан хуучин Төрийн албаны тухай хуулийг үндэслэж гарсан.

Төрийн албаны тухай хуулийг буцааж хэрэглэх юм уу хэрэглэхгүй юм уу. Хууль буцаж үйлчлэх юм уу гарсан өдрөөс нь дагаж мөрдөх юм уу гэдэг асуудал байна. Захирамж 2018 онд гарсан учраас бид нар Захиргааны ерөнхий хуулиа бариад шийдвэрээ гаргаад явсан.

Энэ үед Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэх эрх байгаагүй. Буруутай этгээд, албан тушаалтнаар төлүүлнэ гэсэн эрх зүйн акт зохицуулалт байхгүй байсан гэдгийг албан ёсоор хэлье. Шинэ хууль дээр шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар төлүүлнэ гэсэн заалт байгаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу төрийн албаны зөвлөлийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч Ч.*******ын мэдүүлэг

9. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Б.*******аас 9,112,657 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Б.*******т холбогдуулан Б.*******ыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаас чөлөөлсөн хууль бус шийдвэр гаргаж, төрд хохирол учруулсан гэх үндэслэлээр 9,112,657 төгрөгийг гаргуулан Төрийн банк дахь 100900021501 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.******* нь Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн холбогдох заалтыг үндэслэж, Б.*******ыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаас чөлөөлсөн тул Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийг буцаан хэрэглэхгүй, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгтэй ижил агуулга бүхий заалт урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль/2002 он/-д тусгагдаагүй, Захиргааны ерөнхий хуулиар гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж, байхгүй бол төрийн аудитын байгууллага хариуцах тул Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

2. Ховд аймгийн Засаг дарга Б.*******ын Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар Захирамж хүчингүй болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаар шүүгчийн захирамжийн дагуу аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн З.г ажлаас халах тухай Б/25, Б.*******ыг ажилд томилох тухай Б/26 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцож, Б.*******ын ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг хавсралтаар баталж, холбогдох тооцоог хийж, дуусгахыг ажлын хэсэгт даалгажээ.

3. Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар захирамжийн Б.*******ыг ажилд томилох тухай Б/26 дугаа захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, Б.*******ыг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 9,112,6547 төгрөгийг Б.*******т олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Б.******* нь хууль, журмын дагуу Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаас томилогдсон тул уг албан тушаалд анх томилогдохдоо хууль зөрчиж, томилогдсон гэх Ховд аймгийн Засаг даргын захирамжаар үгүйсгэгдсэн...,

....Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 200 дугаар шүүгчийн захирамжаар З.г Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаас халсан Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн нь нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биш байхад Ховд аймгийн Засаг дарга нь Б.*******ыг ажилд томилсон Б/26 дугаар захирамжийг хүчингүйд тооцсон... зэрэг эрх зүйн дүгнэлт хийжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 221/МА2019/0532 дугаар магадлалаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэрээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Уг магадлалын хянавал хэсэгт ...З.г Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаас халсан Ховд аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн үндэслэн Б.Бямжавыг төрийн жинхэнэ албан хаагчаар томилсон захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.

....Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-д төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно гэж заасантай нийцээгүй...,

...Б.*******ыг анх хууль зөрчиж албан тушаалд томилогдсон гэх үндэслэл маргаан бүхий захиргааны актад заагаагүй, акт уг үндэслэлээр гараагүй.... зэрэг эрх зүйн дүгнэлт хийжээ.

5. Дээрх Ховд аймаг дахь захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн төгөлдөр болсон байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Ховд аймаг дахь захиргааны анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэгэнт тогтоогдсон Хариуцагч Б.******* нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Б.*******ыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаас хууль бусаар чөлөөлсөн үйл баримтыг дахин нотлохгүй.

6. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарын гарын үсэг бүхий 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 00347 дүгээр төлбөрийн хүсэлтээр үзэхэд төрийн сангийн 100160051410 тоот данснаас шүүхийн шийдвэрээр гэсэн гүйлгээний утгатайгаар 9,112,657 төгрөгийг Б.*******ын Хаан банк дахь 5845260360 тоот дансанд шилжүүлжээ.

Уг бичмэл нотлох баримтаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар шийдвэрт заагдсан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 9,112,657 төгрөг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.*******т олгогдсон үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогч нь маргаагүй бөгөөд харин "нэхэмжлэл гаргах эрх/нэхэмжлэгчийн эрх зүйн байдал/-тэй эсэх, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу аудитын байгууллага нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн холбогдох зохицуулалт буцаан хэрэглэгдэх эсэх зэрэг хууль хэрэглээний асуудлаар мэтгэлцсэн болно.

7. Хариуцагч Б.******* нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар төрийн жинхэнэ албан хаагч Б.*******ыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаас чөлөөлжээ.

Гэвч Монгол Улсын их хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдан, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн зохицуулалт энэхүү маргаанд хэрэглэх эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь хуулийн дээрх зохицуулалт нь төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүхээс иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан үйл баримтыг тогтоосон/уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон/, үүний улмаас төрд бодит хохирол учирсан зэрэг урьдчилсан нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжихээр байна.

Энэхүү иргэний хэргийн тухайд Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд төрийн жинхэнэ албан хаагч Б.*******ыг Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн болохыг Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус тус тогтоож, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,112,657 төгрөг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б.*******т олгогдож, бодит хохирол төрд учирсан байна.

Энэ тохиолдолд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийг уг хуулиас хойш үүссэн дээрх үйл баримтад буцаан хэрэглэхгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.*******аас хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 9,112,657 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл-ийн Төрийн банк дахь 100900021501 тоот дансанд оруулав.

Энэхүү шийдвэрээр Б.*******аас 9,112,657 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэсэн агуулга бүхий иргэдийн төлөөлөгч Б.*******гийн дүгнэлтийг эрх зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

Учир нь Монгол Улсын их хурлаас 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт Хурал, Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэжээ.

8. Урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль/2002 он/-д одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасантай агуулгын хувьд ижил төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай/материаллаг шинжтэй/ харилцааг журамласан зохицуулалт тусгагдаагүй боловч уг харилцаа нь хуулиар зохицуулагдаагүй/хийдэлтэй/ байсан гэж үзэхгүй.

Учир нь Иргэний хууль/2002 он/-ийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус заасан нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байна.

Мөн түүнчлэн Хөдөлмөрийн тухай хууль/1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зохицуулалт тухайн үедээ хүчин төгөлдөр үйлчилж байсныг дурдах нь зүйтэй.

9. Захиргааны ерөнхий хууль/2015 он/-ийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ, 103.2 дахь хэсэгт Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна, 103.3 дахь хэсэгт Энэ хуулийн 103.2-т заасан дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллагад учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх чиг үүрэг бүхий субъект нь дээд шатны захиргааны байгууллагын дотоод аудитын нэгж, уг дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага байна.

Ховд аймгийн Засаг даргын дээд шатны захиргааны байгууллага болох Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дотоод аудитын нэгж, эсхүл Төрийн аудитын байгууллагаас хариуцагч Б.*******т холбогдуулан төрд учруулсан хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргаагүй нь Төрийн албаны зөвлөлөөс уг хохирлыг шаардаж, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Учир нь Төрийн албаны тухай хууль/2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ.

Урьд хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль/2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны зөвлөл нь албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хэмжээтэй байсныг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр дээд шатны захиргааны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй, уг дотоод аудитын нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага нэхэмжлэл гаргах эрхтэй, Төрийн албаны зөвлөл нэхэмжлэл гаргах эрхгүй гэсэн агуулга бүхий хариуцагч Б.******* болон гэрч Ч.******* нарын мэдүүлгийг шүүх хүлээн авах боломжгүй.

Дээд шатны захиргааны байгууллагын дотоод аудитын нэгж/ байхгүй бол төрийн аудитын байгууллага/ болон Төрийн албаны зөвлөл зэрэг субъект төр/захиргааны байгууллага/-д учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрх хэмжээтэй тул буруутай этгээдээс давхардуулан хохирол нэхэмжилж, чиг үүргийн давхардал гаргахгүй байх шаардлагатай.

Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Б.*******аас 9,112,657 төгрөгийн хохирлыг давхардуулан нэхэмжилсэн гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдоогүй болно.

10. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хэргийг хэрэгсэхгүй болгохоос үндэслэл, эрх зүйн үр дагавар, хэрэглэх хуулийн зохицуулалт ялгаатай байдаг. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь иргэний хэргийг агуулгаар хянан шийдвэрлэх боломжгүйг илтгэдэг бол иргэний хэргийг агуулгаар нь хянан шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүйг баталдаг.

Энэхүү иргэний хэргийн тухайд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь төрд учруулсан хохирлыг хариуцагч Б.*******аасөг шаардаж, нэхэмжлэл гаргах хуульд заасан эрх бүхий этгээд мөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас эрх зүйн үндэслэлгүй юм.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах агуулга бүхий тайлбар гаргаснаас үзэхэд хариуцагчийн татгалзлын агуулга, үндэслэл хоорондоо зөрчилтэй байна.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Б.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүн 9,112,657 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 160,752 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулан улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 9,112,657/есөн сая нэг зуун арван хоёр мянга зургаан зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл-ийн Төрийн банк дахь 100900021501 тоот дансанд оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь хариуцагч Б.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 160,752/нэг зуун жаран мянга долоон зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН

 

ШҮҮГЧ Б.РАУШАН