Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Отгонбаатар /0420/

Шүүгдэгч Н.Энхбилэг, Б.Бат-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Нэргүйн Энхбилэг, Боржигон овогт Батбаатарын Бат-Амгалан нарт холбогдох эрүүгийн 201626022113 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, авто оношлогооны засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 68-13 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 200 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан /хх 121-122/ Сартуул овогт Нэргүйн Энхбилэг /РД:УК86041119/.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 34-43 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Боржигон овогт Батбаатарын Бат-Амгалан /РД:ХМ86061319/

 

            Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Энхбилэг, Б.Бат-Амгалан нар согтуугаар бүлэглэж, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны гадна талд Л.Мөнхбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биемахбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Энхбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Бат-Амгалан, Чингүнжав бид гурав уулзаад нэг шил архи хувааж уусан. Тэгээд 65 дугаар байрны орцны үүдэнд сууж байсан Мөнхбат, Анхбаяр, Наранбаатар нар луу очоод Мөнхбатаа өрөө өгөөч гэхэд Мөнхбат өгнө ш дээ юун сүртэй юм гэхээр нь маргалдсан. Тэгтэл Мөнхбат орц руу орьё гэхээр нь би орохгүй гээд байж байтал Бат-Амгалан ирээд нүд рүү нь өшиглөсөн. Тэр үед Чингүнжав салгасан. Тэгээд Мөнхбат гэртээ ороод хутга заазуур бариад гараад биднийг хөөхөөр нь зугатаасан ба орой нь уулзаад эвлэрсэн. Тэгтэл маргааш нь цагдаад өргөдөл өгсөн байсан” гэв.

 

Шүүгдэгч Б.Бат-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр найз нартайгаа уулзаад нэг шил архи уусан. Тэгээд Энхбилэг байрны урагшаа явна гээд явсан ба араас нь би явтал хүн зодоод байх шиг байхаар нь очоод Мөнхбатын нүүрэнд нь өшиглөсөн. Тэгтэл Мөнхбат байж байгаарай гээд гэртээ ороод гарч ирэхдээ хутга заазуур бариад гараад ирэхээр нь зугатаасан. Орой нь бид нар уулзаад Мөнхбатаас уучлал гуйсан” гэв.

 

Хохирогч Л.Мөнхбат мэдүүлэхдээ: “…2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар байрны гадаа 19 цагийн үед Анхбаяр, Наранбат нартай уулзаад юм яриад зогсож байтал манай дүү болох Энхбилэг 10 жилийн найзууд болох Чингүнжав, Бат-Амгалан нарын хамт согтуу бид нар дээр хүрч ирээд Энхбилэг нь надтай чи манай найзыг эртээд тоглож байхад яалаа чи дэлгүүрийн өрөө төл гэсэн. Тэгэхээр нь би танайхаас хэд бол хэдийг авдаг, тэгээд буцаагаад өгдөг, ахын дүү надтай согтуу битгий юм ярь, ээж чинь мэдэж байгаа гэсэн. Тэгсэн чинь Энхбилэг тэгэхээрээ яадаг юм гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би цээж рүү нь түлхээд цаашаагаа бай гэсэн. Тэгтэл Энхбилэг босч ирээд миний цамцнаас зуураад авахад Чингүнжав нь миний подвалкоор хойшоо татаж боосон. Тэгээд тэр хоёртой нилээн удаан зууралдаж газар унаад ноцолдоод тохой өвдөг шалбарсан. Тэгээд Анхбаяр тэр хоёрыг салгаад би газраас өндийх гэтэл Бат-Амгалан нь миний баруун нүд рүү өшиглөсөн. Тэгээд би нүүрээ дараад газарт суугаад хэсэг болж байгаад орц руу ороод Энхбилэгийг наашаа ороод ир гэсэн. Тэр үед Чингүнжав хойноос дахиж боогоод хойш нь татаад тэнд бас зууралдаад өнхөрч унасан. Тэгээд салаад гэртээ орсон. Тэгээд орой нь тэд нар надтай уулзаад эвлэрье гэсэн. Тэгэхээр нь би миний гар утас алга болчихсон гар утас гаргаад өгчих гэсэн. Тэгсэн чинь чиний утсыг яаж мэдэх юм чи утастай байсан юм уу гээд байсан. Тэгэхээр нь би эвлэрэхгүй гэж хэлээд гэртээ буцаад орсон.

…Эмчилгээний зардал болох 300.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Мөн тухайн үед миний гар утас алга болсон тэрийг нэхэмжилж байна. Самсунг галакси эс3 маркийн гар утас юм...” гэжээ. /хх 6, 134/

 

Гэрч Б.Наранбат мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 18 цагийн үед би Баянгол дүүргийн 3 дугаар хороо 65 дугаар байрны 2 дугаар орцны үүдэнд байрны залуучууд болох Анхбаяр, Мөнхбат ах нарын хамт сууж байсан. Тэгээд сууж байтал манай байрны Энхбилэг гэх залуу архи үнэртүүлчихсэн бид нар дээр ирсэн. Тэр үед Энхбилэгтэй хамт 10 жилийн ангийнх нь хүүхдүүд болох Бат-Амгалан, Чингүүн нар ирсэн. Тэгсэн Энхбилэг Мөнхбат ахад хандаж манай дэлгүүрт тавьсан өрөө өгөөчээ гэхэд Мөнхбат ах өгийшдээ гэсэн тэр үед би согтуу хүмүүсээс хол байя хоорондоо зодоон хийж магадгүй гэж бодоод байшингийн булан тойроод яваад өгсөн. Тэгээд тэд нар хоорондоо зодолдож маргалдсан эсэхийг мэдээгүй. Тэгээд 30 минутын дараа ирэхэд тэд нар тараад явцгаасан байсан бөгөөд тэр хавийн хүмүүсээс асуухад хоорондоо зодолдсон гэж байсан...” гэжээ. /хх 7/

 

Гэрч Г.Анхбаяр мэдүүлэхдээ: “...байрны булангаас Энхбилэг, Чингүнжав, Бат-Амгалан гурав бид нар дээр хүрч ирсэн. Тэгээд бид нар дээр ирээд мэндэлчихээд Энхбилэг Мөнхбатад хандаж чи дэлгүүрт тавьсан өрөө өгөөчээ гэсэн. Тэгэхэд Мөнхбат нь өгийшдээ чи яасан бэ гэхэд чи яадаг юм өртэй юм байж гээд хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэр үед Наранбат цаашаа яваад өгсөн байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад бие биеэ заамдаж аваад ноцолдоод барилдах маягтай газарт өнхөрч унаад ноцолдоод орц руу нэг ороод гарч ирээд бие биенийхээ хүзүүг сугандаа хавчуулаад мушгиад давхралдаж унаад байсан. Тэр үед Энхбилэг доор нь ороод Мөнхбат дээр нь гараад байж байтал Чингүнжав Мөнхбатын цамнаас нь зуураад хойш нь унагаагаад салгах гэсэн. Тэгсэн чинь Мөнхбат дахиж босч ирээд Энхбилэгтэй барилцаж аваад тэр хоёр буцаад ноцолдож байгаад Мөнхбат босч байхад Бат-Амгалан гүйж ирээд Мөнхбатын нүүр рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Мөнхбат нүүрээ дараад доошоо хэвтсэн. Тэгээд босч ирээд гэрлүүгээ гүйж орчихоод  буцаж гарч ирээд миний гар утас алга болчихсон байна гэсэн. Тэгээд тэр хавиар гар утсаа хайгаад гар утас нь олдоогүй бөгөөд намайг гар утас олчихоорой гэж хэлээд байсан.

…Надтай анх уулзахдаа гар утсаа гаргаж ирээд хүнтэй ярьж байсан тэрийг харж байсан мэдрэгчтэй ухаалаг гар утас байсан. Зодоон дунд алга болсон эсэхийг мэдэхгүй хэн авсаныг хараагүй...” гэжээ. /хх 8-9, 135/

 

Шинжээ эмч М.Аригдунтөгс мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь ямар ч үед үүсэх боломжтой юм. жишээлбэл хоорондоо ноцолдох, босоо буюу хэвтээ байдлаас цохих, өшиглөх, унах үед үүсч болно. цус хуралт нь чанга атгах хүч үйлчлэх үед судас хагарч цус хуралт үүснэ. …хүзүүний цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ. /хх 137/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10489 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Мөнхбатын биед тархи доргилт, баруун шилбэнд шарх, баруун нүд дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салст, хүзүү, цээж баруун мөр, зүүн бугалганд цус хуралт, дух, баруун нүдний дээд, доод зовхи баруун тохой, хэвлий, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 11/ 

 

Шүүгдэгч Н.Энхбилэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 97, 103/,

Шүүгдэгч Б.Бат-Амгалангийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 100, 104/,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоол /хх 121-122/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 138/

Хохирлын баримт /хх 156/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Энхбилэг, Б.Бат-Амгалан нар согтуугаар бүлэглэж, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны гадна талд Л.Мөнхбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Мөнхбат /хх 6, 134/, гэрч Б.Наранбат /хх 7/, Г.Анхбаяр /хх 8-9,135/, Д.Одсүрэн /хх 136/, шинжээч эмч М.Аригдунтөгс /хх 137/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10489 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 11/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 97, 103, 100, 104/, эд зүйлийн үнэлгээ /хх 138/, хохирлын баримт /хх 156/, хохирол төлсөн тухай баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

     Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд шалгагдсан байх тул шүүгдэгч Н.Энхбилэг, Б.Бат-Амгалан нар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

     Шүүгдэгч Н.Энхбилэг нь Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоол /хх 121-122/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулж өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар түүний ялтай байдал хамаарч өршөөгдсөн байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

 

     Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулахаар шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Бат-Амгалангийн цагдан хоригдсон 32 хоногийг шүүхээс түүнд оногдуулах албадан ажил хийлгэх ялд тэнцүүлж түүнийг албадан ажил хийлгэх ял эдэлсэнд тооцох нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч Н.Энхбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Мөнхбатын баримтаар нэхэмжилсэн 450.000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг тус тус дурдаж, Иргэний хуульд зааснаар хохирогч Л.Мөнхбатын баримтгүй нэхэмжилсэн 1.445.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 297, 298, 299, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Нэргүйн Энхбилэг, Боржигон овогт Батбаатарын Бат-Амгалан нар нь бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Нэргүйн Энхбилэгийг 256 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Боржигон овогт Батбаатарын Бат-Амгаланг 256 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Бат-Амгалангийн цагдан хоригдсон 32 хоногийг 256 цаг албадан хийлгэх ялд тэнцүүлж, түүнийг ял эдэлсэнд тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч Н.Энхбилэг нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялыг баривчлах ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч Н.Энхбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Мөнхбатын баримтаар нэхэмжилсэн 450.000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Л.Мөнхбатын баримтгүй нэхэмжилсэн 1.445.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Б.Бат-Амгалангийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Н.Энхбилэг, Б.Бат-Амгалан нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ