| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0398/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/418 |
| Огноо | 2025-12-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Даваахүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Ж.У, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.У, Б.Г нарт холбогдох эрүүгийн 2538004680533 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.У , 19** оны *** дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Б суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн А сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн Р*** дугаартай.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бөө овогт Б.Г , 1988 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Б суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн А сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн Р*** дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.У , Б.Г нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт мал маллан нутаглаж байхдаа хохирогч С.Л-гийн эзэмшлийн хонин сүргээс өөрийн хонинд нийлсэн 31 тооны хонь, ямаа, ишгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр им, тэмдгийг нь өөрчилж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 3,110,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.У , Б.Г нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт мал маллан нутаглаж байхдаа хохирогч С.Л-гийн эзэмшлийн хонин сүргээс өөрийн хонинд нийлсэн 31 тооны хонь, ямаа, ишгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр им, тэмдгийг нь өөрчилж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 3,110,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч С.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 10-11, 52-53-р хуудас), гэрч А.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 14-16-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас), “Ашид Билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъянгийн “2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ШД-525/913920 дугаартай “...Үнэлэгдэж буй эм хонь 2, хурга 2, эм ямаа 15, ишиг 12, нийт 31 тооны бог малын зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 3,110,000 (гурван сая нэг зуун арван мянга)-н төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт (хх-ийн 35-37-р хуудас), 2025 оны 12 дугар сарын 03-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулбар (хх-ийн 92-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ж.У , Б.Г нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ж.У , Б.Г нар нь хохирогч С.Л-д 3,110,000 төгрөгийн хохирлыг учруулсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг барагдуулсан гэсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.У, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар
зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хар дархад овогт Ж.У , Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У , Б.Г нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.У , Б.Г нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У , Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР