Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 153/ШШ2023/00424

 

 

 

 

 

 

2023 07 21

153/ШШ2023/00424

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүргийн *******гаар хороо, ******* ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав баг, 7 гудамж, 12 тоотод оршин суух, Өөлөг овгийн Оодгойн д холбогдох 9 бурхан, 3 судар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага/тодруулсан/: Очирваань бурхан, Ногоон дарь эх бурхан, Богд зонхова бурхан, Гэсэр бурхан, ******* бурхан, Тод тангад үсэгтэй насны бурхан, тольтой даллагын сум, хийморийн дарцаг/гадна/, хийморийн дарцаг/дотно/, Доржзодов судар, Алтангэрэл судар, ******* судар тус тус гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Ц.******* миний бие 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 9 бурхан, 3 судраа хадгалуулахаар О.д өгсөн. Үүний дараа үе үе байнга асуухад байгаа, тахиж шүтээд хадгалж байгаа, найдвартай гэж ярьдаг байсан.

Би 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр асуухад байхгүй, зараад идчихсэн, чи хууль шүүх, цагдаад хандаад олоод аваарай гэсэн тул миний бие Ховд аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган шалгуулахад О. авсан гэдгийг тогтоосон.

Ховд аймгийн Прокурорын газраас Ц.******* намайг хохирогч гэдгийг тогтоосон. Мөн Улсын ерөнхий прокурор мөн адил хохирогч гэдгийг тогтоож, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн.

Ц.******* миний эцэг Б.******* амьд сэрүүн байхдаа бурхан, судрын талаар надад сайн тайлбарлаж байсан. Энэхүү бурхадыг О.д хадгалуулахдаа бүх нэрийн жагсаан бичиж, үүнээс өмнө зургийг авч, хадгалсан байсан юм.

О.н тэтгэврээр хохирлыг барагдуулах тайлбарыг хүлээн авах боломжгүй. Буурал өвөг дээдсийнхээ бурхан, тахилыг соёлын үнэт өвд бүртгүүлэн баталгаажуулж, гэрчилгээ авах зорилготой.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Гэрэл зургийн үзүүлэлт/тайлбартай/

- Нийслэлийн ******* дүүргийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1777580 дугаар тодорхойлолт

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Ховд аймгийн прокурорын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Ц-1/290 дүгээр албан бичиг, Хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн материал

5. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Татгалзлын үндэслэл: Нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн үед Ховд аймгийн төв ганданд хүргэж тавьсан. Судар, бурхан одоо олдохгүй болсон тул мөнгөн үнэлгээгээр тэтгэврийн мөнгөөр барагдуулах саналтай.

Бурхан, судар нэхэмжилж, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Учир нь 2003 оны 05 дугаар сараас эхлэн шаардлага гаргах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан арван жилийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна.

7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Гэрч О.Ичинхорлоогийн мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч О.д холбогдуулан Хадгалуулсан гэх үндэслэлээр Очирваань бурхан, Ногоон дарь эх бурхан, Богд зонхова бурхан, Гэсэр бурхан, ******* бурхан, Тод тангад үсэгтэй насны бурхан, тольтой даллагын сум, хийморийн дарцаг/гадна/, хийморийн дарцаг/дотно/, Доржзодов судар, Алтангэрэл судар, ******* судар тус тус гаргуулах тухай тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч О. нь Бурхан, даллагын сум, судрыг Ховд аймгийн Гандан хийдэд тавьсан, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

3. Ховд аймгийн прокурорын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Ц-1/290 дүгээр албан бичгийн хавсралт Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг-ийн материалаас үзэхэд нэхэмжлэгч Ц.*******ын хариуцагч О.д холбогдох Үе дамжин ирсэн үнэт бурхан, судрыг залилан мэхэлж авсан гэх гомдолд тус прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Ховд аймаг дахь Цагдаагийн газраас эрүүгийн журмаар шалгажээ.

Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад мөрдөгчөөс Ц.*******оос хохирогчийн мэдүүлэг, О., Б.Чулуунбаатар, Г.Даваасамбуу, Д.Лхамжав нараас гэрчийн мэдүүлэг тус тус авч, гомдолд дурдсан бурхан, даллагын сум, судар зэргийн үнэлгээг ХХК-иас тогтоолгох зэрэг ажиллагаа хийж, улмаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах санал гаргажээ.

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дүгээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын олсон нь хэсэгт Ц.******* нь 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн Өмнө гол нэртэй газарт байх өөрийн гэртээ үеэл лам О.д хадгалуулахаар зорилгоор 9 бурхан, 3 судар өгсөн нь тогтоогдсон. О. нь хадгалуулахаар өгсөн эд хөрөнгийг завшсан. Хэрэг учрал болсон 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн гэжээ.

Хяналтын прокурорын тогтоолыг эс зөвшөөрсөн Ц.*******ын гомдлыг хүлээн авахаас татгалзсан Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Гантулгын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 125 дугаар тогтоолын олсон нь хэсэгт Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа хийгдсэн, хяналт тавьж буй прокуророос хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлсэн, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан прокурорын шийдвэр үндэслэлтэй гэжээ.

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбатын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/87 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын олсон нь хэсэгт Хэргийг хянахад Ц.******* нь 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үе дамжин хадгалж ирсэн 9 зурмал бурхан 3 судрыг үеэл ах лам О. гэгчид хадгалуулахаар өгсөн бөгөөд О. нь дээрх бурхан судрыг Ховд аймаг дахь Ганданпунцагчойлон хийдэд өгсөн асуудал тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн гэж хэргийг хаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж, Н.Цоостын хэргийг дахин шалгаж, бурхан шүтээнийг авч өгнө үү гомдлыг хүлээн авахаас татгалзжээ.

Дээрх бичмэл нотлох баримтаас үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнгээр тогтоогдсон Ц.******* нь Ц.******* нь 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 9 зурмал бурхан 3 судрыг үеэл ах лам О.д хадгалуулахаар өгсөн үйл баримт тогтоогджээ.

4. Үүнээс үзэхэд зохигчийн хооронд туслалцаа үзүүлэхэд чиглэсэн гэрээний төрөлд хамаарах Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт хадгалалтын гэрээ байгуулагджээ.

Учир нь хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээдэг. Үнэт эд зүйлсийг хадгалуулах нөхцөлд хадгалагч нь арчлан хамгаалах үүрэг хүлээх тул хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх юм.

Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч О. нь 2003 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн Өмнө гол нэртэй газарт нэхэмжлэгч Ц.*******оос Очирваань бурхан, Ногоон дарь эх бурхан, Богд зонхова бурхан, Гэсэр бурхан, ******* бурхан, Тод тангад үсэгтэй насны бурхан, тольтой даллагын сум, хийморийн дарцаг/гадна/, хийморийн дарцаг/дотно/, Доржзодов судар, Алтангэрэл судар, ******* судар-ыг өөрийн эзэмшилд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

5. Харин хариуцагч О. нь нэхэмжлэгч Ц.*******оос авсан дээрх бурхан, даллагын сум, судар зэргийг Баян-Өлгий аймгаас Ховд аймагт авч ирээд Ганданпунцагчойлон хийдэд тавьсан гэж маргажээ.

Гэвч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнгээр хариуцагчийн дээрх татгалзал нь үгүйсгэгджээ. Тодруулбал Ц.*******ын хадгалуулахаар өгсөн 9 зурмал бурхан 3 судрыг О. нь Ховд аймаг дахь Ганданпунцагчойлон хийдэд өгсөн асуудал тогтоогдоогүй гэж Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбатын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/87 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолд дурджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* нь гэрч Ч.Ичинхорлоогоос мэдүүлэг авахуулсан боловч уг гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд хариуцагчийн дээрх татгалзал нотлогдсонгүй.

Учир нь гэрч Ч.Ичинхорлоо нь Ц.*******оос авсан 9 бурхан, 3 судрыг О. нь 1998 онд Ховд аймгийн Гандан хийдэд өгсөн гэсэн. Энэ талаар би ах О.гаас сонссон. Чухам хэн гэдэг хүнд өгсөн талаар надад хэлээгүй. Би тухайн үед хамт яваагүй гэж мэдүүлжээ.

Уг мэдүүлгээс үзэхэд гэрч Ч.Ичинхорлоо нь хариуцагч О. нь нэхэмжлэгч Ц.*******оос авсан 9 бурхан, 3 судрыг Ховд аймаг дахь Гандан хийдэд тавихад хамт яваагүй, энэ талаар зөвхөн төрсөн ах О.гаас дуулсан гэж мэдүүлсэн тул шууд бус нотлох баримт байна.

Үүнээс үзэхэд хариуцагч нь бурхан, судрыг хийдэд тавьсан гэх татгалзлын үндэслэлээ хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотолсонгүй.

6. Иймд нэхэмжлэгч Ц.******* нь хадгалуулсан Очирваань бурхан, Ногоон дарь эх бурхан, Богд зонхова бурхан, Гэсэр бурхан, ******* бурхан, Тод тангад үсэгтэй насны бурхан, тольтой даллагын сум, хийморийн дарцаг/гадна/, хийморийн дарцаг/дотно/, Доржзодов судар, Алтангэрэл судар, ******* судрыг тус тус хариуцагч О.гаас шаардах эрхтэй байна.

Учир нь Хадгалалтын гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авахаар шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт заажээ.

Хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч шаардах нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх, дуусгавар болгох, хэрэгжүүлэхэд боломжгүй болгох үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтын хэмжээнд тогтоогдсонгүй.

Тодруулбал Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.1 дэх хэсэгт заасны дагуу хадгалалтын гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болдог. Зохигч нь тодорхой хугацаа заан хадгалалтын гэрээ байгуулаагүй/хугацаатай байгуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй/ тул бурхан, судар хадгалах гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзэх юм.

Тодорхой бус хугацаагаар байгуулсан хадгалалтын гэрээний тухайд удаан хугацаанд үргэлжлэх үүргийн харилцаа үүсгэдэг тул хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч шаардах нэхэмжлэгчийн эрхийг хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлах боломжгүй.

Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж мөн зүйлийн 76.2 дахь хэсэгт заажээ.

Энэхүү үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******ын шүүх хуралдаанд тайлбарласан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх татгалзлын үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос хариуцагчид хадгалуулсан бурхан, судрыг үзлэг, нэгжлэг хийн хураан авч, хууль ёсны эзэмшигч нь олгох ажиллагаа хийгдээгүй нь хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч шаардах нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэхгүй.

Учир нь дээд шатны прокурор буюу Улсын ерөнхий прокурорын орлогчийн шийдвэр гарснаар дугаартай хэрэг бүртгэлтийн ажиллагаа дуусгавар болж, нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2229 дүгээр Иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 4 дэх заалтаар нэхэмжлэгч Ц.*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлжээ.

Иймд нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч О.д холбогдуулан 9 бурхан, 3 судар гаргуулах агуулга бүхий нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь хэсэгт эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэжээ.

Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг-ийн материалаас үзэхэд хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад Ховд аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Дэмчиг нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 2/11 дүгээр тогтоолоор Очирваань бурхан, Ногоон дарь эх бурхан, Богд зонхова бурхан, Гэсэр бурхан, ******* бурхан, Тод тангад үсэгтэй насны бурхан, тольтой даллагын сум, хийморийн дарцаг/гадна/, хийморийн дарцаг/дотно/, Доржзодов судар, Алтангэрэл судар, ******* судар зэргийн үнэлгээг гаргуулахаар хөрөнгө үнэлгээний зөвшөөрөлтэй ХХК-ийг шинжээчээр томилжээ.

ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өприйн ХЦ21-35 дугаар Шинжээчийн дүгнэлт-ээр мөрдөгчийн тогтоолд заасан нэр бүхий 12 төрлийн эд хөрөнгийг 17,300,000 төгрөгөөр үнэлжээ.

Иймд нэхэмжлэгч Ц.*******ын хариуцагч О.гаас 9 бурхан, 3 судар гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн үнийг 17,300,000 төгрөгөөр тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулахаар шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Н.******* нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 244,450 төгрөгийг хариуцагч О.гаас гаргуулан улсын орлого болгов.

10. Хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг-ийн материал болон энэхүү иргэний хэргийн материалаас тус тус үзэхэд хариуцагч О. нь мөрдөгчийн үнэлгээ тогтоолгосон, нэхэмжлэгчийн нэр заан шаардаж буй 12 нэр төрлийн шашны эд зүйлсийг тухайн үедээ өөрийн эзэмшилд хүлээн авсан, тухайн эд хөрөнгийн шинж, чанар, байдлын талаар маргаагүй болно.

Хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч О.гаас гаргуулан нэхэмжлэгч Ц.*******од олгохоор заасан эд хөрөнгийн шинж, чанар, байдлын талаар маргасан тохиолдолд мөрдөгчийн үнэлгээ тогтоолгосон, нотлох баримтаар гарган өгсөн зохих тайлбар бүхий гэрэл зургийн үзүүлэлтийг баримтлах шаардлагатай дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О.гаас Очирваань бурхан-1 ширхэг/зурмал/, Ногоон дарь эх бурхан-1 ширхэг/зурмал/, Богд зонхова бурхан-1 ширхэг/зурмал/, Гэсэр бурхан-1 ширхэг/зурмал/, ******* бурхан-1 ширхэг/зурмал/, Тод тангад үсэгтэй насны бурхан-1 ширхэг/зурмал/, тольтой даллагын сум-1 ширхэг, хийморийн дарцаг/гадна/-1 ширхэг, хийморийн дарцаг/дотно/-1 ширхэг, Доржзодов судар-1 ширхэг, Алтангэрэл судар-1 ширхэг, ******* судар-1 ширхэг-ийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.*******од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч О.д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус хариуцагч О.гаас улсын тэмдэгтийн хураамжид 244,450 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ